Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2022/00415

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2022/00415

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С овогт П.Л-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Б овогт Д.Ч-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 1,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б

Хариуцагч Д.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Л нь нийт 1,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хариуцагч Д.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надтай тохиролцож, 42 тооны эм хонийг 5,250,000 төгрөгөөр /42*125.000=5.250.000/, 25 тооны эр хонийг 4,125,000 төгрөгөөр /25*165.000=4.125.000/, 17 тооны төлгийг 1,785,000 төгрөгөөр /17*105.000=1.785.000/, 17 тооны эр ямааг 1,360,000 төгрөгөөр /17*80.000=1.360.000/, 1 тооны эр ямааг 130,000 төгрөгөөр, 4 тооны эр үхрийг 6,000,000 төгрөгөөр /4*1.500.000=6.000.000/, 5 тооны соёолон үхрийг 6,500,000 төгрөгөөр /5*1.300.000/, 7 тооны хязаалан үхрийг 7,000,000 төгрөгөөр /7*1.000.000=7.000.000/, 12 тооны шүдлэн үхрийг 8,400,000 төгрөгөөр /12*700.000=8.400.000/, нийт 130 тооны малыг 40,670,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай гэр бүлийн хүн өөд болчихоод би малаа цөөлж, Д.Ч-т худалдсан. Д.Ч нь 130 тооны малыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед бүгдийг тоолж аваад туугаад явсан. Би бичиг үсэг мэдэхгүй учраас малыг хүлээж авч, өгсөн баримтанд миний өмнөөс эгч н.Б гарын үсгээ зурсан. Д.Ч нь малын үнэ 40,670,000 төгрөгөөс 37,940,000 төгрөгийг төлсөн. Одоо 2,730,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Д.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр П.Л-аас авсан малаа чононд хазуулчихлаа гээд 7 тооны эм хонь, 1 тооны эр хонь, 2 тооны төлөг, нийт 10 тооны шархтай малыг манай эгч н.Б-д хүлээлгэж өгчихөөд явсан байсан. Иймд Д.Ч-ын төлөх ёстой 2,730,000 төгрөгөөс буцаан авчирч өгсөн 10 тооны малын үнэ 1,250,000 төгрөгийг хасч үлдэх 1,480,000 төгрөгийг Д.Ч-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Д.Ч нь намайг хань ижлийг минь өөд болсноор далимдуулж хүчиндэхийг завдсан. Үүнд би гомдолтой байгаа гэжээ.

 

3. Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч П.Л миний бие Д.Ч-т холбогдуулан 1.480.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа Д.Ч-ын чононд хазуулчихаад үлдээгээд явсан 10 тооны шархтай хонины үнийг хасч нэхэмжилсэн. Гэвч Д.Ч нь надад өгөх ёстой малын үлдэгдэл мөнгийг одоог хүртэл өгөхгүй, худал үнэн хэлж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Д.Ч-ын чононд хазуулчихаад үлдээгээд явсан 10 тооны хониноос ихэнхи нь шархаа даалгүй үхсэн. Эдгээрээс 4 тооны хонь нь эгч П.Б-аас надад хүлээлгэж өгөөгүй байхдаа үхсэн тул уг 4 тооны /1 эр хонь, 3 төлөг/ хонины үнэ 480,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Би эгч П.Б-д шархтай 10 хонийг хүлээж ав гэж хэлээгүй байхад эгч П.Б, Д.Ч нар хоорондоо тохиролцоод хүлээлгээд авчихсан байсан. Иймд хариуцагч Д.Ч-аас 480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч П.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч надад мөнгөнийхөө ихэнхийг нь өгсөн. 1,200,000 төгрөг одоо өгнө эгчээ гэж хэлэхээр нь надад 1,500,000 төгрөг өгөх байлгүй дээ гэж хэлсэн чинь өгөхгүй гэж хэлсэн. Ах дүү нар үүний малыг гол ус гаргаж өгөх гэсэн, энэ малаа харанхуй бүрэнхийгээр хаячихсан. Д.Ч өөрөө малаа туугаагүй нь өөрийнх нь хохь байхгүй юу. Түүнээс миний мөнгийг өгсөн бол одоо надад ингэж явах шаардлага байхгүй. Би үүнээс худлаа мөнгө төгрөг нэхээгүй. Би үүнд малаа зарсан. Манай ах, дүү нартай ямар ч яриа байхгүй. Бид хоёрын дундын яриа байгаа. Энэ ингэсэн, тэр тэгсэн гэх асуудал байхгүй. Эгч 4 хонь өгсөн гэж хэлсэн. Маргааш нь эгч хүргэнийг манай малыг аваад яв гэж хэлсэн. Д.Ч 4 хоногийн дараа хонь олсон гэж шал худлаа хэлж байна. Үнэн юм үнэнээрээ байх ёстой. 12 хонь манай эгч хүлээж авсан гэх бичиг нь ч байгаа. Олон түмэнтэй ямар ч яриа байхгүй. Тэр тэгсэн, энэ ингэсэн гэж миний малыг маллаж байгаа манай дүү нарыг хүртэл оролцуулсан байна. Д.Ч бид хоёр л яриатай. Маргааш нь миний малыг туугаад явсан. Тэгэхэд миний мал дутсан байсан. Миний хонь байгаагаараа л байсан. Илүү дутуу хонь очоогүй байна лээ. Би эрх биш 10 гаран жил мал дээр байсан. Өрх толгойлж байгаа хүн юмаа мэдэлгүй яах вэ. 7 шархтай хонь долуулаа үхсэн. Би Д.Ч-т хүлээлгэж өгсөн юм чинь нэхэх ёстой шүү дээ. Хар ухаанаар бодоход би тэрийгээ нэхээгүй. Би хонины мөнгө 1,840,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би юман дээрээс харж хэлнэ үү гэхээс цээжээр худлаа хэлээд яах вэ. Би худлаа ярьдаггүй. Би олон ах дүү нартайгаа зөрөлдмөөргүй байна. Би өрх толгойлж байгаа ганц бие эмэгтэй хүн. Хүний гар харах болно. Би хавраас хойш дуугүй л байгаа. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,480,000 төгрөг гэж зөрүүтэй нэхэмжилсэн байна. Яг тооцоо нь 1,360,000 төгрөг болж байгаа уг мөнгийг нэхэмжилнэ. Үүн дээр 480,000 төгрөг нэмэгдүүлж, нийт 1,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

5. Хариуцагч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт оршин суугч П.Л гэдэг хүн надруу 08 дугаар сарын 29-ний өдөр залгаж хонь, ямаа зарах гэсэн юм гэхээр нь би одоо хот руу явах гэж байна гэсэн. Гэтэл чи заавал авчихаач, одоо очоод авахад бэлэн гэсэн. Тэр өдрөө би хот яваад 09 дүгээр сарын 07-ны өдөр П.Л руу залгаад ялгачих гэсэн за гэсэн. Тэгээд 07-ны орой ярьсан чинь би аньсанд яваад ирлээ маргааш өглөө очоод ялгачихъя, чи орой очоод аваарай гэсэн. 09 дүгээр сарын 08-ны өдөр би явах гээд ярьтал хүн олдсонгүй би Архангай аймаг яваад ирлээ унаа олдохгүй байна, чи цуг явах уу гээд мотоциклиор надтай хамт явсан. Тариат сумаас очих газар нь 85 км байдаг юм байна лээ, очоод хонь ямааг нь ялгах гэсэн чинь хашаа байхгүй өвөлжөөнд нь очиж ялгасан, би өөрөө ялгалцсан. Ялгаж дуусахад үд өнгөрсөн хонь ямаагаа ялгачихаад үхрээ ялгахад 03 цаг 30 минут болж байсан. Малаа хэн туух вэ? гэж ярилцаад та хонио туу, би үхэр тууя гэсэн. Тэр нутгийн н.Г гэдэг залуу 6 ямаа зарсан. 1 ямаа 80,000 төгрөг байсан, би 6 ямааг чинь нэгийг нь 100,000 төгрөгөөр авья, харин чи мориороо хонь туугаад гол гаргаад өг гэсэн. Намайг Цахир сумаар тууя гэхэд н.Г-н ах нь энэ голоор асуудалгүй мал гарч байгаа нүүдлийн айлууд гараад байна гэсэн. Би тэр хавиас үхэр нэмж аваад ялгаж өгчихөөд явж байтал н.Л-ын дүү нь араас ирээд манай эгчийг та аваад яв, би үхэр, хонийг нь туугаад гол гаргаад өгъе гэсэн. н.Г морио болиод мотоциклиор тууж ирсэн, 4 хүн ирсэн. Явган болохоор үхэр гол гарахгүй нилээд цаг авсан. Үхрээ арай гэж гол гаргаад н.Л-аар урд талыг нь харуулсан би голын наанаас хүний морь гуйж унаад гол гарсан. Хонь, ямаа нь голоор урсаад гарч болохгүй байсан, мал тууж яваа 4 хүнээ наад өндөр хашаандаа хашаад үүдийг нь сайн хаагаад, мотоциклиороо мануухай болгоод орхичих гэсэн. П.Л-ын дүүг хонио хашчихаад залгаарай гээд дугаараа өгсөн. Би өглөө эрт ирээд авъя гээд үхэр дээрээ очтол буцаагаад гол гаргаад алдчихсан. Тариат сум руу орж ирсэн н.Л-ын дүүг залгахгүй байхаар нь гэртээ ирээд 12 цаг болж байхад залгаад хаана хашсан гэж асуутал голын захад тамхи татаж байгаад босоод иртэл хонь ямаа алга болчихлоо гэсэн. Тэгэхээр нь одоо яах уу, би очих уу гэтэл яахав зүгээр би гэрэлтүүлээд хоноё гэсэн. Маргааш өглөө нь яваад очтол энд тэндгүй чоно идсэн байсан. Та нар шөнөжин явсан юм уу гэхэд дуугарахгүй байсан. П.Л руу чоно идчихсэн байна гээд ярихад би аймаг дээр байна гэсэн, дахиад залгаад утсаа аваагүй. Ганцаараа гол үертэй байхад яаж 2 толгой мал тууж явах вэ дээ, би хэдэн мянган мал авдаг хүмүүс малаа авчирч өгөөд мөнгө аваад явдаг. П.Л-ын дүү нь өөрөө малаа туух гээд мэдэмхийрэн би тууна, эгчийг аваад яв гэж надад уурласан. н.Г мориор гол гаргаж өгнө гэж надтай 120,000 төгрөгөөр хөлс тохирсон. П.Л-ын хотноос нэг ах 20 ямаа өгсөн, тэр хүн мал туулцсан, 1 хайнагийн шар өгсөн. 12 ямааг нь чоно идсэн байсан, тэр ах чоно идсэн малын мөнгөөр яах вэ 8 ямааны мөнгийг нь өгчих гэсэн. Тууж яваад хариуцлага алдсанаа мэдсэн учир тэр хүн тэгсэн. 1,480,000 төгрөгийг би төлөхгүй, би тууж яваад хариуцлага алдаагүй, тууж явсан 4 хүн хариуцлага алдсан. Өөрсдийн хариуцлага алдсанаас болж чоно нохойнд орсон, хүргэх газар нь хүргэж өгөөгүй, н.Л-ын дүү залуу мэдэмхийрэн би тууна гэсэн, залгаад алдсан гэхэд нь би очих уу гэхэд би гэрэлтүүлж хононо гэсэн. Хүргэх газраа хүргэж чадаагүй энэ залууд хариуцлага тооцох ёстой. П.Л гэдэг авгай намайг хүчиндэхийг завдсан гэж ор үндэсгүй гүтгэж нэр төрд минь халдаж байна гэжээ.

 

6. Хариуцагч Д.Ч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалант гэх газар оршин суугч П.Л-ын төрсөн эгч нь малыг нь хардаг байсан. н.Б нь 10 шархадсан хонийг нь Портер машинаар ирж авсан. 3 үхсэн, 7 амьд хонь авч явсан. 10 шархадсан хониор би мал хийчихнэ гэж хэлээд аваад явсан. П.Л-ын нэхэмжилсэн 480,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Б нь анх төрсөн дүү П.Л-ын мал хонь, ямаа нийлсэн 368 толгой мал хүлээн авсан. Надад үүнээсээ 102 хонь ямааг өгсөн, үргээж алдсанаас 10 хонь шархдаж, 9 хонь, 1 ямаа хажуу айлын хониноос авсан, үнэн зөвийг н.Б мэдэж байгаа. Миний авч үлдсэн хонь 82, н.Б-ыг би шүүх хуралд оруулж үнэн зөвийг хэлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

7. Хариуцагч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өгөх ёстой малыг нь өгсөн. Малыг нь ах дүү нар нь олсон. Би П.Л-д энэ мөнгийг өгөх ёсгүй болоод өгөхгүй байгаа. 10 хонийг эгч нь би энэ байтугай малаар мал хийнэ гэж хэлсэн. Өөрийг нь би хүрээд ир, эд нар тууж яваад мал чинь юманд орсон байна гэж би сумын хэсэг рүү хүртэл ярьсан. Тэгсэн Архангай аймагт дэлгүүрт явж байна гэж хэлсэн. Ингэж худлаа яриад тухайн үед нь учраа олчих байсан. Дараа нь хонь, ямааг нь олсон, ямар ч иймээ тиймээ юм байхгүй болсон, мөнгөө хийгээгүй бол хасаж хийгээрэй гээд би мөнгөө хасаж хийсэн. 9 хонь, 1 ямааг нь олоод мал нь бүрэн бүтэн хотондоо байгаа учраас би төлөх ёсгүй гэж бодож байна. Хүний туранхай эцэнхий малыг зарснаараа ингэж дарамтлуулах ёстой юм уу. Эгч, дүү нар нь чамайг гүтгэж худлаа яриад байна. Энэ байтугай худлаа ярьж явдаг хүн. Бид нар гэрч болъё гэж хэлсэн. 368 хонь хүлээлгэж өгсөн. Түүнээс 285 хонь нь очсон байдаг. Одоо харж байгаа 2 дүү нь хүртэл 285 хонь байгаа гэж ярьсан. Малын тоо нь зөрөхгүй байхад надаас нэхэмжилж байна. Би энэ дээр туйлын гомдолтой байна. Та үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би П.Л-д малын мөнгө гэж 37,940,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн гэв.

 

8. Нэхэмжлэгчээс:

- П.Б, Д.Ч нарын гарын үсэгтэй зарсан малын жагсаалт /хх-н 3ху/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

9. Хариуцагч Д.Ч-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- П.Б-ыг гэрчээр асуусан мэдүүлэг /хх-н 41-43ху/

 

10. Нэхэмжлэгч П.Л-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- П.Б-ыг гэрчээр асуусан мэдүүлэг /хх-н 67ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Л-ын хариуцагч Д.Ч-т холбогдуулан гаргасан нийт 1,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч П.Л нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,480,000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 480,000 төгрөгийг, нийт 1,960,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд хариуцагчаас нийт 1,840,000 төгрөгийг нэхэмжилж тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч Д.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надтай тохиролцож, нийт 130 тооны малыг 40,670,000 төгрөгөөр худалдаж авсан. Д.Ч нь 130 тооны малыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед бүгдийг тоолж аваад туугаад явсан. Би бичиг үсэг мэдэхгүй учраас малыг хүлээж авч, өгсөн баримтанд миний өмнөөс эгч Б гарын үсгээ зурсан. Д.Ч нь малын үнэ 40,670,000 төгрөгөөс 37,940,000 төгрөгийг төлсөн. Одоо 2,730,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Д.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр П.Л-аас авсан малаа чононд хазуулчихлаа гээд 7 тооны эм хонь, 1 тооны эр хонь, 2 тооны төлөг, нийт 10 тооны шархтай малыг манай эгч н.Б-д хүлээлгэж өгчихөөд явсан байсан. Иймд Д.Ч-ын төлөх ёстой 2,730,000 төгрөгөөс буцаан авчирч өгсөн 10 тооны малын үнэ 1,250,000 төгрөгийг хасч үлдэх 1,480,000 төгрөгийг Д.Ч-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн Д.Ч-ын чононд хазуулчихаад үлдээгээд явсан 10 тооны хониноос ихэнхи нь шархаа даалгүй үхсэн. Эдгээрээс 4 тооны хонь нь эгч П.Б-аас надад хүлээлгэж өгөөгүй байхдаа үхсэн тул уг 4 тооны /1 эр хонь, 3 төлөг/ хонины үнэ 480,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Би эгч П.Б-д шархтай 10 хонийг хүлээж ав гэж хэлээгүй байхад эгч П.Б, Д.Ч нар хоорондоо тохиролцоод хүлээлгээд авчихсан байсан. Иймд хариуцагч Д.Ч-аас 480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,480,000 төгрөг гэж зөрүүтэй нэхэмжилсэн байна. Яг тооцоо нь 1,360,000 төгрөг болж байгаа, уг мөнгийг нэхэмжилнэ. Үүн дээр 480,000 төгрөг нэмэгдүүлж, нийт 1,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Д.Ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ... Би тэр хавиас үхэр нэмж аваад ялгаж өгчихөөд явж байтал П.Л-ын дүү нь араас ирээд манай эгчийг та аваад яв, би үхэр хонийг нь туугаад гол гаргаад өгъе гэсэн. ... Хонь, ямаа нь голоор урсаад гарч болохгүй байсан, мал тууж яваа 4 хүнээ наад өндөр хашаандаа хашаад үүдийг нь сайн хаагаад, мотоциклиороо мануухай болгоод орхичих гэсэн. П.Л-ын дүүг хонио хашчихаад залгаарай гээд дугаараа өгсөн. ... Маргааш өглөө нь яваад очтол энд тэндгүй чоно идчихсэн байсан. Та нар шөнөжин явсан юм уу гэхэд дуугарахгүй байсан. П.Л руу чоно идчихсэн байна гээд ярихад би аймаг дээр байна гэсэн, дахиад залгаад утсаа аваагүй. П.Л-ын дүү нь өөрөө малаа туух гээд мэдэмхийрэн би тууна, эгчийг аваад яв гэж надад уурласан. 1,480,000 төгрөгийг би төлөхгүй, би тууж яваад хариуцлага алдаагүй, тууж явсан 4 хүн хариуцлага алдсан. Өөрсдийнх нь хариуцлага алдсанаас болж чоно нохойнд орсон, хүргэх газар нь хүргэж өгөөгүй, П.Л-ын дүү залуу мэдэмхийрэн би тууна гэсэн, залгаад алдсан гэхэд нь би очих уу гэхэд би гэрэлтүүлж хононо гэсэн. ... Эгч н.Б нь 10 шархадсан хонийг нь Портер машинаар ирж авсан. 3 үхсэн, 7 амьд хонь авч явсан. 10 шархадсан хониор би мал хийчихнэ гэж хэлээд аваад явсан. П.П-ын нэхэмжилсэн 480,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өгөх ёстой малыг нь өгсөн. 368 хонь хүлээлгэж өгсөн гэдэг. Түүнээс 285 хонь нь очсон байдаг. Би П.Л-д энэ мөнгийг өгөх ёсгүй болоод өгөхгүй байгаа. Би П.Л-д малын мөнгө гэж 37,940,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн гэж тайлбарласан.

 

5. Д.Ч нь нэхэмжлэгч П.Л-аас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 42 тооны эм хонийг 5,250,000 төгрөгөөр /42*125.000=5.250.000/, 25 тооны эр хонийг 4,125,000 төгрөгөөр /25*165.000=4.125.000/, 17 тооны төлгийг 1,785,000 төгрөгөөр /17*105.000=1.785.000/, 17 тооны эр ямааг 1,360,000 төгрөгөөр /17*80.000=1.360.000/, 1 тооны эр ямааг 130,000 төгрөгөөр, 4 тооны эр үхрийг 6,000,000 төгрөгөөр /4*1.500.000=6.000.000/, 5 тооны соёолон үхрийг 6,500,000 төгрөгөөр /5*1.300.000/, 7 тооны хязаалан үхрийг 7,000,000 төгрөгөөр /7*1.000.000=7.000.000/, 12 тооны шүдлэн үхрийг 8,400,000 төгрөгөөр /12*700.000=8.400.000/, нийт 130 тооны малыг 40,670,000 төгрөгөөр худалдан авч, хариуцагч нь худалдан авсан малын үнэнээс 37,940,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Л-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан П.Б, Д.Ч нарын гарын үсэгтэй зарсан малын жагсаалт /хх-н 3ху/, гэрч П.Б, П.Б нарын мэдүүлэг /хх-н 41-43ху, 67ху/, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогддог ба мал худалдсан, худалдаж авсан үйл баримттай талууд маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хэн аль нь хүсэл зоригийн илэрхийллээ хүлээн авч, амаар хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна.

Нэхэмжлэгч П.Л нь нийт 130 тооны үхэр, хонь, ямааг хариуцагч Д.Ч-т хүлээлгэн өгч, хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгч П.Л-д 37,940,000 төгрөг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар мал худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба нэхэмжлэгч П.Л нь хариуцагч Д.Ч-аас худалдсан малын үлдэгдэл мөнгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч мөнгийг төлөх үүрэгтэй болно.

7. Хариуцагч Д.Ч ...Би нэхэмжлэгчээс малыг худалдаж аваад хашаанаас нь гаргаад аваад явсан. Гэхдээ 1,840,000 төгрөгийг төлөхгүй, би тууж яваад хариуцлага алдаагүй, тууж явсан 4 хүн хариуцлага алдсан. Өөрсдийнх нь хариуцлага алдсанаас болж чоно нохойнд орсон, хүргэх газар нь хүргэж өгөөгүй, П.Л-ын дүү залуу мэдэмхийрэн би тууна гэсэн, залгаад алдсан гэхэд нь би очих уу гэхэд би гэрэлтүүлж хононо гэсэн. ... Эгч н.Б нь 10 шархадсан хонийг нь Портер машинаар ирж авсан. 3 үхсэн, 7 амьд хонь авч явсан. 10 шархадсан хониор би мал хийчихнэ гэж хэлээд аваад явсан .. гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч П.Л нь хариуцагч Д.Ч-т биет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу 130 тооны малыг шилжүүлж, хариуцагч нь уг малыг хүлээн авсан нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдлийг худалдан авагч буюу хариуцагч Д.Ч өөрөө хариуцах үндэслэлтэй байна.

 

Мөн гэрчээр асуугдсан П.Б ...20 тооны хонь ямаа буцаж ирсэн. Үүнээс 4 хонь үхсэн. Би шархадсан 10 тооны хонийг П.Л-д хэлсэн. Тасраад айлаас олсон 10 тооны хонь, ямааг хэлээгүй. гэж мэдүүлдэг ба гэрч П.Б нь шархадсан 20 тооны хонь, ямааг буцааж авах талаар малын эзэн буюу нэхэмжлэгч П.Л-д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, мөн үхсэн 4 хониноос бусад хонь, ямааг нэхэмжлэгчид буцааж өгсөн талаар нотлох баримт хэрэгт байхгүй болно.

Иймд хариуцагч гэрээгээр хүлээсэн малын үлдэгдэл төлбөр 1,840,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ч-с 1,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгохоор шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,680 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-аас 44,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид П.Л-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ч-аас 1,840,000 /нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,680 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Ч-аас 44,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Л-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА