Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2022/02074

 

2022            06              16                                            184/ШШ2022/02074

              

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух М овогт Б О /РД:0000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, зээлийн 0 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух Х овогт О О /РД:0000000/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь О.О холбогдуулан зээлийн гэрээний үүгээ зөрчснөөс учирсан хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч О.О нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.О надаас 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн билээ. Гэвч тус 10 хувийн хүүг 2 сар буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-н өдөр мөн жилийн 5 дугаар сарын 28-ны өдөр төлснөөс өөрөөр үндсэн зээлээ төлөлгүй өдийг хүрээд байна.

Иймд Б.О миний хууль ёсны эрхийг хамгаалж О.О 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч О.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.О би Б.О надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Б.О танихгүй, хавтаст хэрэгт өгсөн нотлох баримт нь хуурамч байна. Би хэзээ ч Б.О гэдэг хүнээс 2,000,000 төгөргө авахаар тохиролцоогүй, 10 хувь хүү төлнө гэсэн хүсэлт, эргэн төлнө гэсэн график бүхий гэрээ хийгээгүй.

Миний дансанд 2,000,000 төгрөг орж ирсэн. ... өдөрт 65,000 төгрөг төлөхөөр хоорондоо тохиролцсон. Эхний 2,000,000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, дараагийн мөнгө нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, сүүлийнх нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг дансанд орж ирэхээр тохиролцсон байсан. Ц хэлснээр энэ мөнгө миний дансанд орж ирсэн. Тэр даруй би Ц данс руу шилжүүлсэн. Би өөрийнхөө авч хэрэглэсэн 1,000,000 төгрөгийг өдөр болгон 65,000 төгрөгөөр 35 удаа хийж төлсөн. Ц нь зээл аваад хэд хоногийн дараа лангуугаа хаяад алга болсон. Дам сонсоход маш их хэмжээний өртэй гэж сонссон. Гэтэл О гэдэг хүн би чиний дансруу шилжүүлсэн учраас чи л төлөх ёстой гээд удаа дараа дарамтлаад ажил хийх нөхцөлгүй болгосон. Би хүнээс 1,000,000 төгрөг авч хэрэглэчихээд Ц мөнгөтэй нийлүүлээд 2,275,000 төгрөг төлмөөр байтал надаас ямар ч үндэслэлгүйгээр хуурамч бичиг баримт үйлдэж надаас мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд энэ баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээг байгуулж авсан. Зээлэхдээ дам дамдаа зээлж өгсөн. Эргээд төлөхдөө 2,275,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс / хх-1 нэхэмжлэл, хх-2 улсын тэмдэгтийн хураамж, хх- О иргэний үнэмлэхийн хуулбар, хх-4-6 дансны хуулга, хх-7-8 хэрэгт авагдсан баримт, итгэмжлэл, хх-16-19 хариуцагчийн хариу тайлбар, хх-19-34 дансны хуулга, хх-37 итгэмжлэл, хх-49-51 дансны хуулга, хх-52 хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдийн 657 тоот шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-97 дугаар тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:  О.О зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн гэсэн агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: зээлийн эргэн төлөлтөнд нийт 2,275,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.О 00000000 тоот данснаас 000000000 тоот данс руу 2,000,000 шилжүүлсэн болох нь Б.О дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-5,7/

Хариуцагч О.О нь 2019 оны 5 дугаар сарын 30-наас 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 31 удаагийн үйлдлээр нийт 2,274,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлсэн буюу төлсөн байна.

Талуудын маргааны зүйл нь “зээлийг эргэн төлж барагдуулсан” эсэх талаар байна.

Харин талууд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн, хүү нэхэхгүй, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 200,000 төгрөг Б.О дансанд О.О шилжүүлээгүй гэснийг хариуцагч тал 00000000000, 000000000 шилжүүлснийг төлсөн гэж үзэхгүй, нийт 31 удаагийн үйлдлээр 2,274,000 төгрөгийг буцаан төлсөн. Шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан маргаагүй байна.

Зохигчийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

Нэхэмжлэгч энэ хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн.  

Хариуцагч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээж, уг үүргээ биелүүлсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 236.1.1 “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж, нэхэмжлэгч Б.Отгондуламыг хариу үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “... Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” Гэж,

Энэ хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж тус тус заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр О гарын үсэг, хэв загварт шинжилгээ хийхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдийн 000 тоот дүгнэлтийг хариуцагч тал үгүйсгээгүй, няцаагаагүй болно. /хх-62 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.О төлбөр барагдуулах тухай гар бичвэрээр 10 хувийн хүү тохиролцсон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “О.О миний бие нь 2018 оны 12 дугаар  сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авсан үнэн” гэх бичвэрээр талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээг хүүтэй байхаар тогтоосон гэж үзэхгүй. Нэхэмжлэгч хүү шаардахгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийг нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийг 3 сар буюу 90 хоногт өдрийн 65,000 төгрөгөөр хүүтэй тохиролцсон гэж үзэх боломжгүй, үүнийг тооцож үзэхэд нийт 5,850,000 төгрөг болно. Энэ нь талуудын буюу ялангуяа хариуцагчийн хүсэл зоригт нийцэхгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Ц гэх гарын үсэгтэй, “О дансаар О эгчээсээ 6,500,000 төгрөг авсан нь үнэн” гэх гар бичвэр нь Ц О мөнгө авсан, буцаан төлнө гэсэн агуулга бүхий энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хэргийг шийдвэрлэхэд шаардлагагүй баримт, гуравдагч этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тул хэргийг шийдвэрлэв.

Иймд О.О 2,000,000 төгрөг гаргуулах тухай Б.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 282 дугаар зүйлийн 282,3, 282,4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч О.О холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай Б.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.АМАРТҮВШИН