Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

 

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Хохирогч Ц.Энхбаатар /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Б /онлайнаар/,

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолтой Б.Бд холбогдох 2034005110449 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б-. 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уйлант” гэх газар 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим иргэн Ц.Энхбаатарыг хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд цээж, хэвлий, зүүн мөр, баруун сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигин Батболдын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Хохирогч Ц.Энхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Эрүүгийн 2034005110449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдолдоо: “...1. Хавтаст хэргийн материалыг судлан үзэхэд гэмт хэргийн зүйлчлэл нь болсон хэрэг явдалтай огт тохирохгүй байна. Учир нь ШШҮХ-ийн 2020-07-23-ны өдрийн 8125 дугаар шинжээчийн хэсэг газрын үзлэгт дурдсанаар. 'Зүүн мөрний дээр 2,5*0,2 см хэмжээтэй оёдол бүхий шарх, зүүн хөхнөөс дотогш 3,0 см зайд 3,0*0,2 см хэмжээтэй оёдол бүхий шархтай, уг шархнаас доош 7,0 см зайд 2,0*0,2 см хэмжээтэй оёдол бүхий шархтай. Хэвлийн зүүн хажуу доод хэсэгт 2,0*0,2 см хэмжээтэй оёдол бүхий шархтай. Баруун сарвууны 1-р хурууны дээд гадаргууд 1,5*0,1 см хэмжээтэй зусэгдсэн шарх (баруун гуяны урд дунд хэсэгт 0,5*0,5 см, зүүн гуяны урд дунд хэсэгт 0,5*0,5 см хэмжээтэй өнгөц зүсэгдсэн шархтай)-тай гэжээ. Хүзүүний зүүн талд шарх цэгцлэв, бусад нь Батсүмбэрийн эмнэлэгт цэгцэлсэн байв. Зүүн мөр доош чиглэсэн 5-6 см орчим гүн шархтай. Хэвлийн шарх баруун доош чиглэсэн Төв аймагт хэвлийн шарх цэгцлэгдсэн. 2 талын хүүхэн хараа гэрлийн урвалд сул... Клиникийн төгсгөлийн онош: Зүүн дал болон цээжний зүүн хэсэгт хатгагдсан шарх" гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр: 1. Ц.Энхбаатарын биенд цээж хэвэл, зүүн мөр, баруун сарвуу, баруун зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх-ийн 25-26/

Гэв бодит байдал дээр Төв аймгийн Батсүмбэр суманд анхны эмнэлгийн тусламжийг үзүүлсэн жижүүрийн их эмч М.Мөнхбатын бичсэн тодорхойлолтоор:

"2020-07-13-наас 14-нд шилжих үед хунд олон удаа хутгалуулж комийн байдалтай, эмнэлэгт хургэгдэж ирсэн. Үзлэг: Биеийн ерөнхий байдал хүнд ухаангүй, комийн байдалтай цус алдана, артерийн даралт 60/30 биеийн халуун 23 хэм хүчил төрөгч-86, бие дээр хутганы шарх ихтэй, зүүн бөөрөн дээр хутганы гүн 17 см орчим, зүүн мөрөн дээр 10 см орчим гүнтэй сэтэрсэн байдалтай. Зүрхний харалдаа шарх 5-6 см орчим гүнтэй хавж орсон байдалтай, баруун толгой, зүүн гар 2 гуя бүгд нийлсэн 17 шархтай. Зүүн нүд цохиулснаас үуссэн хавдартай чихнээс цус гарна, гүн шархнүүдаас цус алдана, хэвлий цардайж томорно. Эмчилгээнд: -цус тогтоох, шингэн сэлбэх, өвчин намдаах, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийж биеийн байдал тогтворжуулж ГССҮТ-д шилжүүлэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцааг 2020-10-11-ний өдөр үзүүлж эхэлсэн бөгөөд гэмт хэргийн зүйлчлэл болоод гэмтлийн зэрэг нь учруулахдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн талаар хэргийн оролцогчид бүгд мэдүүлсээр атал улсын яллагч нь анхаарал хандуулаагүй нь илтэд сонирхлын зөрчилтэй байжээ гэж үзэхэд хүргэж байна. Учир нь, Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн тайлбарт: " энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зйүл хэрэгслийг ойлгоно" гэжээ.

Түүнчлэн хохирогч Ц.Энхбаатарын биед учирсан 17 хутганы шархнаас 3-4 нь амь насанд аюултай, эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваагүй бол үхэлд хүргэж болзошгүй гүн орсон, Батсүмбэрт цэгцлэгдсэн байна гэж хаасан нь ШШҮХ-ийн 2020-07-23-ны өдрийн 8125 дугаар шинжээчийн дүгнэлт үнэн зөв бодитой гэж үзэх хууль зүйн үндэслэл үгүй байна. Мөн гэмт хэргийн холбогдогчийн эхнэрийн амь насанд аюултай байдал үүссэн хийгээд бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гэснээс үүдэлтэй зэвсэг, зэвсгийн чанартай зүйп хэрэглэж амь насанд нь халдахаар довтолсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бага насны хүүхдээ дагуулан хэргийн газраас зугтаасан зэрэг нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.6-р зүйлийн 1.2, 1.3-д заасныг тус тус зөрчсөн байх тул Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020-10-12-ны өдрийн 428 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэргийн зүйлчлэл зөв байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл гаргасан саналдаа: Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Анх Б эхнэр лүүгээ хутга барьж дайрсныг нь Энхбаатар зогсоох гэж хориглосноос болж энэ хэрэг гарсан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг нь ч шалгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Ц.Энхбаатар гаргасан тайлбартаа: Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: Надаас хохирогч 50 сая төгрөг нэхэмжилнэ, 25 саяыг өгчихвөл гомдолгүй гэсэн. Надад 25 сая төгрөг өгөх хэмжээний санхүүгийн чадамж байхгүй. Хохирогчид манай эхнэрийн найз тусламж анх үзүүлсэн. Тэр тодорхойлолт гаргасан эмч яагаад ингэж хэлснийг ойлгохгүй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2034005110449 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уйлант” гэх газар 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд иргэн Ц.Энхбаатарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хохирогч Ц.Энхбаатарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8125 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмч И.Мөнхбатын тодорхойлолтоор /хх-ийн 94р хуудас/ Ц.Энхбаатарын бие дээр хутганы ил шарх ихтэй, зүүн бөөрөн дээр хутганы гүн 17 см орчим. Зүүн мөрөн дээр 10 орчим см гүнтэй, сэтэрсэн байдалтай, зүрхний харалдаа шарх, зүүн хавирганы харалдаа шарх 5-6 см орчим гүнтэй хавж орсон байдалтай, бүгд 17 жижиг шархтай, гүн шархнаас цус алдсан байдалтай байжээ. Уг тодорхойлолтоос үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 сарын 23-ны өдрийн 8125 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/ нь бүрэн биш, эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.

Гаргасан тодорхойлолттой нь холбогдуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмч И.Мөнхбатаас тайлбар авах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар тооцон цуглуулж, бэхжүүлж аваагүй байх тул уг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг явуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар давж шаалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2034005110449 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ