Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ж********* /РД:*********/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б************, нэхэмжлэгч Д.Ж*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********, Ш.Ү********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Д.Ж********* нь тус шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А-31 дүгээр захирамжаар иргэн Г.Ц******** эзэмшүүлсэн нэгж талбарын 1461907277 дугаартай, 2015 оны А-90 дүгээр захирамжаар иргэн Б.Б*******өд эзэмшүүлсэн нэгж талбарын 18649326169545 дугаартай газруудтай тус тус давхцаж байгаа тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

1.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Г.Ц********, Б.Б******* нарын Д.Ж*********ы эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан газартай давхцаж буй газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгон өөрчлөлт хийж, Д.Ж*********д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах гэж өөрчилсөн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Ж********* нь 2013 оны 06 дугаар сард маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн аманд 0.07 га газарт хамаарах кадастрын зургийг ******* ХХК-иар хийлгүүлсэн.[1]

2.2. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн огноотой газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах агуулгатай өргөдлийг[2] Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасныг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бүртгэл, хяналтын картын 238 дугаарт бүртгэн авсан боловч иргэн Д.Ж*********д ямар нэг хариу өгөөгүй байна.[3]

2.3. Ингээд иргэн Д.Ж********* нь 2021 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн удирдлагад хандан дахин өргөдөл гаргахад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 14/1366 тоот албан бичгээр[4] Тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн аманд таны амьдарч буй газар нь дүүргийн Засаг даргын 2015 оны А/31 дүгээр захирамжаар иргэн Г.Ц******** эзэмшүүлсэн нэгж талбарын 1461907277 дугаартай, 2015 оны А/90 дүгээр захирамжаар иргэн Б.Б*******өд эзэмшүүлсэн нэгж талбарын 18649326169545 дугаартай газруудтай тус тус давхцаж байна. Иймд тус газрын маргаантай холбоотой асуудлыг шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу авсан.

2.4. Түүний дагуу иргэн Д.Ж********* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулахад бодит байдал дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/31 дүгээр захирамжаар[5] иргэн Г.Ц******** эзэмшүүлсэн газар, 2015 оны А/90 дүгээр захирамжаар[6] иргэн Б.Б*******өд эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд нэхэмжлэгч Д.Ж*********ы газар эзэмших эрх авах хүсэлттэй байгаа газраас өөр байрлалд буюу тухайн газраас хойш 850 метрийн зайд, ямар нэг давхцалгүй[7] байрлаж байгаа болох нь тогтоогдсон.

2.6. Харин газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн системд иргэн Г.Ц********, Б.Б******* нарын нэр дээр тус бүр 2 газар бүртгэгдсэний улмаас иргэн Д.Ж*********ы эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн газартай давхцалтай мэт харагдаж байжээ.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оноос хойш тус газар дээр амьдарч байгаа, иргэн Г.Ц********, Б.Б******* гэх хүмүүсийг урьд өмнө огт харж, уулзаж байгаагүй, би 2016 оны 08 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар дүүргийн Засаг даргад хандсан тул түүнийг шийдвэрлэж, миний эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан газартай давхцаж буй газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэж маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс ... нэгэнт иргэн дүүргийн Засаг даргын 2015 оны А/31 дугаартай захирамжаар иргэн Г.Ц******** олгосон газар, мөн оны А/90 дугаартай захирамжаар иргэн Б.Б*******өд олгосон газар нь нэхэмжлэгч Д.Ж*********ы амьдарч буй газартай давхцалгүй болох нь тогтоогдсон, энэ үйл баримттай маргахгүй, харин газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлд давхар бүртгэсэн Г.Ц********, Б.Б******* нарын газрын кадастрын бүртгэлийн мэдээллийг шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хүчингүй болгох боломжтой, түүний дагуу иргэн Д.Ж*********ы газар эзэмших эрхийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Ж********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би анх 2013 онд тус газартаа кадастрын зураг хийлгэсэн түүнээс хойш газрын гэрчилгээг авах хүсэлт гаргахад давхцалтай байна гэсэн хариу өгдөг. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хандахад та шүүхээр шийдвэрлүүл гэдэг. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2015 оны А/31 дүгээр захирамжаар Ц*******, Б******* нарт эзэмшүүлэхээр олгогдсон газар нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газартай давхцалгүй байгаа. Харин тухайн хоёр иргэн маань дахин мэдээллийн санд бүртгүүлсэн байгаа газар нь нэхэмжлэгчийн газартай давхцалтай байгаа. Мэдээллийн санд давхар орсон хоёр газрыг шүүхээс хүчингүй болгох байдлаар шийдвэрлэж өгвөл боломжтой.

... Мэдээллийн санд бүртгэгдсэн боловч доод газар дээр ямар нэгэн захирамж шийдвэр гараагүй. Тиймээс газар зохион байгуулагч маань зөвтгөөд өөрчлөлт оруулах боломжтой байгаа. ...Хэргийг хэрэгсэхгүй болгож эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Газар зохион байгуулагч кадастрын зурагд өөрчлөлт оруулахад дээд шатны байгууллагын шийдвэр шаардлагатай байгаа тул шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлттэй байна. гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 2015 оны дүүргийн засаг даргын А/31 дүгээр захирамжаар н.Б*******, н.Цэвээндарьд олгогдсон тус газар нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газраас 850 метрийн зайтай байдаг. Гэвч тус маргаан бүхий газартай давхцаж байгаа газар нь 2015 онд мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр өргөдөл өгч мэдээллийн санд бүртгүүлсэн. Мэдээллийн сангаас зургийг устгуулсан тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой. Одоо бол тус иргэдийн мэдээлэл байгаа тохиолдолд таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэжээ.

2. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заажээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшихээс гадна эзэмших эрх олж авахаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавигдаж байна.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.Ж*********ы газар эзэмших эрх олж авахыг хүссэн газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/31 дүгээр захирамжаар иргэн Г.Ц******** эзэмшүүлсэн газар, 2015 оны А/90 дүгээр захирамжаар иргэн Б.Б*******өд эзэмшүүлсэн газартай тус тус байршлын хувьд ямар нэг давхцалгүй байгаа болох нь тогтоогдсон болно.

5. Харин газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн системд иргэн Г.Ц********, Б.Б******* нарын нэр дээр тус бүр 2 газар бүртгэгдсэний улмаас иргэн Д.Ж*********ы эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн газартай давхцалтай мэт ойлгогдож байжээ.

6. Иймд нэхэмжлэгч Д.Ж*********ы зүгээс газар эзэмших эрх олж авахыг хүссэн газар нь бусад этгээдийн эзэмшлийн газартай ямар нэг давхцалгүй байх тул газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн системд иргэн Г.Ц********, Б.Б******* нарын нэр дээр давхар бүртгэгдсэн газрын бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгон өөрчлөлт хийж, нэхэмжлэгч Д.Ж*********д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана. гэж заажээ.

8. Хэдийгээр нэхэмжлэгч Д.Ж********* нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаж байсан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн үед тус хүсэлтийг холбогдох эрх бүхий этгээд шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

9. Тиймээс хуулийн дээр дурдсан заалтын дагуу нэхэмжлэгч Д.Ж********* нь газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж дахин гаргах нь зүйтэй болохыг дурдаж байна.

10. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд ... дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба ... байна. гэж, мөн зүйлийн 23.4.2 дахь заалтад Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох гэж заасан тул уг захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг татан оролцуулах шаардлагагүй буюу газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн системд иргэн Г.Ц********, Б.Б******* нарын нэр дээр давхар бүртгэгдсэн газрын бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгон өөрчлөлт хийж, нэхэмжлэгч Д.Ж*********д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах боломжтой гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

11. Нэхэмжлэгч Д.Ж********* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/79 тоот амжиргааны түвшний доод бүлэгт багтсан тухай тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж*********ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Г.Ц********, Б.Б******* нарын Д.Ж*********ы эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан газартай давхцаж буй газрын кадастрын нэгдсэн сангийн бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгон өөрчлөлт хийж, Д.Ж*********д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ