| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/01525/И |
| Дугаар | 184/ШШ2022/02043 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2022/02043
2022 06 15 184/ШШ2022/02043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэ аймаг, С сум 0-р баг хаягт байрлах, Т б ХХК /рд:000000/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Г А /рд:000000/,
Хариуцагч: ******* дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Х овогт Д О /рд:000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,103,523 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Д.О, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т б ХХК нь Д.О, Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,103,523 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Хариуцагч Д.О, хариуцагч Г.А нар нь 2018 оны 05-р сарын 28-ний өдөр 0000 тоот зээлийн гэрээг байгуулан Т б Сэлэнгэ салбараас 14,700,000 /Арван дөрвөн сая долоон зуун мянган / төгрөгийн Гэрээт цалингийн зээлийг 50 сарын хугацаатай сарын 1.70 хувийн хүүтэйгээр , зээлийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, С аймгийн С сумын 0-р багийн Буурын гол 00 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай 44м.кв талбайтай Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, С аймгийн С сумын 0-р багийн Буурын гол 00 дугаар гудамжны 0 тоог хаягт байршилтай 368м.кв талбайтай Гэр бүлийн хэрэглээний өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалан авсан бөгөөд Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. 2022 оны 03 сарын 14-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 9,829,230 төгрөг, зээлийн хүү 2,274,293 төгрөг нийт 12,103,523 төгрөг гаргуулж, С аймгийн С сумын 0-р багийн Буурын гол 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай 368м.кв талбайтай Г-0000000 дугаартай Гэр бүлийн хэрэглээний өмчлөх эрхтэй газар, С аймгийн С сумын 0-р багийн Буурын гол 00 дугаар гудамжны 000 тоот хаягт байршил гай 44м.кв талбайтай Ү-000000 тоот үл хөдлөхийн дугаартай Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.О, Г.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 05 сард цалингийн зээл авсан нь үнэн. Үнийн дүн дээр маргаангүй. Би ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан. Зээл авснаас хойш би ходоодны хортой хавдартай болж, ажлаасаа чөлөөлөгдсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар болон ковидын хөл хорионоос болж зээлийн эргэн төлөлтийн хуваарь алдагдсан. Би одоо Улаанбаатар Цаг уурын газарт ажиллаж байгаа. Одоо нөхөр бид хоёр ажилтай байгаа учраас цалингаараа зээлээ төлөх хүсэлтэй байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлгүй, шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: хх/1-2 нэхэмжлэл, хх-3 итгэмжлэл, хх-4 улсын бүртгэлийн гэрчилгээ, хх-5-9 барьцаат зээлийн гэрээ, хх-10-11 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хх-12-12 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-14 иргэний хэрэг үүсгэсэн захирамж, хх-15-20 шүүхийн ажиллагааны баримт, хх-21-22 хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хх-23-24 шүүгчийн захирамж, хх25-27 шүүхийн ажиллагааны баримт, хх-28 тэмдэглэл, хх-29 шүүгчийн захирамж, хх-31-33/, Зээлийн дансны хуулга /хх-7-р тал/, барьцаат зээлийн гэрээ /хх5-6 тал/, барьцааны гэрээ /хх 8-9 тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг
хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсан гэсэн агуулгаар тодорхойлсон.
Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эрүүл мэндийн шалтгаанаар болон ковидын хөл хорионоос болж зээлийн эргэн төлөлтийн хуваарь алдагдсан. Д.О У газарт ажилладаг хоёулаа ажилтай учраас цалингаараа зээлээ төлөх хүсэлтэй байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлгүй, шаардлагагүй гэж үзэж байна гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №00000000 тоот зээлийн гэрээ байгуулж, 14,700,000 төгрөгийг 50 сарын хугацаатай жилийн 20.40 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн өдрийн №0000000-01 тоот барьцааны гэрээгээр №000000000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэр болгож С аймгийн С сумын -р багийн Буурын гол 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай 368м.кв талбайтай Г-00000000 дугаартай Гэр бүлийн хэрэглээний өмчлөх эрхтэй газар, С аймгийн С сумын 0-р багийн Буурын гол 00 дугаар гудамжны 0 тоот хаягт байршил гай 44м.кв талбайтай Ү-0000000 тоот үл хөдлөхийн дугаартай Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.
Уг гэрээгээр зээлдүүлэгч тал энэ гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээг холбогдох эрх бүхий байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болсноор зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлдэгчид шилжүүлэх,
-зээлдэгч тал үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, зээлдэгч ээлжийн буюу урт хугацааны амралт авсан бол хуваарьт төлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлөрүүлэх зэрэг үүргийг тус тус хүлээжээ.
Талуудын маргааны зүйл нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж маргаж байна. Харин талууд зээлийн үлдэгдэл, хүү, гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил, эрүүл мэндийн шалтгаанаар зээлийн төлөх хуваарь, хугацаа хэтрүүлсэн зэрэгт маргаагүй байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхтэй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ-ний үүрэгт 12,103,523 төгрөгийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ
Энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй,
Энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн.
Зээлдэгч буюу хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөххариу үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч гэрээний 6 дугаар зүйлийн 6,2,1, 6,2,5-д зааснаар нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй байна. Энээрхийн хүрээнд 2022 оны оны 3 дугаар сарын 17-нны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцласан гэж үзэв. /хх-5-7/
Нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлсэн хүүний төлбөр гаргуулахаар шаардсан байх ба гэрээний 2.1.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон боловч энэ талаарх тооцоо, баримтыг гаргаж өгөөгүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүг тооцон нэхэмжилсэн, зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед төрийн эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлсэн хөл хорионы дэглэмээс шалтгаалан хариуцагчийн санхүүгийн байдал хүндэрсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх шаардлагагүй, хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зааснаар хариуцагч Д.О, Г.А нараас 12,103,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох /С аймаг, С 0 дугаар багийн Буурын гол 00 гудамж, 0 тоот 44 мкв хашаа байшин, С аймаг, С 0 дугаар багийн Буурын гол 00 гудамж, 00 тоот 368 мкв өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,806 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О, Г.А нараас 278,806 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН