2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1201

 

 

 

 

 

 

 

 

 

    2025           5            01                                      2025/ШЦТ/1201

 

 

 

                        

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн

            хохирогч ***

            иргэдийн төлөөлөгч Л.Дэжидмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40 дүгээр гудамж 2 тоотод иргэн Т.Мягмардоржтой “урьдчилгаа цалингийн асуудлаар” маргалдсан бөгөөд хохирогч *** болиулахаар тэвэрч авахад хэвлий хэсэгт нь хутга буюу зэвсгийн чанартай зүйлээр хутгалж, түүний биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэс, чацархайг хатгагдаж гэмтээсэн зүсэгдсэн шарх бүхий хохирол учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр Ханддорж, Мягмардорж бид гурав “Агар” нэртэй архи уусан. Би Ханддоржийн биед санаатай гэмтэл учруулаагүй, энэ хэрэг санамсаргүй болсон. Мягмардорж, Ханддорж бид нар тавуулаа нийлээд Эрүүл мэндийн яамны өөдөөс харсан барилгын ажил дээр нэг бригад болж ажилласан юм. Ажлын цалин хөлснөөс болж Мягмардорж бид хоёр муудалцаад тэр үед Ханддорж салгах гэж байхад нь хутгалсан байна лээ. Би айлгах гэж ширээн дээр хутгыг авсан, түүнээс биш хүнийг гэмтээе энэ тэр гэж бодоогүй гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Амартүвшиний мэдүүлж байгаа нь үнэн. Мягмардорж, Амартүвшин хоёр хоорондоо муудалцаад барилцаж авахаар нь би салгах гээд Амартүвшинийг араас нь тэвэрсэн юм. Тухайн үед Амартүвшинийг гартаа хутга барьсан гэдгийг мэдээгүй. Манай эхнэр Мягмардоржийг салгаад авч гарсан. Тэгээд би хутгалуулсан байна гэдгээ мэдсэн. Эмчилгээний зардал 3.800.000 төгрөг болсон. Би Амартүвшинд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед ажлаасаа буугаад найз Мягмардорж, хадам дүү Амартүвшин нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Хилчин” хотхоны арын зам дээр машин дотроо 2 шил “Агар” нэртэй архи хувааж ууж дуусгаад Амартүвшингийн гэр рүү алхсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40-2 тоот гэр рүү ороход манай эхнэр Энхтуул, Амартүвшингийн эхнэр, хүүхдүүд байсан. Гэрт нь ороод найз Мягмардорж, хадам дүү Амартүвшин бид гурав яриад сууж байхад Амартүвшин, Мягмардорж нар ажлын цалингаас болоод маргалдсан. Бид гурав хувиараа барилга дээр ажил хийж байгаа бөгөөд тухайн ажлыг Амартүвшин олж, Мягмардорж бид хоёртой хамтарч ажлаа хийж байгаа. Тухайн ажил олгогч компани нь урьдчилгаа цалин өгөөгүйгээс болж Амартүвшин, Мягмардорж нар маргалдаад ам зөрсөн. Тэгсэн Амартүвшин Мягмардоржид мөнгийг чинь авч өгнө гээд байхад ямар сүртэй юм бэ гэж орилоод уурандаа гал тогооноос хутга аваад ална аа, чамайг гээд байшингаас гарах гээд байхаар нь би болиоч гээд Амартүвшинг тэвэрч аваад болиулаад тайвшруулаад суулгасан. Тэгээд Амартүвшинг байшинд үлдээгээд гадаа Мягмарсүрэн рүү гараад явъя, явъя гэж хэлээд очиход миний зүүн талын хэвлий хэсэгт халуун оргиод байхаар нь гайхаад хартал бага зэрэг цус гоожсон байсан. Тэгэхээр нь би Мягмардоржид Амартүвшин намайг хутгалчихлаа гээд хэлтэл 103 ирээд намайг авч явсан” /хх-н 23-24/ гэж,

гэрч ***“... өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр Амартүвшин, хүргэн ах Ханддорж, түүний найз Хоовноо нартай согтууруулах ундаа хэрэглэсэн гэрт орж ирээд юм яриад сууж байхад нөхөр Амартүвшин нь Хоовноо гэх хүнтэй маргалдаад байсан. Энхтуул болон Ханддорж нар Амартүвшин нь Ханддоржийн хэвлий хэсэгт хутгалчихлаа гэж хэлж байсан” /хх-н 29-30/ гэж,

гэрч *** “... 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 15:00 цагийн үед ажлаасаа гараад найз Ханддорж, Хандоржийн эхнэрийн дүү Амартүвшин бид гурав Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Хилчин” хотхоны арын зам дээр машин дотроо 2 шил “Агар” нэртэй архи хувааж уугаад ойролцоо байх Амартүвшингийн гэр рүү бид гурав алхаж орсон. Эхнэр, хүүхдүүд нь гэртээ байсан. Ингээд тэдний гэрт ороод ойр зуур юм ярьж байгаад юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна, би Амартүвшинтэй маргалдаад нэгийгээ барьж аваад ганц хоёр цохиход тэнд байсан найзууд бид хоёрыг салгасан бөгөөд намайг Энхтуул гэрээс авч гарсан. Харин Амартүвшинг Ханддорж салгаад гэрт Ханддорж Амартүвшин нар үлдсэн. Гадаа хэсэг байж байхад Ханддоржийн зүүн хэвлий хэсэгт нь цус болсон байхаар нь би “чи яасан юм бэ” гэж хэлээд шархыг нь харахад 1 см хиртэй зүсэгдсэн шарх харагдсан. Тэгэхээр нь би “хэн ингэсэн юм бэ” гэхэд Ханддорж нь хэлэхдээ дүү Амартүвшин гартаа хутга бариад миний хэвлий хэсэгт хутгалчихлаа гэхэд нь би шоконд ороод шууд түргэн дууд гэж хэлсэн ба удалгүй түргэн тусламж ирээд Ханддоржийг аваад явсан. Цагдаа ирээд юу болсон талаар асуухад би болсон явдлыг хэлсэн. Тэр үед Амартүвшин хаана байсан талаар мэдэхгүй байна” /хх-н 35-36/ гэж,

гэрч *** “... би 2025 оны 1 дүгээр сарын 13-ны орой 16 цагийн үед дүү Амартүвшингийн гэрт очиж усанд орчихоод сууж байхад гаднаас манай нөхөр Ханддорж, дүү Амартүвшин, Мягмардорж нар нэлээн согтуу, ухаан мэдрэлгүй болтлоо уусан орж ирсэн. Гэрт орж ирээд тэр гурав ажлынхаа талаар яриад мөнгө төгрөгийн асуудал дээр маргаад байсан. Тухайн ажлыг манай дүү Амартүвшин гардаж хийж байгаа бөгөөд манай нөхөр Ханддорж, Мягмарсүрэн нартай хамтарч хийж байсан. Мягмардорж нь манай дүү Амартүвшингээс ажлын урьдчилгаагаа өг гээд эхлээд ярилцаж байгаад сүүлдээ энэ яриа нь маргаан болоод Амартүвшин, Мягмардорж хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би Мягмардоржийг түлхээд гадагш гаргасан. Тэр үед дүү Амартүвшин, нөхөр Ханддорж нар гэрт үлдсэн. Тухайн үед дүү Амартүвшин гадагш гарна гээд уурлаад манай нөхөртэй ноцолдоод байсан. Харин би Мягмардоржийг гэр рүү оруулахгүй гээд хаалга дарж байж байгаад Мягмардоржийг гадаа үлдээгээд гэрт ороход Амартүвшин гартаа хутга барьсан нөхөр Ханддоржтой ноцолдоод, барьцалдаж аваад зогсож байсан. Тэр үед би дундуур нь ороод арай гэж дүү Амартүвшинг хойшоо түлхээд хананд налуулаад гарт нь байсан шовх үзүүртэй хутгыг гараас нь булааж аваад зурагтны хажуу тал руу шидсэн. Тэр үед нөхөр зөрөөд гадагшаа гараад буцаж орж ирээд “Амартүвшин! чи намайг шаачихлаа” гээд подволкоо сөхөж харуулаад байсан. Тэр үед манай хүү Мягмардоржийн эхнэртэй хамт гадаа ирээд би шууд нөхрөө машинд суулгаад “Хилчин”-гийн урд талын автобусны буудал дээр очиж зогсоод 103 ирээд Цэргийн төв эмнэлэг рүү авч яваад хагалгаанд орсон” /хх-н 39-40/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэс, чацархайг хатгагдаж гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн 2254 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 51-52/

 

Түүнчлэн хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-н 17-19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 1-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-7/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж оролцсон бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсэн атал хүссэн, эсвэл хүсээгүй боловч тухайн хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэм буруугийн санаатай хэлбэр гэнэ.

 

Өмгөөлөгч С.Мягмарсүрэнгийн гаргаж буй “... ***гийн буруутай үйлдэл нь *** руу чиглээгүй байсан, ... *** Т.Мягмардорж нарын хооронд ажлын цалин хөлснөөс болж маргалдах явцад ***гийн барьж байсан хутганд *** өртсөн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй” гэсэн тайлбар,

шүүгдэгч ***гийн гаргаж буй “... би айлгах гэж л хутга авсан юм” гэсэн тайлбар нь тус тус хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хуулийн үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ***гийн гартаа хутга барьж бусад руу дайрч байгаа үйлдэл нь хэн рүү чиглэснээс үл хамаарсан гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тодруулбал, шүүгдэгч *** урьд өмнө 2 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байжээ. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хэдий ч түүний хувийн байдлыг тодорхойлох баримт мөн.

 

Харин хохирогч *** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн Л.Дэжидмаа нь шүүгдэгч ***ийг “... гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 86/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 84/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 87/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 92-93/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 102-106/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 94-101/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** эмчилгээний болон сэтгэцийн хор уршгийг нэхэмжлээгүй бөгөөд гомдол, саналгүй гэсэн байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.735.712 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч ***ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***оос мэдүүлэг авахдаа гэрч Т.Мягмардоржийн нэрийг “Мягмарсүрэн” гэж буруу бичсэн байгааг шүүх зөвтгөж залруулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

хорих ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ээс хохирогч ***ийн эмчилгээний зардалд зарцуулсан 3.735.712 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

                                        ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ

 

 

                                        ШҮҮГЧ                               Ц.ЭРДЭНЭЧИМЭГ