2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1203

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          5           01                                    2025/ШЦТ/1203

 

 

 

 

                       

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Мөнхтүвшин

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоотод байх гэртээ “би чамайг энэ гэрээс гардаггүй болгоод өгнө” гэж хамтран амьдрагч ***г зүүн гарын шууны дээд хэсэг рүү, мөн гарын алга, эрхий хурууны хойд хэсэг рүү, баруун талын хөлийн шилбэ рүү нь гурилын элдүүрээр зодож цохиж, зүүн гарын эрхий хуруу, зүүн шуу, хоёр шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Надтай хамтран амьдарч байсан хохирогч Сугарсүрэн нь залилангийн хэргээр шүүхээс хорих ял авч, одоо хорих ялаа эдэлж байгаа гэсэн. Сугарсүрэн бид хоёрын дундаас гарсан хүүхдүүд 03-05 настай бөгөөд би өөрийн асрамжид байлгаж, хамт байгаа. Мөн би өөр эмэгтэйтэй гэр бүл болоод нэг хүүхэд төрүүлсэн. Одоо 03 сартай. Ингээд би нийтдээ ам бүл тавуулаа амьдарч байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 06:00 цагийн орчимд амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоот гэрээсээ гарч хуурай эгчтэйгээ уулзах гээд хамтран амьдрагч ***д 3 хүүхдээ үлдээгээд гарсан. 11 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирээд хаалгаа тогштол гэрт хүн байхгүй байсан. 13 цаг хүртэл хүлээсэн. Орцондоо байж байхад Жаргалан найз Бат-Эрдэнийн хамтаар лифтнээс буугаад ирсэн. Тэгээд гэрийн хаалга онгойлгоод бид гурав хамт манай гэрт орсон. Найз Бат-Эрдэнийнхээ хажууд том өрөөний ор руу намайг түлхэж унагаасан. Жаргалан найз Бат-Эрдэнэдээ чи гараад машинд сууж бай би удахгүй гарлаа гэж хэлээд найзыгаа гэрээс гаргаад хаалгаа дотроос нь түгжсэн. Жаргалан над дээр буцаж ирээд чи үүрээр гэрээсээ гарч буудал орчихоод буудлаас гардаг цагаар гарч ирлээ үр хүүхдүүдээ хаяж явдаг ичдэггүй хар янхан минь гэж хэлсэн. Тэгээд би буудлаар яваагүй ээ, итгэхгүй байгаа бол миний утсыг шалга гээд өгсөн чинь би энэ утсаар чинь яадаг юм бэ гэж хэлээд миний гар утсыг том өрөөний хаалганы буланд дарж цохиж дундуур нь хугалсан. Тэгээд одоо би чамайг энэ гэрээс гардаггүй болгоод өгнө гэж хэлээд гал тогооны өрөө ороод гурилын элдүүр, ир муутай хар том заазуур гаргаж ирээд миний хоолойд тулгаад хүргэж аваад одоо чамайг ална гээд байсан. Тийм амархан чамайг алахгүй хөл гарыг чинь хугална, өвдөлт мэдрүүлнэ, яасан овоо янхан бэ үр хүүхдээ хаяад буудал ордог гээд гурилын элдүүрээр миний зүүн гарын шууны дээд хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн гарын алга, эрхий хурууны хойд хэсэг рүү нэг удаа цохисон. Миний баруун талын хөлийн шилбэ рүү гурилын элдүүрээр нэг удаа цохисон бөгөөд гурилын элдүүр нь халтираад зүүн талын хөлийн өвдөгний орчим мөн цохигдсон. Би Жаргалангаас “одоо болилдоо, өвдөөд байна” гэж хэлэхэд “чимээгүй бол, хүн сонслоо, намайг ахиад шорон руу явуулах гээд байна уу, чимээгүй бол, гичий минь” гээд байсан. “Болоогүй ээ, би чиний биеэс юу ч үлдээхгүй, энэ юу ч биш, хамгийн сүүлд хоолойг чинь хэрчиж алчихаад шорондоо очиж амармаар байна” гэж хэлчихээд жижиг өрөө рүү ороод шкафаас хүүхдүүдийнхээ хувцсыг гаргаад бэлдээд эхэлсэн.

Чи өөрийгөө 2 хүүгүй болсон гэж бод гэж надад хэлсэн. Хувцас бэлдэж байх хооронд нь би сэмхэн хаалгаа онгойлгоод хажууд айлын хаалгыг тогшоод туслаарай хаалгаа онгойлгоод цагдаа дуудаад өгөөрэй гэж орилсон чинь араас гүйж ирээд намайг үсдэж чирч оруулаад хаалгаа түгжсэн. Хажуу айлын авгай чинь азтай байна, хаалгаа онгойлгосон бол хамтад нь алах байсан гэж хэлсэн” /1-р хх-н 29-30/ гэж,

гэрч *** “... би 2023 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд авто эргүүлийн “Бүргэд 113” дугаар чиглэлд эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Н.Энхжаргалын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 15, 16, 17, 30 дугаар хороог хариуцан ажиллаж байх хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг 27 минутад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоотод хамтран амьдрагч орж ирээд намайг зодоод заазуур тулгаад байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч тус дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоотод 15 цаг 47 минутад очиж шалгахад уг тоотод иргэн *** нь бага насны 2 хүүхдийн хамт байсан. Уг иргэнтэй уулзаж ярилцахад хамтран амьдрагч *** хүүхэд халуурсан гэх шалтгаанаар маргалдаж намайг зодсон, хоолойд заазуур тулгаж нүд ухна гэж заналхийлсэн гэж хэлсэн. Тухайн иргэнээс хохирогчоор мэдүүлэг авч аюулын зэргийн үнэлгээ хийхэд 7 оноо буюу дунд түвшинтэй гарсан. Сугарсүрэн хэлэхдээ гурилын модоор цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Хажууд айлаас тусламж гуйгаад орох гэхэд үсдэж чирч оруулсан гэж ярьж байсан” /1-р хх-н 49/ гэж,

гэрч *** “... би тухайн орцны 246 тоотод 2016 оноос хойш амьдарч байна. Манай орцны 203 тоотод Сугарсүрэн болон түүний нөхөр Жаргалан нар нь 4 хүүхдийн хамт амьдардаг. Би тухайн 7 дугаар орцыг хариуцдаг тул аль тоотын хүмүүс бусдын амгалан байдлыг алдагдуулдаг гэдгийг мэднэ. Тухайн айлаас байнга чанга дуу чимээ гардаг. Ер нь бусад оршин суугч нарт их төвөгтэй байдаг. Тухайн айлаас эмэгтэй хүн уурлах, чарлах дуу чимээ гараад байдаг ба би цагдаад дуудлага мэдээлэл өгч байсан” /1-р хх-н 117-119/ гэж,

гэрч *** “... би уг тоотод өөрийн нөхрийн хамтаар 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Сугарсүрэн болон түүний нөхөр Жаргалан нар дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Мөн хаа нэг аав, ээж нар нь ирж хүүхдийг нь хардаг. Миний санаж байгаагаар тухайн өдөр тогшсон байх. Гэхдээ би болон манайх урд өмнө нь Сугарсүрэнд хаалгаа онгойлгож өгөхөд нөхөр гэх залуу нь араас үсдэж аваад гарч явсан ба цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан. Тухайн айл нь байнга хэрүүл тэмцэлтэй байдаг ба Сугарсүрэнгийн нөхөр Жаргалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодоод байдаг юм. Мөн манай унтлагын өрөө Сугарсүрэнгийн том өрөөтэй нэг ханатай, шөнө байнга шахуу хэрүүл маргаан хийж хоорондоо зодолдоод байдаг. Тэгээд би цагдаа дуудахаар тухайн айл нь хаалгаа тайлдаггүй их хэцүү айл. 7 хоногт 3-аас 4 удаа Сугарсүрэн, Жаргалан нар хэрүүл маргаан, зодоон хийдэг” /1-р хх-н 121-124/ гэж,

гэрч ***“... миний мэдэж байгаагаар тухайн айлаас чанга дуу чимээ гардаг ба эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрэлдээд байдаг” /1-р хх-н 126-128/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***гийн биед зүүн гарын эрхий хуруу, зүүн шуу, хоёр шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 14500 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /1-р хх-н 57-58/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 178/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 147/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-н 179/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-н 180/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-н 182/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 163-165/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 170-173/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд;

Хохирогч  хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 91 хоног цагдан хоригдсон байх тул шүүхээс түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 91 /ерин нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ