Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

 

 

 

З.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогч П.Уртнасан,

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/414 дугаар шийтгэх тогтоолтой З.Бт холбогдох 2034000000482 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З.Б-,

Шүүгдэгч З.Б нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Есөн зураа гэх газарт иргэн П.Уртнасанг “та хоёр эмэгтэй хүүхэд байхад айлгалаа, та хоёр хүчиндэх гэж байж магадгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал,баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/414 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Цагаан тойнь овогт Занын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Цагаан тойнь овогт Занын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдолдоо: “...Хохирогч П.Уртнасан нь Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд "..гэнэт намайг хөгшин залуу 2 хүн бүлэглэн зодсон гэж гомдол гаргасан." Мөн хх-6 дугаар хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "машинтай 2 хүн ирээд үгийн зөрөөгүй намайг зодоод байхаар нь та нар яах гээд зодоод байгаа юм бэ гэсэн" гэх мэдүүлгүүдийг өгсөн. Гэтэл хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамтран зодсон гэх этгээдийг асууж тайлбар аваагүй, цагдаагийн байгууллага шалгаагүй, хохирогчийг үнэн зөв мэдүүлэг өгч байхад зөвхөн Б гэх этгээд нь П.Уртнасанг зодсон гэж оруулж прокурор яллаж, үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу байна.

Миний үйлчлүүлэгч П.Уртнасан нь З.Б, түүний хамт яваа хүнд бүлэглэн зодуулсаны улмаас улсын 1 дүгээр эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үзүүлсэн. Үзүүлээд нүд бүрэлзээд байна гэхэд өвчтэй байгаа учраас бүрэлзэнэ гэсэн хариу өгсөн байдаг. Мөн өдрөө Ай Ти дүрс оншилгооны төвд Хамрын дайвар хөндийн компьютер томографийн шинжилгээнд Зүүн нүдний ухархайн дотор хана 1.5 см өргөн зайд 0.8 см гүн этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай, хамрын хянга яс зүүн талдаа зөрүү багатай хугаралтай, баруун талын гайморын хөндийн дотор хананд d-1.4 см хэмжээтэй, +48НU нягтралтай ургацагтай, зүүн гайморын хөндийн дотор хананд d-0.5 см хэмжээтэй, +50НU нягтралтай ургацагтай, хамрын таславч муруйлттай гэсэн хариу гарсан.

Ингээд П.Уртнасан нь Төв аймгийн шүүх шинжилгээний албанд ирэхдээ мөн өөрийн нүд бүрэлзээд, нүдэнд хар юм гүйгээд байгаа тухай хэлэхэд шинжээч эмч би дүгнэлтээ байцаагч Л.Лхагвабаярт өгнө гээд аваад үлдсэн байдаг. Үүнээс хойш П.Уртнасан нь хөдөө мал дээрээ байсан ба нүд нь аргаж, нүдэнд нь тордог байсан хар юм томроод байсан гэх ба шүүхээс 2020 оны 10 дугаар сарын ... өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж шүүгчийн туслах утсаар ярьсан байдаг. Шүүх хурлыг яг хэдэнд гэдгийг нь утасны сүлжээ унаад сайн сонсож чадаагүй. Ингээд шүүх хуралдаандаа сууж чадаагүй гэж ярьдаг.

Үүний дараа нүд нь бүрэлзээд, нүдэн дээгүүр нь хар толбо гүйдэг нь томроод байхаар нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд баруун нүдний хагалгаанд ор гэсэн. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгт хэвтэж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхний хагалгаанд орсон. Ингэхдээ нүдэндээ газ шахуулсан ба үүнийг эрүүл мэндийн даатгалаас хямдруулж 700 000 төгрөг болсон. Энэ эмчилгээ нь 85 хувийн магадлалтай гэсэн боловч нүд нь сайжраагүй. Ингээд дахиад хагалгаанд орох шаардлагатай гэж 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болор суулгуулж, унжсан эд эс оёх, мөн тос шахуулах эмчилгээнүүдийг хийсэн ба П.Уртнасангаас 1 308 826 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогддог.

Мөн баримттай 150 000 төгрөгийн эм, тариа авч хэрэглэсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эмчлэгч эмчээр үзүүлэхэд хагалгаа хийлгэсэн нүдний эсрэг талын нүдний хараа муудаж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн. П.Уртнасан нь уг гэмтлийн улмаас баруун нүд нь муудаж 2 удаа хагалгаанд орж, эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирч байна. Мөн хагалгаа хийлгэсэн нүдний эсрэг талын нүд мөн хараа муудаж эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод байна.

Иймд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байхад энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, З.Бын үйлдлийн улмаас хохирогч П.Уртнасан нь эрүүл мэнд болон дээр дурьдсан эмчилгээний зардлаар хохирч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул З.Бт холбогдох хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт хийгдэх бүх ажиллагаа хийгдсэн. Шинжээчийн дүгнэлттэй хохирогч танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан саналдаа: Хохирогч 2 хүнд зодуулсан гэдэг талаар ажиллагаа хийгээгүй. Нүдний хараа нь гэмтлийн улмаас муудсан тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Уртнасан гаргасан тайлбартаа: Гэмтлийн улмаас нүдний хараа муудсан. Шөнө машин барьж чадахаа больсон гэв.  

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Бт холбогдох эрүүгийн 2034000000482 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Хохирогч П.Уртнасан нь “2020 оны 8 сарын 02-ны өдөр Баянчандмань сумын нутаг “Есөн зураагийн ам” гэх газар төв зам дээр байрлах Очироогийн дэлгүүрийн дэргэд сууж байхад нь үл таних хөгшин, залуу хоёр хүн бүлэглэн зодсон” гэх гомдлыг Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсэгт гаргасан байна /хх-ийн 03 хуудас/. Мөн 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Баянчандмань сум дахь цагдаагийн хэсгийн дарга цагдаагийн хошууч Ж.Батмөнх 2020 оны 8 сарын 09-ний өдөр иргэн П.Уртнасангаас Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Есөн зураа гэх газар үл таних хүмүүст зодуулсан гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг амаар гаргасныг 2020 оны 8 сарын 09-ний 19 цаг 24 минутад хүлээн авч тэмдэглэл үйлджээ /хх-ийн 01 хуудас/. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд хохирогч П.Уртнасангийн гаргасан гомдол, мэдээлэлд дурдагдсан “хоёр хүн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” эсэх асуудлыг шалгаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2020 оны 08 сарын 02-ны өдөр хохирогч П.Уртнасан нь бусдад зодуулж гэмтсэний улмаас баруун нүдэндээ хагалгаа хийлгэсэн эсэхийг тодруулах, хэрэв П.Уртнасангийн эрүүл мэндэд учирсан хохирол болон баруун нүдэнд хийлгэсэн хагалгаа нь шалтгаант холбоотой бол шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, З.Бт холбогдох эрүүгийн 2034000000482 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ