Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0636/З |
Дугаар | 128/ШШ2022/0267 |
Огноо | 2022-04-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Д******** /РД:**********/
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хооронд үүссэн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн А.Д******** нь тус шүүхэд хандан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч А.Д******** нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаартай тушаалаар[1] Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
2.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан.[2]
2.3. Уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч нь оролцож, иргэн Н.Ц*******той өрсөлдөн нийт 113 оноо авсан[3] тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай тогтоол[4] гаргаж А.Д********ыг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.
2.4. Дээрх 09 дугаартай тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сар гэх огноотой Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олноос ирүүлсэн гэх гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******ын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийсэн 01 дугаартай шалгалтын танилцуулгаар[5] нэхэмжлэгч А.Д********д холбогдох 5 зөрчлийг тогтоосон байх бөгөөд тус шалгалтын ажлын Санал хэсэгт[6] Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 29/******* дугаартай актаар тогтоосон 638 000 төгрөгийг А.Д********оор төлүүлэх, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байх тул МХЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн зохион байгуулсан шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөх, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх гэсэн саналыг гаргасан.
2.5. Мөн 09 дугаартай тогтоол гарахаас өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газраас 06/3183 тоот албан бичгийг[7] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад ирүүлсэн байх бөгөөд тус албан бичигт ... Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д******** нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд хуульчлагдсан хууль дээдлэх болон ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмуудыг тус тус зөрчсөн тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн.
2.6. Дээр дурдсан хяналт шалгалтын ажлын танилцуулга, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2021 оны 06/3183 тоот албан бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/74 дугаартай тушаалаар А.Д********д 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.[8]
2.7. Тус тушаалын 1 дэх заалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтыг зөрчин өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой гэрээ байгуулж, удаа дараагийн санхүүгийн гүйлгээ хийсэн болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дотоод хяналт, аудитын шалгалтаар тогтоогдсон тул ... гэсэн байна.
2.8. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/990 тоот албан бичгээр[9] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд Хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байх бөгөөд тус албан бичигт ... А.Д******** нь ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул томилох эрх бүхий этгээдийн хувиар түүнийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилохоос татгалзаж байна ... гэсэн.
2.9. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоол[10] гарч, тус тогтоолын 1 дэх заалтад Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дотоод хяналт, аудитын шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсонтой холбогдуулан А.Д********ыг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохоос татгалзсан томилох эрх бүхий албан тушаалтны саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй гэсэн.
2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 06/3183 тоот албан бичигт намайг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилж болохгүй гэж хэлээгүй, харин хариуцлага тооцож арга хэмжээний дүнг мэдэгдэнэ үү гэсэн, үүний дагуу надад албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, тус албан бичгийг үндэслэж надад арга хэмжээ авсан атлаа мөн тус бичгийг үндэслэн намайг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр бус, нотлогдоогүй зүйлүүдийг үндэслэн намайг томилохоос татгалзаж байгаа нь хууль бус ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.11. Хариуцагчийн зүгээс ... А.Д********ын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, үйлдлийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олноос гомдол мэдээлэл ирүүлсэн, түүний дагуу дотоод хяналт шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн, нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан, сахилгын шийтгэл хүлээсэн А.Д********ыг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд томилохгүй байгаагаар хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилуулахыг даалгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүднээс дараах тодруулга түүний үндэслэлийн үүднээс дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Нэхэмжлэгч А.Д******** Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 тоот тушаалаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг түр олон гүйцэтгэгчээр томилуулан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж тус сонгон шалгаруулалтын комиссыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 тоот тушаалаар баталж сонгон шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явагдсан. Тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч А.Д******** болон өөр нэг хүн болох Ц******* гэх хоёр хүн оролцсон. Шалгалтыг албан тушаалд хамаарах хууль зүй, эрх зүйн бусад шалгууруудаар авсан.
Энэхүү шалгалтад нэхэмжлэгч тэнцсэн бөгөөд хамт оролцсон Ц******* тэнцээгүй. Тэнцээгүй улмаас албан тушаалын ярилцлагын шалгалтад оролцоогүй. Харин нэхэмжлэгчийн шалгалтын нийлбэр дүнгээр 113 оноо авч тэнцсэн байгаа.
Тийм учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 09 тоот тогтоолоор Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд нэхэмжлэгч А.Д********ыг томилуулахаар нэр дэвшүүлж томилох эрх бүхий этгээдэд Төрийн албаны салбар зөвлөл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад санал болгосон байна. Тогтоолыг дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлөөс шүүхэд гаргасан албан бичиг буюу 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот албан бичгээр Архангай аймгийн мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд томилуулахаар Тухай үеийн Мэргэжлийн хяналтыг газрын даргад хандсан.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01990 тоот албан тоом бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нэхэмжлэгчийн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилоход татгалзсан хариу өгсөн. Тус хариу бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөл хуралдаад 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн албан тоот тогтоолоор нэхэмжлэгч Д*******ыг Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулах төрийн албаны шалгалтыг дахин зарласан үйл явдал болдог. Төрийн албаны тухай хуулийн 77.2 дахь хэсэгт зааснаар дээд шатны байгууллагад гомдол гаргана гэж заасны дагуу төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан 2021оны 07 дугаар сарын 08-ны өдөр маргаан шийдвэрлэх тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Үүний дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01990 албан бичиг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолд гаргахдаа хууль тогтоомжийг буруу тайлбарлаж Архангай Мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд нэр дэвшигч нэхэмжлэгч Д*******ын эрх зүйн байдлыг ихэд дордуулж буй хууль бус шийдвэр гаргасан томилохоос татгалзсан гэж үзэж байна.
Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлийн 10 тогтоолын тогтоох хэсэг бол Авлигатай тэмцэх газрын Мэргэжлийн хяналтын дотоод аудитын хяналт шалгалт, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хууль заасныг биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэдэг. Авлигатай тэмцэх газраас Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д*******ыг ажил үүрэг холбогдох бичиг баримтуудыг Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын албан үүрэгт хамт өрсөлдсөн этгээдийн хүсэлт гомдлоор шалгасан өөрөөр хэлбэл Ц*******ийн гомдлоор шалгасан. Шалгалтаар гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байгаа. Энэ бас шүүхийн явуулсан ажиллагааны дагуу хавтаст хэрэгт энэ хэрэг бүртгэлтийг хаасан тогтоол буюу 2021 оны 04 дүгээр сарын 8-ний өдрийн 59 тоот тогтоолоор татгалзахаас өмнө хэрэг бүртгэлтийн хэргийг хаах Прокурорын тогтоол гарчихсан.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийдвэрлэх шийдвэрлэх тогтоол гараагүй тохиолдол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасныг зөрчиж гэм буруутай мэтээр ойлгож Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл Архангай аймгийн мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд нэр дэвшигч Д*******ыг гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож албан тушаалаас татгалзаж байгаа нь нийцэхгүй байна.
Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/3183 тоот албан бичгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг. Тус албан бичгээр Архангай аймгийн мэргэжлийн хяналтын албан тушаалд томилж болохгүй гэж хэлээгүй. Харин хариуцлага тооцож арга хэмжээний дүнг мэдэгдэнэ үү гэсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 тоот тушаалаар албан тушаалын цалинг 1 сарын хэмжээгээр 30% бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан байгаа.
Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн энэ албан бичгийг үндэслэж мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Б/78 дугаар тушаалаар цалингийн хэмжээг буулгах арга хэмжээ авсан атлаа мөн тус албан бичгийг үндэслээд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01990 тоот албан бичгээр Архангай аймгийн мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд томилохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.
Нийтийн албанд болон нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг томилуулах эрх бүхий байгууллага албан тушаалтад хүлээн авч Авлигатай тэмцэх газар хүргүүлнэ гэж хуульчилсан байгаа.
Гэтэл мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр тогтоолоор 11 дүгээр албан бичгийн дагуу энд Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын албан тушаалд томилохоор ирүүлсэн А.Д******** мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн материалыг хүргүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл хуулийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга зөрчиж авлигатай тэмцэх газарт хүргүүлээгүй. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхол үүсэж байгаа талаар ерөөсөө дүгнэлт гараагүй байхад томилохоос татгалзаж байгаа нь илт хууль бус байна гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалд заасан томилуулах журам сонгон шалгаруулалтын дагуу шатлан дэвших зарчмаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн байдаг. Гэтэл Хариуцагчийн зүгээс энэ Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж хуульд заасан үндэслэлээр бус нотлогдоогүй зүйлийг үндэслэн томилохоос татгалзаж хариу өгч байгаа нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн нам эвслээс ангид байх Монгол улсын иргэн төрийн албан дахь адил тэгш боломжоор хангагдах төрийн жинхэнэ албан тушаалд чадахуйн зарчмыг баримтлах гэх энэ зарчмуудыг хариуцагчийн хувьд ноцтойгоор зөрчсөн. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
... Ийм зөрчил дээр төрийн албанд томилохоос татгалздаг тохиолдол ер нь байдаггүй. Ялангуяа төлөөлөгч хариуцагчийг төлөөлж байгаа хүний хувьд үүнийг сайн мэдэж байгаа гэж бодож байна. Улс төрийн оролцоотой томилохгүй байгаа асуудал байгаа. Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүн өмнө нь цуг өрсөлдсөн Ц******* гэдэг хүн өмнө Архангай аймгийн мэргэжлийн хяналтын даргаар маш олон жил ажилласан хүн. Энэ хүнийг томилуулахаар гишүүд нь хүчээр дайрч. Тэр хүний зохиолоор энэ нотлогдохгүй шалгасан төдий болгож өнгөрсөн ийм л зохиол бичиж өнөөдөр жирийн нэг төрийн албан хаагчийг албан тушаал хашихад хэлмэгдүүлж байгаа. Энэ зүйлийг манай Монгол улсын шүүх засах ёстой гэж харж байна. Нэхэмжлэгчийг томилохоос татгалзах шалгаан болсон үйлдлүүд үнэхээр бодитой зөрчил гарсан эсэх түүнийг хуульд заасны дагуу шалгасан гэдэг нь эргэлзээтэй болох нь шүүхийн явуулсан нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад шүүхэд ирсэн нотлох баримтуудыг харахад надад тийм итгэл үнэмшил төрсөн. Эдгээр шалгалтын арга хэмжээ нь томилоход хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч татгалзлаа нотлох үүднээс саяны гаргаж байгаа тайлбартай холбогдуулаад дараах тайлбарыг гаргаж байна.
Ээлжийн амралтыг бодож олгохтой нэмэгдлүүдийг цалинг үндэслэн олгосон нь аудитын актаар тогтоогдсон өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн. Энэ хүн хавтаст хэрэгт авагдсан Архангай мэргэжлийн хяналтын газрын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтоор нягтлан бодогчийн ажил. Нягтлан бодогч ээлжийн амралтын цалинг бодохдоо хэдээр бодох яаж олох гэдэг энэ асуудал нь нягтлан бодогчийн ажил албан тушаалын үүрэг. Шүүхээс цуглуулсан нягтлан бодогчийн ажил албаны тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Гэтэл нягтлан бодогчийн алдаатай үйлдлээс болоод илүү цалин авсан гэх аудит тогтоосныг энэ ерөөсөө А.Д********ын буруу байна. Ингэж дүгнэж байгаа нь өөрөө энийгээ ажилд томилохгүй байх үндэслэл болж татгалзлаа тайлбарлаад байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ бол шууд А.Д********д хамааралтай үйлдэл биш. Энэ бол нягтлан бодогчийн үүрэг. А.Д******** өөрөө өөрийнхөө цалинг боддоггүй.
Өөрийн хамаарал бүхий этгээдээр компанитай гэрээ байгуулж гэрээний төлбөрийг шилжүүлсэн гэдэг ийм юм яриад байгаа. Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар бүх төрийн албаны гадна хаягийг монгол бичгээр хийлгэ. Энэ биелэлтийг хангуулж ажиллаад Ковид-19 цар тахлын улмаас тухай аймагт хийх ганцхан байгууллага байсан. 2 сая 500 мянган төгрөгийн гэрээ байгуулсан байна. Үүний дагуу хэрэгт авагдсан материалаар ашиг сонирхол нь үүссэн гэдгээ ашиг сонирхлын мэдээг Мэргэжлийн хяналтын газар мэдэгдсэн. Энэ дээр зөвхөн хугацаа хожимдуулсан. Энийг хяналт шалгалтын тайлбарт биччихсэн байгаа. Хугацаа хожим туулсан нь зөрчил байна гэж үзээд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болохгүй гэж үзсэн тул гэрээг цуцалж төлбөрийн буцаан шилжүүлсэн бөгөөд үр дагавар нь арилсан. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинж чанаргүй байна гэж үзээд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 59 тоот хэрэг бүртгэлтийг хаах тогтоолоор шийдчихсэн.
Худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөмж гараагүй байхад гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. Үнэхээр ийм асуудал болсон уу гэдэг дээр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж үй ажиллагаа явуулсан. Зөвлөмж гараагүй байхад шинэ Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлын үед ашиглагдах хамгаалагдах хамгаалах хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис худалдан авах гэрээний төлбөрийг урьдчилан шилжүүлсэн нь томилохоос татгалзах үндэслэл.
Гэтэл Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/29 тоот тушаалаар энэ шинэ коронавирусын үед ажилчдын халдвараас хамгаалах бэлэн байдал хөдөлмөр хамгааллын хэрэгсэл авах ариутгалын бодис тэдгээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааны чиг үүрэг бүхий ажиллагааны хэсгийг байгуулсан байдаг. Энэ ажлын хэсгээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/354 тоот эм ханган нийлүүлэх байгууллагуудаар судалгаа авсан байгаа. Ингээд ажлын хэсэг нь хуралдсан байгаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаад судалгаа гаргаад газрын даргад танилцуулъя, энэ танилцуулгадаа 10 дугаар сарын 28 өдрөөр танилцуулахад 34 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах санал гараад батлагдсан төлөв нь 12 сая төгрөгтөө багтааж авъя гэдэг.
Ингээд энэ чиглэлийн дагуу дахиж 12 сая төгрөгтөө багтааж 2020 оны ажлын хэсгийн гурав дахь хурал болж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаад 12 сая төгрөгтөө худалдан авахаар шийдвэрлээд газрын даргадаа бараа үйлчилгээ авах гэрээ байгуулах зөвлөмжийг 2020оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн байна. Энэ зөвлөмж болон хуралдааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байна. Энийг нотлохоор 2 гэрчийг асуусан байна. Гэрчүүдийн тайлбараас дурдвал 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газрын даргад зөвлөмж өгсөн юм уу? 2020 оны 11 дүгээр сарын 05 өдөр өгсөн юм уу гэж асууж байгаа нь бид 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн.
Харин бичиг хэргийн ажилтан 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нь алдаа болж байна. Энэ талаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалт явуулах даа асууж тодруулсан зүйл, үйл баримт байна уу? Гэвэл байхгүй энд хяналт шалгалтын арга хэмжээ явагдаагүй. Үнэн бодит зүйлийг манай мэргэжлийн хяналтын газрын дарга тухайн үед хяналт шалгалтын улмаас зөрчил илэрсэн байна гэх үйл баримт байхгүй байж энэ зөрчлөөр томилохоос татгалзаж байгаа нь ор үндэслэлгүй зүйл. Томилохоос татгалзсан нь Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох иргэдийн гомдол Авлигатай тэмцэх газрын бичиг Архангай аймгийн цагдаагийн газрын шалгалтын арга хэмжээ гэж байгаа гэдэг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгасан гэхдээ эдний байгууллага шалгасан. Энэ шалгасан гомдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Гантулга танаа гомдол гаргах нь гэж байгаа. Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хэн гэх хүмүүс гомдол гаргасан нь ерөөсөө энэ дээр байхгүй. Иргэдээс төрийн байгууллагад өргөдөл гаргах тухай хуулийн 10 дугаар зүйл хангагдахгүй байна.
Ийм шаардлага хангаагүй гомдлыг хүлээж аваад 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот шалгалтын танилцуулаг гаргасан энийг хавтаст хэрэгт өгчихсөн. Энэ шалгалтын танилцуулаг нь томилохоос татгалзах үндэслэл болоод байна. Хуулийн шаардлага хангахгүй өргөдлийг хүлээж авч шалгалт явуулсан баримт шүүхээс цуглуулсан үйл баримтаар нотлогдохгүй байна. Зөвлөмж нь 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан гэж хэлэхэд 11 дүгээр сарын 14-ний гэрээ байгуулснаас хойш хийсэн байна гэж үзээд байна. Тэгээд энэ талаар шалгалт явуулахдаа асууж тодруулсан зүйл байна уу гэхэд асуусан хүн байдаггүй. Энэ шалгалт нь бодитой шалгалт болсон уу гэвэл өрөөсгөл байна. Энэ зохион байгуулалттай нэхэмжлэгчийн томилохоос татгалзах эс үйлдэхүй юм. Манай төрийн алба мэргэшсэн байх, тогтвортой байх, шударга байх зарчим нь хаана байна. Одоо Ц******* гэдэг хүн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа алтны компаниас авлигал авч байсан хэргээр шүүхэд шийдүүлж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.3 арга хэмжээ ав гэсэн. Арга хэмжээ нь албан тушаалаас нь халах, эсвэл цалингийн бууруулах байсан. Бидний зүгээс хамгийн багаар нь авсан гэх хариуг өгдөг. Арга хэмжээ авчихлаа гээд А.Д********ыг томилохоос татгалзана гэдэг хариу хаана байна. Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль саяны үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэдэг нь Төсвийн тухай хуулийн цалинг ярьж байна. Тэр асуудал хяналт шалгалтаар тогтоогдоогүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар энэ буруу байна гээд нэхэмжлэгч Гантулга даргад нь гомдол гаргасан байна. Энийг хэн ч тоож авч хэлэлцээгүй ямар сайндаа заавал шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байна. Хуулийн заалтаар Д*******ыг томилж болохгүй гэдэг заалт хаана байна. Д******* гэдэг хүнийг томилж болохгүй гэдэг заалт хаанаас тогтоогдчихсон юм. Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна.
Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ Д*******ын нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох хэргийн үйл баримт нөхцөл баримт бол хангалттай хэлэлцүүлэгдэж үйл баримт тодорхой боллоо гэж үзэж байна. Энэ А.Д******** гэдэг хүн Архангай аймгийн мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд томилогдохоор сонгон шалгаруулалтад оролцсон этгээд мөн үү гэвэл мөн байгаа. Талууд энэ тал дээр маргахгүй байх. Энэ сонгон шалгаруулалтад тэнцсэн үү гэвэл сонгон шалгарсан байна. Энэ тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс мэргэжлийн хяналтын газрын даргад томилох эрхгүй хүсэлт хүргүүлсэн байгаа. Эдгээр үйл баримтуудаар нотлогдож байна.
Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хариуцагчтай этгээд маань энэ хавтаст хэрэгт авагдсан томилохоос татгалзах үндэслэл болоод байгаа хэд хэдэн үндэслэлүүдийг бариад татгалзаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27.3-т заасныг хангахгүй байна гэж үзэж байна. Нэг удаа татгалзаж болно гэж байна. Хариуцагч хэлж байна манай даргын дотоод итгэл үнэмшлээр нэг удаадаа татгалзаж болно гэж үзэж байна гэж. Миний ойлгож, миний судалсан зүйлээр хуулийг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ тайлбарлах эсвэл хуульд зааснаар тайлбарлах ганцхан субьект байгаа энэ бол шүүх.
Харин энэ хууль сахиулагч маань эрх бүхий албан тушаалтан нь үгүй ээ энэ томилж болохгүй гэдэг хууль дээр байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Хариуцагч талаас яг хуульд зааснаар татгалзах үндэслэл байхгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 07 дугаар сараас авхуулаад 2022 оны 04 дүгээр сар хүртэл ямар нэгэн зөрчил гаргаагүй. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтад гомдол гаргах тухай хуулийг 10 дугаар зүйлийг баримталж өргөдөл гомдлыг шалгаагүй төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Үнэхээр хамт олон өргөдөл гомдол гаргасан уу гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт байна. Яагаад гэхээр хэн өргөдөл гомдол гаргасан гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна. Гомдол доторх үйл баримтыг шалгасан уу гэвэл учир дутагдалтай. Тэр зөвлөмжтэй холбоотой асуудал нь ууг нь бол 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн шүү гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотолж байна. Хууль бус эс үйлдэхүйгээр томилохоос татгалзаад байгааг нотолж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч А.Д******** 2020 оны 7 дугаар сард томилогдож ажиллаж байгаа. Үндсэн албан тушаал нь Архангай аймгийн мэргэжлийн хяналтын захиргаа Нийслэлийн удирдлагын газрын албанд ажилладаг. Сонгон шалгаруулалтын хувьд төрийн албаны сорил зохих журмын дагуу явагдаж хоёр этгээд оролцож А.Д******** шалгарсан байдаг. Шалгарсны дараа Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д*******ын ашиг сонирхлын зөрчилтэй холбогдуулаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт болон Авлигатай тэмцэх газар, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын хамт олноос гэсэн гомдол зэрэг ирсэн байдаг. Энэний дагуу тодорхой шалгалтуудыг хийсэн байдаг. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дотоод аудит хийгдсэн хяналт шалгалтаар даргыг түр орлон гүйцэтгэгч маань ээлжийн амралт идлэх гэдэг үндэслэлээр төрийн албаны тухай хуульд заасан 2.5 хувийн урамшуулал авахдаа илүү авсан байдаг. Энэ нь өөрөө аймгийн аудитын тогтоолд байна. Өөрөө энийгээ хүлээн зөвшөөрөөд 2021 оны 9 дүгээр сард буцаан төлсөн байдаг. Дараагийн нэг зөрчил нь өөрийн нөхөр болох Ганболдын эзэмшлийн компаниар байгууллагынхаа гадна хаягийг хийлгүүлэхээр 2 сая 500 мянгыг шилжүүлсэн байдаг.
Мөн өөрийн нөхрийн компанитай гэрээ байгуулаад Ковид-19 цар тахлын зар сурталчилгаа хийлгэхээр 457500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ковид-19-тэй холбоотой тендерийн худалдан авах ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд сонгон шалгаруулалт үнэлгээний комисс буюу ажлын хэсгээс хуульд заасан зөвлөмж гараагүй байхад. Холбогдох компаниудтай худалдан худалдан авах гэрээ хийсэн байдаг. Ийм олон зөрчлүүдийг гаргасан байдаг. Тэгэхлээр эдгээр маань өөрөө хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Мэргэжлийн хяналтын дотоод аудитаар тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг ямар асуудлаар үүссэн гэхээр өөрийн нөхрийн хамаарал бүхий компанитай гэрээ байгуулаад байгууллагын хаяг хийх 2 сая 500 мянган төгрөг шилжүүлээд буцаагаад өгсөн байдаг. Дараагийн асуудал нь тэр сурталчилгааны асуудал. Энэ дээр эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж явж байгаад эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэдгээрээ хэрэгсэхгүй болсон боловч энэ үйлдэл өөрөө нийтийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Энэний дагуу авлигатай тэмцэх газраас манай байгууллага руу зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хариуцлага тооц гэх албан бичиг ирсэн. Нэхэмжлэгч А.Д********д хууль зүйн үр дагаврын дагуу хариуцлага тооц гэх захиргааны акт гарсан. Энэ захиргааны актын дагуу манай байгууллагаас хариуцлага тооцсон. Үндэсний монгол бичгээр бичсэн гадна хаяг нь бусад газраас 8-аас 14 дахин өндөр байна. Өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулах тохиолдолд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэх хуудас өгөх ёстой байсан тэр үүргийг биелүүлээгүй. 2021 оны 03 дугаар сарын 19-ний 06/3183 гэсэн албан бичиг дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Энэ хуулийн хүчин төгөлдөр акт. Ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан. Энэ асуудал нь өөрөө зөрчсөн зөрчил дээр ямар хариуцлага хүлээлгэх вэ гэхээр. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын урьдчилан сэргийлэх хуульд 29.2.2, 29.2.4-т заасны дагуу цалингийн хэмжээ гурван сар хүртэлх хэмжээгээр 30 хувиар бууруулах эсвэл нийтийн албанаас халх сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүхий байсан. Ийм хоёр шийтгэлийн аль нэгийг оногдуулах ёстой байсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг ярилцаад шууд ажлаас халх нь эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн үүднээс нэг сарын цалинг 30 хувиар торгох шийтгэл оногдуулсан.
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол төрийн албанаас халагдах нөхцөл байдал үүснэ. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг төрийн албанд томилохгүй гэх зохицуулалт байхгүй. Тэнд ажиллаж байгаа албан тушаалаас нь шууд хална. Төрийн албаны тухай хуулийн 46.1, 46.1.2-т зааснаар гэм буруутай нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон хүнийг төрийн албанаас шууд хална. Зөвлөмж гарахаас өмнө тодорхой компаниудтай гэрээ байгуулсан. Төрийн албаны төрийн болон орон нутгийн өмчийн худалдан авах тухай хуулийг зөрчсөн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга энэ нөхцөл байдлыг үнэлээд төрийн албаны тухай хуульд заасны дагуу татгалзах саналаа салбар зөвлөлд өгсөн байдаг. Салбар зөвлөл хүлээж аваад хуулийн үндэслэлтэй байна гэх хариуг өгсөн байдаг. Нэхэмжлэгч А.Д******** нь томилохгүй байгаа талаар төрийн албаны зөвлөл гомдол гаргасан төрийн албаны зүгээс хариуцагчийн хуульд заасан үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч А.Д********ыг төрийн албанд томилохоос татгалзаж шийдвэрлэсэн нь бол хуульд үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Тэр асуудлыг ганц дотоод аудит шалгаж тогтоогоогүй. Авлигатай тэмцэх газар шалгаад тогтоочхож байгаа. Хамаарал бүхий этгээдтэйгээ мэдсээр байж гэрээ байгуулсан. Төрийн албан хаагч аливаа хууль тогтоомжийг мэдээгүй нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Ярьж байгаа асуудал нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал. Тэр өмнөх даргатай маргаж байгаа улс төрийн асуудлыг мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээд л асуудал яригдаж байна. Хуульд заасан үндэслэлтэй гээд төрийн албаны тухай хуулийн 27 дээр тодорхой заасан хуульд заасан үндэслэлээр татгалзаж болно. Тэрийг мэдээж салбар хуулиудаар тодорхой заах боломжгүй. Ямар хуулиудыг зөрчөөд хэн хэн хаана юу хийгээд явааг мэдэхгүй.
Тухайн томилох бүхий эрх бүхий албан тушаалтан тэр боломжийн олгох хүрээнд аливаа хуульд заасан үндэслэлтэй. Алба хаагчийн ёс зүйн асуудал нь гол том зөрчил. Уг нь Авлигатай тэмцэх газрын асуудлаар энэ бичгийн асуудлаар гомдол санал гаргаж байгаагүй. Гол нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдэгдлээ өгөөгүй 4 удаа өгөх ёстой ганцхан удаа өгсөн. Уг нь 4 удаа өгөх ёстой байсан ч ганцхан удаа өгсөн өгөхдөө хугацаа хожимдуулж өгсөн.
Авлигатай тэмцэх газраас энэ хүндээ хариуцлага тооц тэр дагуу хариуцлага тооцсон Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийн хэрэгжилт дээр хэн хяналт тавих вэ гэхээр Авлигатай тэмцэх газар хяналт тавьдаг. Зөвлөмжийн асуудал яригдаж байна. Ажлын хэсэг томилсон А/29 дүгээр тушаал 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б*******, Г*******, С*******, 90 дугаар хурал дараад нь 2 дугаар хурал, 3 дугаар хурал, 2,3 дугаар хурал дээр иргэн А.Д******** яагаад ороод ирчихсэн юм бэ. Ажлын хэсэг чинь хараат бусаар явуулах хүрээд байгуулдаг комисс. Тэр комисс чинь бие даасан сонгон шалгаруулалтыг хийгээд эцсийн дүгнэлтэй гаргаад даргадаа аваачиж өгдөг. Хурлын тэмдэглэлээ өгөхдөө зөвлөмжөө өгсөн байгаа хавтаст хэрэг дотор чинь зөвлөмж нь гэрээ байгуулах ажиллах тухай 2020 оны 11 дүгээр сарын 14-ний 01/3775 дугаар зөвлөмж нь байна. Зөвлөмж өөрөө бүрдэл хэсэг байх уу эсэхийг тодорхой заагаад өгчихсөн. Худалдан авах ажиллагааны хуулиар дүгнэлт гаргах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Захиалагч энэ шийдвэрийг өөрчлөх эрхгүй.
Худалдан авах ажиллагааг хараат бусаар шийдвэрээ гаргаад дүгнэлтээрээ гаргаад хулийн үндэслэлтэй зөвлөмжөө гаргаад тэгээд захиалагчдаа аваачиж өгөх ёстой. Үнэлгээний хороо зохион байгуулах үйл ажиллагааны урамшуулах зохицуулах сангийн сайдын үнэлгээний хорооны гишүүн шийдвэр гаргахдаа өөрийн саналыг гаргаж өгч оролцоно. Худалдан авах ажиллагааны тайлагнах журамд архивын материалд өгөв тендерийн нээлттэй тэмдэглэл гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гэж байгаа. Хурлын тэмдэглэл дээр юу гэж байгаа вэ гэхээр. Ууг нь хараат бусаар хуралдаад дүгнэлтээ гаргаад тэмдэглэлээ гаргаад хуулийн дагуу зөвлөмжөө хүргээд захиалагчдаа гаргаж өгөх ёстой. Гуравдугаар хурал нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаад зөвлөмжөө өгсөн юм бол энэ зөвлөмжийн дугаар тэр өдрийнхөө дугаартай байх ёстой. Жижиг засвар оруулсан бол тэр өдрийнхөө огноотой өгөх боломж байсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 14-ний огноотой хүргүүлсэн. Энэ талаар нотлох баримтад авагдчихсан байгаа. Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын нягтлан чинь ерөнхий газар дээр нягтлангаар ажиллаж байгаа. Хариуцлагын асуудал нь төрийн албанаас халах, сарын цалингийн гучин хувиар бууруулах асуудлыг шийдсэн. Төрийн албаны удирдах албанд ажиллаж байгаа хүн 5 сар ажиллах хугацаандаа ийм зөрчил үйлдчихээд томилуулахаар заргалдаад байгааг би ойлгохгүй байна. Харин ч удирдах хүн гэдэг чинь манлайлагч байх ёстой.
... Төрийн албаны удирдах албан тушаалтны хувьд төсвийн шууд зарцуулагчийн хувьд хууль тогтоомжийг чанд мөрдөх хууль тогтоомжийн дагуу аливаа үйл ажиллагааг явуулах үүргийг хүлээдэг. Төрийн албаны тухай хуулийн 27.3 дээр заасан үндэслэлээр татгалзсан. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 01/990 дугаар албан бичиг дээр тодорхой бичсэн. Ингээд А.Д******** даргын ажлын түр орлон гүйцэтгэх 5 сарын хугацаанд нийтийн албан нийтийн алба, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг урьдчилсан сэргийлэх, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, төрийн болон орон нутгийн ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул энэ үндэслэлээр томилохоос татгалзаж байна. Энэ тайлбараа бичгээр хүртэл гаргаж өгсөн байдаг. Аливаа хуулийг мэдээгүй ч гэдэг юм уу агуулгаар хууль зөрчиж байна. Зөрчлийн хохирол биет болохыг заавал материаллаг хохирлыг заадаггүй. Манай зүгээс хариу тайлбараа дэмжиж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... хууль дээдлэх ... зарчмыг баримтална: гэжээ.
2. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. гэж заажээ.
3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд мөн зүйлийн 4.2.1 дэх заалтад хуульд үндэслэх; гэжээ.
4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс авч үзвэл төрийн албаны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны байх зарчимд нийцэх буюу хууль дээдлэх болон хуульд үндэслэх зарчмуудын үндсэн дээр явагдах учиртай бөгөөд аливаа шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвхөн хуульд заасан үндэслэлээр холбогдох шийдвэрийг гаргахыг зөвшөөрнө.
5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн ... төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй ... гэсний хуульд заасан үндэслэлээр гэх хуулийн хэм хэмжээний урьдчилсан нөхцөл нь дээр дурдсан хуульд үндэслэх зарчим-ын агуулгаас шууд эх үүсвэртэй гэж үзнэ.
6. Тиймээс ... хуульд заасан үндэслэлээр ... гэдэгт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг тухайн удирдах албан тушаалд томилохоос татгалзах талаар тодорхой хуульд тусгайлан заасан эрх зүйн үндэслэлүүдийг ойлгоно.
7. Эрх зүйн хэм хэмжээ тайлбарлах системчилсэн тайлбарын үүднээс авч үзвэл төрийн албаны тодорхой албан тушаалд нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэлийг тусгайлан заан журамласан эрх зүйн хэм хэмжээнүүд үйлчилж байна.
8. Заримаас дурдвал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 50 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнийг дараахь тохиолдолд ... албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болно: гээд мөн зүйлийн 3.3.1 дэх заалтад төрийн тусгай хамгаалалтын байгууллага болон бусад төрийн байгууллагуудаас Төрийн албаны тухай хуулийн 47.1-д заасны дагуу халагдсан, мөн хуулийн 48.1.3, 48.1.4-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд мөн хуулийн 48.6-д заасан хугацаа дуусаагүй бол; гэж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа иргэнд туршилтын хугацаа хэрэглэх талаар эрх бүхий албан тушаалтан урьдчилан мэдэгдэж зөвшөөрлийг бичгээр авна. Туршилтын хугацаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй нь иргэнийг төрийн албанд томилохоос татгалзах үндэслэл болно. гэх зэргээр төрийн алба, түүний тодорхой албан тушаалд томилохоос татгалзах үндэслэлийг тухайлан заажээ.
9. Дээрх эрх зүйн хэм хэмжээний системчлэлийн нэгэн адилаар эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг тухайн удирдах албан тушаалд томилохоос татгалзах тохиолдолд тийнхүү томилохоос татгалзах эрх зүйн үндэслэлийг тодорхой заах, тогтоох шаардлага тавигдана.
10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбараас, тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/990 тоот албан бичгээс үзвэл ... А.Д******** нь ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул ... гэснийг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэл гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
11. Учир нь, нэхэмжлэгч А.Д********д холбогдох дээр дурдсан зарим хуулийн зөрчилд нь, тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/74 дугаартай тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл-д хамаарахгүй, харин сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон байна.
12. Түүнчлэн нэхэмжлэгч А.Д********д холбогдох бусад зөрчил болох, тодруулбал, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх зөрчлүүд нь мөн дээрхийн адил Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл-д хамаарахгүй, харин Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохоор байна.
13. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн тайлбарласан ... А.Д******** нь ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... гэх үндэслэлүүд нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохоос бус, нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл болохооргүй байна гэж шүүх үзлээ.
14. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хандан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй гаргасан уу, татгалзсан шийдвэр гаргасан уу гэдгийг тодруулахад эс үйлдэхүй гэж үзэж байгаа тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан, хариуцагчийн зүгээс үүнтэй маргаагүй, нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу нэхэмжлэлийн шаардлагын зорилго нь төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээд болохынхоо хувьд албан тушаалд томилуулахыг даалгуулах эрх зүйн үр дагаварт чиглэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
15. Харин нэхэмжлэгч А.Д********д холбогдох Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх зөрчлүүд нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа эсэхийг нягтлах, сахилгын шийтгэл оногдуулах эсэх шийдвэр гаргах эрх хэмжээ нь хариуцагчид байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
16. Иймд хариуцагч нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл-ийг тодорхой заагаагүй байгаа нь хуульд нийцэхгүй байх тул эл үндэслэлээр нэхэмжлэгчийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
17. Нэгэнт дээр дурдсаны дагуу хариуцагчийн дурдсан зөрчлүүд нь нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл болохооргүй байх тул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын зүгээс маргасан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 01/377 тоот Гэрээ байгуулж ажиллах тухай зөвлөмж[11] нь 2020 оны 11 дүгээр сарын 05-нд гарсан уу, эсвэл 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан уу гэдэг нь ач холбогдолтой үйл баримт биш байна гэж үзэн энэ талаар гэрчүүдээс авсан мэдүүлгийг[12] шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ