Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 517

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00137 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б, Б.У нарын хариуцагч Б.П-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 615 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-ЫН итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Б.У итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлийн 20-88 УБЭ улсын дугаартай автомашинтайгаа явж байтал Б.П-ийн ирж мөргөсөн. Тухайн үед хамт явж байсан эхнэр Б.Ундрах, хүү Б.А , охин Б.А нарт тархины доргилт үүсч, хөнгөн гэмтэл авсан. Хариуцагч нь замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заагдсан заалтыг зөрчсөн болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцагчийг 100 000 төгрөгөөр торгосон. Б.П-ийн Жолоочийн даатгалын тухай хуулийн 4.1.1, 5.1-д заасныг зөрчсөн тул өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдийн даатгуулсан байгууллагаас гаргуулах боломжгүй болсон. Анх гэм хорын хохиролд нийт 2 894 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Б.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон. Автомашинд учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК-ийн тогтоосон үнэлгээ болох 1 575 000 төгрөг, үнэлгээний төлбөр 70 000 төгрөг, дээрх үйл явдлаас болж Баянчандманы Цагдаагийн газар болон Төв аймгийн шүүх рүү явахад бензин хийсэн 70 000 төгрөг, нотариатын зардалд 32 800 төгрөг, 20 хоног таксинд яваагүй тул олох байсан орлогод өдрийн 40 000 төгрөгөөр тооцож 800 000 төгрөг, 3 удаа бариачаар толгой бариулсан 15 000 төгрөг, авто ослоос шалтгаалж Голомт банкинд 780 000 төгрөгийн зээлийг С.Энхтуяагийн тэтгэврийн зээлийг 5 сараар авч төлсөн тул нийт 3 342 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.У нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У тухайн үед жирэмсэн байсан тул урагт тонус өгч, доошилж умайн дотор амсарт тулж зулбах байдалд хүрсэн. Энэ ослоос хойш байнгын хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээ, эм тариа хэрэглэж байна. Бариачаар толгой бариулсан зардал 45 000 төгрөг, магни В-6 эм худалдан авсан зардалд 17 100 төгрөг, тонус бууруулагч лаа 30 000 төгрөг, Б.А ыг томографт харуулсан төлбөр 120 000 төгрөг, Б.Ундрахын Армино эмнэлгийн эхо шинжилгээний төлбөр 45 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 16 000 төгрөг, нийт 273 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд хариу гаргасан тайлбартаа: Осол гарсан талаар маргахгүй. Л.Б нийт 3 342 800 төгрөгийг нэхэмжилсэн. Автомашинд учирсан хохирлыг “ А.Б ” ХХК, мөн шүүхээс томилогдсон шинжээчид зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, Вьетнам засварын үнэлгээгээр үнэлсэн байна. Гадуур дээрх гэмтлийг 500 000 төгрөгөөр засварлах боломжтой. Тухайлбал автомашины яндан хаанаа хэрхэн хугарсан нь тодорхойгүй, хойд цуурсан гэрэл нь 80 000 төгрөг байхад үнийг 160 000 төгрөгөөр үнэлсэн. Хойд хаалга болон буфер бол засварлахад болох тул шинээр солих шаардлагагүй. Мөн дотор талын гэмтлийн талаарх зургийг уг машины эвдрэл гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн автомашины засварт шаардсан 1 575 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч Л.Б-т 500 000 төгрөг, Б.Ундрахад шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 16 000 төгрөг, Иймд нийт 516 000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдсон бөгөөд зардал 50 000 төгрөг төлсөн. Гэтэл шинжээч дүгнэлтээ шүүх рүү явуулахдаа 100 000 төгрөг гэснийг мэдэхгүй байна гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 1 698 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 16 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 901 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 262 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 23 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 42 384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас 50 000 төгрөгийг гаргуулж “Гэрэгэ эстимэйт” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Б нь Б сумын замын цагдаа ахмад н.Үнэнбаяртай үгсэн хувилдаж түүний хэлсэн “А-Б” ХХК-аар талыг барьж буюу миний хяналтаас гадуур явагдаж, зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлсэн. Надад хамааралгүй гэмтсэн буфер, хугарч гэмтээгүй яндан, лонжром, крыло зэргийг хэт өндрөөр үнэлж, арын багажны хаалгыг засварлах боломжтой байхад заавал солих ёстой гэжээ. Арын багажны хэсэг нь мөн эсэх нь эргэлзээтэй. Автомашинд засвар хийсэн байдалд нь үзлэг хийлгэх болон засвар хийсэн газраар ямар эд ангийг хэрхэн зассан талаар үнийн задаргаа гаргуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч татгалзаж автомашинаа үзүүлэхгүй гэсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа “автомашинаа зарчихсан” гэж хэлж байсан. Засвар хийлгэсэн засварын газрын зөвшөөрөл, гэрчилгээ, нэр хаяг байхгүй, засвар хийсэн төлбөрийн баримт болон худалдаж авсан эд ангийн төлбөрийн баримт нь И-баримт буюу НӨАТ байх ёстой байтал гараар бичсэн шаардлага хангахгүй баримтыг үндэслэж засварын үнийг 1 698 600 төгрөгөөр гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн худалдаж авсан гэх Приус-20 маркийн машины хойд багаажны хаалга нэг ширхэгийн зах зээлийн үнэ нь 100 000 төгрөг байхад 220 000 төгрөг, хойд гэрэл 80 000-90 000 төгрөг байхад 170 000 төгрөгөөр авсан гэж зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлж бичүүлсэн. “Гэрэгэ-Эстимэт” ХХК-иар дахин үнэлгээ хийлгэхэд үзлэг оношилгоо хийхгүй “А-Б” ХХК-ийн үнэлгээг хуулж өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад машинд үзлэг хийлгүй үнэлгээ хийсэн гэж асуухад “бид засвар хийсэн машинд үнэлгээ хийдэггүй” гэж хариулсан. Мөн үнэлгээг 50 000 төгрөгөөр хийсэн гэж мөнгө авчихаад шүүхэд 100 000 төгрөгөөр үнэлгээ хийсэн гэж нэхэмжлэл ирүүлсэн. Хийсэн үнэлгээг хуулж биччихээд 100 000 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байх тул үлдэгдэл 50 000 төгрөгийг төлөхгүй. “Ашид-Билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээнд үндэслэсэн бөгөөд уг үнэлгээн нь зах зээлийн бодит ханшинд нийцээгүй хэт өндөр байх тул миний эрх ашгийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.П-д холбогдуулан автомашинд учирсан хохирол, осол гарснаас шалтгаалж гарсан зардал болон эрүүл мэндийн зардалд 3 342 800 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.У ослын улмаас өөрт болон хүүхдүүдэд учирсан эрүүл мэндийн хохиролд 273 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ автомашинд учирсан хохирлыг зах зээлийн үнээс хэт дээгүүр үнэлсэн тул 500 000 төгрөгийг, харин Б.Ундрахын нэхэмжлэлээс 16 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад зардал нь нотлогдоогүй гэж маргажээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.П-ийн нь өөрийн өмчлөлийн “Бенз” маркийн автомашиныг жолоодон явахдаа өөрийн буруутай үйлдлээс Б.У болон Л.Б нар хоёр хүүхдийн хамт зорчиж явах үед осол гарсан үйл баримтын талаар маргаагүй, харин учирсан хохирол нотлогдохгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр гэж маргасан байна.

 

Гэм хор учирсан буюу осол болсон хэргийн газарт 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн замын цагдаагийн газрын актад /хх14/ 20 88 УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд жолоочоос гадна 3 зорчигч, урд болон ард тал эвдэрсэн гэмтэл учирсан гэж тэмдэглэсэнд үндэслэн “Ашид билгүүн” ХХК эвдрэл, хохирлыг 1 575 000 төгрөг гэж үнэлжээ./хх16/

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 00368 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаж “Гэрэгэ эстимэйт” ХХК шинжээчээр томилсон ба /хх79/ шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/002 дугаар дүгнэлтэд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангийн зургаар багажны шалавч 35 000 төгрөг гэдэг нь нотлогдохгүй, харин 1 540 000 төгрөгийн хохирол учирсан талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Хариуцагч тал уг дүгнэлтийг өмнөх дүгнэлтийг хуулсан, зах зээлийн ханш өөр байсан гэж маргасан боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд 1 540 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

Хэргийн 28 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хохиролд тооцох зардлыг нотолж чадахгүй, эргэлзээтэй байна. Шүүх нотариатын мөнгөний тасалбар, бензин худалдан авсан баримтаар 72 600 /20 000+20 000+20 000+12 600/ төгрөгийг гэм хорын хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн хангасан дүнгээс хасч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Түүнчлэн шинжээч ажлын хөлсөд 100 000 гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч тал 50 000 төгрөгийг төлсөн байх тул /хх100/ үлдэх 50 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч Б.Ундрахын эрүүл мэндэд учирсан хохиролд 16 000 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1 698 600 төгрөг” гэснийг “1 540 000 төгрөг” гэж, “1 901 300 төгрөг” гэснийг “2 060 200 төгрөг” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “42 384 төгрөгийг” гэснийг “39 846 төгрөгийг” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчаас 50 000 төгрөгийг” гэснийг “нэхэмжлэгчээс 50 000 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 42 128 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                        ШҮҮГЧИД                                           Д.Ц

                                                                                    А.О