| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/04216/И |
| Дугаар | 102/ШШ2022/02056 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2022/02056
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............................... давхарт байрлах, П ХХК /РД:...................../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .......................байрлах, В ХХК /РД:............../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,606,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч В ХХК-д холбогдуулан 6,606,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: П ХХК нь 2015 онд В ХХК-д бетон зуурмаг нийлүүлэн ажиллаж байсан. Манай компанийг нягтлан бодогч ажилтай Б.С, хариуцагчийг Б.Г нар төлөөлж талуудын хоорондох 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд В ХХК нь 11,897,600 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталсан. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Х ХХК-ийн В ХХК-д өгөх 3,316,510 төгрөгийг хариуцагчийн өр төлбөрөөс хасаж тооцон баталсан бөгөөд В ХХК-ийн өр төлбөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 6,606,090 төгрөг үлдээд байна. Иймд П ХХК-ийн зүгээс дээрх үлдэгдэл төлбөрийг барагдуулахыг холбогдох хүмүүст нь удаа дараа мэдэгдэж, очиж уулзаж, албан бичиг явуулж байсан ч одоог хүртэл барагдуулаагүй хэвээр байх тул бетон зуурмаг худалдан авсны үлдэгдэл үнийн дүн болох 6,606,090 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс П ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн .................. дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ............, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ........., 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ............г,
Хариуцагчаас В ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч В ХХК-д холбогдуулан 6,606,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нь манайхаас зуурмаг худалдан авсан бөгөөд үнээс тодорхой хэсгийг зуурмагийн машин ашиглуулах байдлаар төлсөн. Төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан баримтад гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 11,897,600 төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлж, хариуцагч нь барааны үнийг төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв. /хх-ийн 7/
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
6.Хариуцагч худалдан авсан барааны үнэ болох 6,606,090 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна.
7.Мөн шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүрэг тайлбарлаж өгсөн боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
8.Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн тэрчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
9.Иймд хариуцагч В ХХК-иас 6,606,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
10.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу хариуцагч В ХХК-иас 6,606,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 120,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР