Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01965

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоотод байрлах, Ө ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... тоотод оршин суух, И ургийн овогтой Г.Н /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,962,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Г.Н холбогдуулан 1,962,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Манай Ө ХХК нь хүнсний бүтээгдэхүүн импортоор оруулж ирэн Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний цэгүүдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг түгээж борлуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг. Үндсэн үйл ажиллагааныхаа дагуу 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Х дүүрэгт байрлах Органик захын 101 тоот павилоныг түрээслэн ажиллуулдаг Г.Н манай худалдааны төлөөлөгч Тэнгэр нь худалдааны салбарт тогтсон жишиг үйлдлийн дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярилцаж тохиролцон бараа бүтээгдэхүүнээ төлбөрийн нөхцлийн хувьд зээлээр гэсэн нөхцөлтэйгээр худалдан борлуулж эхэлсэн байдаг. Ярилцсаны дагуу бараагаа нийлүүлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 1,672,000 төгрөгийн барааны мөнгө, 2021 оны 05 дугаар сарын 01-ний 507450 төгрөгийн барааны мөнгө нийт одоо төлөх үлдэгдэлээр 1,962,250 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй зугтсаар өдийг хүрлээ. Ингээд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн барааныхаа мөнгөө авъя гэтэл Г.Н нь өвчтэй хагалгаанд орсон, байр лизингээр аваад мөнгөгүй байна, удаахгүй өгчихье, ковидоос болоод орлогогүй байна гэхчилэн ярьсаар сүүлдээ лангуугаа түрээслэхээ больж, гар утас руу залгахаар утсаа авахаа больж зугтах болсон. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Г.Н амаар болон бичгээр төлбөрөө төлүүлэх талаар маш олон удаа тохиролцож байсан боловч өгөхгүй байсаар одоо оргон зайлж зугтсаар байна. Г.Н хүлээн авсан барааны төлбөрөө төлж барагдуулах тухай графикт хүсэлт хийж байсан баримтыг хавсаргав. Манай Ө ХХК нь Г.Н харилцан тохиролцож худалдааны салбарт тогтсон жишиг үйлдлийн дагуу зээлээр өгч борлуулсны дараа бараа бүтээгдэхүүний мөнгөө авахаар тогтон нийт 1,962,250 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг авах ёстой байгаа бөгөөд элдэв шалтаг шалтгаан хэлж аргацаан зугтсаар 2 жил гаран боллоо. Бид Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу эрх үүрэг хүлээж зээлээр худалдах, худалдан авах эрх зүйн харилцаанд орсон бөгөөд мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан харилцаа хангагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд манай байгууллагаас бараа бүтээгдэхүүн зээлээр авч борлуулсан Г.Н ээс барааны үнийн үлдэгдэл төлбөр болох 1,962,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.Н нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г.Н миний бие 2016 оноос хойш ............ худалдааны төвд түрээслэгчээр 101 дүгээр лангууг ажиллуулсан билээ. Уг бизнесээ хийж байх хугацаандаа мөнгө хүүлэгч нарын дунд орж 2 жил явсаар улмаар хүүд идэгдэж, мөнгө хүүлэгч нарт удаа дараа бараагаа булаалгах, ачуулах зэрэг дарамттай учирч байх хугацаандаа Ө ХХК-иас падаанаас падааны хооронд буюу зээлээр бараа бүтээгдэхүүн авч худалдан борлуулахаар тохирч явсан билээ. Уг компаниас хэд хэдэн удаа бараа зээлээр авч байсан. 2020 оны 1, 2 сар авсан нийт барааны үнийн дүн болох 1,962,250 төгрөгийн бараа борлуулж амжилгүй мөнгө хүүлэгч нарт ачуулж алдсан юм. Асуудлууд бүгд хүндэрч хүмүүс миний лангууг өөрсдийн болгох гэж дайрч, дарамталж, доромжилж эхэлсэн учраас ажлын байргүй болох эрсдэл байсан учраас өөрөө хэдэн төгрөгийн тооцоотой байгаа ах, эгч хоёроос тусламж гуйсан. Ах, эгч хоёртойгоо өөрсдөө ажиллуулж мөнгөө гаргаж авах, миний лангууг хадгалах журмаар ярилцаж тохирсон. Уг хүмүүсээс би ажлын байраа 6 сарын дараа авах тул ажлын байрандаа ороод орлогын эх үүсвэр дээрээ очиж төлбөрөө 100 хувь барагдуулах санал бодолтой байгаа юм. Одоогийн байдлаар мөнгө хүүлэгч нарын дарамтад байгаа бүх зүйлээ алдсан учир тооцоогоо дуусгахад тун хэцүү байгаа юм гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Тооцоо нийлсэн акт, Ө ХХК-д Г.Н ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан барааны төлбөр төлөх хүсэлт, зарлагын падан нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Г.Н т холбогдуулан 1,962,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Г.Н нь зээлээр бараа худалдан авсан боловч үнийг төлөөгүй. Төлбөр төлөх талаар хүсэлт, тооцоо нийлэх баримт үйлдсэн байдаг гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлд ...Павилон түрээслэн Ө ХХК-иас бараа зээлээр авсан боловч мөнгө хүүлэгч нарт залилуулж, мөнгө төлөх боломжгүй болсон. Одоо ажлын байргүй байгаа. Орлогын эх үүсвэртэй болохоороо төлбөрийг төлнө гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

5.Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь барааг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь барааны үнийг дараа тооцоогоор төлөхөөр тохиролцсоноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

6.Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Ө ХХК-иас авсан барааны үнээс 1,962,250 төгрөгийн барааны үнийг төлөөгүй байгаа болох нь талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн Тооцоо нийлсэн акт, Ө ХХК-д Г.Н ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасанбарааны төлбөр төлөх хүсэлт, зарлагын падан, нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

8.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Г Г.Н нь нэхэмжлэгч Ө ХХК-д худалдан авсан барааны үнэ 1,962,250 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

9.Хариуцагч нь бусдад залилуулсан, барааны үнэ төлөх төлбөрийн чадваргүй болсон зэрэг нь гэрээгээр хүлээсэн буюу худалдан авсан барааны үнэ төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

10.Иймд хариуцагч Г.Н ээс 1,962,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,346 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу хариуцагч Г.Н ээс 1,962,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н ээс 46,346 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР