Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/01893

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, Ш ургийн овогтой Б Ө /РД:....................../-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: .....................өөрийн байранд оршин байх, Д ХХК /РД:.............../-д холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: 3,643,733.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 3,643,733.8 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа: Б.Ө нь 1984 онд Д ХХК-д дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн хэмжүүрийн засварчнаар ажилд орж тасралтгүй 35 жил 7 сар ажиллаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны Б/77 тушаалын хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох нөхцөлд ажилласан гэж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Б.Өт эрчим хүчний салбарт 35 жил 7 сар ажилласны 36,437,338 төгрөгийн тэтгэмжийг нийгмийн зардлаас гаргаж олгохоор болсон. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 32,793,604.20 төгрөг шилжүүлсэн байсныг тодруулахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орлогын 10 хувь суутгасан гэсэн. Дээрх 36,437,338 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар татвараас чөлөөлөгдөх орлогод хамаардаг тул хариуцагчаас хууль зөрчиж суутгасан 3,643,733.8 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ө нь Д ХХК-д нийт 35.07 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/262 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Б.Өын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 36,437,338 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс шаардах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Б/262 тоот тушаал, Хаан банкны дансны хуулга,

Хариуцагчаас Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 36,437,338 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж авсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

  3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хуульд заасны дагуу татвар суутгаж Татварын хэлтэст шилжүүлсэн учир нэхэмжлэлийг Баянгол дүүргийн татварын хэлтэс хариуцах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны ............. тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал авагджээ. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн хэмжүүрийн засварчин Б.Өын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халж, эрчим хүчний салбарт ажилласан 35.07 жил ногдох 36,437,338 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

5.Дээрх шийдвэрийн дагуу Б.Ө 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 32,793,604.20 төгрөгийн тэтгэмж олгожээ. Ингэхдээ түүнд олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 3,643,733,8 төгрөгийг суутгасан байна. Зохигч энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

6.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна, 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох гэж тус тус заасан. Д ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоон тохирсон талаар талууд маргаагүй.

 

7.Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна.

 

8.Нэхэмжлэгч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй нь маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

9.Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, хариуцагчаас 3,643,733,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 73,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 3,643,733,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР