2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1275

 

 

 

 

 

 

 

    2025       05        15                                     2025/ШЦТ/1275

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Д.Ундармаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

хохирогч Ц.О,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-т холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Ц

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн * тоотод амь хохирогч А.Б-ийн зүүн ташааны дээд хэсэгт хутгаар хутгалж хүнийг алсан,

 

2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө * тоотод Ц.О-ийн гарыг хутгаар зүсэж зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                     

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны *дүгээр сарын 22-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 Гэм буруутайд тооцох тухайд

Шүүгдэгч Э.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Б.Э нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах байр суурьтайгаар, өмгөөлөгч Б.Б нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Ц нь 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө * тоотод амь хохирогч А.Б-ийн зүүн ташааны дээд хэсэгт хутгаар хутгалж хүнийг алсан,

2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө *тоотод Ц.О-ийн гарыг хутгаар зүсэж зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 2-12 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-13 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-26 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач * гэх хүний төрсөн эгч нь байгаа юм. Манайх эхээс гурвуулаа бөгөөд би айлын том нь. Талийгаач дүү маань айлын дундах хүүхэд нь байсан юм. Манай талийгаач дүү бид хоёрын овог нь өөр байгаа шалтгаан нь гэвэл бид хоёр эх нэгтэй, эцэг ондоотой эгч дүүс байгаа юм. Манай талийгаач дүү Б нь Чингэлтэй дүүргийн * тоотод манай ээжийн ээжтэй буюу эмээ Х.Э*ны хамтаар хоёулахнаа амьдардаг байсан юм. Манай талийгаач дүү Б нь эмээ Э-ы хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа юм. Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр буюу Цагаан сарын шинийн 2-ны өдөр манай эмээгийн гэрт төрсөн хүү нь буюу Ц нь гэр бүлийн хүний хамтаар Булган аймгаас эмээ дээр буюу өөрийнхөө төрсөн ээж дээр ирж золгох гэж ирсэн гэдгийг нь би мэдээд нагац ах болох Ц-тай би золгох гэж нөхөр 2 хүүхдүүдийн хамтаар эмээгийн гэрт уулзалдаж золгосон юм. Бид хэд эмээгийн гэрт уулзаж золгож жоохон ярьж сууж байгаад нагац ах Ц 17 цагийн үед хамтран амьдрагчийнхаа хамтаар гараад явсан юм. Манай ах гарч явсны дараагаар бид хэд эмээгийн гэрээс удалгүй гэрлүүгээ харьсан юм. Эмээгийн гэрт манай талийгаач дүү хоёр гэртээ үлдсэн юм. Бид хэд гэртээ хариад амарсан ба өнөөдөр өглөө 07 цаг орчмын үед манай талийгаач дүү нагац ахад хутгалуулж нас барсан гэдгийг мэдээд би цагдаагийн байгууллагад хүрч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-38 дугаар тал/,

Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цагаан сар болж байсан бөгөөд өглөө 10 цагийн үед Б* тоотоос хамтран амьдрагч Э.Ц бид хоёр замын унаанд суугаад Улаанбаатар хотод 13 цагийн үед ирсэн юм. Тэгээд Э.Ц бид хоёр манай хамтран амьдрагчийн төрсөн ээж болох Э-ны гэр буюу дэнжийн мянгад хаягийг нь сайн мэдэхгүй байна гэрт нь ирэхэд хадам ээж Э, Э.Ц-ын төрсөн эгчийнх нь хүүхэд болох Б нар байсан ба бид хоёр хадам ээж Э, Б-тай золгоод хоол унд идээд 18 цагийн үед Э.Ц бид хоёр 7-н буудлаас хойшоо хаягийг нь сайн мэдэхгүй Э.Ц-ын төрсөн ахынх нь гэрт очиж золгох гээд гэрээс нь гарсан. Тэгээд бид хоёр төрсөн ахтай нь золгочихоод 23 цагийн үед буцаад ээжийнх нь гэрт ирсэн ба хадам ээж Э, Б хоёр гэрт байсан. Тэгээд Э.Ц, Б хоёр ширээн дээр байсан “Экс” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй тал архийг хувааж уусан. Би тэр архинаас нь 2-3 хундага уусан. Тэгээд архи дууссаны дараа Э.Ц замаараа авсан 0,75 литрийн хэмжээтэй нэрийг нь мэдэхгүй архийг задлаад ахиад энэ хоёр ууцгаасан. Тухайн үед шөнийн 02 цаг өнгөрч байхад би гэрээс бие засах гээд гарах гэтэл Б зүүн талын орон дээр хөнжил нөмрөөд хэвтэх гэж байгаа харагдсан ба би гэрээс гарч бие засчихаад удаагүй орж ирэхэд зүүн талын орон дээр Б-ийн дээр Ц гарчихсан баруун гартаа бор модон иштэй хутга бариад цээж хэсэг буюу хөнжил рүү хатгачихсан. Тэгээд би очоод Ц-ын гарнаас татсан чинь гартаа байсан хутгаараа миний зүүн гарын шуу хэсэгт зүсчихээр нь “Намайг зүсчихлээ” гээд орилсон чинь хадам ээж Э-н ирээд “Хүүхдийн гар зүсээд хаячихлаа” гээд нойтон салфиткаар арчиж өгсөн. Тухайн үед Б орноосоо босж ирээд суусан. Тэгсэн цээжний зүүн талаас цус гараад байсан. Би шархыг нь олж хараагүй. Тухайн үед “Намайг хутгалчихлаа” гээд орилоод байж байтал Э.Ц намайг гэрээс хөөгөөд “Муу дөрвөд авгай зайлаарай” гээд намайг заамдаж газар унагаахаар нь би гэрээс цүнхээ аваад гарсан. Тухайн үед шөнийн 04 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэрээс гараад доошоо цагаан байр руу алхсан ба Э.Ц-ын найз О-ын **дугаар руу залгаад “Намайг Э.Ц гэрээс хөөгөөд байна” гэж хэлсэн чинь намайг “Такси бариад сансрын И-март дээр хүрээд ирээч” гэж хэлсэн юм. Тэгээд би такси бариад И-мартын ойролцоо очоод О-тай уулзаад “Намайг Э.Ц хутгалчихлаа” гэж хэлтэл намайг ажил дээрээ оруулсан юм. Тэгээд өглөө 06 цагийн үед О эхнэр У-г дуудаад У ирээд бид хоёр Гэмтлийн эмнэлэг орж би зүүн гарын шархан дээрээ нэг оёдол тавиулаад боолт хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 46-48 дугаар тал/,

Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шөнө 05 цагийн үед би өөрийн найзууд болох Ц, М, Г бид дөрөв Ц-ын машинтай 70-н давхар гээд оршуулгын газрын ойр орчимд явж байсан чинь “Гор газ” гэх нэртэй клонкын замын эсрэг талд нэг ах гараа өргөөд зогсож байсан. Тэгээд бид нар зогсоод юу болсон талаар асуухад “Ах нь дүүгээ хутгалчихлаа ахын дүү нар хурдан гэмтэл хүргээд өгөөч, цус алдаад байна” гэсэн. Тэгээд бид нар ахыг машиндаа суулгаад гэрийг нь заалгаад гэрт нь орсон чинь хөгшин ах хөнжил дээгүүрээ нөмөрсөн тухайн хөнжил нь нил цус болчихсон байдалтай байсан. Тэгээд бид нар цус алдаж байсан хүнийг шууд машиндаа суулгаад гэмтэлрүү явсан. Явж байх замдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би ** тоотод зээ хүү Б-ийн хамт хоёулаа амьдардаг байсан юм. Өчигдөр өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр манай хүү, Ц, эхнэр О-ийн хамтаар надтай золгох гэж ирсэн. Тэр 2 айлд байж байгаад шөнө 23 цагийн үед манай гэрт хонох гэж ирсэн. Манай хүү айлаас ирэх үедээ халамцуу байдалтай байсан. Манай хүү ирээд гэрт байсан талийгаач Б-тай цуг манай гэрт байсан 1 шил архийг хамт хувааж ууцгаасан. Тэр 2 хамт архи ууж байгаад талийгаач Б өөрийн орон дээрээ унтах гээд хэвтсэн юм. Тэрний дараагаар миний хүү Ц нь талийгаач согтуудаа хэдэн зүйлс хэлж “Битгий архи уугаад ээжийг битгий зовоогоод бай” гэх зүйлс хэлсэн. Тэрний дараагаар Ц ширээний ууцан дээр байсан хутгыг аваад Б-ийн баруун нуруу хэсэгт нь зүсчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 03-ны өдрийн **дугаартай “...амь хохирогч нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус алдалтын шокд орж нас баржээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд 2025 оны 03 сарын 03-ны өдрийн 07 цаг 10 минутад нас баржээ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /150мл/ гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун шуунд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /150мл/ гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна, баруун шуунд үүссэн цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Амь хохирогчид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цусанд 2.0 промилли, ходоодны шингэнд 2.2 промилли, цөсөнд 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байна. Эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг гэмтэл авсан даруйд үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-58 дугаар тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын *дугаартай “...Э.Ц нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Э.Ц нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Ц нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай байсан байна. Э.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын **/*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,           

2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */1017 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 82-88 дугаар тал/,

            2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */2130 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 94-96 дугаар тал/,

            2025 оны       04 дүгээр сарын      07-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 97-99 дүгээр тал/,

            2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 103-106 дугаар тал/,  

2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 107-110 дугаар тал/,  

2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 111-117 дугаар тал/,   

2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 120-125 дугаар тал/,

            2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 */*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 129-130 дугаар тал/,

            2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 06/*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 135-138 дугаар тал/,  

2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын  06/*дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн142-145 дугаар тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 148 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 149-152 дугаар тал/,

Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “...2025 оны 3 дугаар сарын 2-ны өдөр эхнэр О-тэй ээжтэйгээ золгохоор явсан ба 17 цаг өнгөрөөд айл хэсэхээр явсан. Тэгээд шөнө 01 цагийн үед ирсэн. Ээж маань “Дүү чинь 10 гаруй хоног архи ууж байна, дүүдээ юм хэл” гэсэн. Тэгээд дүүдээ “Битгий архи ууж ээжийг зовоогоод бай” гэж хэлсэн. Тэгтэл намайг түлхээд хэвтээд өгсөн. Ширээн дээр байсан хутгыг аваад айлгая гэж бодоод хөнжилний араас хатгасан. Эхнэр орж ирээд “Юун хутга вэ?” гээд араас татахад нь би түлхэхдээ дүүгийнхээ гарыг нь зүссэн. Тэгээд цус гарахаар нь урагшаа зам руу гараад таксины гурван залууд үнэнээ хэлээд “Туслаач” гэсэн. Тэгээд 3 дүүг аваад очход босоод суусан байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэгт очиход коридорт нэлээн удаан суусан. Дүү маань “Толгой өвдөөд дотор муухайраад байна” гэхэд нь би эмч нар руу нь уурласан. Тэгэхэд цагдаа нь “Эд нар ажлаа мэдэж байгаа” гээд ээжийнд аваачиж хувцас хунар өмсүүлээд эрүүлжүүлэхэд оруулсан...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “...Над руу Гэмтлийн эмнэлгээс залгасан. Гомдол санал байхгүй. Амь хохирогч нь манай эмээг маань хардаг байсан. Эмээ маань суумгай хүн. Би байнга хажууд нь байж чаддаггүй. Ямар ч байсан санал гомдол байхгүй. Ээжийг нь энэ хүнээс өөр харах хүн байхгүй. Энэ тал дээр анхаарал хандуулна уу...” гэх,

Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Э.Ц-аас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...” гэж, 1966 оны “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт”-ын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Тодруулбал, шүүгдэгч Э.Ц нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл,  уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шалтгаант холбоо бий болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Ц нь амь хохирогч А.Б-г тухайн үед үүссэн  таарамжгүй харилцаанаас болж амь хохирогчийг хэвтэж байх үед түүний дээр нь гарч хэвлийн хөндий рүү нь хутгалсны улмаас цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус алдалтын шокд оруулж алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн тухайн үед хохирогч Ц.О-гийн гарыг хутгаар зүсэж зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Цогтбаярыг 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө * тоотод амь хохирогч А.Б-ийн зүүн ташааны дээд хэсэгт хутгаар хутгалж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө * тоотод Ц.О-ийн гарыг хутгаар зүсэж зүүн**** шуунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч: “...шүүгдэгч Э.Ц-ыг хүний амь насыг хохироосон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ...” гэснийг дурдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах байр суурьтайгаар оролцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон мөн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэхгүй байх тул өмгөөлөгч нарын нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, зүйлчлэл хөнгөрүүлэх хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нийт ялыг нэмж нэгтгэн нийт 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.  

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Энэ хэрэгт хохирогч Ц.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 93,642 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч Э.Ц-аас 93,642 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-аас 93,642 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бор шаргал өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД

                                          ШҮҮГЧИД                             Э.ЧИНГИС

                                                                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ