Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/01617

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, А ургийн овогтой Ё.С /РД:..................../-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: .................... тоотод оршин суух, Ө Ш ургийн овогтой Ц Г /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 75,000,336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ё.С,

Хариуцагч Ц.Г , түүний өмгөөлөгч Б.Ч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ё.Г нь хариуцагч Ц.Г д холбогдуулан 75,000,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлолдоо: 2014 оны 12 дугаар сарын 01-ээс 2018 оны 08 дугаар сарын 01 хүртэлх хугацааны бараа, бүтээгдэхүүн борлуулахаар хариуцагч Ц.Г тай харилцан тохиролцож гэрээ хийсэн. Тухайн гэрээ үргэлжлэх хугацаанд 109,676,901 төгрөгийн эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн цувуулан хүлээлгэж өгсөн. Тухайн гэрээнд нийт борлуулсан бүтээгдэхүүний 15 хувь буюу 16,451, 535 төгрөгийн шагнал өгөхөөр тохиролцсон. Борлуулсан нийт бүтээгдэхүүний үнэ 93,225,366 төгрөгийг надад өгөхөөс 43,225,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл төлбөр 50,000,366 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй. 2018 оны 08 дугаар сард гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш олон удаа залгаж ярьсан боловч мөнгийг өгөөгүй. Гэрээнд зааснаар бараа бүтээгдэхүүний мөнгийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0,5 хувийн алданги тооцно гэж гэрээндээ заасан учир 50,000,000 төгрөгийн алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,366 төгрөгийг Ц.Г гаас нэхэмжилж байна. Гэрээний сүүлийн заалтад өрийн хүсэл зориг дарамт шахалтгүйгээр гэрээг хийсэн гэж зааснаар хоёр тал гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр учир би энэ гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

 

2.Хариуцагч Ц.Г нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ю компанид 14 жил тасралтгүй ажиллаж байна. Эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг төв ажиллуулж түүний дагуу нэвтрүүлэг хийдэг байсан. Манайхаас үйлчилгээ авсан хүмүүст эрүүл мэндийн тайлбарладаг байсан. Компанийн гишүүд бараагаа солино уу гэхээс, бие биеийнхээ барааг зарах боломжгүй. Солиход хүртэл онооны алдаа гараад цалин буурчихдаг. Энэ хүн анх орж ирэхдээ барааны уух заавар асуусан, гишүүн гэдгээ хэлээгүй. Дараа ирэхдээ надад хэдэн бараа байна, солиод өгөөч гэсэн. 2014.12.25 орж ирж 1000 онооны бараа буюу 1,766 долларын барааг солиулахаар үлдээсэн. Бараагаа үлдээгээд 2015.1.15-нд алга боолсон. 20 хоногийн дараа 250 доллар буцааж авна гэсэн. Энэ хүний нийт надад өгөөд солиулж байгаа бараа нь доллар ирж байгаа компани бараа учраас буцаагаад доллар авсан. Нийт 7,000 долларын бараа болсон. Хорь хоногийн дараа хүлээлгэж өгөөд солиулахаар гуйсан. Яагаад солиулахаар гуйсан бэ? гэвэл энэ хүн гуравхан төрлийн бараа авсан байсан. Мөн авч байгаа бараа нь 10 сар гэртээ хадгалсан, хугацаа нь дууссан бараа байсан. 2014 оны 02 дугаар сард нэг компанид гишүүнээр элсээд нэг сарын дотор 25 хүний нэр дээр бараа авч, гүйцэтгэх захирал хэмээх цол авч 5,000 долларын цалин авдаг байсан. Тухайн 5,000 долларын 10,000 доллартой ахлах 2,500 онооны захирал 4 цалин ганцаараа авахын тулд олон хүний нэрийг оруулж барааг өөр дэрээ авсан. Цалин Ю компанийн визза картаар ирдэг. Телевизээр намайг нэвтрүүлэг хийдэг гэдгийг харчхаад , бараагаа үлдээсэн, бид нар бие биеийнхээ бараа зарах эрх байхгүй. Гадаад дотоодын аялалд явах, компаниас орж ирж байгаа цол урамшууллын цалин компаниас орж ирдэг учир бид нар солихоос өөрөөр зарж борлуулах эрх байхгүй. 2014 оны 12 дугаар сарын 01-нд ганц хувь гэрээ хийсэн. Хугацаа дуусах дөхсөн 10 сар хадгалсан бараа байсан гэдгийг компаниас ирүүлсэн бичиг дээр 2014 оны 12 дугаар сард 25,00 онооны бараа авсан нотлох баримт байна. 2014 оны 02 дугаар сард бараа авч байгаа нь 2013 онд үйлдвэрлэгдсэн багаа гэсэн үг. Тухайн барааг 02 дугаар сард компаниас авсан мөөртлөө 10 сар гэртээ хадгалаад, он дуусахын өмнө 12 сард авч ирж өгснөө алга болж, байгаад он гарсны дараа 15 хоногийн дараа 01 дүгээр сарын 15-нд нэг ширхэг бараа 250 долларын барааг буцааж авсан. Тухайн бүтээгдэхүүний талаар мэдлэг байхгүй, өөр ч уухгүй би цөсний чулуутай гээд, зарж чадахгүй иймэрхүү байдалтай. 7,000 долларын бараагаа буцаагаад авсан. Манай компани хугацаа дуусахад 2 сар дутуу барааг шууд хямдралдуулдаг. Бараа бүтээгдэхүүн надад зарагдахын тулд надад тодорхой хугацаа хэрэгтэй, зарахын тулд маш их зар сурталчилгаа хэрэгтэй. Хугацаа шахуу ирсэн барааг 4 жилийн дараа заръя гээд би гэрээ хийхгүй. Бичсэн гэрээг харахад 2018.10.08 хүртэл зарж чадахгүй бол танд би мөнгө төлье гэсэн утгатай гэрээ өрөө бичсэн. Гэрээнийхээ дээд талд хуулийн заалт бичсэн байна. Би ийм гэрээ хийгээгүй. Энэ хүнийг надад бараа авч ирж байхад бараа пеалс гэдэг нэртэй болсон энэ хүн цагаан хайрцагтай clear start гэдэг барааг надад өгсөн. Энэ бараа хуучин онд орж ирээд зарагдаад дууссан бараа. 2 сар дутуу энэ барааг зарах хэцүү би сольж өгч тусалъя гэсэн ийм яриа байсан. Ё.Сын ирүүлсэн нэхэмжлэл нь залилангийн чанартай байна. Ё.Г 7 жилийн өмнө тооцоо дууссан баримтуудаа дахин ашиглаж мөнгө авах гэсэн зальжин үйлдэл байна. Ё.Сын өөрөө бичиж ирүүлсэн 1 хувь гэрээ нь хуурамч бөгөөд 3 зүйлийг надаас авахаар санаархаж байна. Зарахаар тогтоосон барааны үнэлгээг сольж авсан барааны үнэтэй ижил болгон тооцсон буруу болох нь Ё.Г шүүхээр авчирч өгсөн баримтаас нотолж байна. Ямар нэг аргаар хүү тооцох арга сүвэгчилж хөөн хэлэлцэх хугацаанд тохируулан хуучин барааг 4 жилийн дотор зарж өгөхөөр тооцсон мэтээр хүү, торгууль, төлөхөөр гэрээний хуурамч заалт зохион бичжээ. Ю компанид 14 жил тасралтгүй ажиллаж байсан миний хувьд энэ хүнтэй өөртөө хохиролтой гэрээ хийж Ю компанаас авдаг 8 төрлийн орлогын урсгал цалин урамшууллаасаа татгалзсан мэтээр энэ гэрээнд бичсэн байгаа нь худлаа байна. 2015 оны 12 сарын 20-нд өгсөн 14,000,000 төгрөгийн clear start барааг 589 долларын бараа гээд баримтгүйгээр 109,000,00 саядаа өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс зарлагын баримтууд /1хх-ийн 4-15/, Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээ /1хх-ийн 17/, Ц.Г д өгч борлуулсан барааны тооцоо /1хх-ийн 18/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх-ийн 19-28/, тооцооны хүснэгт /1хх-ийн 88/,

Хариуцагчаас Ц.Г д өгсөн барааны жагсаалт /1хх-ийн 46/, бараа бүтээгдэхүүн борлуулахад хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 78/, хэлцэл /1хх-ийн 79/, Бараа бүтээгдэхүүн борлуулахад хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 91/, зарлагын баримтууд /1хх-ийн 93-100, 102-107, /, түрээсийн гэрээ /1хх-ийн 108-110/, тооцоо нийлсэн акт /1хх-ийн 111/, орлогын баримтууд /1хх-ийн 112-114/, түрээсийн тооцоо /1хх-ийн 115-119/, маркетингийн зардлууд /1хх-ийн 120, 121/, Like HD эрүүл мэндийн телевизийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/300 тоот /1хх-ийн 122, 123/, Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 124,125/, тооцооны баримт /1хх-ийн 126-128/, Телемейдицин нэвтрүүлгийн хуваарь /1хх-ийн 129/, Like HD эрүүл мэндийн суваг телевизийн үнийн санал /1хх-ийн 130/, орлогын баримт /1хх-ийн 132,133/, Like HD телевиз зар сурталчилгаа, үнийн санал /1хх-ийн 133/, Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 134-136/, орлогын баримтууд /1хх-ийн 137-144/, нэхэмжлэх /1хх-ийн 145/, Leadnews.mn-ийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/112 тоот /1хх-ийн 146,147/, Шинэ хороолол ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0/54 тоот /1хх-ийн 148/, хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 149-153/, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 16/III/10 дугаар хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 154/, орлогын баримтууд /1хх-ийн 157-173/, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 175/, зарлагын баримтууд /1хх-ийн 177-196, 198-211/, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 212/, зарлагын баримтууд /1хх-ийн 214-229/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 246-2хх-ийн 8/, бүртгэлийн хуудас /2хх-ийн 15/, бүтээгдэхүүний үнэ /2хх-ийн 16,17/, хэвлэмэл зургууд 2хх-ийн 18,19/, Монгол банкны ханшийн мэдээлэл /2хх-ийн 24/, хэлцэл /2хх-ийн 53, 54/, бүтээгдэхүүний танилцуулга /2хх-ийн 60-66/,

Шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 56-67/, тооцооны баримт /1хх-ийн 68-72/, гэрч Д.Оюундэлгэрийн мэдүүлэг /1хх-ийн 85,86/, Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 29/728 тоот /2хх-ийн 33/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 33-39/, гэрч А.Хгийн мэдүүлэг /2хх-ийн 74-77/, Ю ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09/03, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09/04 тоот /2хх-ийн 87-89/ зэрэг баримтууд нотлох баримтаар цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагчид эрүүл мэндийн бараа өгч заруулсан. Зарсан үнээс 15 хувийн ашиг өгч байхаар тохирсон. Гэвч заруулахаар өгсөн барааны үнийг төлөөгүй. Гэрээнд алданги тохирсон учир алданги шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ...Ё.Г 7 жилийн өмнө тооцоо дууссан баримтуудаа дахин ашиглаж мөнгө авах гэсэн зальжин үйлдэл байна. Ё.Сын өөрөө бичиж ирүүлсэн 1 хувь гэрээ нь хуурамч байна. Барааг сольж өгөхөөр тохирсон, зарах бараа авч байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...Торгууль төлөхөөр гэрээний хуурамч заалт зохион бичсэн, ... Хамтран ажиллах хугацааны зар сурталчилгаа, түрээсийн зардлыг хувааж төлж байхаар тохирсон гэж маргасан.

 

4.Нэхэмжлэгч Ё.С, хариуцагч Ц.Г нар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр АНУ-ын Ю компаниас Ё.Сын авсан барааг Ц.Г нь худалдан борлуулж, үнээс 15 хувийг авч байхаар тохиолцсон байна. /1хх-ийн 17/

 

5.Тус гэрээнд зурагдсан Ц.Г гийн гэх гарын үсэгт шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд 1.Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээ гэх баримтын баруун доод хэсэгт Бараа борлуулагч гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Г гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн байна. /1хх-ийн 56-72/

 

6.Дахин Ё.С, Ц.Г нар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Бараа бүтээгдэхүүн борлуулахад хамтран ажиллах гэрээ-г бичгээр шинэчлэн байгуулсан байна. Гэрээний 1-д Ё.Г өөрт байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг захирал Г д паданаар түр хугацаагаар зээлээр өгөх ба дараа нь өгсөн барааны үнийн дүнгээр тооцож бараа болон барааны үнийг буцааж авна. 2-т Өгсөн бараа нь хугацаа дуусаагүй гэмтэл ороогүй бүрэн бүтэн байх. 3-т Компанийн маркетинг дээр хоёр тал хамтран ажиллах болно. 4-т Хоёр тал өөр өөрийн хамтран ажиллах ба хэрэглэгчдэд барааг хэрэглэхэд гарах үр дүн барааг тохирсон хэрэглээгээр хэрэглэх талаар зөвлөгөө өгөх зөв ойлгуулахад Г захирал хариуцаж хамтран ажиллана гэсэн байна. Хариуцагч нь уг гэрээнд нэмэлтээр 5-д Бараа болон барааны үнийг аль нэг тал авах нөхцөлд хэн нэгдээ саадгүй өгч байна. 6-д Бараа борлуулалтын тооцоог 1 оноог 1300 төгрөгөөр тооцон олгох бөгөөд үндсэн үнээс хасаж тооцно гэх нэмэлт нөхцөлтэй гэрээг нотлох баримтаар гаргасан. /1хх-ийн 78, 91/

 

7.Гэрээний агуулга, талуудын хүлээсэн үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэн аль хүсэл зоригийнхоо дагуу гэрээг байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

8.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

 

9.Гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид Зарлагын баримтаар 2015.12.20-нд 14,159,000, 2016.10.07-нд 4,958,000, 2016.11.16-нд 800,000 төгрөгийн бараа, 2015.08.06-нд 1,012, 2015 оны 08.06-нд 1,380, 2015.07.25-нд 1,656, 2015.06.28-нд 3,780, 2015.05.14-нд 1,265, 2015.05.08-нд 9,556, 2015.03.20-нд 6,250, 2015.01.15-нд 6,754, 2014.12.25-нд 1,766 ам.долларын бараа шилжүүлсэн өгсөн байна. Төгрөгөөр болон тухайн үед Монгол банкнаас зарласан ам.долларын ханш лавлагаагаар тооцоход нийт 85,195,702 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна. /1хх-ийн 4-15/

 

10.Нэгдүгээр хавтаст хэрэгт /1хх-ийн 46 дугаар тал/-д байх 14,747 ам.долларын баримт нь 2015.01.15-нд 6,754 ам.доллар, 2014.12.25-нд 1,766 ам.доллар, 2015.03.20-нд 6,250 ам.доллар шилжүүлсэн баримтаар тооцогдсон, талууд өмнөх тооцоог нийлсэн баримт гэж үзэх боломжтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,980 ам.долларын баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

 

11.Хариуцагчаас нэхэмжлэгчид борлуулсан барааны үнэ 2015.01.15-нд 250, 2015.03.21-нд 162, 2015.03.30-нд 331, 2015.05.08-нд 353, 2015.06.09-нд 90, 2015.08.17-нд 125, 2015.09.09-нд 935, 2015.11.15-нд 3,784, 2015.09.19-нд 165, 2015.12.08-нд 202, 2015.12.13-нд 113, 2015.12.16-нд 58, 2015.01.23-нд 331, 2018.01.20-нд 133 ам.доллар нийт 7,032 ам.доллар, тухайн үед Монгол банкнаас зарласан ам.долларын ханш лавлагаагаар 14,109,224 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна. /1хх-ийн 93-100, 102-107/

 

12.Мөн Хаан банкны 502089132 тоот Ц.Г гийн дансны хуулгаар борлуулсан барааны үнэ 21,069,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогдож байна. /1хх-ийн 246-250, 2хх-ийн 1-8/

 

13.Хариуцагчийн дансны хуулга болон баримтаар хүлээлцсэн тооцоогоор нийт 35,178,224 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаас зарагдсан барааны үнэ нийт 43,225,000 төгрөгийг авсан талаар тайлбар гаргасан учир хариуцагчийг энэ дүнгээр барааны мөнгө шилжүүлэн байна гэж үзэв.

 

14.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 85,195,702 төгрөгөөс хариуцагч 15 хувь буюу 12,779,355 төгрөгийг авах эрхтэй, мөн нэхэмжлэгчид шилжүүлсэн 43,225,000 төгрөгийг хасаж, үлдэх 29,191,347 төгрөгийн бараа, барааны үнийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

15.Хариуцагч нь 2015-2017 оны түрээсийн зардалд 17,215,000 төгрөг, зар сурталчилгааны зардалд 12,371,903 төгрөг нийт 29,586,903 төгрөгийн тал 14,793,451 төгрөгийг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон гэж тайлбарласан.

 

16.Талуудын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээнд түрээсийн төлбөрийг хуваан төлөх талаар тохиолцоо байхгүй байна. Түүнчлэн маркетингийг хэрхэн хийхээр нэхэмжлэгчтэй тохиролцсон нь тодорхойгүй байна.

 

17.Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Ё.Стой гэрээ байгуулахаас өмнө бараа бүтээгдэхүүн борлуулахаар төлбөртэй зар сурталчилгаа явуулж байсан нь зар сурталчилгааны төлбөр төлж байсан баримтаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгтэй ямар хэмжээний зардлаар зар сурталчилгаа явуулах, маркетинг хийхээр тохиролцсон нь тогтоогдохгүй байна.

 

18.Мөн талуудын хооронд 2015 онд шинэчлэн байгуулагдсан гэрээнд алдангийн талаар хийсэн тохиролцоо байхгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.

 

19.Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэн үеэс тоологдоно. Хариуцагч барааг худалдан борлуулах хугацааг нэхэмжлэгтэй тохиролцоогүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 

20.Хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 01 сарын 20-ны өдөр барааны үнэ 133 ам.долларыг шилжүүлсэн байх бөгөөд үлдэх барааг борлуулж дууссан талаар мэдэгдэж, төлбөр төлөхөөс татгалзаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхөөс татгалзсантай холбоотой буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

 

21.Иймд хариуцагч Ц.Г гаас 29,191,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод олгож, үлдэх 45,808,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

22.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г гаас 303,907 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хариуцагч Ц.Г гаас 29,191,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод олгож, үлдэх 45,808,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г гаас 303,907 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод дод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР