Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/01600

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт оршин суух, С ургийн овогтой Л А /РД:.............../ нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: .................тоот хаягт оршин суух, С   ургийн овогтой Ц Л /РД:................/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагч Ц.Л , түүний өмгөөлөгч Ч.М,

Гэрч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Ц.Л холбогдуулан сургалтын замын зардал, хүүхдийн тэтгэлэг нийт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...Иргэн Л.А нь 2010 оноос эхлээд эцэг Ц.Л ын асрамжид үлдсэн. Ээж Р.Г нь аав Ц.Л нар нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулсан. Эх Р.Г Монгол Улсаас гарч явсан энэ хугацаанд хүүхдээ өөрийн гэсэн орон байргүй байсан учраас эцэг дээр нь үлдээсэн. Л.Аыг эцгийн асрамжид үлдээсэн учир хуулийн дагуу сар бүр тэтгэлэг өгч байсан.Л.А нь Турк улсад суралцахаар ээж дээр очсон. 18 нас хүртэлх хугацаанд ээжийнхэн явуулсан мөнгийг аав нь маань хадгалж байсан гэж хэлсэн. Надад энэ мөнгөнөөс гадагшаа явах онгоцны зардал 3,000,000 төгрөг, үлдсэн мөнгөнөөс нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Иймд Л.А гомдолтой байна. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулж болно гэж заасны дагуу энэ үүргээ биелүүлэх ёстой гэж бодож байна. Хэдийгээр эцгийн асрамжид байсан ч ээж нь сар бүр хуулийн дагуу тэтгэлэг явуулж байсан Монгол улсын засгийн газраа шийдвэр гарч хүүхэд сар бүр 20,000 төгрөг өгч байгаад дараа нь 100,000 төгрөг өгдөг болсон. Хүүхдийн мөнгө болон эхээс нь тэтгэмжид өгсөн 8,200,000 төгрөг, мөн нисэх онгоцны билетийн мөнгө 1,8000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Л.А ээж рүүгээ явах болсон шалтгаан нь эцгийнхээ хүчирхэлд өртөж 7 хоног, хүүхэд асрамжийн газар очиж амьдарсан. Энэ хүүхэд эцэг эхийн хайр халамжаар дутмаг өссөн, дефресттэй, утсаар харьцахад хүнтэй ярьдаггүй зожиг, ууртай, гунигтай болсон нь харагддаг. Гэр бүлийн тухай хууль, болон иргэний хуульд заасан үүргээ н.Л шударгаар биелүүлэх ёстой. Эцэг үүрийн холбоо бол нандин холбоо хэзээ нэгэн цагт нэгэндээ туслах цаг ирнэ. н.Л хэлээд байгаа би энэ хүүхдийн өсгөсөн гэж үр хүүхдээ өсгөх нь иргэний журамт үүрэг юм. Ээж нь амь насаа аврахын тул Монгол улсаас гарч явсан гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ...Л.А тухайн мөнгийг өрөө авч хэрэглэж байсан. Ээж хүүхдэдээ анхнаасаа авчихгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд ороод байсан зүйл хаана байгаа юм бэ? Хоол унаа гээд хүүхдийн бүх зүйлийг би бэлдэж Л.Аыг хүн болгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар эх хүн чанартай эцэг нь хүн чанаргүй юм хэлээд байна. Анхнаасаа тийм байсан бол аваад өсгөхгүй ясан бэ? Энэ хүүхдийг би төрсөн эхээрээ юу ч хийлгэхгүй, хайрлаж өсгөсөн, Л.Аыг тухай мөнгийг өөртөө авч хэрэглэж байсныг дансны хуулгаар харагдаж байна. Саяхнаас хүүхдийн мөнгө 100,000 болсон Л.А 18 нас хүрээд энэ мөнгөнөөс хасагдсан 2020 онд 18 нас хүрсэн. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эхийн тэжээн тэтгэх үүрэг нь дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн яриад байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өрөө нотлох үүрэгтэй. Ярьж байгаа 10,000,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан гэрчилгээ, нисэх онгоцны тийзийн баримт, даатгалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Аын Хаан банкны дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Л.Аын гадаад паспортын хуулбар, Я.Энхжаргалын тодорхойлолт, Ц.Л ын Хаан банкны дансны хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1732 дугаар шийдвэр, Хаан банкны лавлагаа, дансны хуулга, гэрч С.О-ийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Л.А эмээ С.О дээрээ өссөн. Эх Р.Г хүүхдийн тэтгэлэг явуулдаг байсныг хариуцагч сургалтын төлбөрт хадгална гээд өгч байгаагүй. Хүүхдийн мөнгө гэж улсаас өгсөн байсан. Нийт 8,200,000 төгрөгийг буцаан гаргуулна. ...Гадаадад сургуульд суралцахаар явсан нисэх онгоцны тийз 1,800,000 төгрөг болсон. Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулж болно гэж заасны дагуу Ц.Л хариуцах үүрэгтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч ...Л.Ад хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зарцуулсан. Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өрөө авч хэрэглэж байсан. Хоол, хувцас, сургууль, унаа гээд хүүхдийн бүх зүйлийг би бэлдэж Л.Аыг хүн болгосон. Л.А тухай мөнгийг өөртөө авч хэрэглэж байсныг дансны хуулгаар харагдаж байгаа. Саяхнаас хүүхдийн мөнгө 100,000 төгрөг болсон. Л.А 18 нас хүрээд энэ мөнгөнөөс хасагдсан. 2020 онд 18 нас хүрсэн учир нэмэлт зардал төлөх үүрэг хүлээхгүй. Одоо бага хүүхэд өвчтэй, эмчилгээнд явах шаардлага гарч мөнгө хэрэгтэй байгаа учир насанд хүрсэн Л.Ад мөнгө өгөх боломжгүй гэж маргасан.

 

4.Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1732 дугаар шийдвэрээр Р.Г , Ц.Л нарын гэрлэлтийг цуцалж, 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Л.Аыг эцэг Ц.Л ын асрамжид үлдээж, эх Р.Г гаас охин Л.Ад тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ий 68-69/

 

4.2.Нэхэмжлэгч Л.А 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 нас хүрч, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эх Р.Г гийн эгч, нагац Я.Э, н.Г нарынд амьдрах болсон Л.Аын иргэний үнэмлэх, Я.Э тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн  62/

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т Тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.

 

6.Шүүхэд гэрч С.О ...Л.А 4 настайдаа аав дээр үлдсэн, хүүхдийн хоол, хувцас, хэрэгцээний мөнгийг аав нь өгдөг байсан. Ээжээс нь хааяа хувцас явуулдаг байсан сүүл рүүгээ больсон, ...Л.А төрснөөс хойш 2020.12.02 хүртэл, Ц.Л , бид нартай хамт амьдардаг байсан, ...сургалтын төлбөрийг аав нь өгч байсан. би өгөөгүй, ...хилчин спортын волейболын дугуйланд явдаг байсан, төлбөрийг аав нь хийдэг байсан, ...өдөр тутмын хэрэглээний мөнгө аав нь өгнө. Хааяа надаас авна. Эмээ та надад тэдэн төгрөг үлдээчих гээд цаасан дээр бичээд үлдээчихдэг байсан. Аавынхан карт Ад байсан байдаг, ...аав нь шинэ хайрцагтай нөтбүүк авч өгч байсан. Утас бол солиод байсан. Утсаа хаячихдаг юм. ...Би нэгжний мөнгийг өгчихдөг байсан. ...Бид хамт нэг байранд амьдарч байсан. 2019 онд Ц.Л шинэ байранд ороод явсан гэх мэдүүлэг өгчээ.

 

7.Хэрэгт нолох баримтаар авагдсан Л.Аын Хаан банкны  тоот дансны хуулгаар эх Р.Г гаас хүүхдийн тэтгэлгийн мөнгө шилжүүлж байсан нь нотлогдож байна.

 

8.Шүүхэд гэрч С.О ийн мэдүүлэг, Я.Э тодорхойлолт гэсэн баримт, зохигч талуудын гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Л.А нь 18 нас хүртэл эцэг Ц.Л ын асрамжид эмээ С.О тэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

 

9.Харин эх Р.Г гаас шилжүүлсэн хүүхдийн тэтгэлгийн мөнгө, улсаас өгсөн хүүхдийн мөнгийг зориулалтын дагуу хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг хариуцагч өөртөө авсан гэж үзэх, түүнчлэн нэхэмжлэгч нь эмээ С.О ийн асрамжид өсөж, эцэг Ц.Л нь хүүхдийг өсгөөгүй гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийнхээ дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

 

11.Гэвч нэхэмжлэгч Л.А 2020 оны 12 дугаар сарын 02-нь өдөр 18 нас хүрч, насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа алдаагүй байх тул эцэг Ц.Л аас гадаадад суралцахаар явахад гарсан зардал нисэх онгоцны тийзний мөнгө 1,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

12.Иймд хариуцагч Ц.Л аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

13.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэлгүй байх хариуцагч Ц.Л аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.АЗБАЯР