| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034000000558 |
| Дугаар | 2021/ДШМ/26 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/26
Х.Сд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Төмөртулга,
Хохирогч М.Болдбаатар /онлайнаар/,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/458 дугаар шийтгэх тогтоолтой Х.Сд холбогдох 2034000000558 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.С-,
Шүүгдэгч Х.С нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Оросын хонхор гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн М.Болдбаатарыг агсарч дайрлаа гэх шалтгааны улмаас иргэн М.Болдбаатарын толгой болон биен тус газарт усны гутал болон гараараа цохиж, М.Болдбаатарын биед тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/458 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Өндөрнөр Хандаагийн Сг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн 2034000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Хохирогч М.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Болдбаатар, хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар давж заалдах гомдолдоо: “...М.Болдбаатар миний бие 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Оросын хонхор гэдэг газар Х.Сд зодуулж толгойдоо хүнд гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон билээ. Х.С нь согтуурсан үедээ намайг ямарч шалтгаангүй зодож амь насанд аюултай гэмтэл учруулсан бөгөөд үүнийгээ "унтахгүй байсан учраас унтуулах гэж цохьсон" гэж мэдүүлсэн байна. Энэ хэргийн улмаас миний биед "тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт" гэмтлүүд тогтоогдсон бөгөөд "дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд хүнд зэрэгт хамаарна" гээд "цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна" гэсэн дүгнэлт гарсан.
...Х.С нь шүүх хуралдаанд "ярих зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэж байгаа боловч намайг зодсоноос хойш огт уулзаагүй, эмнэлэгт 20 гаран хонож хүнд хагалгаанд орж байхад нэг ч удаа ирээгүй, манай гэр бүлийн утсыг залгахаар огт авдаггүй, өөр дугаараас залгахаар авдаг байсан. Х.С нь шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд дансаар 800.000 болон 2.400.000 төгрөг буюу нийт 3.200.000 төгрөгийг төлсөн.
Миний бие шүүх хуралдаанаас өмнө гарсан Батсүмбэрээс ирж очих замын зардал болон эмчилгээндээ хэрэглэсэн эм тариа авсан зардал болох 529.194 төгрөгний баримт гаргаж өгсөн богөөд үүнтэй хамт өмгөөлөгчийн хөлс болох 1.500.000 төгрөгийг Х.Сгаас гаргуулах хүсэлт гаргасан. Х.С нь шүүх хуралдаан дээр миний дээрх нэхэмжилсэн мөнгө болох эмчилгээний зардал 529.194 төгрөг болон өмгөөлөгчийн төлбөр 1.500.000 төгрөг буюу нийт 2.029.194 төгрөгийг төлж барагдуулна гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн юм. Гэтэл шүүх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж, шүүгдэгчийн төлөхийг зөвшөөрсөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт хохирогч нь "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах" эрхтэй юм. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно" гэжээ.
Ингэхдээ шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол, хор уршигтай холбоотой шаардлагаа эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээр хохиролоо нэхэмжилж байгаа тохиолдолд нотлох баримтыг үнэлэхээс гадна талуудын ямар хэмжээний хохирол төлбөрийг төлөхийг харилцан тохиролцож байгааг, мөн шүүгдэгч, иргэний хариуцагч ямар хэмжээний төлбөрийг сайн дураараа төлөхийг зөвшоөрч байгаа, төлөхөө илэрхийлж байгааг буюу талуудын хүсэл зоригийг харгалзан хохирол, хор уршгийг шийдвэрлэх нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуудийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөхгүй бөгөөд харин ч талуудын төлөхийг зөвшөөрч байгаа төлбөрийг шүүгдэгч, иргэний хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд төлүүлэхээр шийдвэрлэх нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн, зөрчигдөж байгаа эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Эрүүгийн хуулийн зарчим зорилгод нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь баримтаар нотлогдсон төлбөрөөс илүү төлбөрийг заавал баримт шаардалгүй өөрийн сайн дураар төлж, төлөхөө илэрхийлж хүлээн зөвшөөрч болох бөгөөд ийнхүү зөвшөөрч байгаа байдлыг харгалзан шийдвэрлэх нь хууль зөрчихгүй юм.
Шүүх шүүгдэгч Х.Сгийн "2.029.194 төгрөгийг төлье" гэж зөвшөөрч, төлөхөө илэрхийлсээр байхад уг төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт талуудын төлөхийг хүлээн зөвшөөрч буй уг төлбөрийг ямар үндэслэлээр шийдвэрт тусган төлүүлэхээр шийдвэрлэх боломжгүйг дурдаагүй нь ойлгомжгүй байна.
Ийнхүү миний шаардсан төлбөрийг шүүгдэгч төлье гэж зөвшөөрсөөр байхад шүүх хангаж шийдвэрлээгүйгээс болж хурлаас өмнө болон хурал дээр "энэ бүгдийг төлнө, мөн шаардлагатай бүхнээр тусална, дэмжинэ, хадлан түлээ бэлтгэхэд чинь ах нь чадлаараа туслаад өгье" гэж байсан Х.С "шүүхийн шийдвэр гарсан, мөнгө төлөх ёсгүй юм билээ" гээд харьцахаа больсонд маш их гомдолтой байна.
Мөн Х.Сд оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний гэм буруу, учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд ''Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна'* гэж шударга ёсны зарчмыг заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд "Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан.
Энэ хэргийн улмаас миний бие насаараа эрүүл мэндээрээ хохироод үлдэж байхад урьд нь мөн эхнэрийнхээ толгойд гэмтэл учруулан эрүүгийн хариуцлага хүлээж байсан Х.С засарч хүмүүжилгүй дахин хүнд гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байтал 10 сая төгрөгөөр торгуулан өнгөрч байгаа нь шударга бус байна.
Х.Сг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хүнлэг бус, хэрцгий шинжгүй байх зарчимд нийцэж болох ч нөгөө талаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршдог билээ.
Иймд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/458 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хохирлын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээж мэдүүлсэн. Сгийн хувьд ямар л хохирол гарна төлнө гэж мэдүүлсэн. Хохирлыг үндсэндээ илүү хэмжээгээр төлсөн байгаа. Шүүх хурлаас хойш ч гэсэн эм тариа авч өгсөн байгаа. Мөн хадлан тэжээл бэлтгэхэд нь хамт хадалцаж өгсөн байдаг. Хувийн байдлын хувьд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гаргасан тайлбартаа: Талууд нэхэмжилсэн мөнгийг төлөх талаар тохиролцсон байхад анхан шатны шүүх тохиролцсон хэмжээгээр гаргуулаагүй. Торгох ялын талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй. Энэ дүгнэлт нь ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Гомдлоо дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч М.Болдбаатар гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг удаа ирээгүй. Эгч нь уулзах гэж ирсэн гэдэг нь худлаа. Манай тэрүүгээр л архи уугаад яваад байдаг гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Сд холбогдох эрүүгийн 2034000000558 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Оросын хонхор гэх газар 2020 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр иргэн М.Болдбаатарыг үгэнд орж унтсангүй, агсарч дайрлаа гэх шалтгааны улмаас толгой болон биед нь усны гутал болон гараараа цохиж эрүүл мэндэд нь тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайнд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Х.Сгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 11, 38-39/, хохирогч М.Болдбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5/ болон гэрч Б.Банзрагч /хх-ийн 6-7/, гэрч Г.Чойжилдорж /хх-ийн 8-9/, гэрч А.Цоггэрэл /хх-ийн 10/ нарын мэдүүлгүүд,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн "1.2.М.Болдбаатарын биед тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 30/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Сд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд “Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/458 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч М.Болдбаатар нь 3.890.478 төгрөгийн хохирлын баримтуудыг хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлснийг анхан шатны шүүх 176.200 төгрөгийн баримтад авагдсан эд зүйл нь хүний өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн тул хангах үндэслэлгүй, мөн өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж нийт 1.676.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, үлдэх 2.214.278 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн 1.676.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/458 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг “6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Болдбаатарын нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн шаардлагаас 1.676.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хохирогч М.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.
4. Шүүгдэгч Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Р.МӨНХ-ЭРДЭНЭ