Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.М******** /РД:**********/

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарын хооронд үүссэн төрийн албанаас халах тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн томилуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б********, нэхэмжлэгч Н.М********, түүний өмгөөлөгч Ө.Э*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Н.М******** нь тус шүүхэд хандан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай Н.М********ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Н.М******** нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

2.2. Улмаар 2019 оны 05 дугаар сард уг албан тушаалд жинхэлж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд ажилласан.

2.3. Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож, 6 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.[1]

2.4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.М********т оногдуулсан 6 000 000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн.[2]

2.5. Энэ үйл явдлаас хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр маргаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/162 дугаартай тушаал гарсан.[3]

2.6. Тус тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021/ШЦТ/0068 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2021/ДШМ/34 дугаар шүүхийн магадлал байна.

2.7. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.[4]

2.8. Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/164 дугаартай албан тоотоор ... гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн.[5]

2.9. Тиймээс нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... маргаан бүхий Б/162 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна, намайг ялаас өршөөн хэлтрүүлснээр шүүхийн шийтгэл тогтоолын эрх зүйн үйлчлэл байхгүй болсон, Б/162 дугаартай тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс ... Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална гэсний дагуу хуулийг хэрэгжүүлж тушаал гаргасан, Б/162 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Н.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийгмийн даатгалын ерөнхий газраас чөлөөлөгдсөн үндэслэлийг ярихын тулд урьд өмнө болсон үйл баримтыг тайлбарласан нь зүйтэй байх. Н.М******** миний бие 1977 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн 2001 оноос Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын хууль зүйн хэлтэст, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтэн албаны дарга хэлтсийн дарга гэх мэтчилэн ажлуудыг гүйцэтгэж явсаар 2016 онд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Энэ хугацаанд аливаа зөрчил дутагдал, арга хэмжээ авхуулсан нэмээд авлига албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй.

2016 онд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга болоход. Тухай үед Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлын үзүүлэлтээрээ 21 аймгаас 21-т жагссан тааруу үзүүлэлттэй байсан. 2021 оны ажлын үзүүлэлтээрээ улсын хэмжээнд 3-т орж байна. Эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд байгаа гэмт хэрэг маань 2018 оны 5 дугаар сард Монголын цахилгаан холбооноос надад албан бичиг ирсэн. Тухайн албан бичиг дээр энэ чиг үүргийг хариуцаж байгаа албан тушаалтанд цохож өгөөд тухай албан тушаалтнуудаас ирсэн бичиг дээр хянаж хариу байгууллагууд руу өгч явуулдаг. Тухайн үед өөрийн ажилтнаа Монголын цахилгаан холбоо компани ямар өвчинтэй нь хэдэн хувийн групптэйг мэдэхийг хүссэн утга агуулгатай бичиг ирснийг магадлагч эмч руугаа цохоод магадлагч эмч нь өвчний тодорхойлсон групптэй үнэн гэсэн бичиг хийж өгсөн бичиг дээр гарын үсэг зураад тухай байгууллагад хүргүүлсэн байдаг. Энэ үйл баримтаас шалтгаалаад тухайн эрүүгийн хэрэг үүссэн. Энэ хэрэг маргаан нь 2019 онд бүтэн жил шалгуулж, прокурор, цагдаа дээрээс маш олон удаа буцсан. Тухайн хүн маань маш олон газар гомдол гаргасан байдаг. 2020 онд шүүх хурлаар явсан 3 шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэвч Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хурлаар дахиж авч хэлэлц гэх шийдвэр гарснаар анхан шатны шүүхээс 6 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан өгсөн. 2021 оны 07 дугаар сард батлагдсан өршөөлийн тухай хуулиар миний хэрэг өршөөгдсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газар бол тухайн мэдээлэл өгөх журам нь өөрөө дутагдалтай байдаг. Тухайн байгууллага албан хаагчийн мэдээллийг авахад ямар журмаар өгөх гэдэг зүйл үндсэндээ байхгүй явж ирсэн. Хүн ажилд орохдоо аль ч байгууллагад эрүүл мэндийн даатгал мэдээллийг тухайн байгууллага заавал аваачиж өгөх үүрэгтэй байдаг. Дээрээс нь нуун дарагдуулснаар Нийгмийн даатгалын тухай хууль Татварын тухай хууль гэх мэтчилэн хуулиудыг зөрчсөн байдаг. Өршөөлийн хуульд хамрагдаад цаашдаа ажил үүргээ хийе гэсэн боловч Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамны сайд, Төрийн нарийн бичиг ерөнхий газар руу энэ хүн маань удаа дараа өргөдөл гомдол гаргаж өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрээд байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

... 2001 оноос хойш 20 гаран жил төрд ажилласан эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг төрийн албаны цалин хангамжаас өөрөөр хөрөнгө мөнгө олдог компани гэх зүйлгүй. Ажилгүй болоод үндсэндээ 4 сарын нүүрийг үзэж байна. Үнэхээр одоо амьдрахад хүндрэл учирч байна. Маш их хэл амтай заргач хүмүүсийн хэл ам, өргөдөл гомдол болоод өнөөдөр их хохирч байна. Төрийн албанд 20 жил үнэнч шударга ажиллахыг хичээж ажилласан энэ бүх хичээл зүтгэл үр дүн маань ийм асуудлаас болж дуусгавар болж байгаад туйлын их харамсаж байна.

... Ажлаас чөлөөлөх тушаал маань үндсэндээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Би энэ тушаал гарсныг 2021оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэсэн байдаг. Би байгууллагаа удирдаж байсан хүний хувьд ажилтан албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө сонсох ажиллагаа болон мэдэгдэх хуудас гэх мэтчилэн урьдчилсан мэдэгдэх ажиллагаа хийх ёстой гэж бодож байна. Ажлаас чөлөөлсөн явдалд ийм зүйл огт байхгүй байна. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэрэгт авагдсан баримтаар бол нэхэмжлэгч Н.М******** төрийн албанаас халагдах үндэслэл нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэг үндэслэлээр төрийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 47.1-т зааснаар халсан гэдэг үйл баримт бол тодорхой байгаа. Нэхэмжлэгчийн хувьд яагаад эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа гэхээр тухайн тушаал нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа үндэслэл нь Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч ял шийтгэл аваад шийтгэл нь өршөөгдөж шийтгэх тогтоолын үйлчлэл байхгүй болсон тохиолдолд хэрхэх вэ, хөдөлмөрийн харилцааг ямар нэгэн байдлаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Тийм учраас ийм ойлгомжгүй нөхцөл байдал нэхэмжлэгчийн эрхийг хууль байхгүй үндэслэлээр хязгаарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т заасан шийтгэх тогтоол гэдэг маань өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хуульд заасан ялыг эдлүүлэхэд эрх зүйн үр дагаврыг үүсгэж байдаг эрүүгийн хариуцлага зорилгын биелүүлэхэд оршиж байдаг шүүхээс гаргадаг эрх зүйн акт.

Гэтэл уг зорилго үйлчлэл байхгүй эрх зүйн акт бий болчихсон буюу Өршөөлийн хуульд хамрагдаж шийтгэх тогтоолын эрх зүйн үйлчлэл өөрөө арилсан гэж байна. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 47.1 дэх заалтыг баримтлан Н.М********ыг төрийн албанаас халсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс хамгийн Н.М******** гэж хүнтэй ял шийтгэлтэй холбоотой гаргасан эрх зүйн акт маань 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ялаас чөлөөлөх захирамж байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 тушаал гарахаас өмнө ялаас чөлөөлөх шүүгчийн захирамж гарсан учраас үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т заасан шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон гэх текстийн хүрээгээр цаашдын үр дагаврын харгалзахгүй хэрэглэх юм бол ямар асуудал гарах уу гэхээр өнөөдрийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэмт хэрэг маань өөрөө бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирна эсвэл одоо бусдад их хэмжээний хохирол 50 саяас дээш хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хэргийн гэмт хэрэг болдог. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа төрийн албан хаагч өөрийн болгоомжгүй санаандгүй байдлаас болоод машинтай мөргөлдөх осол аваар болонгуут дотор байгаа хүнд хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд яг энэ заалтаар төрийн албанаас халагдах нөхцөл байдал үүсэж байгаа харагдаж байна. Төрийн албаны дархлаа энэ байдлаараа сулраад Үндсэн хуулиар олгогдсон ажил үүргээ чөлөөтэй эрхлэх хөдөлмөр эрхлэх эрх нь хөндөгдөөд байна. Өршөөлийн хууль гэдэг бол Улсын Их хурал буюу төрийн эрх барих дээд байгууллагад үндсэн хуулиар олгогдсон хэн нэгтэй хуваалцдаггүй онцгой бүрэн эрх байгаа. Тэгэхээр Өршөөлийн хууль маань өөрөө тухай ял шийтгэлээс чөлөөлөх онцгой бүхэн эрх байдаг. Энэ төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрлэсэн нь эрүүгийн шийтгэх тогтоолыг өршөөн хэлтрүүлсэн үйлдэл байна. Энэ тохиолдолд төрийн захиргааны хууль хэрэгжүүлэх байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газар дарга маань өршөөгдсөн байхад ажил албан тушаалаас нь халсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Н.М********ыг төрийн албанаас халах тушаалыг хүчингүй болгож Н.М********ыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эрүүлэн томилж өгнө үү гэх шаардлага тавьж байна.

... Сая шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд заасан хэрэгжилтийг хангах гэх бичиг ирсэн. Тэр албан бичгийг үндэслээд аргагүй эрхэнд Н.М********ыг төрийн албанаас халах 162 шийдвэр гаргасан гэх ерөнхий байдал ажиглагдаж байна. Бусад дээд байгууллагын хувьд иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг харьяа байгууллага руу нь шилжүүлсэн түүгээрээ хариу өгөх тийм албан бичгүүд байна. Тэгэхээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлэхдээ Захиргааны байгууллага буюу Нийгмийн даатгалын ерөнхий газар дарга маань захиргааны ерөнхий хууль заасан үндэслэл журмын дагуу энэ үйл ажиллагааг эхэлсэн үү гэдэг ойлгомжгүй байгаа. Тэр нь яаж илэрхийлэгдэж байна гэхээр төрийн албаны зөвлөл ямар нэгэн байдлаар төрийн албанд ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх Төрийн албаны тухай хуульд байхгүй гэж харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх гээд заасан байгаа. Эдгээр 12 зүйл байгаагаас зөвхөн төрийн албаны сонгон шалгаруулалт томилох үйл ажиллагаатай холбоотой шалгалтыг эсвэл зөрчил илрэх юм бол тэрийг арилгуулах хууль тогтоомж шийдэх зөрчлийг хүчингүй болгуулах тийм эрх байгаад байгаа. Мөн тодорхой төрийн албан хаагч бол төрийн албаны шалгалтад орсон байгуулсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд төрийн албаны зөвлөл маань өөрөө тодорхой комисс байгуулаад тухайн тохиолдол дээр хяналт шалгалт явуулж тодорхой шийдвэр гаргаж холбогдох байгууллагууд руу шийдвэрийг хүргүүлдэг тийм эрх зүйн зохицуулалттай байдаг. Төрийн албаны зөвлөлийн албан бичиг нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад ирүүлсэн тэр албан бичигт хууль үндэслэл болгосон байхгүй шууд тухайн Н.М********ыг 47.1.2-т заалтаар халах арга хэмжээ авч өгнө үү гэсэн байдаг. гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилтай Н.М******** нь хувь хүний нууцыг задруулсан гэж Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцогдож Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийдвэр тогтоолоор 6 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн. Н.М******** нь Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд хандаж тус тус гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх гомдлын дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг хянан хэлэлцээд Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 68 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны 305 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ХМШ/З328 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу торгуулийн ялаас өршөөн хэлтрүүлсэн байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан хаагчийнхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэглэх талаар Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөрөөр ял шийтгэл оногдуулах албанд тус тус албан бичгээр хандаж холбогдох хариуг авсан байдаг.

Н.М********ыг шүүхээс гэм буруутай тооцож ял шийтгүүлж шүүхийн шийдвэр тогтоол хүчин төгөлдөр болсон байгаа арга хэмжээг авч хариуг мэдэгдэх талаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/193 дугаартай албан бичиг, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/2186 дугаар тоот албан бичгээр тус тус ирүүлсэн байдаг. Хариуцагч байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр тогтоол хүчин төгөлдөр болсон бол Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/162 дугаар тушаалаар Мөнхбаярыг Дархан-Уул аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж төрийн албанаас чөлөөлж төрийн албанаас халсан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг халсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ... Нийгмийн даатгалын ерөнхий газраас Н.М******** Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруугийн асуудал нь шүүхээр тогтоогдож 6 сая төгрөгөөр торгуулах шийтгэл оногдуулсан. Үүнтэй холбогдуулаад Нийгмийн даатгалын ерөнхий газар төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд, хууль зүйн үндэслэлийн хүрээнд арга хэмжээ авсан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: гээд мөн зүйлийн 47.1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон; гэж заажээ.

2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас дээрх үндэслэлээр халахад тухайн төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон байх, тэр талаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх урьдчилсан нөхцөл тавигдаж байна.

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Н.М********ыг албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон[6] Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоол гарсан болох нь тогтоогдож байх бөгөөд уг шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар[7] түүнд 6 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

4. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан тул тус хуулийн 4 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.5, 12.9 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Н.М********т 2021 оны 2021/ШЦТ/0068 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 000 000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлжээ.

5. Хэдийгээр нэхэмжлэгч Н.М********т оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн байх боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. гэж зааснаар энэ нь түүнийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021/ШЦТ/0068 дугаартай шийтгэх тогтоолоор албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгосон гэх агуулгыг илэрхийлэхгүй гэж үзнэ.

6. Тодруулбал, хууль зүйн утгаараа Н.М********т дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн гэдэг нь эрүүгийн гэмт хэргийн улмаас үүсэх эрх зүйн үр дагаврыг /эрүүгийн хариуцлага буюу ялыг/ хүчингүй болгоход чиглэсэн буюу ялаас чөлөөлөх тухай ойлголт болохоос түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэхгүй.

7. Энэ тохиолдолд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021/ШЦТ/0068 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна гэж ойлгоно.

8. Тиймээс хариуцагчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай Н.М********ыг төрийн албанаас халах тухай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс ... маргаж буй тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, миний хувьд төрийн албанд ажиллах шаардлагыг одоо ч хангаж байгаа ... гэх агуулгаар тайлбар хэлсэн.

10. Нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021/ШЦТ/0068 дугаартай шийтгэх тогтоол нэгэнт хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд энэ талаар хариуцагч сонсох ажиллагаа явуулж үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх боломжгүй, түүнчлэн, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас халахаар хууль тогтоогч зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн энэ талаар дурдсан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

11. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.2 дахь заалт, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М********ын гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай Н.М********ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ