| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 355
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 400 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 612 дугаар магадлалтай, 201626021535 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Гөрөөчин овогт А.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.А-г бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар А.А-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 сар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 1 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 400 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.А-г эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А гаргасан гомдолдоо: “2002 оны Эрүүгийн хуулиар ял авсан бүх хүн шоронгоос гарсан. Энэ хуулийг хүчингүй болсон тухай Төрийн мэдээлэл сэтгүүлд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын тогтоол гаргажээ. Иймд энэ халагдсан хуулиар гарсан бүх тогтоол, шийдвэр хүчингүй болсон. 2015 оны шинэ Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойшхи үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заажээ. Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлахгүй байгаад гомдолтой байна. Шүүгдэгч А.А-гийн үйлдлүүд өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт ялтай байдлыг тодорхойлсон байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтоож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Ялыг тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан гомдлыг үндэслэн А.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч А.А нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Түвшинбатын эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай, “Ниссан санни” загварын автомашины арын тээшнээс “Никон ди 7000” загварын гэрэл зургийн аппарат, түүний дагалдах хэрэгсэл зэргийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Энх-Амгалангийн эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины цонхыг хагалж иргэн Т.Наранцацралтын гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Гантөгсийн “Ланд круизер” загварын автомашины түлхүүр, “Айфон 3” загварын гар утас, “Эл жи” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас 2 ширхэгийг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Ганцэцэгийн “Шанел” брэндийн гар цүнхийг хулгайлж 130.000 төгрөгийн хохирол, Л.Ганчимэгийн хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн хувцас, ном зэргийг хулгайлж 128.500 төгрөгийн хохирол, нийт 2.957.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхээс А.А-гийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 2 жил хорих ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Харин анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар А.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар хорих ялаар тогтоосон нь буруу, өөрөөр хэлбэл хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж, биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас багаар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.А-д өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 400 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН