| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/03839/И |
| Дугаар | 102/ШШ2022/01542 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2022/01542
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, Д ургийн овогтой Д М /РД:................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... тоот хаягт байрлах, Л ХХК /РД:.........../,
Хариуцагч: ......................тоотод оршин суух, Д ургийн овогтой Д Б /РД..................../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 49,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Л ХХК, Д.Б нарт холбогдуулан .............................талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Бгаас татгалзаж, хариуцагч Л ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 49,560,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлолдоо: ...Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Л ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах 86 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ........................... талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч байрны үнэ 49,560,000 төгрөг төлөх үүргийг хүлээн тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлж үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч Д.М нь уг гэрээний 2.4-т заасны дагуу байрны төлбөр болох 49,560,000 төгрөгийг 100 хувь бүрэн гүйцэд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөртөө бэлнээр санхүүд тушаан бэлэн мөнгөний баримт бичүүлэн авсан бөгөөд тус байрыг 2014 оны 12 дугаар сарын 04-нд улсын комисс хүлээн авсан. Улсын комисс хүлээж авсны дараагаар түлхүүрийг гардан авсан. Энэ байр нь хийгээгүй дутуу зүйл байсан, өөрсдийнхөө мөнгөөр дутуу зүйлийг гүйцээж амьдарч байсан боловч Ласти интерншнл ХХК гэрчилгээ гаргуулах энэ үүргээ зөрчиж 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Д.Бгийн нэр дээр өмчлөх гэрчилгээ гаргасан. Гэрчилгээ гаргаснаар шүүх маргаантай асуудал үүссэн. Ийм учраас Ласти интерншнл ХХК иргэн Д.Б нарыг хамтран хариуцагчаар татаж Баянгол дүүргийн, Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох байсан. Ласти интерншнл ХХК нь .... аймгийн улсын бүртгэлийн Д.Бд гаргасан гэрчилгээний асуудал нь ..... аймгийн Захиргааны шүүх дээр асуудал үүссэн. Бид бүхэн давхар нэхэмжлэгчээр орж нэхэмжлэл гаргасан. Д.Бтай харилцан тохиролцож Л ХХК тушаасан мөнгөө буцааж авч Д.Бгаас худалдаж авах нь зөв юм байна гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Бгаас татгалзаж, хариуцагч Л ХХК-тай хийсэн гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 49,560,000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэжээ.
2.Хариуцагч Л ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь дагуу ........................... талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулаад 49,560,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэл нь өрөө Иргэний хууль болон бусад дагалдах хуулиудыг зөрчсөн. Байрны төлбөрийг манай компаниас нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм. Уг гэрээ байгуулсан өдрөөс хойш тухайн оршин суугч захиалагч нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой байтал уг гэрээнийхээ дагуу төлбөр төлөөд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй. Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлээгүй гэрээгээ зөрчсөн. Уг байрны төлбөр болох 49,560,000 төгрөгийг 2016.08.16 санхүүд тушаасан гэсэн баримт нь хууль бус, нотлох баримтын шаардлага хангаагүй. Эрх бүхий албан тушаалтны арын үсэг байхгүй, дугаар байхгүй, магадгүй Ласти интерншнл ХХК өгсөн санхүүгийн баримт нь залилангийн шинжтэй байж магадгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт Д.М, Л ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Л ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт, тооцооны баримтын жагсаалт, Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Б, Л ХХК нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний хугацааг сунгасан сунгалтын гэрээ, Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, .............. талбайтай 50 хувь гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б, А.Л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар захирамж, ......................тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн.............тоот албан бичиг, хавсралт, ........... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар захирамж нотлох баримтаар авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууц барьж, өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулана гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ...Гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, ...49,560,000 төгрөг төлөгдөөгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Л ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 86 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр хариуцагч Л ХХК-ийн ................... орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулан, А блок, 1-р орц, 9 давхрын 33 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан өгөх, нэхэмжлэгч Д.М нь үнэ 49,560,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг гэрээнд Л ХХК-ийн захирал А.Л гэж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулжээ. /хх-ийн 6/
4.Үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулахад талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэл хийх боломжгүй юм.
5.Гэрээний агуулга, талуудын хүлээсэн үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэн аль хүсэл зоригийнхоо дагуу гэрээг байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
7.Нэхэмжлэгч Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлж Л ХХК-д 49,560,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Л ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 86 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
8.Хариуцагч нь хэлцэл хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй, төлбөрийн баримтыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч татгалзаж буй үндэслэлээ нолох баримт гаргаагүй, баримтаар тогтоогдохгүй байна.
9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-дд Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
10.Хариуцагч маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2018/08942 дугаар захирамжийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Д.Бд шилжүүлж, улсын бүртгэлд Д.Б өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
11.Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзаж байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээс татгалзаж, шилжүүлсэн 49,560,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
12.Иймд хариуцагч Л ХХК-иас 49,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
13.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бгаас татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Бгаас татгалзсаныг батлав.
14.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 405,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч Л ХХК-иас 49,560,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Бгаас татгалзсаныг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 405,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР