Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/01441

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .........тоот хаягт байрлах, И ББСБ ХХК /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ..................................-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,911,446 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Хариуцагч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Д.А холбогдуулан 1,911,446 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д.А нь манай И ББСБ ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр .......... тоот зээлийн гэрээг байгуулж, 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр ............... улсын дугаартай Toyota axio маркын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Зээлдэгч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 9,411,446 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ талаар Д.А мэдэгдэхэд барьцааны зүйлийг танай компаниар худалдан борлуулахад татгалзах зүйлгүй, дутуу өртөгөөр борлуулвал буцаан зөрүүг төлөх болно гэх хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 25-нд өгсөн. Үүний дагуу фидуцийн гэрээний зүйл болох ........... улсын дугаартай Toyota axio маркын авто машины зах зээлийн үнийг Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 7,500,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Улмаар уг авто машиныг 7,500,000 төгрөгөөр борлуулсан. Иймд зээлдэгчийн төлөх төлбөрөөс уг үнийн дүнг хасаж, үлдэгдэл төлбөр 1,911,446 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Д.А нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний машин 11,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Машиныг 7,500,000 төгрөгөөр зарсан эсэхийг мэдэхгүй байна. И ББСБ ХХК-ийн 1,911,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрилгээ, хавсралт, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуци/ гэрээ, Д.Аийн өргөдөл, автомашин үнэлгээний тайлан, зээл төлөлтийн хуваарь,

Хариуцагчаас Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга,

Шүүхээс авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, хавсралт, нотлох баримтаар авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Д.А холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,911,446 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэн авч 7,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Зээлийн үүргийг бүрэн хангаагүй тул үлдэгдэл 1,911,446 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Зээлийн төлбөрт фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлэн өгч, өглөг, авлага дууссан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Д.Атэй 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №20180801 тоот зээлийн гэрээг байгуулж, 6,000,000 төгрөгийг 12 сарын хугцаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуци/ гэрээг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Toyota Axio маркийн ........... .... улсын дугаартай суудлын автомашиныг 8,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

6.Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй учир 2020 оны 08 дугаар сарын 25-нд хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад фидуцийн гэрээний зүйлийг үүргийн гүйцэтгэлд шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

 

7.Дээрх хүсэлтийн дагуу нэхэмжлэгч байгууллага хариуцагчийн өмчлөлийн Toyota Axio маркийн ........... .... улсын дугаартай суудлын автомашиныг шилжүүлэн авч, худалдан борлуулсан байна.

 

8.Зохигчид зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, автомашин шилжүүлэх гэрээ, хариуцагчийн өмчлөлийн Toyota Axio маркийн ........... БУЗ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч шилжүүлэн авч, худалдан борлуулсан талаар маргахгүй байна.

 

9.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байдаг.

 

10.Фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдэлээ өөрсдөө хүлээдэг.

 

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн авснаар дууссан гэж үзэхээр байна.

 

12.Иймд хариуцагч Д.А холбогдох 1,911,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 453.4 дэх заалтыг баримтлан Д.А холбогдох 1,911,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас улсыг тэмдэгтийн хураамжид төлсөн 45,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР