Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2022/01345

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2022/01345

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, Б.Д

Нэхэмжлэгч: оршин суух, В.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг хүчингүй болгуулах,

Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой албадан дуудлага явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоон төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар НЭГ ХХК, МС ХХК, н.А нараас 153,975,776 төгрөгийг гаргуулж, ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш Б.Д гэх миний хувийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 байрны 7 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-22************ дугаарт бүртгэгдсэн 29 мкв бүхий орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар албан бичгээр дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасанг мэдэж, миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байгааг мэдлээ. Миний бие төлбөр төлөгч биш дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь иргэн миний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдаж хуулийг зөрчиж байна.

Иймд Б.Д миний эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 байрны 7 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-22************ дугаарт бүртгэгдсэн 29 мкв бүхий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Н нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Л.Эээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 байрны 72 тоот, 39 м.кв 1 өрөө орон сууцыг 85 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Төлбөр төлж гэрээ байгуулах үед тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн ба өмчлөх эрхийг шилжүүлэхээ түр хойшлуулсан байдаг. Гэтэл Л.Э нь В.Нид зарсан орон сууцаа Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж зээл авсан байсан ба яаралтай мөнгөний хэрэг гарлаа, зээлээ хурдан төлж, орон сууцыг чинь барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн гэдэг.

Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ХД-37 байрны 72 тоот орон сууц нь 2014 оноос хойш В.Нийн эзэмшилд байгаа ба Л.Э нь Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдлээ төлөөгүйн улмаас шүүхээр орж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм байна. Улмаар орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулахаар болсоныг 2021 оны 11 сарын 15-ны өдөр В.Н мэдсэн байна. Өмнө нь тухайн орон сууцыг зээлийн өр төлбөрт тооцох ажиллагаа хийгдэж байгаа, дуудлага худалдаанд оруулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Худалдаа хөгжлийн банк, Л.Э нарын зүгээс хууль ёсоор эзэмшил, ашиглалтанд байгаа В.Н болон түүний гэр бүлд мэдэгдэж байгаагүй байна.

Орон сууцтай холбоотой шүүхийн маргаан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүй хоорондоо үгсэн тохиролцон В.Нийн эрхийг зөрчсөн ажиллагаа явуулж эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/40 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор иргэн В.Нийн орон сууцыг дуудлага худалдаагаар оруулж, түүний эрхийг зөрчсөн ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 156 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулж буй В.Нийн хууль ёсоор эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 байрны 72 тоот орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2447 дугаар захирамжаар НЭГ ХХК, МС ХХК, н.А нараас 153,975,776 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгох, төлж барагдуулаагүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-22************ дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.Д, түүний эхнэр Г.С нар нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, Г.С нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

Нэхэмжлэгч Б.Д нь төлбөр төлөгч биш боловч НЭГ ХХК, МС ХХК, н.А нарын ХХБ ХХК-иас авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, барьцааны орон сууцаар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг битүүмжилсэн ажиллагаа хуулийн дагуу авагдсаныг шүүхийн шийдвэрээр тогтоосон.

Мөн Л.Э нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-22************ дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийн үнэлгээнд гомдол гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн.

Б.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан, ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Б.Дий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч В.Н нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ХД-37 байрны 72 тоот орон сууцны өмчлөгч биш, Л.Э нь орон сууц өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсон, мөн орон сууцны үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул В.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч Б.Дий талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-156/21652, 2021.11.08-ны өдрийн Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилээ №20588 зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, нэхэмжлэгч В.Н-ийн талаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021.11.08-ны өдрийн 12/40 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.10-ны өдрийн 4-156/21651 дугаар албан бичиг, 2014.09.01-ний өдрийн Иргэд хоорондын гэрээ, 2015.01.30-ны өдрийн Байр худалдах худалдан авах тухай иргэд хоорондын гэрээний үргэжлэл, Улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, өрхийн гишүүдийн бүртгэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 2447 дугаар захирамж, 2017.12.28-ны өдрийн 23 дугаар гүйцэтгэх хуудас, 2017.12.28-ны өдрийн 00159 дугаар захирамж, 2018.04.05-ны өдрийн 18280472 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 3 хуудас, 2018.05.02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.07.03-ны өдрийн 8/1048 дугаар албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ №20588, 2018.08.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.08.24-ний өдрийн 156/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018.08.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2018.10.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.10.24-ний өдрийн 156/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018.10.24-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлстийн 2018.07.03-ны өдрийн 504 дугаар албан бичиг, хар зураг 1х, 2018.10.25, 2018.12.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгийн тэмдэглэл 3х, 2018.10.25-ны өдрийн 156/04, 2018.12.07-ны өдрийн 156/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2018.12.07-ны өдрийн 156/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018.11.05-ны өдрийн нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.10-ны өдрийн 13782 дугаар захирамж, 2019.03.14-ний өдрийн 644 дугаар шийдвэр, 2019.04.16-ны өдрийн Г.Сгийн гомдол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 869 дугаар магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.03-ны өдрийн 9/124 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Ү-2203023966 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2020.01.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.09.30-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.09.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2020.10.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.07-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.10.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас 3х, МС ХХК-ийн үнийн санал 2х, Ч.Аянгийн үнийн санал 2х, Нүүдэлчин эзэнт гүрэн ХХК-ийн үнийн санал 2х, Л.Э, Б.Д, Г.С нарын үнийн санал 3х, Нас барсны бүртгэлийн гэрчилгээ №878, 2020.10.23, 2020.10.22-ны өдрийн албан бичиг, 2020.10.26-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх тодруулсан тэмдэглэл, 2020.10.26-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2020.10.26-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2020.10.26-ны өдрийн шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай 2х, 2020.10.26-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2020.10.29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Файн эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК нарын хөрөнгийн үнэлгээний тайлан 27х, 2020.10.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.30-ны өдрийн 4-156/38805 дугаар албан бичиг 6х, 2020.11.06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2х, 2020.11.12-ны өдрийн 4/156/41198 албан бичиг 5х, мэдэгдэл, 2020.11.11-ний өдрийн 178, 181 дугаар Монгол улсын Засгийн газрын тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.23-ны өдрийн 15067 дугаар захирамж, 2020.11.04-ний өдрийн Л.Эийн нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.05-ны өдрийн 181/ШШ2021/00495 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.02-ны өдрийн 904 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.09.24-ний өдрийн 483 дугаар тогтоол, 2021.11.02-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.11.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.08-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Худалдаа хөгжлийн банкны 2021.10.12-ний өдрийн 5/8769 дугаар албан бичиг, 2021.11.08-ны өдрийн 12/10 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2х, 2021.11.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгийн тэмдэглэл 3х, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.10-ны өдрийн 4-156/21651, 4-156/21650, 4-156/21653, 4-156/21652, 4-156/21654 дугаар албан бичиг, албадан дуудлага худалдаа, 2021.11.25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2021.12.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.01-ний өдрийн 4-156/23160, 4-156/23159 дугаар албан бичиг, 2021.12.07-ны өдрийн 12/26 дугаар тогтоол, 2021.12.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгийн тэмдэглэл 2х, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.10-ны өдрийн 4-156/24012, 4-156/24011 дугаар албан бичиг, 2021.12.24-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2021.12.28-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмлэглэл 2х, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.28-ны өдрийн 4-156/25466, 4-156/25467 дугаар албан бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг хүчингүй болгуулахаар, нэхэмжлэгч В.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой албадан дуудлага явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоон төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2447 дугаар захирамжаар НЭГ ХХК, МС ХХК, Ч.н.А нараас 153,975,776 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-22************ дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-88-89х/

 

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.Т, Б.Д, Г.С нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байрны 7 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Л.Эийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоот, 39 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн, хураасан, албадан дуудлага худалдаагаар худалдах үнэлгээ тогтоосон ажиллагаанууд хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 644 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 869 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.05.28-ны өдрийн 255 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.05-ны өдрийн 181/ШШ2021/00495 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.02-ны өдрийн 904 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.09.24-ний өдрийн 483 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Д, Г.Нацагдорж нарын нэхэмжлэлд дурдсан орон сууцнуудаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч Б.Д нь төлбөр төлөгч биш боловч, НЭГ ХХК, МС ХХК, Ч.н.А нарын ХХБ ХХК-иас авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн бүхий ажиллагаанд Б.Д оролцсон байх тул түүний төлбөр төлөгч биш байтал миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг мэдэж, миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байгааг мэдлээ гэх гомдол бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч нарын үнэлгээ тогтоосон ажиллагаанд гаргасан гомдол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнээр НШШГГ нь 2021.11.08-ны өдөр төлбөр төлөгч нарыг дуудаж, төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тайлбар авч, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулж, 2021.11.08-ны өдрийн 12/39 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 73,500,000 төгрөгийн 70 хувиар тооцон 51,450,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2021.11.25-ны өдрийн 10 цагт худалдан борлуулахаар тогтоож, 2021.11.10-ны өдрийн 4-156/21652 дугаар мэдэгдлээр Б.Дд орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69, 70 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. /хх-211-216х/

 

Иймд нэхэмжлэгч Б.Дий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгч В.Н нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Л.Эээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 байрны 72 тоот, 39 м.кв 1 өрөө орон сууцыг 85 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууцны өмчлөгч гэж тайлбарлаж байна.

В.Н нь Л.Э худалдах, худалдан авах гэрээ буюу үүргийн хэлцэл байгуулсан боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй тул түүнийг орон сууцны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу Л.Э нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоот, 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож, орон сууцны үнэлгээ тогтоосон ажиллагаанд гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч В.Нийг Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний орон сууцтай холбоотой албадан дуудлага явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоон төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч В.Н-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоон төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Дий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, В.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА