Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02423

 

 

   

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Р-г дунд сургуулийн дотуур байр, А-0 тоотод оршин суух, ОХУ-ын иргэн Н.А.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах Р- г дунд сургууль БСБ /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: амралтын мөнгө болон дутуу олгогдсон цалинд нийт 13,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

хариуцагчийн өмгөөлөгч Ч.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Н.А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Р-г дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан юм. Ажиллах хугацаанд буюу 2020-2021 оны хичээлийн жил дуусахад ээлжийн амралтын цалин болох 1,500,000 төгрөгийг олгоогүй бөгөөд би Оросын холбооны улс руу буцсан юм. Улмаар гүйцэтгэх захирал Ч.С нь 2021 оны 8 дугаар сард намайг Оросын холбооны улсад байх хугацаанд надтай холбогдож, 2020-2021 оны ээлжийн амралтын 1,500,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сард хичээлийн жил эхлэхэд олгохоор, мөн 2021-2022 оны хичээлийн жилд сарын 50,000 рублийн /1 рубль-40 төгрөгөөр тооцож/ буюу 2,000,000 цалинтайгаар тус сургууль ажиллахаар бид хоорондоо тохиролцож, бичгээр хийх хөдөлмөрийн гэрээг 1,000,000 төгрөгөөр байгуулж, түүнээс татвар тооцон хасч, үлдэгдэл цалинг сар бүр олгохоор, харин үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хуримтлуулж байгаад нэхэмжлэгчийг явахад бэлнээр олгохоор тохиролцож, би Монгол улсад ажиллах визээр ирж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал тус сургуульд багшаар ажилласан. Гэтэл ажиллах хугацаанд урьд тохиролцсон 2020-2021 оны ээлжийн амралтын мөнгийг болон амласан цалингаа дутуу өгсөн тул тус оны 11 сараас миний бие цаашид тус сургуульд ажиллах боломжгүй болж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаасаа гарах хүсэлтээ өгч, ажлаасаа гарсан юм. Ажиллах хугацаандаа дутуу олгогдсон цалингийн үлдэгдлийг авахаар утсаар болон өөрийн биеэр шаардсан боловч элдэв шалтаг шалтгаан тоочиж, улмаар бүр   утсаа авахаа ч больсон. Иймд миний 2020 оны ээлжийн амралтын 1,500,000 төгрөг, 2020 оны 11, 12 дугаар сарын болон 2021 оны 1,2,3,4,5, 9,10 дугаар цалингийн үлдэгдэл 11,600,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг Р-г дунд сургуулиас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Н.А.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гадаад багш нарын ажлын виз мэдүүлж урихад 1-2 сарын хугацаа шаардагддаг бөгөөд ОХУ-ын иргэн Н.А.Б нь 2018-2019 оны хичээлийн жилд ажиллахаар хүсэлт гарган 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Монголд ирэхдээ ажлын виз авч амжаагүй жуулчны визээр  орж ирсэн гээд 2018 оны 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Улаан-Үүд хот руу явж ажлын виз авна гэж чөлөө авч яваад сарын дараа ирэхгүй гэдгээ мэдэгдсэнээр дараагийн багшаа урихад дахин сарын хугацаа шаардлагатай болсон төдийгүй тухайн жил 1 дүгээр ангид элссэн сурагчдын эцэг, эх орос багш ирээгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүдээ 2018 оны намраас шилжүүлж эхэлснээр бүх хүүхдүүд шилжсэн тул сургуулийн хувьд багш Н.А.Б-с болж ихээхэн хэмжээний мөнгөн болоод нэр төрийн хохирол амссан болно. Манай багш Ма нь 2020 оны намар Н.А.Н-г санал болгосноор тэрээр “дээрхи алдаагаа залруулна, дахин ийм явдал гаргахгүй гэж амлаж байна” гэснээр 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн 2 жилийн хугацаанд ажиллах гэрээ байгуулснаар түүнд ажлын визний урилга илгээсэн болно. ОХУ-ын иргэд гадаадад хөдөлмөр эрхлэх тохиолдолд буюу Монгол Улс руу нэвтэрхийн тулд Хөдөлмөрийн гэрээг заавал ОХУ-ын талд шалгуулснаар ОХУ-ын хил нэвтрэх эрх үүсдэг болно. Н.А.Б ч хөдөлмөрийн гэрээгээ ОХУ-ын хил дээр шалгуулж ОХУ-ын хилээр нэвтэрч ирсэн ба уг гэрээгээ бариад 2021 оны 11-р сард ОХУ-ын Консулын хэлтэст хандсан гэж өөрөө хэлсэн байдаг. Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад ажилчдыг цагдаагийн хяналт хамгаалалттай унаагаар хүлээн авч 21 хоног карантинд байлгах шаардлага үүссэн учир Н.А.Бнь 2 жилийн гэрээгээр ажиллах тул 21 хоногийн карантинд байрлах байр, унаа, хамгаалалт, эмчийн мөнгө болох 1,300,000 төгрөгийг нь төлсөн. 2 хуудас баримтыг хавсаргав. 2020-2021 оны хичээлийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан гэрээний дагуу оршин суух үнэмлэхийг нь Гадаад иргэн, харьяатын газраар 2021 оны 5-р сард 2022 оны 07-р сарын 01 хүртэл хугацаагаар сунгуулсан боловч зун ажиллахгүй гээд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан болно. Хичээлийн жил 9-р сарын 1-ний өдөр эхэлдэг гэдгийг мэдсээр байж энэ жил бас л 2021 оны 9-р сарын 5-ны орой ирсэн. Ажиллах хугацаандаа хичээлдээ ирэхгүй унтах, толгой өвдсөн гэдгээр тасалж ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс хичээлийн эрхлэгч болон менежерээс сануулга авсан байдаг. Гадуур гарч яваад утсаа хулгайд алдсан гээд Цагдаад өргөдөл өгсөн тэд дуудаж байна гээд шууд гараад явчихдаг болсон. Аль Цагдаагийн хэлтэс рүү яваад байгаа талаар хэлэхгүй байсан болно. Нэхэмжлэгч нь 2021 оны 11-р сарын 11-ний өдөр “өөрийн хүсэлтээр” ажлаас халж өгөхийг халагдах тухай өргөдөл өгөөд тэр оройгоо албан ёсны бүртгэлтэй оршин суугаа газраасаа нүүнэ гэсэн тул сургуулийн холбогдох хүмүүс гэрээ болон Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон журмыг сахихыг хүссэн боловч “танай улсын хууль надад хамаагүй, битгий дарамтлаад бай” гэсэн.  Н.А.Б “гар утсаа хулгайд алдсан тухай Цагдаад гаргасан өргөдөл болон ОХУ-ын Консулын Газарт хандсан өргөдлөө тус тус буцаан татсан бөгөөд эв найрамдалтайгаар салцгаая, сургуулиас цалингийн авлагагүй тул өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө бичээд үлдээлээ. Цаашид ажиллахгүй тул энэ долоо хоногт багтаан яаралтай хасалт хийгээд өг” гээд өргөдлөө үлдээсэн болно. Орой нь жижүүр лүү орилж хашгирч загнан бүх ачаагаа аваад нүүсэн тул Сургуулийн зүгээс Гадаад иргэнийг уригч байгууллагын хувьд гэрээний дагуу 30 хоногоо ч ажиллахгүй гээд явсан Н.А.Б-ийн Монгол Улсаас гарах зөвшөөрлийг нь хөөцөлдөн 2021 оны 11-р сарын 18-ны өдрөөр хасалт хийснээр тэрээр Монгол Улсаас гарсан болно. Н.А.Б нь “Танай улсын хууль надад хамаагүй” гэж хэлснээ дараах байдлаар дахин нотоллоо:

 - 2021 оны 11-р сарын 15-ны өдөр Монгол Улсад оршин суух үнэмлэхийг нь Гадаадын иргэн, харьяатын газарт хураалгасан байхад 2021 оны 11-р сарын 17- ны өдөр уг үнэмлэхийг хүчин төгөлдөр хэмээн нотариатчийг хуурч итгэмжлэх хийлгэсэн.

- 2022 оны 3-р сарын 10-ны өдөр БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 сарын өмнө нүүсэн Р-г сургуулийн дотуур байрны хаягаар болон хүчингүй болгон хураалгуулсан оршин суух RUS0000000 тоот үнэмлэхний дугаарыг бичиж шүүхэд хүчингүй бичиг баримт болон амьдардаггүй хаягаар нэхэмжлэл гаргажээ. Н.А.Б нь 2020-2021 оны хичээлийн жилийн 9-р сарын 1-ээс эхлэн ажиллаагүй, харин 2020 оны 11-р сараас эхлэн 11-р сарын 10-ны өдрийг дуустал бүтэн цагаар 2020 оны 11-р сарын 16-наас эхлэн хичээлийн жил дуустал хагас өдрөөр ажилласан төдийгүй 2020 оны 12-р сарын 18-с эхлэн 2021 оны 02-р сарын 01-ний өдрийн хүртэл ажиллаагүй болно. Хичээлийн жилд нийт 1824 цаг ажиллахаас 404 цаг ажилласан тул энэ хугацаанд ээлжийн амралтын мөнгө бодох боломжгүй юм. 2020 оны ээлжийн амралтын нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй ба харин Н.А.Б-ийн  гуйлтаар 2021 оны 9-р сарын 14, 11-р сарын б-нд нийт 300,000 төгрөгийг 00000000 тоот дансанд шилжүүлсэн болно. Баримтыг хавсаргав.  2021 оны 9, 10-р сарын цалинг гэрээнд заасны дагуу ажилласан хоногоор нь тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган 603,570 төгрөг, 550,000 төгрөгийг Н.А.Б-ийн 00000000 тоот шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн баримт болон тооцооллыг хавсаргав.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 4. Хариуцагч талаас ОХУ-ын иргэн Н.А.Бгийн хүсэлт /хх-20/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-28/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-29/, хариу тайлбар /хх-30-32/, хөдөлмөрийн гэрээ /хх-49/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ /хх-33-34/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-35-38/, цалингийн тооцоолол /хх-39/, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-40-41/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-42/, ажлын цагийн тооцоолол /хх-43/, ажлын үнэмлэх /хх-44/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын албан бичиг /хх-45/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн албан бичиг /хх-46/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-67-68/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга /хх75-80/ зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

       

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Н.А.Б нь хариуцагч “Р-г дунд сургууль” БСБ-д холбогдуулан 13,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.. 

 

            1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь “Р-г дунд сургууль”-д сарын 50,000 рубль буюу 2,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллахаар тохиролцоод тус сургуульд бага ангийг багшаар 2020-2021 оны хичээлийн жилд 2020 оны 11 сараас 2021 оны 6 сар хүртэл, 2021-2022 оны хичээлийн жилийн 2021 оны 9,10,11 дүгээр саруудад тус тус ажилласан боловч хариуцагч байгууллага нь 2020-2021 оны хичээлийн жилийн амралтын мөнгө болох 1,500,000 төгрөгийг өгөөгүй, мөн 2020 оны 11, 12 дугаар сарын болон 2021 оны 1,2,3,4,5,9,10 дугаар саруудын цалингуудаас нийт 11,600,000 төгрөгийг дутуу олгосон гэж тайлбарлаж байна.

 

            3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд манай сургуульд бага ангийн багшаар ажилласан бөгөөд нэхэмжлэгчтэй сарын цалинг 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 11-р сараас эхлэн 11-р сарын 10-ны өдрийг дуустал бүтэн цагаар, 2020 оны 11-р сарын 16-аас эхлэн хичээлийн жил дуустал хагас өдрөөр ажилласан төдийгүй 2020 оны 12-р сарын 18-аас эхлэн 2021 оны 02-р сарын 01-ний өдрийн хүртэл ажиллаагүй. Хичээлийн жилд нийт 1824 цаг ажиллахаас 404 цаг ажилласан тул энэ хугацаанд ээлжийн амралтын мөнгө бодох боломжгүй юм бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан цагаар тооцон түүний цалинг шилжүүлж байсан гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            4.Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар  нэхэмжлэгч Н.А.Б нь хариуцагч “Р-г дунд сургууль”-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар үндэслэлийн талаар маргаагүй.

 

            5.Талууд ажиллаж байх хугацааны амралтын мөнгө, цалинг дутуу олгосон талаар болон цалингийн хэмжээний талаар маргаж байна.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

            Хэрэгт хариуцагч талаас талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ” гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд түүнд нэхэмжлэгчийн сарын цалинг 1,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг тус сургуульд бага ангийн багшаар ажиллахдаа сарын цалингийн хэмжээ 2,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна хариуцагч талаас гаргаж өгсөн дээрх Хөдөлмөрийн гэрээг баримтаар үгүйсгэж чадаагүй байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн сарын цалинг 2,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны төрөлд хамаарч байх бөгөөд  мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.А.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр М.Эд итгэмжлэл олгож, хариуцагчаас дутуу олгогдсон цалин болон амралтын мөнгийг өөрийнх нь нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг олгосон байна.

 

Энэхүү баримтаар нэхэмжлэгч нь өөрийнх нь эрх зөрчигдсөн буюу амралтын мөнгө болон цалинг дутуу олгосон гэдгийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд мэдсэн байсан гэж үзэхээр бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сар 23 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.Иймд нэхэмжлэгч нь  хариуцагч  “Р-г дунд сургууль”-д холбогдуулан ажилласан хугацааны амралтын мөнгө болон цалинг дутуу олгосонтой холбоотой маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.А.Б-гийн хариуцагч  “Р-г дунд сургууль”-д  холбогдуулан гаргасан 13,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                                                               

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Н.А.Бгийн хариуцагч “Р-г дунд сургууль” БСБ-д холбогдуулан гаргасан амралтын мөнгө болон дутуу олгогдсон цалинд нийт 13,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эд буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭНХЗАЯА