| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0129/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2538000000123 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овгийн Ц-ийн Б , 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............ дугаар хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....................дугаар хороонд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Ц-ийн нүүрэн тус газарт мөргөж, эрүү хэсэг рүү өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдан улмаар түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....................дугаар хороонд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Ц-ийн нүүрэн тус газарт мөргөж, эрүү хэсэг рүү өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж, биед зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Ц-ийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед хамаатны ах Б-д пидан аваачиж өгөх гэж очсон, тэгсэн чинь Б ахынд нутгийн дүү Ба эхнэр хүүхдийн хамт согтуу сууж байсан. Мөрөн сумын 13-р хороонд гэрт нь очоод эхнэр нь цай хоол хийж өгсөн надад, тэгээд Ба Хараа нэртэй 0,5 литртэй архи гаргаж өгөхөөр нь би 3 хундага татаад сууж байтал Ба миний зүүн талын нүд рүү духаараа мөргөхөөр нь би Ба-ыг дарж унагаагаад 2 тийшээ салсан.
Би Ба-ыг чи яагаад намайг мөргөчихөв, би чамд гай болоогүй биз дээ гэсэн чинь хуцаад бай пизда минь гэснээ босоод явж байснаа ирээд миний зүүн талын эрүү хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би тэгэхээр нь босож ирээд чи намайг яаж байгаа юм, яагаад зүгээр байхад цохиж байгаа юм гээд Ба-ын баруун талын шанаа руу нь 1 удаа алгадсан. Тэгээд Б ах бид хоёрыг салгасан. ...Тэгээд гэрээс нь гараад явсан, араас Ба гарч ирээд манайд оръё ах гэхээр нь би буцаж ороод үлдсэн архиа ууж дуусаад би цагдаа дуудна гэсэн чинь Ба та цагдаа дуудаад хэрэггүй гэхээр нь би, чи маргааш өглөө надтай ирж уулзаарай гэсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б-ын өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ц манайд питан авчирч өгсөн. Тэгээд бид хоёр юм ярьж суугаад байж байтал Ба гэх Төмөрбулаг сумын нутгийн залуу эхнэр, хүүхэдтэйгээ мөн дүү гээд нэг залуутай тэр залуу нь нэг эмэгтэй дагуулсаар манайд шинэлхээр орж ирээд хоол унд идэцгээгээд би нэг шил юм задалж бид хэд тойруулж ууцгаасан. Тэгтэл Ба манайд очиж цай уу, авгай хүүхэдтэйгээ очоорой гэсэн.
...Тэгээд Ба-ынд Ц бид хоёр, Ба , эхнэр нь түүний дүүтэй, дүүгийнхэн найз гэх эмэгтэй бид хэд очоод Ба ынд цайлуулаад суусан.
Тэгээд Ба нэг шил архи гаргаж ирээд тэр архийг нь би, Ба , Ц , бид 3 хувааж уугаад, юм ярьцгаагаад байж байсан чинь Ба , Ц хоёр хоорондоо гэнэт юу болсон юм, маргалдаад байсан. Тэгээд чимээгүй байж байснаа Ба гэрээсээ гарч яваад буцаж орж ирээд шууд Ц-г тас гээд өшиглөөд орхисон. Хаашаа өшиглөснийг нь би харж амжаагүй. ...Маргааш өглөө нь Ц-г харахад нүд нь хавдсан байсан. Тэгэхээр нүүр лүү нь өшиглөсөн юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б-ийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз охин, Ба ах, эхнэртэйгээ бид 4, 9 дүгээр хооронд айлд очсон. Тэр айлдаа хэсэг шинэлж суусан. Тэгээд буцаад Ба ахынд харих болсон. Тэгтэл Ц гэх ах, ах нь гээд нэг ахтай цуг Ба ахынд очиж шинэлүүлнэ гээд байхаар нь дагуулаад Ба ахын гэрт ирсэн. ...1 шил архи гаргаж өгөөд тэрийг нь ууцгаагаад сууцгааж байсан. Би тэр үед унтчихсан байсан. ...Сэрээд ирсэн чинь зодоон болсон гэсэн. Ба ахын хамраас цус гарсан байсан Ц гэх ахын зүүн талын нүд хавдчихсан байсан.
Тэгээд тэр хоёр хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай:
1.Ж.Ц-ийн биед зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Ж.Ц-ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид хөдөлмөрийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 26-31-р тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6,7-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 8-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч Ц.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-27, 34-р тал/ зэргийг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....................дугаар хороонд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ц-ийн нүүрэн тус газарт мөргөж, эрүү хэсэг рүү өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдан улмаар түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дугаартай дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Ц , гэрч Н.Б , гэрч Б.Бямбадорж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....................дугаар хороонд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Ц-ийн нүүрэн тус газарт мөргөж, эрүү хэсэг рүү өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж, биед зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б ын хохирогч Ж.Ц-ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ж.Ц-ийн нүүрэн тус газарт мөргөж, эрүү хэсэг рүү өшиглөж бие эрх чөлөөнд нь халдаж, биед зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б ын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Б нь Хаан банкан дахь өөрийн эзэмшлийн ................. дугаартай данснаас хохирогч Ж.Ц-ийн Хаан банкан дахь ................. дугаартай дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 41 тал/, хохирогч Ж.Ц нь: “...миний бие гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 43 тал/ тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ж.Ц-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын программаас мэдээллийг шүүж үзэхэд Ж-ын Ц /............../ 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тусламж, үйлчилгээний зардал гараагүй байна гэх албан бичиг (хх-ийн 42-р тал) хэрэгт авагдсанг дурдлаа.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүйг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдав.
Мөн хавтаст хэргийн 24-27, 34-р талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум ....................дугаар баг ........ тоотод оршин суудаг, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон тэмдэглэж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргээс гадна шүүгдэгч Ц.Б нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүйг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ц.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Б-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ц.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 / нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Б-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5.Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ