| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0395/З |
| Дугаар | 128/ШШ2022/0512 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2022/0512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:М** Ю* К** ХХК /*********/
Хариуцагч: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нарын хооронд үүссэн үнэлгээний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л*********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.М** Ю* К** ХХК нь тус шүүхэд хандан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. НэхэмжлэгчМ** Ю* К** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайн аманд байрлах 1.2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон.[1]
2.2. Улмаар тус яамны сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг сунгасан.[2]
2.3. Мөн тус яамны сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг цуцалж, мөн оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн.[3]
2.4. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2019/139 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г /гурвалсан гэрээ/ байгуулсан.[4]
2.5. Тус компаниас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Эко апартмент аялал жуулчлалын цогцолбор төсөлдөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар байгаль орчны үнэлгээний дүгнэлт гаргуулахаар дэмжих санал авах хүсэлт гаргасан боловч тус захиргааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот албан бичгээр ... Танай компанийн ашиглалтын газар дээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аж ахуй нэгж нэхэмжлэл гаргасан байх тул энэ асуудал шийдвэрлэгдэх хүртэл танай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлах боломжгүй байна гэсэн хариу авсан.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дээрх хариу нь үндэслэлгүй, учир нь албан тоотод дурдсан шиг маргаан шүүхийн шатанд хянагдаагүй, шүүх дээр тийм маргаан байгаа гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхээс манай газартай холбоотойгоор захиргааны хэрэг үүсгэсэн эрх зүйн акт огт гараагүй байхад дээрх байдлаар хариу өгч шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтэд холбогдох саналыг гаргахгүй байгаа, хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй юм ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаартай тушаалаарМ** Ю* К** ХХК-ийн нэгж талбартай давхардуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчин И Энд Эй Инфотек ХХК-д газар ашиглах эрх олгосон байна[5]. Иймд энэхүү маргаан шийдвэрлэгдсэний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүсэлт уламжлах боломжтой болно ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мон Юү Кэй ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 тоот тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн задгайн аманд байрлах 1.2 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/857 тоот тушаалаар 5 жилээр буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгуулан, улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2019/139 дугаартай гуравласан гэрээг байгуулан ашиглалтын газар дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд газар ашиглах гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн, газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн барагдуулж ирсэн ба Эко апартмент аялал жуулчлалын цогцолбор төсөл хэрэгжүүлэн төрийн болон бусад байгууллагын зөвшөөрлийг авч, аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрх бүхий үйлчилгээг нэвтрүүлэх, жуулчдын ая тухтай байрлах боломжоор хангаж тусгай үйлчилгээ бүхий апартмент үйлчилгээг нэвтрүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай тав тухай бизнес аялал цуглаан хийх сургалт семинар зохион байгуулах орчин бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа. Төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 2021 онд Эко Ти Эс Би ХХК-аар төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгүүлж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Эко апартмент аялал жуулчлалын цогцолбор төслийн Байгаль орчин аялал жуулчлалын яамаар байгаль орчны үнэлгээний дүгнэлт гаргуулахаар дэмжих санал авах хүсэлт гаргасан хэдий ч тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот хариу албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт Танай ашиглалтын газар дээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аж ахуйн нэгж нэхэмжлэл гаргасан байх тул энэ асуудал шийдвэрлэгдэх хүртэл танай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлах боломжгүй тухай дурдсан байна.
Манай ашиглалтын газартай холбоотой ямар нэгэн, иргэн хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй, захиргааны хэрэг үүсгэсэн зүйл байхгүй, манай байгууллагыг гуравдагч этгээдээр татсан асуудал байхгүй бөгөөд энэ талаар нотлох баримтаар тогтоогоогүй. Одоогийн байдлаар шүүхэд манай газартай холбоотой маргаан үүсгэсэн эрх зүйн акт байхгүй байхад бидний гаргасан хүсэлтэд дээрх байдлаар хариу өгч шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэхэд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-117 тоот Аргачлал батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх аргачлал-ын хавсралт 1-т Төсөл хэрэгжүүлэгч нь хамгаалалтын захиргааны санал-ыг хавсаргах гэж заасан байдаг. Газрын тухай хуульд зааснаар газрыг таван жилийн хугацаатай ашигладаг. Хугацаагаа 5 хүртэл жилээр хэдэн удаа сунгуулж болдог хуулийн зохицуулалттай. Мөн улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, тухайн газар дээрээ төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн байхыг шаарддаг тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ерөнхий үнэлгээний саналыг гаргахгүй байгаа нь хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргээ биелүүлэхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байгаа эс үйлдэхүй юм. Компанийн зүгээс энэхүү асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан гомдол гаргахад яамны зүгээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичгээр хариу өгөхдөө хамгаалалтын захиргааны саналыг зайлшгүй авах шаардлагатай, хэрэв аваагүй тохиолдолд Байгаль орчны дүгнэлтийг гаргах боломжгүй гэсэн байна. Газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал хуулийн хүчин төгөлдөр, үйлчлэл нь зогсоогүй, мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гурван талын байгуулсан газар ашиглах гэрээ хүчин төгөлдөр байгаа үед байгаль орчны үнэлгээ хийх саналыг яаманд уламжлахгүй байх нь захиргааны процессын алдаа бөгөөд саналыг зайлшгүй хүргүүлэх шаардлагатай юм.
Хариуцагчийн санал өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь манай компанийн хэрэгжүүлж буй төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий бүхий байгууллагаас хийх боломжгүйд хүргэж цаашлаад төслийн үйл ажиллагааг гацаах, алдагдуулах үр дагаврыг үүсгэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээний саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...
Нэхэмжлэгч байгууллага нь 2011 оноос тасралтгүй 11 жилийн турш уг газрыг хууль журмын дагуу ашиглаж байгаа бөгөөд ямар нэгэн иргэн, хуулийн этгээдтэй газрын маргаан гарч байгаагүй. Хариуцагчийн гаргасан буй тайлбар нотлох баримтаар хөдөлшгүй тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг татан оролцуулснаас хойш даруй 50 гаран хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох, ямар нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг үүссэн болохыг тогтооход хангалттай хугацаа. Тэгээд ч шинээр ашиглуулах газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 бусдын эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан хуулийн шаардлагын дагуу давхардуулж газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй. Бидний гаргасан хүсэлтийг нягталж үзээд, дүгнэлтийн хамтаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэх ёстой боловч худал шалтаг тооцон газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүй бидний газар ашиглах эрхэд халдаж байгаад харамсалтай байна.
Бид Захиргааны хууль бус эс үйлдэхүй үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тодорхой заасан байдаг. Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахыг ойлгохоор байна. Товчхондоо даалгах нэхэмжлэлийн шаардлага нь эс үйлдэхүй байх, уг эс үйлдэхүй хууль бус байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстойг шаарддаг. Хариуцагчийн гаргаж буй эс үйлдэхүйг дээрх шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Монгол Улсын /Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мон Юү Кэй ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар 1.2 га газар ашиглах эрх авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг сунгасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/121 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан. Цуцлагдсан байх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалаарМ** Ю* К** ХХК-тай нэхэмжилсэн талбарт давхцуулан газар олгосон. Нэг газар дээр хоёр аж ахуйн нэгжид газар олгох ажиллагаа хийгдсэн учраас эцсийн байдлаар шийдвэрлэж дууссаны дараагаарМ** Ю* К** ХХК-ийн хүсэлтийг хангах боломжтой...
Манай зүгээс хоёр ахуй нэгж бүртгэлтэй байсан учраас аль нэг талд нь орж дүгнэлт явуулаагүй байгаа. Хоёр компани эхлээд газар дээрээ маргаантай байсан. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ., мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах; гэж заажээ.
2. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ., мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; гэж тус тус зохицуулжээ.
3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж зохицуулжээ.
4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл газар ашиглагч аливаа иргэн, хуулийн этгээд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ /гурвалсан гэрээ/-нд заасан үүргээ биелүүлэх, тухайлбал, тус гэрээний 5 дугаар зүйлийн 10-д зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, холбогдох бичиг баримтыг хамгаалалтын захиргаанд хянуулж, ажил эхлэх зөвшөөрөл авах зэрэг үүргээ биелүүлэх, энэ тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь холбогдох хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлах үүрэгтэй байна.
5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчМ** Ю* К** ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/19 тоот албан бичгээр[6] байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахыг дэмжих санал авах тухай хүсэлтийг гаргасан болох нь тогтоогдож байна.
6. Харин хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 тоот албан бичгээр хариу өгсөн байх боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд албан бичгээр өгсөн хариу нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.
7. Тодруулбал, дээр дурдсан 69 тоот албан бичигт ... Танай компанийн ашиглалтын газар дээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аж ахуй нэгж нэхэмжлэл гаргасан байх тул энэ асуудал шийдвэрлэгдэх хүртэл танай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлах боломжгүй байна гэсэн байх боловч шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ шүүхэд тийм маргаан байхгүй гэж тайлбарласан, түүнчлэн шүүхийн шатанд ийм маргаан байгаа гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.
8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт ...... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаартай тушаалаарМ** Ю* К** ХХК-ийн нэгж талбартай давхардуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчин И Энд Эй Инфотек ХХК-д газар ашиглах эрх олгосон байна[7]. Иймд энэхүү маргаан шийдвэрлэгдсэний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүсэлт уламжлах боломжтой болно ... гэж тайлбарласан.
9. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/385 дугаартай тушаалаар нэхэмжлэгчМ** Ю* К** ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн байсан, түүнчлэн тус яамны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаартай тушаалаар И Энд Эй Инфотек ХХК-д газар ашиглах эрх олгосон байгаагаас үзэхэд 2018 ондМ** Ю* К** ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байсан цаг мөчид И Энд Эй Инфотек ХХК-д газар ашиглах эрх олгосон гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
10. Тиймээс хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь хуулийн этгээдээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүйг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
11. Иймд нэхэмжлэлийг хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхийг даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчМ** Ю* К** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ