Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 550

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч Б.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд байршилтай нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК 2006 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хуулийн дагуу 6009 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрээг Баянгол дүүргийн Газрын албатай байгуулан тус дүүргийн газар дээрх Баянгол дүүргийн 20 хороо, Үйдвэрийн баруун бүс-1, Сонсголонгийн зам 1 тоот хаягт байрлах оффисын барилга, Баянгол дүүргийн 20 хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/1 тоот хаягт байрлах засварын төв, тус дүүргийн 20 хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/2 тоот хаягт байрлах сэлбэгийн дэлгүүр тус бүрт үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд манай компанид ажиллаж байсан Н.У нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт сарын 1 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж, эзэмшилдээ авснаас хойш тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан боловч “Т” ХХК-д түрээс төлж байгаагүй. Бид өмч хөрөнгө, эзэмшил газраа авахаар шаардсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан тул 3 үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг бүх шатны шүүх хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөөс “М” ХХК-ийн эд зүйлсийг албадан гаргаж бидний мэдэлд шилжүүлж, газар чөлөөлөх нэхэмжлэл гаргаагүй тул газраас эд зүйлийг нь холдуулахгүй гэсэн тул “М” ХХК-ийн хүнд даацын техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл манай хашаанд үлдсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгсөн боловч нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас өөрсдийн эд зүйл, машин механизмаа санаатайгаар авахгүй, түүнчлэн манай эзэмшил газар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.У воганчик оруулж байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу газар эзэмших эрхэд халдаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс 6009 м.кв газрыг бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь манай хууль ёсны дагуу эзэмшиж байгаа 6009 м.кв газарт байгаа өөрийн эд хөрөнгөө гаргахгүй байсан тул энэ талаар тодруулахаар үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн. Одоо “М” ХХК нь манай газарт цэнхэр өнгийн төмрөөр агуулах барьж, сэлбэг хэрэгсэл зарж борлуулж байгаагаас гадна 1 ширхэг хүн амьдрах зориулалт бүхий воганчик, 2 ширхэг контейнер, 2 ширхэг гэр, хүнд даацын машин механизмыг 10 ширхгийг тавьсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж эд зүйл оруулж тавихыг үгүйсгэхгүй. 2012 оныг хүртэл Н.У нэхэмжлэгч компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж хуурамч бүртгэл хийлгэснийг хүчингүй болгуулсан. Хариуцагч манай эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, сэлбэг хэрэгслээ зарж, бид өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Хариуцагч тал өмнөх тайлбараасаа өөрөөр тайлбар гаргаж байна. “Т” ХХК миний компани, “М” ХХК чинь охин компани, Б.Э Техник форум ХХК-д ямар ч хамааралгүй гэж байсан атлаа энэ газарт манай компани байхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж байна. Шүүх хуралдааны явцад гарч ирсэн “Экс жи эм” компанийн талаар мэдэхгүй. Ийм компанийн өрийг барагдуулах зорилгоор манай компаниас эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл өгч байсан тохиолдол байхгүй, энэ талаар гарсан шүүхийн шийдвэр байхгүй. Хэрэв шүүхийн шийдвэр гарсан гэж байгаа бол нотлох ёстой. Б.Э нь н.Ц-т хувьцаагаа шилжүүлсэн бөгөөд эдгээр Н.У болон Б.Э нарын хоорондын эд хөрөнгийн маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Улсын Дээд шүүх иргэд хоорондын маргаан нь хуулийн этгээдийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй гэж дүгнэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Иймд хариуцагчийн эд хөрөнгүүдийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хуулийн дээрх зохицуулалтаар зохигчийн маргаж буй харилцааны зүйл, түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Н.У-ийн нэхэмжлэлтэй, Б.Э болон “Т” ХХК-д холбогдох дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэж, одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарал бүхий маргаж байгаа дундын эд хөрөнгөд “Т” ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6009 м.кв хамаарагдаж байна. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00624 дүгээр шүүгчийн захирамжаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Н.У нь “Т” ХХК-ийг анх үүсгэн байгуулж, Б.Э-ийн нэр дээр бүртгүүлсэн бөгөөд Б.Э-тэй хамтын амьдралтай байх хугацаандаа бий болгосон эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, уг хэрэгт хариуцагчаар Б.Э болон “Т” ХХК татагдсан, өнөөдөр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг салган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд “Т” ХХК-ийг үүсгэн байгуулж тухайн үед хамтран амьдарч байсан Б.Э-т шилжүүлсэн. Үүсгэн байгуулсантай холбоотой тайлан, баланс баримтууд байгаа. 2006-2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Т” ХХК-ийн бүхий л үйл ажиллагааг би явуулж байсан. Маргаан бүхий газрыг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчилгээг нь шинэчлэн гаргаж авсан талаар баримт хэрэгт авагдсан. Улсын бүртгэлийн газраас 6009 м.кв газрыг миний өмч гэсэн баримт ирсэн. Баянзүрх дүүргийн шүүхэд Б.Э-тэй энэ газрын талаар маргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэдэж байгаа. “М” ХХК нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, Баянгол дүүрэг 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг талаар нотлогдоогүй. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төв оффисын дээр “М” ХХК гэж бичигдсэн зургийг баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь өмнөх үзлэгээр нотлогдоогүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр бүх эд хөрөнгүүдээ чөлөөлж авсан. Мөн “М” ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байдаггүй гэсэн тодорхойлолт нэхэмжлэгч тал гаргасныг тодруулж Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолтуудыг гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 6 009 м.кв газрыг битүүмжилсэн. Газрын эзэмших, өмчлөх эрхийн талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдээгүй байгаа. Мөн энэ газар дээр байгаа техник хэрэгслүүдийг “Т” ХХК нь шүүхийн шийдвэрээр БНХАУ-ын XGMA компанид өгөх өр төлбөртөө шилжүүлж өгсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэдэж байгаа. “М” ХХК нь маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгааг нэхэмжлэгч тал нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Газрыг чөлөөлсөн гэсэн атлаа дахиж чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь ойлгомжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Х шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь Б.Э-тэй хамтран амьдрах хугацаанд үүссэн дундын хөрөнгө юм. “Т” ХХК нь Захирал Б. Э нь 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 дугаар тушаалаар Н.Утус компанийн дэд захирлын албан тушаалд хугацаагүй томилж компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх олгож, 2011 оны 12 дугаар сараас “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Н.У нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 тоот захирамжаар нэгж талбарын 8022/5074 дугаартай 6009 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг авч 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр газрын албатай гэрээ байгуулан “Т” ХХК-д эзэмшил нь байгаа боловч, Т  компанид 2008-2013 оныг дуустал хугацаанд 1 807 407.8 ам доллар 100 258 792 төгрөгийн хөрөнгө оруулсан нь Си Эс Ай Аудит ХХК-ны шинжээчийн 2018 оны  4 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр нотлогдсон. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хамтын амьдралтай байхдаа дундын хөрөнгө бий болгоход оруулсан оролцоо, өөрт болон хүүхдүүддээ оногдох хөрөнгөө Б.Э болон “Т” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай 39864 дугаар Шүүгчийн захирамж гаргаж, тус шүүхийн 2015 оны 12 дугаар 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан бөгөөд уг захирамжийн тодорхойлох хэсэгт Баянгол дүүрэг 20-р хороо худалдаа үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 8022/5047 дугаар бүхий 6009 м.кв газар г.д 029414 дугаартай газрыг, үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс хариуцагчаас эд хөрөнгийн холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглож Б.Э “Т” ХХК-д хүсэлтэд тус тусын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг хэрэг одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол, мөн хуулийн117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан тул Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үүнд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа учир уг маргааныг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м.кв эзэмшил газраас хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн ковшийн хагарсан дугуй-2ш, автогрейдрийн дугуй-3 ширхэг, авто ачигчийн шүдтэй шанага-2ш, нум, тонголзуур, барабан, татуурга, сорочик, угсардаг болон суурилуулдаг торон хашаа, XGMA-XG932H маркийн арлын дугаар CXG00932J001E0290 ковш-1ш, XGMA-XG932H маркийн арлын дугаар CXG00932V001E0292 ковш-1ш, XGMA-XG951H маркийн арлын дугаар CXG00951J001E0908 ковш-1ш, XGMA-XG6071D маркийн арлын дугаар CXG06071V0D1D0138 ковш-1ш, XGMA-XG614M-I маркийн арлын дугаар CXG06144COM1D0149 чичиргээт индүү-1ш, XGMA-XG6141M-I маркийн арлын дугаар CXG06144COM1D0141 чичиргээт индүү-1ш, XGMA-XG614M-I маркийн арлын дугаар CXG06144JOM1D0142 чичиргээт индүү-1ш, эд хөрөнгүүдийг гаргаж, дээрх газрыг чөлөөлж, хариуцагч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага болонавтозасварын гараж, 12 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, контейнер-3ш, сэндвичин байгууламж-1ш, зөөврийн сууц-1ш, задалж буулгасан кран-1ш зэрэг хөрөнгийг гаргаж газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “мөн газар дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг “М” ХХК импортоор оруулж ирсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг тул энэ байдлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийг импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмж оруулж ирсэн эсэх талаар нотлох баримтыг Улаанбаатар хот дахь Гаалийн газраас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу үзлэгийн тэмдэглэлд заасан 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийг “М” ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, өөрийн нэрээр оруулж ирсэн болох нь тогтоогдсон байна. Дээрх 7 нэр төрлийн тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаагүй бөгөөд 2013, 2015 онуудад гаалийн бүрдүүлэлт хийгдсэн, буулгах газрыг “Т” ХХК-ийн хашаа гэж тодорхойлсон байх ба одоог хүртэл тухайн газарт байгааг үндэслэн хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэв” гэжээ. Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ тухайн тээврийн хэрэгслүүд нь хэний өмчлөлийн зүйл болох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, олгогдсон бол гэрчилгээгээр олгогдсон өмчлөгч нь хэн болохыг тодруулалгүй, бичгийн нотлох баримтгүйгээр таамаглалаар хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийг “М” ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, өөрийн нэрээр оруулж ирсэн нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн гэдгийг хангалттай нотлох үндэслэл болохгүй байхад шүүх зөвхөн гаалийн бүрдүүлэлтэд үндэслэн “М” ХХК-ийн өмчлөл, ашиглалтад байгаа гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй машин механизм байхгүй гэсэн байхад уг 7 техникийг тогтоох нь хэсэгтээ “М” ХХК-ийн өмчлөл эзэмшлийн ковшийн хагарсан дугуй 2 ширхэг автогрейдрийн дугуй 3 ширхэг, авто ачигчийн шүдтэй шанага 2 ширхэг, нум, тонголзуур, барабан, татуурга, сорочик, угсардаг болон суурилуулдаг торон хашаа, ХGМА-ХG932Н маркийн арлын дугаар СХG00932J001Е0292 ковш-1 ширхэг, ХGМА-ХС932Н маркийн арлын дугаар СХС00932Ю01Е0292 ковш-1ш, ХОМА-ХС95 I Н маркийн арлын дугаар СХG0095Н001Е0908 ковш-1ш, ХСМА-ХС6071D маркийн арлын дугаар СХG0607V0D1D0138 ковш 1 ширхэг, ХGМА-ХG614М-1 маркийн арлын дугаар СХG06144СОМID0149 чичиргээт индүү-1ширхэг эд хөрөнгүүдийг гаргаж, дээрх газрыг чөлөөлж...” гэж заасан бөгөөд “М” ХХК гуравдагч этгээдийн өмчлөлийн зүйлийг нэхэмжлэгчийн газраас чөлөөлөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, манай компанийн хувьд гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдаж, шүүхийн шийдвэр биелүүлнэ гэж өөрийн өмчлөлийн бус эд зүйлийг маргаан бүхий газраас чөлөөлөн гаргах хууль зүйн үндэслэлгүй. Мөн “М” ХХК маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулддагтүй талаар тус дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг талаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо болон тус дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолтуудаар нотлогдоно гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М” ХХК-ийн болон Н.У-ийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн тойруу замын урд орших нэгж талбарын 8022/5074 дугаар бүхий 6009 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ Б.Э-тэй хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон эдэлбэр газар, Н.У нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа маргаан бүхий газрын эзэмших эрхийг авсан, тухайн газарт үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа, эд хөрөнгийн маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд тухайн газарт байгаа техник хэрэгслүүдийг “Т” ХХК нь шүүхийн шийдвэрээр БНХАУ-ын XGMA компанид өгөх өр төлбөртөө шилжүүлж өгсөн гэж тайлбарлажээ.

 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд байрлах, 6234 м.кв газрыг 5 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар “Т” ХХК-д эзэмшүүлэхээр 02299737 дугаартай гэрчилгээ олгогджээ./хх141/

 

Дээрх гэрчилгээнд газрын хэмжээ ташаа бичигдсэнийг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар залруулж, /хх119/ “Т” ХХК-д 6009 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, гэрчилгээ олгогдсон нь хэрэгт баримтаар авагдсан байна. /2хх98-100/

 

Засаг дарга газар эзэмших эрхийг “Т” ХХК-ийн нэр дээр олгосон байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан газар эзэмшигч нь компани гэж үзэх бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг “Т” ХХК-г төлөөлж байгуулснаар тухайн үед компанийн захирлаар томилогдон ажиллаж байсан Н.У№г иргэнийх нь хувьд газар эзэмшигч гэж үзэхгүй.

 

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж газрын хууль ёсны эзэмшигчийг “Т” ХХК гэж дүгнэн, бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт нийцнэ.

 

Хариуцагч тал маргаж буй газарт “М” ХХК үйл ажиллагаа явуулаагүй, тэнд байгаа эд хөрөнгүүд, техник хэрэгслийг өөрийнх биш гэж маргасан боловч нэхэмжлэгч талын нэрлэж буй хөрөнгүүдийг өөрийнх биш гэдгийг баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийхэд уг газарт байсан 7 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгүүд “М” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь тогтоогджээ.

 

Иймд шүүх эдгээрийг хариуцагчийн эзэмшлийнх гэж дүгнэн нэхэмжлэгчийн газраас гаргаж чөлөөлөхөөр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газар дээр 33 нэр төрлийн эд хөрөнгө байснаас 19 нь тээврийн хэрэгслийн нэгээс бусад нь улсын бүртгэлийн дугааргүй, автозасварын гараж 1 ширхэг, контейнер 3 ширхэг, зөөврийн сууц 1 ширхэг, сэндвичин байгууламж 1 ширхэг, харуулын гэр 1 ширхэг, задалж буулгасан кран 1 ширхэг, угсардаг болон суурилуулдаг торон хашаа, бусад нь тээврийн хэрэгслийн эд анги байгааг тогтоож, тэмдэглэлд тусгажээ. Шүүх “М” ХХК-ийн зам, барилга, хөдөө аж ахуйн машин механизм, техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл болон тээврийн хэрэгслийн эд ангийг бүртгэлийн байгууллагад бүртгэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн эд анги болох ковшийн хагарсан дугуй 2 ширхэг, автогрейдрийн дугуй 3 ширхэг, авто ачигчийн шүдтэй шанага 2 ширхэг, нум, тонголзуур, барабан, татуурга, сорочик, угсардаг болон суурилуулдаг торон хашаа зэргийг хариуцагчийнх гэж үзэн газраас уг эд зүйлийг гаргахаар шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Мөн гэр барьж манаач ажиллуулдаг талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт тусгагдсан тайлбарыг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчихгүй бөгөөд гэрийг хариуцагч “М” ХХК-ийн өмч гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг нэмж зөвтгөх боломжтой. Түүнчлэн тухайн газарт 2017 оны 9 дүгээр сараас “М” ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдгээр дээр нэр заасан хөрөнгүүдийг хариуцагчийнх биш гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал байсан Б.Э болон хариуцагчийн төлөөлөгч Н.У нар нь хамтын амьдралтай байсан, тэдний эд хөрөнгийн маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь талуудын хэн алиных нь тайлбараар тогтоогдож байх бөгөөд иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн татгалзлыг хүлээн аваагүй нь зөв.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.У-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан татгалзлыг баталж Н.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болгон оруулах нь зүйтэй.

Мөн шүүх нэхэмжлэгч газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд бусдын хууль бус үйл ажиллагаа саад учруулж байгаа тул уг газар дээрх хариуцагчийн эд хөрөнгөөс газраа чөлөөлүүлэхээр шаардсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмж оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэсний ард “106.4 дахь хэсэгт” гэж, “...угсардаг болон суурилуулдаг торон хашаа...” гэсний ард “харуулын гэр 1 ширхэг” гэж нэмж оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “хариуцагч Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон автозасварын гараж, 12 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, контейнер-3ш, сэндвичин байгууламж-1ш, зөөврийн сууц-1ш, задалж буулгасан кран-1ш зэрэг хөрөнгийг гаргаж газар чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг тогтоох хэсгийн 2 дахь заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ