Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/02233

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

  

Нэхэмжлэгч: С дүүрэг , 4 дүгээр хороо, И-Н 0 дүгээр гудамж, 00в тоотод оршин суух, Б овогт Ж.Х /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй, 

  

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Э гудамж, к 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт С.О /РД:00000000/-т холбогдох, 

  

Нэхэмжлэлийн шаардлага: 13,267,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч: Ж.Х, 

хариуцагч: С.О, 

гэрч: Б.Б, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

            1.Нэхэмжлэгч Ж.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Ж.Х нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.О ямааны 11 тонн 630 кг махны 1 кг бүрийг 4,100 төгрөгөөр бодож, худалдан авахаар тохиролцож, уг махны нийт үнэ 47,683,000 төгрөг болсноос 20,000,000 төгрөгийг С.О дансанд шилжүүлж, үлдэгдэл 27,683,000 төгрөг үлдсэн. Гэтэл 57 хоногийн дараа надаас  боловсруулсан 3 тонн буюу 3,000 кг махыг 1 кг тутмыг 35 юань буюу 13,650 төгрөгөөр буюу нийт 40,950,000 төгрөгөөр худалдан авч, түүнээс надаас авах авлага болох 27,683,000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 13,267,000 төгрөгийг надад 2019 оны 6 дугаар сарын дотор өгөхөөр тохиролцож хэлцэл хийж нотариатаар батлуулсан болно. Миний бие С.О-аас уг мөнгийг удаа дараа нэхэхэд Н.Б өгсөн гээд өгдөггүй. Надаас авсан махны үнийг Б өгөх үндэслэл байхгүй. Тиймээс хариуцагч С.Од-с махны үлдэгдэл төлбөр болох 13,267,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.. 

  

Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Ж.Х-ын шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  

Миний бие С.О нь Ж.Х-аас Эмээлт зах дээр байдаг Н.Б гэх хүний “Ямаат-Уул” гэх агуулахад байгаа 3,000 кг махыг 1 кг-ыг нь 35 юань буюу төгрөгт хөрвүүлэхэд 40,950,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Ж.Х-ын надад өгөх өр болох 27,683,000 төгрөгийг хасаж тооцоод 13,267,000 төгрөгийг Ж.Хт өгөхөөр болж наймаа хийсэн. Ж.Х-аас уг махыг би сайн дураар худалдан авахаар тохиролцоогүй бөгөөд Ж.Х нь 2019 оны 02 сарын 13-нд хийсэн хэлцлийн үлдэгдэл 27,683,000 төгрөгийг өгч чадахгүйд хүрсэн тул Н.Б гэх хүний агуулахад Ж.Х-ын хадгалж байсан махыг авахаар тохиролцсон юм. Гэтэл уг мах нь муудаж чанарын шаардлага хангахгүй болсон байсан тул би Ж.Х-ыг энэ махаа өөрөө зарж миний мөнгийг өг гэсэн. Ж.Х-ыг махаа зарж миний мөнгийг өгөхийг 2019 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл хүлээсэн. Ингээд миний бие Ж.Х-аас мөнгөө авч чадахгүй байдалд хүрээд арга буюу Эмээлт захад байрлах Ямаат-Уул агуулахын эзэн Н.Б гэх хүнтэй уулзахад Н.Б нь Ж.Х надад 14,000,000 төгрөгийн өртэй түүнийг нь төлөөд махаа ачаад яв тэгэхгүй бол би энэ махыг өгөхгүй би ч Ж.Хаас мөнгөө авч чадахгүй болно гэсэн. Тэгэхэд Ж.Х нь Ямаат-Уулын агуулахын эзэнд мөнгөний өртэй юм. Чи миний төлбөрийг өгөөд наад махаа ачаад яв гэж хэлсэн. Ингээд би Н.Б-гийн Хаан банкны 0000000000 тоот данс руу 2019 оны 04 сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийг шилжүүлж махаа авсан. Уг махыг "Х" улс руу худалдсан боловч мөнгө нь орж ирээгүй байгаа.Уг махны мөнгө орж ирэхээр үлдэгдэл 4,267,000 төгрөгийг Н.Б-д төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  

3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, 2019 оны 03 дугаар сарын 31 гэсэн огноотой “Хэлцэл” гэх баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна. 

  

4. Хариуцагч нь хариу тайлбар /хх-13/, хэлцэл /хх-14/, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга /хх-15/, Б.Батхүүгийн тайлбар /хх-25/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна. 

  

5. Шүүхийн санаачилгаар “Хаан банк” ХХК-ийн данс эзэмшигчийн лавлагаа /хх-24/-г нотлох баримтаар цуглуулсан байна.  

  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч С.О-т холбогдуулан 13,267,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.    

  

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

  

2.Нэхэмжлэгч Ж.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.О нь надаас 40,950,000 төгрөгийн үнэ бүхий ямааны мах худалдан авсан бөгөөд уг мөнгөнөөс надаас авах байсан авлага 27,683,000 төгрөгийг хасч, үлдэх  13,267,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын дотор өгөхөөр хэлцэл хийж нотариатаар батлуулсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэж тайлбарлаж байна. 

  

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...Анх 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ж.Х надаас 47,683,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдан аваад  20,000,000 төгрөгийг надад өгч, 27,983,000 төгрөгийг дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа өгөөгүй. Ингээд миний бие Ж.Х-аас мөнгөө олж авахын тулд 2019 оны 3 сард түүнээс  40,950,000 төгрөгийн үнэ бүхий ямааны мах худалдан авч, Ж.Х-ын надад өгөх ёстой 27,983,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 13,267,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сард өгөхөөр хэлцэл байгуулсан. Ингээд миний бие уг ямааны махыг хадгалагдаж байгаа гэх Н.Б гийн Ямаат-Уул гэх агуулахаас махыг авахаар очиход нэхэмжлэгч нь агуулахын эзэн Н.Б-д 25,000,000 төгрөгийг өглөгтэй тул махыг өгөхгүй гэсэн. Ингээд энэ тухай нэхэмжлэгчид хэлэхэд мөнгийг Н.Б д өгөөд махаа ав гэсний дагуу 9,000,000 төгрөгийг өгөөд махаа авсан. Үлдэгдэл  мөнгийг махаа худалдсаны дараа өгнө гэж тохироод өгөөгүй байгаа гэж тайлбарлаж байна.  

  

3. Хэрэгт авагдсан бичгийн баримт  болох 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр огноологдсон “Хэлцэл” гэх бичгийн баримт, гэрч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулга болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

3.1 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч С.О-с 47,683,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдан аваад махны үнэд 20,000,000 төгрөгийг С.О-т өгөөд үлдэгдэл 27,983,000 төгрөгийг өгөөгүй байсан. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.О нь нэхэмжлэгч Ж.Х-аас 40,950,000 төгрөгийн үнэ бүхий ямааны боловсруулсан мах худалдан авч, энэхүү махны үнээс Ж.Хын өгөх ёстой байсан 27,983,000 төгрөгийг хасч тооцоод, үлдэх  13,267,000 төгрөгийг дараа өгөх талаар тохиролцсон болох нь тогтоогдож байна. 

  

3.2 Хариуцагч С.О нь 9,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Н.Б-д, түүний 0000000000дугаартай дансаар өгсөн байна.  

  

4.Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  

  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  40,950,000 төгрөгийн үнэ бүхий ямааны боловсруулсан мах худалдаж, хариуцагч нь үнээс нэхэмжлэгчийн өгөх ёстой 27,983,000 төгрөгийг хасч тооцоод, үлдэх  13,267,000 төгрөгийг дараа өгөх үүрэг хүлээсэн байна.  

  

5. Талууд хариуцагч С.Од гэрч Б.Б-д өгсөн 9,000,000 төгрөг Ж.Х-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэгт тооцогдох эсэх талаар маргаж байна.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

  

Нэхэмжлэгч Ж.Х ...Б.Б-д өгөх өр төлбөр байхгүй, С.Од, Б.Б-д шилжүүлсэн 9,000,000 төгрөг надад өгөх мөнгөнөөс хасагдах ёсгүй гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь ..Ж.Хын Б.Б-д өгөх ёстой өр төлбөрөөс 9,000,000 төгрөгийг өгч байж, махыг авсан. Уг мөнгийг өгөхгүй бол махыг өгөхгүй гэсэн учраас энэ талаар Ж.Х-т хэлэхэд зөвшөөрсөн учраас мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.  

  

Хариуцагчийн дээрх тайлбар нь гэрч Б.Б-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн  “Ж.Х нь надад 25,000,000 төгрөгийг  өглөгтэй байсан. Энэ нь түүний манай агуулахад мах бэлдүүлсэн ажилчдын цалин болон мах хадгалуулсны түрээсийн төлбөр юм. Бид хоёрын тооцоо нийлсэн баримт надад эх хувиар байна. Хувилж шүүхэд өгөхөд татгалзахгүй. Ж.Х нь надад өр төлбөрөө өгөөгүй байсан тул би С.О-ыг мах авахаар ирэхэд нь түүнээс 9,000,000 төгрөгийг авч байж, махыг нь өгсөн. Энэ талаар Ж.Х мэдэж байгаа” гэх мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогдож байна. 

  

Харин нэхэмжлэгчийн “С.О-ын Б.Б-д шилжүүлсэн 9,000,000 төгрөг надад хамаагүй, С.О-ын надад өгөх ёстой мөнгөнөөс хасагдах ёсгүй” гэх тайлбар нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байхаас гадна нэхэмжлэгч нь энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.   

  

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.О нь нэхэмжлэгч Ж.Х-т худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөх 13,267,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг түүний Б.Б-д төлөх өр төлбөрт тооцож өгсөн гэж үзэхээр байна.  

  

 Дээрх үндэслэлээр хариуцагч С.О-н нэхэмжлэгч Ж.Х-т төлөх төлбөрөөс 9,000,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч С.О-с 4,267,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:   

  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О-аас 4,267,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хт олгож, үлдэх 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,285 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-с улсын тэмдэгтийн хураамжид 83,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хт олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

  

  

  

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭНХЗАЯА