Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

  

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн М-д холбогдох эрүүгийн 2538000000144 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, М  овгийн А-ийн М , 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын .............. багт суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....................дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  А.М нь 2025 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын .............. дугаар багийн нутаг “Шивэрт” гэх газраар 1 метр куб хэмжээтэй, 16 ширхэг хуурай шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 144,562 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М-ыг 2025 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын 2 дугаар багийн нутаг “Шивэрт” гэх 1 метр куб хэмжээтэй, 16 ширхэг хуурай шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 144,562 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000144 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн -р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ ,

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн А.Д-ийн гэдэг хүн энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2507411 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг надаас авсан. Тэгээд тухайн иргэний мод бэлтгэх эрхийн бичгээр хүү А.М нь тус сумын 2 дугаар багийн нутаг "Шивэрт” гэдэг газарт ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх явцдаа босоо мод унагааж мод бэлтгэх журам зөрчсөн байсан тул уг асуудлыг шийдвэрлэхэд намайг аймгийн Байгаль орчны газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/,

Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэбулган сумын байгаль хамгаалагч Э-ээс  хэрэглээний мод бэлтгэх 5 метр кубийн мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж Эрдэнэбулган .............. багийн Шивэрт гэх газраас мод бэлтгэхээр зааглаж Эрдэнэбулган сумын төвд хашаагаа сэлбэх зорилгоор эрхийн бичиг бичүүлж авсан.

Би өөрөө мод бэлтгэж чадахгүй болохоор отгон хүү болох А.М-ыг гуйж ээж нь хашаагаа сэлбэх модны эрхийн бичиг авчихлаа, ээждээ мод бэлтгэж өгөөч гэж хэлээд хүү А.М-ыг 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Шивэрт гэх газарт мод бэлтгэхээр явсан. Тэгтэл мод бэлтгэж байх даа босоо мод унагаасан асуудал гарсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р  тал/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р тал/,

Хөвсгөл аймгийн “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “...хятад улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг 120,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 55-58-р  тал/,

Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “...шинэс мод/ хуурай/, 1 метр куб хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ 144,562 төгрөг...” гэх дүгнэлт, хэрэглээний модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 42-43-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р тал/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 70-р тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 71-р тал хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72-р тал/,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолт /хх-ийн 75-р тал/,

Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого /хх-ийн 77-78-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538000000144 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна...” гэв.  

Шүүгдэгч А.М нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.  

Шүүгдэгч А.М нь 2025 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын 2 дугаар багийн нутаг “Шивэрт” гэх газраас “цэвэрлэгээний зориулалттай 2507411 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх боловч мод бэлтгэх арга, технологийг зөрчиж 16 ширхэг, 1 метр куб хэмжээтэй, босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 144,562 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/, гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р  тал/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р тал/, Хөвсгөл аймгийн “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 55-58-р  тал/, Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт, хэрэглээний модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 42-43-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.М нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.М-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

 Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч А.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.М нь экологи эдийн засагт 144,562 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч А.М нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 433,686 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч А.М-аас гэмт хэргийн хохиролд 433,686 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял  оногдуулах, гэмт хэргийн хохиролд 433,686 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУлсад үйлдвэрлэсэн, 120,000 төгрөгийн үнэ бүхий, маниултай бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгох саналтай байна...” гэв. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн 2538000000144 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган  сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 16 ширхэг, 1 метр куб хэмжээтэй, хуурай шинэс модыг хурааж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУлсад үйлдвэрлэсэн, 120,000 төгрөгийн үнэ бүхий, маниултай бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.

 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М  овгийн А-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн М-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.М-аас байгаль экологид учруулсан хохирол 433,686 (дөрвөн зуун гучин гурван мянга зургаан зуун наян зургаа) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 16 ширхэг, 1 метр куб хэмжээтэй, хуурай шинэс модыг хурааж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУлсад үйлдвэрлэсэн, 120,000 төгрөгийн үнэ бүхий, маниултай бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ