| 2022 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/02090 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:..., ... тоотод байрлах, ***-ийн /РД:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, ***овогтой ***ын *** /РД:***/,
Хариуцагч: *** тоотод оршин суух, ***овогтой ***ын *** /РД:***/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, 8,787,427 /найман сая долоон зуун наян долоон мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч Л.***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Л.***, М.*** нартай 2021.08.05-ны өдөр ЗГ 21-08-005 тоот Зээлийн гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 2.95% хүүтэй, 12 сарын хугацаагаар олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.3-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021.09.01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01, 16-ны өдрүүдэд төлөх үүрэг хүлээсэн ч хийгдээгүй байна. Л.***, М.*** нарын зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор ажил болон гэрт нь удаа дараа очсон боловч уулзаж чадаагүй. Иймд зээлийн эрх нээх гэрээний зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах зохицуулалт бүхий 8.2.2, 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөр 7,000,000 төгрөгийг, хүүгийн үлдэгдэл 1,693,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,627 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөгийн хамт нийт 8,787,427 төгрөгийг зээлдэгч нараас нэхэмжилж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамтран зээлдэгч М.***гийн хамт 2021.08.05-нд 7,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн, 2021 оны 8 сард данс битүүмжилсэн тул төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Хуулийн дагуу цалингийн орлогын 50 хувь нь төлбөр авагчид, үлдсэн нь шууд цалингийн зээлийн төлбөрт татагдаж, гар дээр мөнгө авалгүй 2022 оны 4 сар хүргэсэн. 4 сард банкинд хүсэлт гаргаж 250,000 төгрөг авч байгаа. Би энэ нэхэмжлэлийн 8,787,427 төгрөгийг хамтран зээлдэгч ***гийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг бөөнд нь төлөх боломжгүй нөхцөл үүссэнийг харгалзаж, тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлөх боломж олгоно уу гэв.
Шүүхэд нэхэмжлэгчээс Зээлийн эрх нээх гэрээ /хавсралтын хамт/, Зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын мөнгөний тасалбар, Шилжүүлгийн мэдээлэл баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** нь Л.***, М.*** нарт холбогдуулан зээлийн эрх нээх гэрээг цуцалж, 8,787,427 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигч 2021.08.05-ны өдөр ЗГ21-08-005 дугаар Зээлийн гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгөөс шимтгэлээ хасаад шилжүүлсэн гэж байгаа боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул 6,825,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасанд нийцүүлэн талууд дээрх гэрээгээр сарын хүүг 2.95 хувиар тохиролцсон, зээлдэгч нар гэрээний дагуу сар бүр зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зөрчсөн нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсанд талуудын тохиролцоо нийцжээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг нэхэмжлэгч нь утсаар мэдэгдэж байсан, хариуцагч энэ талаар маргахгүй байна.
Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 7 дугаар зүйлд үүргийн зөрчлүүдийг тодорхойлж, эдгээр зөрчлийн аль нэгийг гаргаснаар зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлахаар тохиролцсон, тухайн тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлүүд бий болсон, энэ талаар хариуцагч тал маргахгүй байх ба зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж, тухайн зээлийг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгааг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин тооцооллын хувьд шилжүүлсэн 6,825,000 төгрөгөөс хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй байна. Иймд 175,000 төгрөгийн сард төлөх 2,95 хувийн хүү 5,162 төгрөгийг 12 сараар бодоход 61,950 төгрөг болох ба үүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 12,390 төгрөгийн хамт /175,000+61,950+12,390/ нийт 249,340 төгрөгийг шилжүүлээгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт илүү нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн тохиролцсон хуваарийн дагуу нийт 12 сарын хугацаанд хариуцагч нар нь хүүний төлбөрт 1,463,715 төгрөг төлөх үүрэгтэй байтал нэхэмжлэгч нь 1,693,300 төгрөгийг нэхэмжилсэн, илүү нэхэмжилсэн 229,585 төгрөгөө баримтаар нотлохгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.
Иймд дээрх тооцооллыг нэгтгэн дүгнээд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 6,825,000 төгрөг, /1,463,715-61,950/ хүүгийн төлбөрт 1,401,765 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /83,627-12,390/ 71,237 төгрөг, нийт /6,825,000+1401,765+71,237/ 8,298,002 төгрөгийг нотариатын зардал 10,500 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх /249,340+229,585/ 478,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч М.***д нэхэмжлэлийн хувийг 2022.05.16-ны өдөр гардуулан, эрх үүрэг тайлбарласан, хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох ба түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 155,549 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 147,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг цуцалж, ***овогтой ***ын *** /РД:***/, ***овогтой ***ын *** /РД:***/ нараас 8,308,502 /найман сая гурван зуун найман мянга таван зуун хоёр/ төгрөг гаргуулан ***-д /РД:***/ олгож, шаардлагаас үлдэх 478,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 155,549 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас 147,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ