| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03623/И |
| Дугаар | 102/ШШ2022/02145 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/02145
| 2022 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2022/02145 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогтой ***гийн ***гийн /РД:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогтой ***гийн ***ад /РД:З***/ холбогдох,
Шүрэн толгойтой их гарын халтар манан хөөрөгний үнэнд 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч Ш.***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хуучны эд зүйл болох шүрэн толгойтой, их гарын халтар манан хөөргийг Ш.*** нь ***-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах *** ломбарданд барьцаалж мөнгө авсан байдаг боловч эд зүйлийг авч өгөхгүй байна. Би хариуцагчаас барьцаалан зээлдүүлэх газраас эд зүйл авч буцааж өгөхийг байнга шаарддаг байсан ч хариуцагч нь 2018 онд эд зүйлийг минь буцааж өгөхгүй санаа зорилгоор миний эд зүйлийг өөрийн мэт болгож цагдаагийн байгууллагад гомдол гаргаж намайг гүтгэж шалгуулж байсан. Иймд миний хуучны эд зүйл болох шүрэн толгойтой, их гарын халтар манан хөөргийн үнэнд 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны намраас Д.***тай танилцаж, хааяа эд зүйл зарах буюу мөнгө зээлж өгч авах байдлаар харилцаж явсан. ***-ны өдөр *** ломбарданд хөөрөг барьцаанд тавиулсан гэх асуудлыг тайлбарлавал тэр өдөр *** зааны ясан хусуур, намхан цайвар шүрэн толгойтой засвар хийсэн их гарын шинэ цагийн хятад цагаан алаг хөөрөг намхан шүрэн толгойтой бага гарын бор халтар хөөрөг гурвыг барьж ирээд 35,0 сая төгрөгийн хэрэг байна, эдгээр эд зүйлсийг ломбарданд тавиад мөнгө аваад өгөөч гэсэн. Эдгээр зүйл нь түүний хэлсэн үнэлгээнд хүрэхгүй байсан учир би өөрийн их гарын шүрэн толгоотой хаш хөөрөг, дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, дунд гарын шүрэн толгойтой хуучны хаш хөөрөг, дунд гарын шүрэн толгойтой гартааман хөөрөг, нийт 100,0 сая төгрөгийн эд зүйлийг нэмж барьцаалаад ***д 35,0 сая төгрөгийг авч өгсөн. Ингэж тавихдаа би өөрийнхөө нэрээр тавьж гарын үсэг зурсан болохоор одоо намайг эргүүлэн гүтгэж байна. Өөрийнхөө авчирсан эд зүйл дээр миний эд зүйлийг нэмж тавиулж авсны зэрэгцээ миний 150,0 сая орчим төгрөгийн /үнэлгээний комиссын үнэлгээтэй/ эд зүйлийг дээр дурдсан *** болон Мөнх анирын од ломбарданд тавиулж залилсан тул би цагдаагийн байгууллагад хандсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаар хэрэг маш удаан дүүрэг дамжин шалгагдсан боловч Д.*** нь янз бүрийн арга заль хэрэглэсээр *** тоот хэргийг Баянгол дүүргийн прокуророос хэрэгсэхгүй болгосон боловч хохирогчид бид гомдол гаргаж явсаар уг хэрэг Нийслэлийн прокурорт хянагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.*** нь Ш.***ад холбогдуулан шүрэн толгойтой, их гарын халтар манан хөөргийн үнэнд 25,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дунд гарын хөөргийн үнэнд 13,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ засуулахаар өгсөн хөөргийг ломбарданд тавиад эргүүлж өгөөгүй гэж, хариуцагч нь зээл аваад өг гээд гуйхаар нь өөрийн эд зүйлсийн хамт ломбарданд тавиад 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж маргав.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нь ***-ны өдөр *** ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 3ш хаш хөөрөг, 2ш манан хөөргийг барьцаалж, 35,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Дээрх барьцаа хөрөнгөөс 1ш манан хөөрөг нь нэхэмжлэгчийн эзэмшлийнх байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
Харин хөөрөгний хэмжээний хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ их гар гэж андуурч бичсэн, хөөрөг дунд гарынх байсан гэж өмгөөлөгч нь тайлбарласан, хариуцагч нь бага гарын гэж маргаж байгаа боловч нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн тохиолдолд зохигчийн хооронд гэрээний улмаас үүрэг үүссэн, үүрэг нь дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байх тул дээрх хуулийн зохицуулалтаар шаардах эрхгүй байна.
Хариуцагч хөөрөг хийдэг гэж, нэхэмжлэгч нь хөөргийг засуулахаар өгсөн гэж тайлбарласан тул аман хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, дунд гарын хуучны халтар манан хөөрөг нь бусдын өмчлөлд шилжсэнээр нэхэмжлэгчид хохирол учруулсан буруутай байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж зааснаар дунд гарын хуучны халтар манан хөөргийг шинжээч 13,000,000 төгрөгөөр үнэлсэн тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***гийн ***аас /РД:***/ шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөгний үнэнд 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулан *** овогтой ***гийн ***д /РД:***/ олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг гаргуулан орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ