2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1363

 

 

 

 

 

 

 

   

    2025        05           20                                     2025/ШЦТ/1363

 

                          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг

хохирогч байгууллагын төлөөлөгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 4 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг “миний дансанд зээлийн төлөлтөө хийчих, би маргааш ажилдаа очоод шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Г.Цэрмаагаас 750.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Солонгоос 643.199 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч ***гаас 2.650.014 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч ***ээс 755.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хохирогч ***аас 1.282.270 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хохирогч ***ээс 680.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хохирогч ***ос 1.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ***аас 1.500.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч ***ээс 500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Нандин-Эрдэнээс 500.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч ***аас 1.400.000 төгрөг тус тус авч залилж нэр бүхий иргэдэд нийт 11.660.483 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “***” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэн ***ын зээлийн үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөгийн хуурамч нэмэлт зээлийн гэрээ үйлдэн улмаар “***” банк бус санхүүгийн байгууллагын захиралд уг гэрээгээ үзүүлэн “зээлдэгч *** нэмэлт зээл авахаар болсон” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 3.000.000 төгрөгийг залилан авч “***” банк бус санхүүгийн байгууллагад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “***” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан Г.Өгөөмөрийн зээлийн эргэн төлөлтийн 19.825.847 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 

Би нэр бүхий иргэд болон өөрийн ажиллаж байсан банк бус санхүүгийн байгууллагыг залилж хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эдгээр хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Намайг цагдан хоригдож байх хугацаанд “***” банк бус санхүүгийн байгууллагад учруулсан 13.725.847 төгрөгийн хохирлыг манай эгч Соёлмаа миний өмнөөс төлсөн байгаа.

Харин би Г.Өгөөмөр гэх хүнийг “***” банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч мөн гэдгийг мэддэг бөгөөд тэрээр гадаад улсад байдаг учраас надаар дамжуулж 9911... дугаартай гар утасныхаа төлбөрийг төлүүлдэг байсан. Ингэж мэддэг болохоор би бас дээрх аргаар мөнгийг нь авсан. Тиймээс би өөрийгөө байгууллагын хөрөнгийг завшаагүй гэж үзэж байна. Гэм буруугийн талаар надад маргах зүйл байхгүй. Хохирлын мөнгийг манай ар гэрээс бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “***” банк бус санхүүгийн байгууллагад гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай ажилтан буюу зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Аззаяа нь зээлдэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Энэ хэргийг 2024 оны 11 дүгээр сард анхан шатны шүүхээр хэлэлцэж шийтгэх тогтоол гарах үед Аззаяа нь зөвхөн манай байгууллагад 13.725.847 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж шүүх шийдвэрлэсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар манай байгууллагад учирсан 13.725.847 төгрөгийн үлдэгдэл хохирлоос шүүгдэгч Аззаяа 9.225.000 төгрөгийг төлж барагдуулсан. Төлөгдөөгүй үлдсэн 4.500.847 төгрөгийн төлбөрийг манай байгууллага нэхэмжлэхээс татгалзаж байгаа юм. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Аззаяад аль болох хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсэх байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... 2019 оны 9 дүгээр сарын үед би “***” ББСБ-д Аззаяагийн хамт эдийн засагчийн ажил хийдэг байсан. Тухайн үед би ажил дээрээ байж байтал Г.Өгөөмөр гэх хүн над руу утсаар холбогдоод утасны дугаар барьцаалаад 25.000.000 төгрөг зээлсэн юм, утасны дугаараа нэр дээрээ шилжүүлэх гэтэл Монгол банкинд миний зээл хаагдаагүй байна гэж холбогдсон. Тухайн үед Монгол банкинд би зээлийн хаалт хийдэг байсан. Тэгээд хартал Г.Өгөөмөр нь зээлээ төлөөгүй харагдаж байсан тул таны зээл хаагдаагүй байна гэж хэлсэн. Яг тэр өдөр Аззаяа ажлаас чөлөө авчихсан байсан. Маргааш нь Г.Өгөөмөр ирж уулзаад дансны хуулгаа авч ирж өгөхөд Аззаяагийн хувийн данс руу орсон байсан. Тэгээд бид дотоод хяналт шалгалтаар Аззаяаг дуудаж уулзахад ганцхан Г.Өгөөмөр гэх хүний мөнгийг авсан гэж хэлж байсан. Тэр үед нь дансныхаа хуулгыг аваад ир гэж манай хувьцаа эзэмшигч нар хэлэхэд Аззаяа нь өөрөө авч ирсэн ба тэгэхэд олон хүнээс мөнгө орж ирсэн байсан. Дотоод хяналт шалгалтаар Аззаяа нийт 11 хүнээс 20 орчим удаагийн гүйлгээгээр 33.978.100 төгрөг шилжүүлэн авсан байсан. Үүнээс Арвин 1.282.270 төгрөг, *** 2.650.014 төгрөг, *** 1.743.199 төгрөг, *** 750.000 төгрөг, Э.Шинэбаяр 755.000 төгрөг, *** 680.000 төгрөг зэргийг манай байгууллагад зээлдэгч нар өөрсдөө гаргаж өгөөд төлчихсөн. Харин зөрүүд нь бид Аззаяагаас нэхэмжилсэн мөнгөн дүнгээс буцаан уг зээлдэгч нарт өгөхөөр аман тохиролцоо хийсэн байгаа. Тэгэхээр Г.Өгөөмөр гэх хүний 20.867.617 төгрөг төлөгдөөгүй байгаа бөгөөд бусад төлбөр манай байгууллагын дансанд орсон.

Мөн *** нь зээл нэрээр өөртөө авсан гэх нэр бүхий иргэдээс Б.Нандин- Эрдэнийн 250.000 төгрөгийг төлсөн. Ингээд зээл нэрийн өмнөөс авсан 6.100.000 төгрөг болон Г.Өгөөмөр гэх хүний 20.867.617 төгрөг нэмэгдээд манайд 26.967.617 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнээс *** нь 1.041.770 төгрөгийн хохирол манайд нөхөн барагдуулсан. Нийт 32.586.000 төгрөгийн хохирол учраад байна.

*** нь 2016 оны 3 дугаар сараас манай “***” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард ажлаас гарсан. *** манай байгууллагаас зээл авахаар ирсэн зээлдэгч болон зээл авсан харилцагч нараас мөнгө төгрөг авсан. Эдгээр хүмүүс нь ***г танихгүй, зээлийн эдийн засагч гэдэг ажил албан тушаалаар нь мэддэг. Өөрийн хийж байсан ажил албан тушаалын байдлыг өөрт ашигтайгаар ашиглаж харилцагч нараас зээлийн эргэн төлөлт хий гэж оройн цагаар өөрийн дансыг ашиглаж зээлийн эргэн төлөлтийг авсан. Зээл авах гэж ирсэн хүн дээр зээл гаргахдаа илүү мөнгө нэмж зээл гарган хувьдаа авсан. Нийт 11 харилцагчаас өөрийн ажил албан тушаалын байдлыг ашиглаж мөнгө хувьдаа завшсан гэж үзэж байна” /2-р хх-н 82-88, 98-99 / гэж,

хохирогч *** “... би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “***” ББСБ-аас ЗГ18/Д-026 дугаартай зээлийн гэрээ байгуулж гар утасны 99116656 дугаарыг барьцаалж нийтдээ 25.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд би гадаад улс руу явсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хугацаанд заасан хугацаагаар төлж 2019 оны 4 дүгээр сард зээлээ төлж дуусгасан. Ингээд барьцаанд тавьсан 99116656 дугаарыг өөр дээрээ шилжүүлж авах талаараа хэлэхэд “***” ББСБ-аас дугаарыг маань шилжүүлж өгөх бичгийг эдийн засагч гэх Аззаяа нь надад авчирч өгсөн. Харин би 2019 оны сүүлээр банкнаас зээл авах зорилгоор хүсэлт гаргасан чинь ББСБ-с авсан зээл хугацаанд нь төлөөгүй гэсэн шалтгаанаар Монгол банк дээр найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд орсон тул зээл олгох боломжгүй гэсэн учраас “***” ББСБ дээр очсон чинь зээлээ төлөөгүй гэсэн хариу өгөхөөр нь би хугацаандаа зээлээ төлж байсан талаар хэлэхэд эдийн засагч Аззаяа нь зээлийн эргэн төлөлтийг хувьдаа завшсан гэсэн хариу өгсөн. Миний хувьд тухайн ББСБ-ын дарга нь бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй гэсэн нэрийг самбар дээрээ бичсэн мөртлөө надтай холбогдохгүй эдийн засагчийнхаа үгээр энэ асуудлыг хүндрүүлж миний нэр хүнд болон ажил хөдөлмөр хийхэд Монгол банканд найдваргүй зээлдэгч гэсэн жагсаалтад оруулж байгаад гомдолтой байгаа. Одоог хүртэл миний нэр Монгол банканд найдваргүй зээлдэгч буюу хар дансанд байгаа. Миний бие одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /2-р хх-н 103-106, 110-111/ гэж,

хохирогч *** “... би “***” ББСБ-д хөдлөх хөрөнгөө хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тавьж ЗГ18/М-198 дугаартай зээлийн гэрээг байгуулж 4.000.000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай авсан. Харин 2019 оны 6 дугаар сард шиг санаж байна, би Өмнөговь аймагт ажиллаж байсан чинь “***” ББСБ-аас ярьж байна, таны зээлийн эргэн төлөлтийн хугацаа болчихсон байна гэж хэлэхээр нь үлдэгдэл хэдэн төгрөг байна гэхэд 1.400.000 төгрөг байна гэж хэлэхээр нь надад мөнгө хэрэгтэй байгаа, зээлээ хаагаад дахин зээл авах хүсэлтэй байна, харин зээлийн үлдэгдлээ хаамаар байна гээд зээлийн үлдэгдэл төлбөр болох яг нарийн мэдэхгүй байна 1.400.000 гаруй төгрөгийг Аззаяагийн явуулсан ХААН банкны данс руу хүний данснаас шилжүүлсэн. Би дотроо Улаанбаатар хотод очоод Наадмын үед зээлээ хаачихсан юм чинь мөнгө хэрэгтэй үед “***” ББСБ-аас зээл авна даа гэж бодож байсан. Үүнээс хойш Улаанбаатар хот руу явж чадахгүй байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сард зам тээврийн осолд орчихсон учраас эмнэлэгт хэвтэж байсан чинь 2019 оны 11 дүгээр сарын сүүл хэсгээр над руу “***” ББСБ-аас ярьж байна, хүрээд ирээч гэж хэлэхээр нь очиход миний нэр дээр 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулаад 3.000.000 төгрөг авсан байна гэхээр нь огт аваагүй талаараа хэлсэн. Зээл хаахаар миний шилжүүлсэн 1.400.000 орчим төгрөгийг өгч зээл хаасан эсэхийг мэдэхгүй, уг мөнгөн дүн дээр нэмээд нийтдээ 3.000.000 төгрөг болсон юм уу, эсвэл нэмээд 3.000.000 төгрөг авсан гэдгийг мэдэхгүй байгаа. Тийм учраас 2018 оны 6 дугаар сарын 14, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг үзэх хэрэгтэй. Одоо миний бие 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн НГ19/M-198a дугаартай гэрээг харахад урьд зээлийн үлдэгдэл 1.400.000 дээр нэмж 3.000.000 төгрөг авч нийтдээ 4.400.000 төгрөгийн зээлийг гаргасан байгаа. Уг зээл гарах цаг хугацаанд би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Таван толгой” гэх газар байсан юм. Нэмэлт зээлийг аваагүй. Харин “***” ББСБ-аас үндсэн зээлийн үлдэгдэл болох 1.400.000 төгрөгийг надаас нэхээд байгаа юм. Уг мөнгийг Аззаяагийн өгсөн данс руу шилжүүлсэн тул Аззаяа гэх хүнээр төлүүлэх хүсэлтэй байна” /2-р хх-н 115, 116-118, 122-123/ гэж,

хохирогч *** “... би 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “***” ББСБ-аас ЗГ18/М-221 дугаартай зээлийн гэрээ байгуулж 05-54 УБХ улсын дугаартай, “Румион” загварын автомашиныг барьцаалж 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн эдийн засагч нь Аззаяа гэх эмэгтэй байсан. Миний бие зээлийн эргэн төлөлтийг төлж байсан бөгөөд 2018 оны 11, 12 дугаар сарын орчимд яг өдрийг нь санахгүй байна, би зээлээ төлөх гээд орой болчихсон байсан учраас зээлийн эдийн засагч Аззаяагийн утас руу нь залгаж байгууллагын дансны дугаарыг өгчих, миний бие хөдөө явж байгаа тул хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг өгч чадахгүй болоод байна гэсэн чинь Аззаяа нь ярихдаа би гэртээ байна, дансны дугаарыг санахгүй байна, та миний данс руу зээлийн эргэн төлөлтийг төлчих, би маргааш ажил дээрээ очоод таны зээлийн эргэн төлөлтийг төлье гэхээр нь зөвшөөрөөд Аззаяагийн ХААН банкны данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш эргэн төлөлтийг төлж байгаад зээл хаагдсан гээд автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичгийг чинь хийгээд өгье гээд 2019 оны 5 дугаар сарын орчимд манай ажил дээр авчирч өгсөн. Харин би авто тээврийн газар очиж автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжихгүй байж байгаад 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тухайн ББСБ дээр очиж зээл авах талаараа хэлсэн чинь таны зээл хаагдаагүй байна, 750.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлэхээр нь надад мөнгө хэрэгтэй байна, үлдэгдэл мөнгөн дүн дээрээ нэмээд зээл авмаар байна гээд үлдэгдэл 750.000 төгрөг дээр нэмж 4.250.000 төгрөг нэмж нийтдээ 5.000.000 төгрөгийн зээл авсан. Харин надад 4.250.000 төгрөгийг ББСБ-аас өгсөн. Би 4.250.000 төгрөгийг төлж дуусгаад автомашинаа өөр дээрээ шилжүүлээд авчихсан. Ингэхээр миний бие 750.000 төгрөгийг эдийн засагч Аззаяагаас авах болоод байгаа юм. Надаас зээл дээрээ нэмж мөнгө аваад өг гэж гуйсан зүйл байхгүй. Аззаяагаас 750.000 төгрөг нэхэмжилнэ” /2-р хх-н 127-135/ гэж,

хохирогч *** “... манай найз Должинсүрэн бид хоёр тус ББСБ-д автомашины зогсоол барьцаалж 5.000.000 төгрөгийн зээл авсан. Би зээлийн төлөлтийг сар бүр ***тай холбогдож хийдэг байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сард зээлийн гэрээний дагуу хүүгээ хийтэл маргааш нь над руу ББСБ-аас залгаад хүүний мөнгөө хий гэж хэлэхээр нь би тэр даруйд очиж уулзахад *** нь миний хийсэн хүүний мөнгийг хувийн дансандаа аваад завшсан байсан. *** нь зээл авсан өдөр над руу залгаад та өөрийнхөө нэр дээр 1.000.000 төгрөг нэмээд гаргаад өгөөч, би 2 сарын хүүг нь төлөөд 1.000.000 төгрөгийг чинь өгье гэж хэлэхээр нь би Должинсүрэнтэй ярилцаж байгаад нэмж авч өгсөн. Би ерөнхийдөө 5 удаагийн гүйлгээгээр нийт 1.743.199 төгрөг өгсөн. Надад ямар ч байсан 700.000 төгрөгийг буцааж өгсөн, харин үлдэгдэл мөнгийг өгөөгүй. “***” ББСБ-аас авсан 6 сая төгрөгийн зээлийг би бүрэн төлж дуусгасан бөгөөд Аззаяаг гэгчийн дансанд шилжүүлж алдсан 643.199 төгрөгийг тухайн банк бусад өгч асуудлаа шийдсэн. Миний бие Аззаяагаас 1.643.199 төгрөг нэхэмжилнэ” /2-р хх-н 140-141, 143, 145-146, 150/ гэж,

хохирогч ***“... би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “***” ББСБ-аас ЗГ19/Д-036 дугаартай зээлийн гэрээ байгуулж 99110432 гэсэн дугаарыг барьцаалж 2,9 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай 25 сая төгрөг зээлж авсан. Харин миний бие зээлийн хүүг өгөх үедээ төлөлт хийх дансны дугаарыг мартсан байсан учир зээлийн эдийн засагч Аззаяагийн утас руу залгаж ямар данс руу хийх талаар асуухад манай сарын тайлан гарчихсан, та мөнгөө хийвэл зөрүү гарна гээд тухайн хүний данс руу хэдэн төгрөг хийсэн талаараа мэдэхгүй байна, ямар ч байсан мөнгөө хийсэн. Харин төлбөр хийсэн мөнгөн дүнгээсээ 2.650.014 төгрөг дутсан. Би тухайн банк бусад 2.650.140 төгрөгийг өгч асуудлаа шийдсэн. Аззаяагаас 2.650.014 төгрөг нэхэмжилнэ” /2-р хх-н 154-162/ гэж,

хохирогч *** “... миний бие 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ахын хүүхэд болох Эрдэнэ-Очир овогтой Шинэбаярын нэр дээр байдаг газрын гэрчилгээг Баянгол дүүргийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ББСБ-д барьцаанд тавьж 5.000.000 төгрөг зээлж авсан ба зээлийн эдийн засагч нь *** гэх эмэгтэй байсан. Зээлийг зээлийн газрын гэрчилгээний эзэн болох Шинэбаярын нэр дээр авсан бөгөөд би ерөнхийдөө хариуцаж уг зээлийг төлж байсан. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу ББСБ-д төлж байгаад зээлийн гэрээгээ гээгдүүлчихсэн. Тэгээд би эдийн засагч ***тай холбогдоод данс аваад ***гийн хувь данс руу шилжүүлж байсан. Тухайн үед *** надад хэлэхдээ энэ данс руу шилжүүлчих гээд өөрийнхөө данс руу шилжүүлүүлж байсан ба “зээлийн сарын төлөлтийг чинь хийчихсэн, зээл чинь хэвийн төлөгдсөн шүү” гэж утсаар хэлсэн. Удалгүй тухайн үед нэг эрэгтэй эдийн засагч ярьсан ба намайг зээлээ төлөөгүй байна, хугацаа хэтрэлттэй байна гэж хэлэхээр нь би очиж уулзаад төлж байсан баримтаа гаргаж өгөхөд ***гийн хувийн данс руу 755.000 төгрөг орсон байна гэж дансны хуулгаар гарч ирсэн. Би зээлээ хаахын тулд өөрөөсөө 755.000 төгрөг гаргаж уг зээлийг хаасан. Надад 2021 оны 4, 5 дугаар сарын орчимд 50.000 төгрөгөөр 2 удаа нийт 100.000 төгрөг өгч байсан. Тэгэхээр надад одоо 655.000 төгрөг төлөх ёстой юм байна” /2-р хх-н 166-167, 169-175/ гэж,

хохирогч *** “... би 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “***” ББСБ-аас ЗГ18/М-220 дугаартай зээлийн гэрээ байгуулж автомашин барьцаалж 50.000.000 төгрөгийн зээл авсан юм. Зээлийн эдийн засагч нь Аззаяа гэх эмэгтэй байсан. Миний бие зээлийн эргэн төлөлтийн хүүг нь төлж байсан, харин зээлийн эдийн засагч болох Аззаяа над руу утсаар яриад зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрчихсэн байна, зээлээ хийгээрэй гэж хэлэхээр нь ямар данс руу мөнгө хийх талаар асуухад та миний данс руу шилжүүлчих, би маргааш касс руу оруулаад баримтыг чинь өгье гэж хэлэхээр нь зөвшөөрч Аззаяагийн данс руу шилжүүлсэн. Яагаад ББСБ-ын данс руу шилжүүлж болохгүй байгаа талаар асуухад манайх татварын тайлантай байгаа гэж хэлж байсан. Харин “***” ББСБ-аас 1.282.270 төгрөгийг Аззаяагийн данс руу хийсэн байна, уг данснаас таны зээл төлөгдөөгүй байна гэж хэлсэн. Ингээд би зээлээ хааж барьцаа хөрөнгөө авах гэсэн чинь 1.282.270 төгрөгийн зөрүү гарсан учраас уг мөнгөн дүнг нэмж төлөөд би барьцаа хөрөнгөө чөлөөлөөд авчихсан юм. Одоо бол ББСБ-д ямар нэгэн өр төлбөр байхгүй дээрх мөнгөн дүнг эдийн засагчаар ажиллаж байсан Аззаяагаас нэхэмжлэх болоод байна. Миний хувьд 1.282.270 төгрөгийг эдийн засагчаар ажиллаж байсан Аззаяагаас нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй” /2-р хх-н 179-183/ гэж,

хохирогч ***  “... би “***” ББСБ-тай 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ЗГ19/7-157 дугаартай зээлийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж 10.000.000 төгрөгийг зээлж авч, сар бүрийн эргэн төлөлт нь 600.000-700.000 төгрөгийн хооронд төлдөг байсан. Тухайн үед эдийн засагч нь Аззаяа гэх эмэгтэй байсан. Зээл төлөх үед эдийн засагч Аззаяа над руу утсаар залгаж яриад “өнөөдөр таны зээл төлөх өдөр” гэж сануулсан бөгөөд энэ үед нь би мөнгөгүй байсан бөгөөд тухайн үед хувиараа паб рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан учраас өнөөдрийнхөө орлогоос эргэн төлөлтөө төлье гээд утсаа салгасан. Ажлын цаг дууссаны дараа ажил дээрээ байж байтал Аззаяа нь манай ажил руу орж ирээд сонин сайхан гээд байж байсан бөгөөд энэ үед нь би ажлын цагаар танай ажил руу чинь орж чадсангүй, надад одоо 680.000 төгрөг байна, чамд өгчих үү гэсэн чинь Аззаяа нь мөнгө чинь бэлэн байгаа бол одоо надад өгчихгүй юу гэж хэлэхээр нь бэлнээр 680.000 төгрөгийг Аззаяад өгсөн. Үүнээс хойш би сар бүр “***” ББСБ-ын харилцах дансанд тушаадаг байсан. Нэг л удаа бэлнээр Аззаяад өгсөн. “***” ББСБ, манай байгууллага 2 нэг объектод байрладаг юм. 2019 оны 10 дугаар сарын орчимд би “***” ББСБ руу өөрийн биеэр орсон чинь Аззаяа байхгүй болохоор нь асуусан чинь ажлынх нь хүмүүс Аззаяа зээлдэгч нарын эргэн төлөлтийг аваад манай байгууллагыг хохироосон талаар ярихаар нь би Аззаяад 680.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа, та үзээч гэж хэлсэн чинь шүүж үзэж байгаад 680.000 төгрөг ороогүй байна гэж хэлсэн. Аззаяа миний өгсөн 680.000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд миний үндсэн зээл дуусаагүй байгаа. Миний хувьд өөрийн төлөх ёстой мөнгөн дүнг өгнө. Харин Аззаяад өгсөн 680.000 төгрөгийг “***” ББСБ нь надаас нэхсэн тохиолдолд миний бие өгөхгүй Аззаяагаас нэхэмжилнэ” /2-р хх-н 189-193/ гэж,

хохирогч *** “... би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “***” ББСБ-аас ЗГ19/М-269 дугаартай зээлийн гэрээ байгуулж 77-01 УБС улсын дугаартай автомашиныг барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авсан юм. Харин энэ үед эдийн засагч Аззаяа нь надад 500.000 төгрөгөө өгчих, би уг зээлийн эргэн төлөлтийг өгнө, чи өөрийнхөө авч байгаа үлдсэн 500.000 төгрөгийнхөө зээлийн эргэн төлөлтийг өгөөрэй, манай эмээгийн бие муу байгаа учраас гуйж байна гэж хэлэхээр нь нийтдээ 1.000.000 төгрөгийн зээлийг аваад өөрөө 500.000 төгрөгийг авч эдийн засагч Аззаяад үлдсэн 500.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж байсан. Яг ямар дансанд шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Миний хувьд өөрийнхөө авсан зээлийг төлж дуусгасан бөгөөд эдийн засагч Аззаяа надаас авсан 500.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг өгч, үлдсэн 250.000 төгрөгийг өгөөгүй. Харин автомашинаа чөлөөлж авах гэсэн боловч 250.000 төгрөгийн үлдэгдэл байна, зээлээ төл гэсэн учраас өөрөөсөө 250.000 төгрөгийг гаргаж зээлийг бүрэн хааж автомашинаа чөлөөлж аваад цааш зарж борлуулсан. Миний хувьд ББСБ-аас нэхэмжлэх зүйл байхгүй” /2-р хх-н 197, 201-202/ гэж,

хохирогч *** “... миний бие “***” ББСБ-аас авсан 5 сая төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд Аззаяагаас 1.500.000 төгрөгөө нэхэмжилнэ. Аззаяа гэх эдийн засагч 3.500.000 төгрөгийн зээл гаргаад өгье, нийт 5.000.000 төгрөгийн зээл аваад надад 1.500.000 төгрөгийг нь өгчих, би хүүтэй нь хамт төлчихнө, асуудалгүй гэж хэлж байсан учраас дээрх 5.000.000 төгрөгийн зээлээс 1.500.000 төгрөгийг нь Аззаяагийн өгсөн данс руу шилжүүлсэн. Би Аззаяад дансаар шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” /2-р хх-н 204-205, 209-213/ гэж,

хохирогч *** “... би 2018 онд тус ББСБ-аас зээл авчихсан байсан бөгөөд сүүлд дахин зээл авахаар 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр очоод зээлийн эдийн засагч ***гаас нэмж 5.000.000 төгрөг авах шаардлагатай байна, гаргаж өгөх боломжтой эсэх талаар асууж тодруулахад зээл авах боломжтой, та хэрвээ зээлээ нэмэх гэж байгаа бол миний ээж эмнэлэгт хэвтэх болсон учраас надад мөнгөний хэрэгцээ гаргаад байна, тийм учраас надад 500.000 төгрөгийг өөрийнхөө зээл дээр нэмээд аваад өгөөч, би удахгүй буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ХААН банкны *** дугаарын дансанд 5.500.000 төгрөг хүлээж аваад тэндээсээ 500.000 төгрөгийг ***гийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш товлосон хугацаа болоход *** өгнө, мөнгөний бололцоо болохгүй байна гэх мэт зүйлс яриад сүүлдээ бүр гар утсаа авахаа больчихоор нь би тухайн ББСБ-д очиж уулзахад энэ хүн олон хүнээс энэ байдлаар мөнгө авч асуудал тарьсан, тиймээс цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Аззаяагаас 500.000 төгрөгөө нэхэмжилж байна” /2-р хх-н 215, 219-222, 227/ гэж,

гэрч *** “... би “United Capital Invest” ББСБ-д дэд даргаар ажилладаг бөгөөд тухайн ББСБ-г Мөнх-Ундраа гэх хүнтэй нийлж үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд Гүйцэтгэх захирлын 037 тоот тушаалаар ***г зээлийн эдийн засагчаар ажилд авч гэрээ байгуулж ажилласан. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Г.Өгөөмөр гэх нэртэй манай байгууллагын харилцагч манай байгууллагатай холбогдоод Монгол банканд миний зээл хаагдаагүй байна, хааж өгөөч гэсэн утгатай хүсэлт тавихаар нь таны зээл хаагдаагүй байгаа, та ямар учраас ийм хүсэлт тавиад байгаа юм бэ гэж асуухад би 2019 оны 2 дугаар сард өөрийн зээлийг бүгдийг төлөөд хаачихсан гэж хэлэхээр нь би та хэрхэн яаж зээлээ хаасан юм бэ гэж асуухад *** гэх хүний данс руу мөнгийг 3 хувааж хийсэн гэж хэлээд ***гийн хувийн данс руу мөнгө шилжүүлсэн баримтаа өгөхөөр нь энэ талаар судалж үзэхэд *** нь тухайн харилцагчаас мөнгө авчхаад бид нарт зээлийн хяналтын тайлан гаргаж өгөхдөө зээлээ удахгүй хаана, гадаад улсад явж байгаа гэж зээлийн хяналтын программд бичилт хийсэн байсан. Тэгээд ***гаас энэ талаар тодруулж асуухад би энэ харилцагчаас мөнгө авчихсан, уучлаарай мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би өөр харилцагчаас мөнгө авсан уу гэж асуухад өөр ямар нэгэн харилцагчаас мөнгө аваагүй гэж хэлэхээр нь дансны хуулгыг нь авчруулаад шалгаж үзэхэд одоогийн байдлаар 11 зээлдэгчээс 37.066.450 төгрөг мөн зээлдэгчийн нэрээр зээл гаргуулаад өөрөө зээлийг авсан 7.500.000 төгрөг тус тус шалгалтаар харагдсан. *** зээлийн эдийн засагч бөгөөд өөрөө материалыг бүрдүүлээд бид нарт хэлдэг юм. Тухайн цаг үедээ захирал болон намайг байхгүй үед утсаар холбогдоод зээлийн гэрээг хуурамчаар хийгээд ямар нэгэн байдлаар харилцагчийн гарын үсэг болон нотариатын гэрээгүйгээр холбогдох материалууд бүрэн хийгдсэн гэж бид нарыг хуураад гүйлгээ хийлгүүлсэн тохиолдлууд харагдаж байгаа” /3-р хх-н 86-88/ гэж,

гэрч *** “... би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авга эгч ***т “***” ББСБ-аас өөрийн хашаа байшингийн газрын гэрчилгээг барьцаанд тавьж 5.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Тухайн газар миний нэр дээр болохоор зээл миний нэр дээр гарах байсан. Би БГ18/Ү-139 дугаартай гэрээг тус ББСБ-ын эдийн засагч ***тай байгуулж байсан бөгөөд эргэн төлөлтийг манай эгч *** төлж байсан. Ингээд удалгүй эгч Мөнхцэцэг хуваарийн дагуу төлбөрөө ББСБ-д төлж дуусгаад надад газрын гэрчилгээг буцааж өгсөн” /3-р хх-н 100-101/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “... “***” ББСБ ХХК-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тушаалаар Баттөр овогтой Аззаяаг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс зээлийн эдийн засагчийн албан тушаалд томилсон байна. *** “***” ББСБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа 11 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт 38.628.100 төгрөгийг өөрийн ХААН банкны ***, *** тоот дансууд руу оруулж авсан байна. *** “***” ББСБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа байгууллага болон зээлдэгч иргэдэд хохирол учруулсан нь харилцагчдын зээлийн гэрээ, ***гийн ХААН банкны ***, *** тоот дансны хуулга, “***” ББСБ-н ХААН банкны 5163033400 тоот дансны хуулгуудаар нотлогдож байна. “Ниямазон аудит” ХХК-иас гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчид шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн 070 дугаартай дүгнэлт /3-р хх-н 2-6/,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 54/, шүүгдэгч ***гаас хохирогч “***” ББСБ-д 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /3-р хх-н 176/, 2.100.000 төгрөг шилжүүлсэн баримт /3-р хх-н 181/, 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /3-р хх-н 222/, 4.000.000 төгрөг төлсөн баримт /3-р хх-н 227/, хохирогч ***д 2.650.041 төгрөг шилжүүлсэн баримт /3-р хх-н 182/, хохирогч ***т 680.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 183/, хохирогч ***д 750.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 184/, хохирогч ***эд 500.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 185/, хохирогч ***т 655.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 186/, хохирогч ***д 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 187/, хохирогч ***т 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 188/, хохирогч ***д 1.643.199 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 228/, хохирогч *** 1.282.270 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-н 231/ зэрэг бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба эдгээр баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ***д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 923 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

 

Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянаад 90 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо “... яллах дүгнэлтэд, шүүгдэгч ***гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үйл баримтыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “***” ББСБ-аас зээл авсан Г.Өгөөмөрийн зээлийн эргэн төлөлтийн 19.825.847 төгрөгийг хувьдаа завшсан гэж тодорхойлсон байдал нь Г.Өгөөмөрийн зээлийн эргэн төлөлтийн мөнгийг ямар нөхцөл байдалд, хэрхэн авсныг тодорхой тусгаагүйгээс уг үйлдэл нь залилах, эсхүл завших гэмт хэргийн шинжтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдлыг хязгаарласан байна. Түүнчлэн шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн аргыг дээрх 4 өөр нөхцөл байдлаар тодорхойлсон байх боловч тухайн үйл баримтууд нь залилах, завших гэмт хэргийн ямар шинжийг хангаж байгаа талаар өрсөлдөх хэм хэмжээний хүрээнд дүгнэлт хийгээгүй ...” гэж дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч ***д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэхдээ Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “залилах”, “хөрөнгө завших” гэмт хэргүүдийн ялгаа буюу өрсөлдөх хэм хэмжээг тухайн хэргийн үйл баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

“Залилах” гэмт хэргийн тухайд:

Энэ гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд өөрийн мэдэлдээ оруулах, буцааж өгөхгүйгээр ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагддаг бөгөөд шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримт болох дээр дурдсан нэр бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтууд нь уг гэмт хэргийн объектив талын шинжид бүрэн нийцэж байна.

Тодруулбал, шүүгдэгч *** “***” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан ба тэрээр өөрт олгогдсон эрхийг урвуулан ашиглаж /албан тушаалын байдлаа ашиглаж/ зээлдэгч нарын зээл болон зээлийн эргэн төлөлтийн талаарх тодорхой мэдээлэлтэй байсны үндсэн дээр нэр бүхий зээлдэгч нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тэдгээрийг залилж, улмаар зээлд төлөгдөх ёстой мөнгийг нь хувийн хэрэгцээндээ авчээ.

 

Дээрх байдлыг дүгнэвэл; хэрвээ шүүгдэгч *** нь тухайн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажилладаггүй байсан бол зээлдэгч нар түүний хэлсний дагуу данс руу нь мөнгө шилжүүлэхгүй байх байсан, бэлнээр мөнгө өгөхгүй байх байсан гэсэн логик асуудал урган гарч байна.

 

“Хөрөнгө завших” гэмт хэргийн тухайд:

Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг. Тодруулбал, албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг ... өөртөө завшсан тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй[1]” гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан.

 

Шүүгдэгч ***гийн, “***” банк бус санхүүгийн байгууллага ХХК-н хөрөнгийг завшсан гэх гэмт үйлдлийн арга нь түүний үйлдсэн “залилах” гэмт хэргийн үйлдлийн аргуудтай ижил байхаас гадна уг хэргийг үйлдэхдээ зээлдэгч Г.Өгөөмөр гэгчтэй харьцсан байдал нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэсэн залилах гэмт хэргийн нэг шинжийг хангаж байна.

 

Үүнээс гадна “***” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүгдэгч буюу зээлийн эдийн засагч ***д ямар нэгэн эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэгжүүлэн хүлээлгэж өгөөгүй болно.

 

Нөгөөтээгүүр шүүгдэгч ***гийн үйлдсэн гэх “хөрөнгө завших” гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд түүний үйлдсэн гэмт үйлдлүүдээс хамгийн сүүлчийнх нь байх бөгөөд зөвхөн нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн байгаа нь “... завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй” гэсэн Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэж байна.

 

Иймд шүүгдэгч ***д холбогдох “хөрөнгө завших” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин түүний үйлдсэн “***” банк бус санхүүгийн байгууллага ХХК-н эд хөрөнгө болох 19.825.847 төгрөгийг зээлдэгч Г.Өгөөмөрийн нэрийг барьж хууль бусаар авсан үйлдлийг нь “залилах” гэмт хэргийн нэг үйлдэл мөн гэж үзэв. Шүүгдэгч ***гийн дээрх гэмт үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжид хамааруулснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал /үүнд: “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргаагүй, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэв.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх болсон учир нь шүүгдэгч ***д холбогдох “хөрөнгө завших” гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор тэрээр зөвхөн “залилах” гэмт хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хууль дахь энэ зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгч ***г “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч Б.Тэгшбаяраас “... шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгээс “... шүүгдэгчид торгох ял оногдуулж өгөөч” гэсэн хүсэлтийг, хохирогч байгууллагын төлөөлөгч ***аас “... шүүгдэгч ***д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

 

Гэм буруутай этгээдэд ямар төрлийн ял оногдуулах, уг ялын хэмжээ, хугацаа тогтоох зэрэг нь шүүхийн эрх хэмжээ бөгөөд шүүгдэгч ***д торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-н 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-н 62/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 754 дугаартай шийтгэх тогтоол /3-р хх-н 56-59/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /3-р хх-н 61/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч *** хохирогч “***” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д 10.300.000 төгрөг, хохирогч ***д 2.650.041 төгрөг, хохирогч ***т 680.000 төгрөг, хохирогч ***д 750.000 төгрөг, хохирогч ***эд 500.000 төгрөг, хохирогч ***т 655.000 төгрөг, хохирогч ***д 1.500.000 төгрөг, хохирогч ***т 1.400.000 төгрөг, хохирогч ***д 1.643.199 төгрөг, хохирогч ***д 1.282.270 төгрөг тус тус төлсөн байхаас гадна хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх явцад хохирогч “***” банк бус санхүүгийн байгууллага ХХК-н үлдэгдэл хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул тэрээр бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч *** 182 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ***г үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] УДШ-ийн 2019.09.30-ны №446 тогтоол