2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1367

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          5           20                                    2025/ШЦТ/1367

 

 

 

 

 

                       

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч М.Амарзаяа

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Номин-Эрдэнэ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “Хөх сувд” хотхоны 43 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч ***ыг зодож, хутгаар баруун гарын эрхий, долоовор хурууг зүсч эрүүл мэндэд нь баруун гарын эрхий, долоовор хуруунд зүсэгдсэн шарх, баруун зүүн зовхи, хүзүү, эгэмд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Харин тухайн өдөр би согтуу байсан болохоор жаахан муухай авирласан байх. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Сүүлчийн маргаан нь хардалтаас болсон. Пүрэвбаяр бид хоёр дундаасаа нэг охинтой. Одоо хамтдаа амьдрахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надаас хохирол, сэтгэцийн хор уршиг гэж нэхэмжлээгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг өнгөрч байхад би сэрсэн. Тэр үед манай нөхөр *** ирээгүй байсан. Тэгээд би утас руу нь залгаад “чи яасан бэ, ирэхгүй юм уу” гэж асуусан чинь “одоо дуудлагын жолооч дуудаад очлоо, жоохон уучихсан байна” гэж хэлээд тасалсан. Тэгж ярьснаас хойш нэг их удаагүй хүрээд ирсэн. *** орж ирээд намайг машинаа унаад ажилдаа яваарай гэж хэлсэн ч хоёулаа хамт архи ууя гээд эхэлсэн. Тэгээд гэрт байсан “Белуга” нэртэй архинаас надад жижиг аяганд дүүрэн хийж өгсөн. Би огиод 00 руу орчихоод буцаж ирэхэд дахиад тэр аягаараа дүүргэж дахиад уу гээд өгсөн. Тэрийг нь би дургүй уусан. Тэгээд нэг мэдсэн чинь би уйлчихсан, *** миний баруун гарын эрхий, долоовор хуруунуудыг хутгаар зүсчихсэн, миний гараас маш их цус гарсан байдалтай сэргэсэн. Тэгээд би “чи яаж байгаа юм, намайг зүсчихлээ ш дээ” гэж хэлсэн чинь юм хэлээгүй “хайр нь боогоод өгье” гээд нойтон сальфеткаар боож өгсөн. Тэгээд би орилсон чинь миний амыг дараад “чимээгүй байгаач” гээд зандраад байсан. *** надад өөрийнхөө утсыг өгөөд “ажпаасаа чөлөө ав, ярь” гэсэн. Тэгэхээр нь би захирал Гэрэлтуяа руу залгаад “өнөөдөр чөлөө авья” гэж хэлсэн. Тэгсэн чинь захирал “юу болсон бэ, яасан юм бэ, Пүрэвбаяр аа” гэж асуухад нь би хариулж чадаагүй. Тэгээд утсаа таслахаасаа өмнө “туслаарай” гээд орилсон чинь *** утсаа аваад шидчихсэн. Тэгэнгүүтээ миний нүүр рүү гараараа шууд цохисон. Нэг мэдсэн чинь би унтчихсан байсан. Намайг *** сэрээгээд “хувцсаа өмсөөд хаалгаа нээгээрэй” гэж хэлсэн. Би ямар ч хувцасгүй, дотоож ч үгүй, орон дээрээ нүцгэн сэрсэн. Тэгэхэд 12 цаг өнгөрч байсан. Би босоод өөр дотоож өмсөөд, бас өөр хувцас олж өмсөөд хаалгаа онгойлгосон. Энэ үед *** 00 руу яваад орчихсон. Намайг хаалга онгойлгосон чинь цагдаа нар, манай эгч, Гэрэлтуяа захирал гэх хүмүүс зогсож байсан. Тэгээд цагдаа нар орж ирээд ***ыг аваад явсан. Хоол хийдэг хутгаар миний баруун гарын эрхий болон долоовор хурууг зүссэн. Долоовор хурууг өмөлж зүссэн байсан. Эмнэлэг миний долоовор хуруунд оёдол тавих боломжгүй өөрөөр нь эдгээнэ гээд оёдол тавиагүй боолт хийсэн. Би хутгаар зүссэн гэдгийг нь яаж мэдэж байна гэхээр над руу хутгаар чичлээд байсан юм. Тэрийг сайн санаж байгаа учраас хутгаар л зүссэн. Тэр хутгыг *** нуугаад миний хувцас дунд хийчихсэн байсан. Тэр хутгыг захирал Гэрэлтуяагийн нөхөр нь “хүний цус бол галаар түлэхээр харладаг” гээд тэр хутгыг миний хажууд асаагуураар түлээд байсан. Би хувцсаа авах гэж гэртээ очихдоо Гэрэлтуяа захирал болон түүний нөхөртэй хамт гэртээ очсон юм.

2022 онд байх гэж санаж байна, хавар дулаан орсон үе байсан. *** “архи уучихсан байна, ирээд авчих, хорооллын Реликс гэдэг караокед байна” гэхээр нь би очихоосоо өмнө ***ы ээж Гантуяа руу залгаад “*** архи уучихсан байна, та Эрдэнэчулууныг явуулаач” гэсэн чинь Гантуяа нь өөрийн хамтран амьдрагч залуугаа явуулья гэсэн. Тэгээд би хорооллын Сентозагийн тэнд ***ы байгаа газар нь очиход *** гарч ирж би түүнд такси дуудсан байгаа хүлээж байя гээд хамт Гантуяагийн явуулсан хүнийг хүлээсэн. Тэгээд тэр хүн ирээд *** бид хоёр тэр хүний машинд нь суугаад хөдлөөд гэрийн гадаа ирээд ***ыг арай хийж чирч буулгасан. Тэгээд гэртээ ороход хаалгаар ороод шууд миний цээж рүү өшиглөж, чи саяны хүнтэй ямар холбоотой юм гээд буцаж гарах гээд тэгж байхдаа миний нүүр рүү нулимсан. Эхний удаа ингэж гар хүрсэн.

Дараагийнх нь 2024 оны 4 дүгээр сарын 19-нд намайг “Морьтон” адууны эмнэлэг дээр байхад хардаад, согтуу машинтайгаа ирчихээд намайг авч явна гэж манай менежер эгчтэй хэрэлдээд намайг үлдээгээд явсан. 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний төрсөн өдрийн дараа 1, 2 хоногийн зайтай шөнө унтаж байсан чинь гэнэт үсдэж босгож ирээд миний утсыг үзээд надтай цуг дадлага хийсэн залуугийн мессежийг харчихсан “энэ чинь юу юм бэ” гээд орилоод, уурлаад намайг алгадсан, хоолой боосон, үснээс зулгаасан. Би тэр залуугийн аавынх нь бие муу байгаа гэхээр нь биеийг нь асууж л мессеж бичсэн байсан юм. Тэрнээс болж намайг хардаж зодсон.

*** бид хоёр дундаасаа нэг охинтой, 4 настай” /хх-н 8-11/ гэж,

гэрч *** “... би Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн мэс заслын ангийн багш хийдэг. Уг мэргэжлээрээ өөрөө хувьдаа жижиг мал эмнэлгийн газар ажиллуулдаг юм. Манай сургуулийн одоо 5 дугаар курсын оюутан Пүрэвбаяр нь хичээлийнхээ хажуугаар манай мал эмнэлэгт цагийн ажил хийдэг. Би Пүрэвбаярыг 3 дугаар курсд байхаас нь эхлээд таньдаг болсон. 4 дүгээр курсийнхээ уртын дадлагын нэг хэсгийг манай мал эмнэлэг дээр хийсэн. Тэгээд тэрнээс хойш манайд ажил хийдэг болсон. Намайг мэддэг болсноос хойш найз залуу нь байнгын харддаг талаар мэр сэр мэдэж, бас сонсож байсан. Манай эмнэлэг дээр 3 эрэгтэй эмч ажилладаг юм. Пүрэвбаярын утас дуугарахаар “чимээгүй байж байгаарай, манай нөхөр залгаж байна” гээд их айдастай ярьдаг байсан.

2024 оны 12 дугаар сарын 05-ны өглөөгүүр 10 цаг орчимд над руу танихгүй дугаар залгаад нилээн дуу муутай бие нь өвдсөн байрын аяархан үгээ зөөж ядаад “багшаа чөлөө авья” гээд намайг “яасан бэ, юу болсон” гэхийн завдалгүй таслаад, би буцаагаад залгасан чинь утсаа авахгүй байсан. Би залгасан дугаар руу нь “гэрийн хаяг чинь хаана вэ, очих уу, туслах уу” гэж мессэж явуулсан чинь хариу өгөхгүй байж байгаад надтай ярьснаас 10 минут орчмын дараа буцаж залгаад “багшаа туслаарай” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Пүрэвбаярын найз Мягмарзул гэдэг охиноос фэйсбүүк чатаар гэрийн хаягийг нь асууж аваад гэрт нь буюу Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн замын хойно “Хөх сувд” гэдэг хотхоны 503 байрны 7 давхарт очсон. Би очихоосоо өмнө цагдаа дуудаад араас нь гараад очсон. Намайг очиход цагдаа ирчихсэн “хаалгаа тайлахгүй байна” гэж хэлж байсан. Тэр үед Пүрэвбаярын ээж нь над руу залгаад “наадах байр чинь манай байр байгаа юм, хаалга үүдийг нь эвдээд ч хамаагүй ор, манай охинд туслаарай” гэж хэлсэн. Тэгээд би цагдааг “ээж нь эвд гэж байна” гэсэн чинь цагдаа “болохгүй, хуулиар хориотой” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байсан чинь Пүрэвбаяр гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. 2 цагдаа гэрт нь ороод нөхрийг нь бариад гарч ирээд намайг ор “энэ охинд эмнэлгийн тусламж үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Би гэрт нь ороход ор нь нил цус болсон байсан. Пүрэвбаярын баруун гарын эрхий, долоовор хуруу хоёр нь зүсэгдсэн, цус их гарсан байсан. Хоёр нүд нь дов болоод хавдаж, хөхөрсөн байсан” /хх-н 15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед баруун гарын эрхий, долоовор хуруунд зүсэгдсэн шарх, баруун зүүн зовхи, хүзүү, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3үсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 527 дугаартай дүгнэлт гаргасан байна. /хх-н 28-29/

 

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-25/, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвийн албан бичиг, түүний хариу /хх-н 34-37/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тодруулбал, шүүгдэгч *** энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 2019 онд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүлээж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Х.Номин-Эрдэнэ “... шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь, шүүгдэгч ***ыг шүүх торгох ялаар шийтгэж байсан байх ба гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэг үйлдчихээд шүүхээс байнга “торгох” ялаар шийтгүүлнэ гэсэн ойлголт үгүй болно.

 

Харин шүүхээс “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахад шүүгдэгч ***ы хувийн амьдрал, ажил төрлөө зохицуулахад нь хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзээд энэ төрлийн ялыг сонгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагч М.Амарзаяагаас шүүгдэгч ***д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 65/, Хаан банкны дансны хуулга /хх-н 67-79/,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 43-49/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд;

Хохирогч *** баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохоос татгалзсан байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ