Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/02311

 

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/02311

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд байрлах, *** ХХК-ийн /РД:***/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогтой ***-ын ***өд /РД:***/ холбогдох,

Санхүүгийн гэрээг цуцалж, хохиролд 1,792,400 /нэг сая долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*** нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх О.***тэй 2019.12.16-ны өдөр *** тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 13,531,567.27 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 22 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь төлбөрийг барагдуулах үүднээс мөн өдөр Такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, *** улсын дугаартай *** маркийн автомашинаар такси үйлчилгээ эрхэлж, Санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлснээр түрээслэгчийн өмчлөлд уг автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх автомашиныг О.*** хүлээлгэн өгөх акт үйлдэн түүний эзэмшилд шилжүүлсэн ба гэрээний хугацаанд түрээслэгч нь такси үйлчилгээ эрхэлж сар бүр түрээслүүлэгчид 660,000 төлөхөөр болсон. Гэвч түрээслэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй удаа дараа зөрчил гаргасан бөгөөд 2020.04.07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үнийн дүнг 13,313,522.58 төгрөг болгож, гэрээний хугацааг 21 сар байхаар тохиролцсон. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч түрээслэгч төлбөр төлөх хугацааг 37 хоногоор хэтрүүлсэн тул түрээсийн төлбөрт 1,110,000 төгрөг тооцогдож, санхүү түрээсийн гэрээний 13.2.6-д заасны дагуу гэрээний харилцааг дуусгавар болгосон. О.*** дээрх машиныг акт үйлдэн хүлээж авсан ба холбогдох засвар үйлчилгээг Монгол хьюндай автомотив ХХК-иар хийлгүүлсэн. Гэрээ дуусгавар болох үед түрээслэгч нь түрээсийн төлбөр 1,110,000 төгрөгзасварын төлбөр 788,500 төгрөг, гэрчилгээ дахин авсан 29,900 төгрөг, торгуулийн төлбөр 233,000 төгрөг, нийт 2,161,400 төгрөгийн төлбөртэй болсон. Үүнээс түрээслэгчийн барьцаанд үлдээсэн 369,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 1,792,400 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 312.1, 312.4, 315.1, 227.1, 227.3, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16.4-т тус тус заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хувийн машинаараа такси үйлчилгээнд явдаг байсан. Тус ***ХХК-ийн сурталчилгааг сонсоод очсон. Тухайн компани нь манай давуу талууд гээд надад тусгай зөвшөөрөлтэй учир 1-р эгнээгээр явдаг, компаниас нэгдсэн дуудлагатай учир хүн хайж холхихгүй, багаар ажиллахад таатай хамт олон хүлээж байна гэж итгүүлсэн учир надад таалагдаад хувийн машинаа зараад урдчилгаа 500,000 төгрөг төлөөд тус компанид ажилд орсон. Гэтэл дээрх нөхцөлүүдийн аль нь ч биелэгдээгүй. Харин хувиараа явж байснаас дор болж өдөр бүхэн өртэй, сэтгэлийн дарамттай 4 сарын турш ажилласан. Энэ хугацаанд тус компанид өдрийн орлогыг нь олж тушаахын тулд нэгдүгээр эгнээгээр явж торгуулдаг байсан. Би нэг ч өдөр зохих журмын дагуу таксинд явж байгаагүй учраас тус компанид би ямар ч өргүй. Би худлаа сурталчилж намайг хохироосон учир гомдолтой, 4 сарын турш шөнө, өдөргүй ажилласны хөдөлмөрийн хөлсөө нэхэмжилж байна. Би тус компанийн машинуудыг шалгаж өгөхийг хүсч байна. Учир нь тус компанийн машинууд такси үйлчилгээнд явах хугацаа нь дууссан учир такси үйлчилгээнд явах зөвшөөрөл олгодоггүй байсныг би ажилд орсноос хойш хожуу мэдсэн. Тийм учраас би энэ ажлыг цаашид хийх хэрэггүй юм гэж үзсэн учраас машиныг нь хүлээлгэж өгөөд явсан, нэхэмжилсэн түрээсийн төлбөр 1,110,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компани надтай хийсэн гэрээгээ биелүүлээгүй, таксинд явах зөвшөөрөлгүйгээс такси үйлчилгээнд явах боломжгүй байсан. Засварын төлбөр 788,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би *** улсын дугаартай машиныг би огт эвдээгүй, харин ч өөрийнхөө мөнгөөр засуулж байсан. Би торгуулийн төлбөр 233,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, би өөрийн буруугаас замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, 1-р эгнээний зөвшөөрөлгүй машин өгсөн учир нэгдүгээр эгнээгээр явсан торгууль надад хамаарахгүй. Би тус компанид анх төлсөн 500,000 төгрөгийг буцаан авахыг хүсч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*** ХХК нь О.***өд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, хохиролд 1,792,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, хохирол гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээ биелүүлээгүй, таксинд явах зөвшөөрөлгүйгээс үйлчилгээнд явах боломжгүй байсан, машиныг би огт эвдээгүй, би өөрийн буруугаас замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, 1-р эгнээний зөвшөөрөлгүй машин өгсөн учир надад хамаарахгүй гэж маргалаа.

 

Зохигч 2019.12.16-ны өдөр *** дугаар Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 22 сарын хугацаанд сар бүрийн түрээсийн төлбөрт 660,000 төгрөг төлөх, түрээсийн хүүг 3 хувиар тохиролцон, гэрээний нийт үнийн дүнг 13,531,567.27 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр болж, хариуцагч нь дэнчинд 369,000 төгрөгийг төлжээ.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байна.

Талууд 2020.04.07-ны өдөр дээрх гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үнийн дүнг 13,313,522 төгрөг болгож, гэрээний хугацааг 21 сар байхаар тохиролцсон, гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн, түрээслэгч тал болох хариуцагчийн ашиглалтад *** улсын дугаартай Хюьндай Элентра маркийн автомашиныг шилжүүлэх үүргээ түрээслүүлэгч болох нэхэмжлэгч нь биелүүлсэн, харин хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсантай хариуцагч маргахгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь түрээсийн хугацааны төлбөрийг хасаад үлдэх төлбөрт 1,110,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдэл, хорогдлыг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзэхээр зохицуулжээ.

Тухайн тохиолдолд хариуцагч нь тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч нь дахин авсан байх тул гэрчилгээний үнэнд төлсөн 29,900 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь тус компанид өдрийн орлогыг нь олж тушаахын тулд нэгдүгээр эгнээгээр явж тул өөрийн буруугаас замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, нэгдүгээр эгнээний зөвшөөрөлгүй машин өгсөн учир торгууль надад хамаарахгүй гэж мэтгэлцэж байгаа боловч хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч *** ХХК-иар засвар хийлгүүлж, төлбөрт 788,500 төгрөг тушаасан гэж байгаа боловч тээврийн хэрэгслийг хүлээлцсэн актад гэмтлийн талаар тэмдэглэгдээгүй, мөн автомашиныг 2020.06.15-ны өдөр хүлээн авсан атлаа засварыг 2020 оны 9 дүгээр сард засварлуулсан байгаа зэрэг нь тухайн гэмтлийг хариуцагч учруулсныг нотлохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр О.***өөс 1,003,900 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 788,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 43,628 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 28,644 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 205 дугаар зүйлийн 205.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:***/ *** овогтой ***-ын ***өөс 1,003,900 /нэг сая гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулан, *** ХХК-д /РД:***/ олгож, шаардлагаас үлдэх 788,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 43,628 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 28,644 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ