Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 69

 

 

Д.Н, Ч.У, Ч.И нар нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03364 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Н, Ч.У, Ч.И нар нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Ч холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 83-59 тоот орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, зохих байгууллагад нь бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Н-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Н  миний бие Т.Ч-тэй 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж бүртгүүлсэн. Бидний дундаас 1994, 2002 онд охин Ч.У, Ч.И нар мэндэлсэн. Бид 2014 онд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 хороолол, 83 дугаар байрны 59 тоот хаягт байрлах 4 өрөө шинээр баригдсан орон сууцыг худалдаж авсан.

Анх орон сууцны гэрчилгээ гарах үед Т.Ч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хөөцөлдөхдөө нэг хүний өмчөөр бүртгүүлсэн байсан ба тухайн үед хэн хэн нь ажилтай завгүй байсан болохоор нөхөр маань хэлэхдээ, “эхлээд би өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ аваад дараа та нарыг нэмээд бүртгүүлчихье” гэж байсан боловч өнөөдрийг хүртэл бүртгэл хийхгүй байгаа.

Дундын өмчөөсөө охиндоо хуульд заасан ногдох хэсгийг нь өгөх ёстой гэж би үзэж байна. Энэ орон сууцыг худалдаж авахад миний хөрөнгө, хүч хөдөлмөр орсон бөгөөд бид хамт амьдарч байх явцад бий болсон гэр бүлийн дундын өмч юм. Нөхөр маань дундын өмчийн эд хөрөнгөө өөрийнх нь нэр дээр бүртгүүлсэн байдлыг далимдуулж хэрүүл маргаан гарахаар л ганцхан өөрийнх нь мэтээр авирлаж байгаа нь 2 охин бид гурвыг хохироож байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 25 дугаар байрны 59 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Н , Ч.У, Ч.И нар мөн болохыг тогтоож, зохих байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 6 дугаар байрыг хувааж авч байсан. Бид байраа томруулахаар шийдэж Д.Н д компаниас нь урамшуулал болгон өгсөн 25,000 ам.долларыг энэ байраа худалдан авахад зарцуулсан.

Би бизнес эрхэлдэг байсан ч миний бизнес тогтвортой байгаагүй. Унах үе байсан. Тэр үед Д.Н  байнга санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг байсан. Одоогоор миний бизнес таагүй хүндрэлтэй байгаа. Би энэ ББСБ-аас 4 зээл авч байсан. Тэдгээрийн 3-ыг нь би төлж барагдуулж байсан.

Дараагийн энэ байрны хувьд би Б.Бат-Эрдэнэд хэлж байсан. Ахдаа жаахан хугацаа өгөөч бизнес хүнд байдалд байна. Жаахан хугацаа өгөөч, танай мөнгийг төлөхгүй биш төлнө гэж гуйсан. Өмнө нь надаас байр авч байсан болохоор энэ байрыг нь ч авч болох юм байна гэж бодсон байна. Би эхнэр 2 хүүхдээ энэ байрны өмчлөгч мөн гэж үзэж байгаа. Д.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө төлөх ёстой мөнгөө “Г ББСБ” ХХК-д төлнө. Надад ганц нэг бизнесийн санаа байгаа. Түүнийг хэрэгжүүлчихвэл өр төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Би энэ байраа барьцаанд тавьснаа эхнэртээ хэлээгүй. Шүүхэд ирсний дараа эхнэр маань мэдсэн. Би ажлынхаа талаар эхнэртээ хэлдэггүй байсан. 2014 оноос хойш барьцаанд байсан учир эхнэр 2 хүүхдээ өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй...гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Б-д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нэг гэр бүлийн гишүүд буюу нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм. Энэ нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлж манай байгууллагад учруулсан хохирлын төлбөрөөс зайлсхийх оролдлого гэж үзэж байна.

Т.Ч     нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, байгуулж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 83 дугаар байрны 59 тоот 110.23 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулж хууль ёсны дагуу нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн 90 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд эдгээр гэрээнүүд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн ба өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэвч иргэн Т.Ч нь зээл авсан өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй буюу зээлийн төлбөр болох нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийг одоо болтол төлөөгүй байгаа.

Манай байгууллагаас Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч Т.Ч-с 158 462 756 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгох, хариуцагч Т.Ч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 83 дугаар байрны 59 тоот хаягт байршилтай 110,23 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт Т.Ч  гомдол гаргасан ба давж заалдах шатны болон хяналтын шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Т.Ч     шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул манай байгууллагын хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас тус тус гарсан ба өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн зүйл болох дээрх хаягт байрлах орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг дуусгавар болоогүй. Нэхэмжлэгчид манай байгууллагын үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа хариуцагчаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж ойлгож болно.

Нэхэмжлэлд “энэ орон сууцыг худалдаж авахад миний хөрөнгө хүч хөдөлмөр орсон' гэж бичсэн байдаг ба хэргийн материалд хэдэн төгрөг яаж төлсөн хир их хувь хэмжээ орсон талаар нотлох баримт байхгүй. Нотлох баримтын орон сууц захиалгаар бариулах гэрээнд зөвхөн нөхөр болох Т.Ч-ийн гарын үсэг зурсан байдаг ба манай байгууллагаас зээл авах үед хариуцагч Т.Ч-ийн 1 иргэний өмчлөлтэй хэд хэдэн орон сууц байдаг байсан буюу бүгд л нэг л өмчлөгчтэй байсан, тэнд нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр тогтоолгож байгаагүй болно. Энэ 2 жилийн хугацаанд өмчлөгчөөр нэмж орох эрх нь нэхэмжлэгч нарт нээлттэй байсан ба эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх хувь хүний өмчийн анхдагч эрхээ эдлүүлэхийг тогтоохгүй бөгөөд шүүхээр тогтоолгодог шат нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэл байдаг гэж би ойлгодог. Энэхүү иргэний хэрэгт зөрчигдсөн эрх байх ёстой ба би нэхэмжлэгч нарын яг ямар эрх нь яаж зөрчигдөөд байгааг сайн ойлгосонгүй. Нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж улсын бүртгэлийн газарт хандаж үзсэн эсэх, ямар хариу авч байсан эсэх нь мэдэгдэхгүй, хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө мэдээж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт хандах нь зүйтэй байсаар байтал, аливаа нэг үйлдэл гаргаагүй байж шүүхийн ажлыг хүндрүүлж байна.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ч холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 83-59 тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Д.Н , Ч.У, Ч.И нар мөн болохыг тогтоолгох, зохих байгууллагад нь бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Н  нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч маргаантай асуудлыг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд бодитой хандаж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан хугацаанаас буюу 2014 оноос хойш банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан учраас эхнэр, 2 хүүхдээ өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй гэдгээ маш тодорхой хэлсэн байхад зөвхөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Гэр бүл болж, хамт амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө нь дундын өмч байна гэдгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4-т тодорхой зохицуулан заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч би болон миний хоёр охин хуульд заасны дагуу дундын өмчөөс өөрсдөд ногдох хэсгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч нь гуравдагч этгээдийн банк бус санхүүгийн байгууллагатай 4 удаа зээлийн гэрээ байгуулан зээл авч, эхний 2 зээлийг хугацаанд нь буцаан төлсөн, 3 дахь зээлийн барьцаанд ээжийнхээ орон сууцыг барьцаалсан байснаа бизнест нь хүндрэл гарч тухайн байрыг барьцаалан зээлсэн мөнгөө буцаан төлж чадахгүй болсон тул тухайн орон сууцыг ББСБ-ын гуйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнийн нэр дээр ямар ч маргаангүйгээр шилжүүлэхдээ жаахан хугацаа өгөхийг гуйж, танайхаас авсан зээлийг төлөхгүй биш, би төлнө гэдгээ хэлж гуйсан байгаа нь хариуцагч зээлсэн мөнгийг буцааж өгөхгүй, хохирооё гэсэн санаа агуулаагүй байгаа нь илт байна.

Мөн хариуцагч нь ББСБ-аас зээлсэн, төлөх ёстой мөнгөө буцаан төлнө гэдгээ хэлсээр байтал гуравдагч этгээд нь хариуцагч өмнөх зээлүүдээ төлж байсан, мөн ээжийнхээ орон сууцыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнэлгээгээр буюу зээлсэн мөнгөн дүнгээр үнэлэн ямар ч маргаангүй шилжүүлсэн учраас бидний амьдарч байгаа орон сууцанд шунаж, орон сууцыг үнэ хүргэнэ гэсэн зорилготойгоор урьдчилан тохиролцсон хугацаа, хэлсэн амандаа хүрэлгүй шүүхэд хандаж байгаа нь өмнөх амаар тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, зөвхөн бидний амьдарч байсан орон сууцыг авахаар шунахайрч байгаа нь илт байтал шүүгч зөвхөн гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг илт дэмжиж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч миний уг орон сууцыг худалдан авахад болон засвар хийхэд оруулсан хөрөнгийн нотлох баримтыг нягтлан шалгаагүй, хариуцагч миний хөрөнгө орсныг нотолж, хэлж байхад үл ойшоон баримтыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, зөвхөн гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг илт дэмжиж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 83 дугаар байрны 59 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Н , охин Ч.У, Ч.И нар мөн болохыг тогтоож, зохих байгууллагад бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н , Ч.У, Ч.И нар нь хариуцагч Т.Ч холбогдуулан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 83 дугаар байрны 59 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Д.Н , Ч.У, Ч.И нар мөн болохыг тогтоолгох, зохих байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ББСБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.

 

            Хариуцагч Т.Ч     нэхэмжлэгч Д.Н  нар нь 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 1993 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр охин Ч.У, 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр охин Ч.И нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хэргийн 6-8 дахь талд авагдсан Ч.У, Ч.И нарын төрсний гэрчилгээ болон Т.Ч, Д.Н  нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

            Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ Манлайбаатар дамдинсүрэн гудамж 83 дугаар байр, 59 тоот орон сууцыг гэрлэгчид дундын хөрөнгөөр захиалан бариулж, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Т.Ч  өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан үйл баримт хэргийн 108-117 дахь талд авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх дээрх маргаан бүхий орон сууцыг гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасантай нийцсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г ББСБ” ХХК, хариуцагч Т.Ч нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ Манлайбаатар дамдинсүрэн гудамж 83 дугаар байр, 59 тоот орон сууцыг барьцаалсан, дээрх зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаа сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 914 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2018/01294 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.                                                                                                                           /хэргийн 31, 58-78 дахь тал/

 

Түүнчлэн, хариуцагч Т.Ч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК-д төлөх ёстой зээлийн төлбөрөө төлж дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдсэний дараа маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгч Д.Н , Ч.У, Ч.И нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эрх нь нээлттэй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Мөн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш нэхэмжлэгч нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргах эрх нь нээлттэй байхад дээрх эрхээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Зохигчдын хооронд эрхийн маргаан байхгүй, хэргийн баримтаар зөрчигдсөн эрх тогтоогдоогүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан үндэслэл бий болоогүй байх ба Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ Манлайбаатар дамдинсүрэн гудамж 83 дугаар байр, 59 тоот орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байгаа тохиолдолд дахин шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ