Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С********** ХХК /РД:********/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хооронд үүссэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн нэхэмжлэгчид холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.З*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******, гэрч Г.Ү********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. С********** ХХК нь тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С******** гаргасан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн С********** ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

1.2. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С******** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн дагуу иргэн Ү.Г********* үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.[1]

2.2. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар тус компанийн эзэмшиж байсан газрын талбайн байршил өөрчлөгдөж, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд харьяалагдах болсон.[2]

2.3. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаартай захирамжаар тус компанийн эзэмшиж байсан газрын талбайн байршил, зориулалт, хэмжээ өөрчлөгдөж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 4000 м.кв талбай болсон.[3]

2.4. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/575 дугаартай захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан.[4]

2.5. Үүний дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр маргаж буй Нийслэлийн Засаг даргын А/598 дугаартай захирамж гарч, нэхэмжлэгч С********** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.[5]

2.6. Маргаж буй А/598 дугаартай захирамжийн эрх зүйн голлох үндэслэлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хууль бус, С********** ХХК-ийн эзэмшлийн газарт нь ашиглагч байгууллага байхгүй, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас байхгүй, мөн эрчим хүчний дэд бүтцийн агаарын болон газар доор шугам сүлжээ огт байхгүй, манай компани газрын төлбөрийн зөрчилгүй, холбогдох дүгнэлт, байгаль орчны үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө зэргийг батлуулсан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй ... гэх зэргээр маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс ... С********** ХХК-д олгосон газар нь шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ... гэх зэргээр маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн засаг даргын А/598 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн А/78 тоот захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус баримталж захирамжаа гаргасан. Энэ захирамжийн гол үндэслэл нь эрчим шугам сүлжээний дор байрлалтай Дүүрэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газар газрыг олгосон гэж дуусгавар болгосон байдаг.

Эдгээрийг манай тал няцаагаад шүүхэд хүсэлт гаргах нотлох баримт цуглуулаад, хэргийн газрын үзлэг хийлгээд хэрэгт гэрчийг дуудсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн зохион байгуулалтын албанаас бичиг ирүүлэхдээ Хан-Уул дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус төлөвлөгөөг Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан. Манайд төлөвлөгөө батлагдсаны дараа 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн А/575 тоот захирамжаар энэ газрыг олгосноос хойш 14 хоногийн дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гээд захирамжаа цуцалсан. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг манайх зөрчсөн гэх үндэслэлгүй. Тус асуудлыг Хотын ерөнхий төлөвлөгөөнд дурдсан холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заажээ. Энэ газар ямар ч шугам сүлжээ байхгүй. Хэргийн газар үзлэг хийлгэсэн. Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнээс холбогдох албан тушаалууд тухайн газар дээр энэ давхцал байхгүй гэдгийг баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү...

Хотын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэж ярьж байна. Энэ бол үндэслэлгүй. Нотлох баримтуудаа авчирсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлээс 28 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааг ерөөсөө хийгээгүй. Төрийн албан хаагч өөрөө суугаад оролцоод хавтаст хэрэгт авагдсан материалууд байхгүй байхад сонсох ажиллагаа хийсэн гэж байна. Сонсох ажиллагааг манайх өөрөө ийм тушаал гарсан гэдгийг хэл ам хийж Газар зохион байгуулалтын албанд хэвлэл мэдээллийнхэнтэй очиж шаардаж тулгаж байж 2021 оны 08 дугаар сарын 03-ний А/598 тоот захирамж нууц гарсан. Одоо хүртэл эх хувиараа ирээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Эрчим хүчний хуулийн 33 дугаар зүйлийг тодорхой тайлбарласан. Бүх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Дүүргийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж төлөвлөгөө батлагдсан. Манайх хийгдсэн ажил, баригдах гэж байгаа байшингийн төсөв зургийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бичгээр тайлбараа өмнөх төлөөлөгч тайлбар өгсөн. Захиргааны байгууллагын захиргааны акт буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн А/598 дугаар маргаан бүхий захиргааны акт С****** ХХК маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй байр сууриа илэрхийлж байна. Маргаан бүхий захиргааны актын гол агуулга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь өмнөх алдаатай шийдвэрээ зөвтгөх байдлаар эрх хэмжээ олгосон. Өмнөх шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байвал эсвэл нийтийн эрх ашиг сонирхол хөндсөн, ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн байвал хүчингүй болгож болно гэсэн эрх хэмжээг зааж өгсөн. Энэ заалтыг баримталж Стар Юнион ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг юм. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг Шугам сүлжээ аюулгүй байдлыг хангах мөн зурвас дотор гэр орон сууц барилга байгууламж барих шугам өмчлөгчийн эзэмшигч зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шат төслийн Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгох ёстой байсныг зөрчиж олгосон учир 2021 оны А/578 дугаар захирамж буюу газар эзэмших эрхийг сонгож С**** ХХК хамгийн сүүлд эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хууль зүйн үндэслэлийг өмнөх шийдвэрээрээ зөрчиж олгосон учраас Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсгийг баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа болон холбогдох ажиллагаануудыг тус захиргааны акт гаргахдаа хийсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Холбогдох баримтыг хавтаст хэрэг хавсаргасан. С**** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...

Маргаан бүхий захиргааны актыг Нийслэл Улаанбаатар хотын цаашдын чиг хандлагыг тодорхойлж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэж хүчингүй болгосон. Ганц С**** ХХК биш ойр орчмын газрыг орон сууц үйлчилгээний зориулалттай байх боломжгүй байна гэдэг ерөнхий бодлого явагдсан. Энэ бодлогын хүрээнд С**** ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаж буй А/598 дугаартай захирамжийг[6] 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар С********** ХХК-ийн газар эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.

1.2. Дээрх эрх зүйн үндэслэлүүдийг хэрэглэхдээ Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/575 дугаартай захирамжаар С********** ХХК-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

1.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заажээ.

1.4. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ. гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж тус тус зохицуулжээ.

1.5. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасан байна.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн шийдвэрээр гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрын тухайд тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцээгүй буюу газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн бол, түүнчлэн, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай заалт зөрчигдсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.

1.7. Гэхдээ энэхүү эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх учиртай.

1.8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С********** ХХК-ийн эзэмших эрхтэй газарт У******** ТӨХК-ийн эзэмшлийн шугам тоноглол байхгүй, хамгаалалтын зурвасын зөрчилгүй болох нь тус компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/448 тоот албан бичгээр[7], мөн тухайн газарт дулааны шугамын давхардал байхгүй болох нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/393 тоот албан бичгээр[8] тус тус тогтоогдож байна.

1.9. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай 198 дугаар тогтоолын Шинэ яармаг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс[9] үзэхэд нэхэмжлэгч С********** ХХК-ийн эзэмшлийн газар нь газар зохион байгуулалтын бүсчлэлийн хувьд орон сууцны суурьшлын бүс болох нь тогтоогдож байх бөгөөд үүгээрээ Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/575 дугаартай захирамжаар тогтоосон үйлчилгээ, орон сууцны зориулалт-д нийцэж байна гэж шүүх үзлээ.

1.10. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаж буй А/598 дугаартай захирамжийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлан тогтоохгүй, холбогдох нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулахгүйгээр шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.11. Нэгэнт бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул маргаж буй А/598 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны акт болох эрх зүйн үр дагаврыг агуулсан гэж үзлээ.

Хоёр. Сонсох ажиллагаа явуулах хариуцагчийн үүргийн талаар:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасан.

2.2. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь маргаж буй захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байна.

2.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02-06/3040 тоот албан бичгээр[10] мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдлийн агуулгаас үзэхэд маргаан бүхий А/598 дугаартай тушаалын эрх зүйн үндэслэлд хамааралгүй асуудлаар буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгааг дурдсаныг сонсох ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

2.4. Иймд маргаан бүхий А/598 дугаартай захирамжийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид холбогдуулан сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С********** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаартай захирамжиийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ