| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/01704/И |
| Дугаар | 183/ШШ2022/01797 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2022/01797
2022 оны 06 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2022/01797 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах, Х ХХК /РД:000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 302 тоотод байрлах, Х ХХК /РД:000000 /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний барьцаа төлбөр 3 895 770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У, Д.О, О.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний барьцаа төлбөр 3 895 770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
ХХХК болон Х ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Г-2019/5 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээгээр ХХХК нь Х ХХК-ийн оффис үйлчилгээний барилгын төслийн нийт блокон өрлөг болон хар шал цутгалтын ажил болон нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, Х ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээнүүдийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өд рөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл блокон өрлөг, өрлөг шаврын ажил болон нэмэлт бетон цутгалтын ажил, бэхэлгээний ажил, зөөврийн ажил, гадна довжооны цутгалтын ажил, нэмэлт өрлөг шаврын ажил зэргийг бүрэн гүйцэтгэн, ажлын гүйцэтгэлийг хариуцагчид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн. ХХХК болон Х ХХК нар нь 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Г-2019/5 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ болон тус гэрээний үндсэн дээр байгуулагдсан нэмэлт гэрээнүүдийг дүгнэн, гэрээ дүгнэх акт үйлдсэн. Энэхүү гэрээ дүгнэх актаар Х ХХК нь ХХХК-д нийт 138 398 290 төгрөг төлөхөөс 134 502 520 төгрөг төлсөн бөгөөд 3 895 770 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг харилцан тооцоо нийлсэн. Үлдэгдэл төлбөр болох 3 895 770 төгрөгийг хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн барьцаа болгож байна гэж дурьдан, төлөхгүй орхигдуулсан байдаг. Харин ХХХК нь Х ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын бараа материал ханган нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг хариуцагчид бичиг баримт, актын хамт 100% хүлээлгэн өгсөн бөгөөд хүлээлгэн өгснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн ХХХК болон Х ХХК нарын хооронд нийлсэн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ дүгнэх актын 6-д "Захиалгч талаас гүйцэтгэлийн барьцаа төлбөр болох 3 895 770 төгрөгийг гүйцэтгэгчийн данс Капитрон банк 3023004002 шилжүүлэх” гэж заасан боловч Х ХХК нь өнөөдрийг хүртэл тус үүргээ гүйцэтгэлгүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа бөгөөд Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 351.1-д “Захиалагч дараахъ үүрэг хүлээнэ, 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасан хөлс төөх үүргээ бүрэн гүйцэтгэхгүй байна. Иймд хариуцагчаас 3 895 770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б хариу тайлбартаа:
Х ХХК-ны удирдлага нь барилгын захиалагчаар ажиллаж, барилгыг ашиглалтанд оруулж, шинээр байгуулагдсан ашиглалтын захиргаанд ажлаа хүлээлгэн өгсөн. Шинээр байгуулагдсан баг бүрэлдхүүн нь барилгын ажил гүйцэтгэсэн компаниудтай ажлаа дүгнэж үлдэгдэл тооцоог шалган ажиллаж байна. Х ХХК-ийн хувьд шинэ удирдлага солигдсоноос хойш ирж уулзаж тооцоо хийгээгүй асуудлыг ярилцаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өмнөх инженерийн багтай ажил хүлээлцэх акт үйлдсэн байдаг. Ажил гүйцэтгэсэн чанарын хувьд гадна ханын өрлөг стандартын дагуу хийгдээгүйгээс болж, гадна ханыг дагасан цэвэр усны шугам хоолой хөлдөж, хэвийн ажиллагаа алдагдсан явдал гарлаа. Бид мэргэжлийн багаар дулааны хэмжилт хийлгэж үзэхэд, ханын дотор талд, гадна агаарын температур -21 градустай байхад, дотор хэсэгт -20,6 градустай байсан. Энэ хэсгийг бид өөрсдийн бололцоогоор шүршдэг хөөсөн дулаалга хийсэн боловч шаардлагатай үр дүнд хүрээгүй. Иймд бидний зүгээс гадна ханын дулаан алдагдлыг стандартын дагуу засварлаж, шаардлага хангасан тохиолдолд төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Г-2019/5 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2019/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэх акт, гэрэл зургууд, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2022/01575 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 16 тоот ХХХК-иас С.И-д олгосон итгэмжлэл, /хх-ийн 3-15-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Х ХХК-иас У.У, Д.О, О.Э нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн С.И, Э.Ж нарын байгуулсан Хууль зүйн, туслалцаа үзүүлэх гэрээ, хэмжилт хийсэн гэрэл зургууд, гэрээ дүгнэх акт, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хаалга, цонхны ялууг суулгасан акт, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, тайлбар гэх гарчиг бүхий хэмжилтийн харуулсан гэрэл зургууд /хх-ийн 19-20, 30-31, 32-34, 38-56-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл блокон өрлөг, өрлөг шаврын ажил болон нэмэлт бетон цутгалтын ажил, бэхэлгээний ажил, зөөврийн ажил, гадна довжооны цутгалтын ажил, нэмэлт өрлөг шаврын ажил зэргийг хийж гүйцэтгэн, ажлын гүйцэтгэлийг хариуцагчид хүлээлгэн өгч, 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дүгнэх акт үйлдсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөр буюу барьцаа 3 895 770 төгрөгийг өгөөгүй тул барьцаа 3 895 770 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Х ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн боловч нэхэмжлэгч нь гадна ханын өрлөгийг стандартын дагуу хийгээгүйгээс болж, гадна ханыг дагасан цэвэр усны шугам хоолой хөлдөж, хэвийн ажиллагаа алдагдсан, нэхэмжлэгч нь ажлын доголдлыг арилгаж, гадна ханын дулаан алдагдлыг стандартын дагуу засварлаж, шаардлага хангасан тохиолдолд барьцаа төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Х ХХК нар нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №Г-2019/5, №1-2019/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн оффис үйлчилгээний барилгын төслийн нийт блокон өрлөг болон хар шал цутгалтын ажлыг заасан ажлын тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгэх, 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гэрээт ажлыг эхэлсэн гэж тооцож 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гадна дүүргэлтийн ф200 блокон өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэх, дотор нэмэлт өрлөгийн ажил гарсан тохиолдолд гэрээний хугацаа нэмэгдэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэх акт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор барьцаа төлбөрийг төлөх эсэх талаар байна, гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.
6.Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажлаа хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл хөлс буюу барьцаа төлбөр 3 895 770 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил болох гадна хана сийгэлттэй байсан учраас үлдэгдэл хөлс болох барьцаа төлбөрийг өгөөгүй, уг доголдлыг засаад өгчихвөл барьцаа хөрөнгийг өгөхөд татгалзахгүй, 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос компанийн удирдлага солигдсон, 2022 оны 1 дүгээр сарын 13-нд хэмжилт хийхэд сийгэлт буюу доголдол илэрсэн гэж маргасан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь гэрээ дүгнэсэн акт, ажил гүйцэтгэсэн актаар тогтоогдож байна.
Мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт гүйцэтгэсэн ажлын хөлс болох 138 398 290 төгрөгийг төлөхөөс 134 502 520 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3 895 770 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй.
Зохигч талууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж дууссан тул 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Гэрээ дүгнэх акт үйлдэж, “Х ХХК-н оффис үйлчилгээний барилга” ажлын гэрээний нийт дүн 138 398 290 төгрөг, төлсөн дүн 134 502 520 төгрөг, энэхүү гэрээ дүгнэсэн актаар төлөх дүн 3 895 770 төгрөг” гэсэн байх бөгөөд актын дүгнэлтэд “...Х ХХК-н оффис үйлчилгээний барилгын бараа материал хангах нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг захиалагчид бичиг баримт, актын хамт 100 хувь хүлээлгэн өгсөн болно. Бусад нөхцөл захиалагч талаас гүйцэтгэлийн барьцаа төлбөр болох 3 895 770 төгрөгийг гүйцэтгэгчийн данс Капитрон банк 3023004002 шилжүүлэх” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил болох В блокын 2 давхарт хэмжилт хийхэд доголдолтой буюу сийгэлт өгөөд байгаа болох нь хэрэгт авагдсан В блокын 2 давхарт гадна ханатай харьцаж буйд хэмжсэн зургаар нотлогдоно, гадаа -21 градус байхад шахт дотор -20 градустай байна, үүнээс үзэхэд гадна өрлөгийн тусгаарлах чадвар нь шаардлага хангаагүй гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.
Мөн талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д “гүйцэтгэгчийн гаргасан тайлан дүгнэлтийг захиалагч шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн өөр байгууллагаар дахин хянуулах эрхтэй байна. Энэ тохиолдолд захиалагч нь тайлан дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан дахин хянуулж, календарийн 14 хоногийн дотор энэ талаар гүйцэтгэгч талд хариу өгсөн байх ба талуудын үүргийн биелэлт энэхүү хугацаагаар хойшлогдоно” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан бол 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дүгнэх акт үйлдсэнээс хойш, мөн хэмжилт хийж доголдлыг илрүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 13-наас хойш мэргэжлийн өөр байгууллагаар дахин хянуулах эрхээ эдлээгүй, энэ талаарх баримтгүй байна.
Мөн хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэх актаар В блокын В-1 давхарын дотор өрлөгийн ажил, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэх актаар В блокын В-2-р давхарын гадна ханын блокон өрлөгийн ажил, 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэх актаар В блокын 1 давхарын гадна ханын блокон өрлөгийн ажил, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэх актаар В блокын 2 давхарын гадна ханын блокон өрлөгийн ажлыг хүлээн авсан талаар зохигч маргаагүй.
Дээр актуудын 6-д “хийгдсэн ажлыг хүлээн авахад БНбД-н дагуу чанартай хийгдсэн. Зураг төсөлтэй харьцуулахад хүлцэх алдаа илрээгүй болно”, 8-д “комиссын шийдвэр: гүйцэтгэсэн ажил нь БНбДүрэм, зураг төслийн дагуу хийгдсэн тул хүлээн авахаар шийдвэрлэв” гэсэн байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийн хийсэн ажлын доголдолтой холбоотойгоор ажлын хөлсний үлдэгдэл буюу барьцаа 3 895 770 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж зааснаар ажил хүлээн авснаас хойш буюу доголдлыг илрүүлснээс хойш гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр буюу барьцаа төлбөр 3 895 770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас гэрээний үлдэгдэл хөлс буюу барьцаа төлбөр 3 895 770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 77 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН