| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 181/2021/03193/И |
| Дугаар | 183/ШШ2022/01529 |
| Огноо | 2022-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2022/01529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С 14210 хаягт оршин байрлах, Х ХХК /РД:000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, АҮ төвийн байранд оршин байрлах, Г ХХК /РД:2654555/,
Хариуцагч: С дүүрэг, 8 9 тоот хаягт оршин суух, Х овогт Б О /РД:00000000 /,
Хариуцагч: С 9 тоот хаягт оршин суух, Б овогт С С /РД:00000000 / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 671 118 747.20 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Т.Т, А.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Хариуцагч Г ХХК-ийн болон хариуцагч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Г ХХК-ийн өмгөөлөгч А.Б, хариуцагч С.С нар нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК, Б.О, С.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 671 118 747.20 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Г ХХК нь Х ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ/СС 190531-1 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 580 000 000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/СС190531009-1-1-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” болон №ЗБ/СС190531-1-2-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр иргэн Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэгдсэн, С дүүрэг, 9-н тоот хаягт байрлах 93.03-н м.кв талбай бүхий 4-н өрөө орон сууцыг, иргэн С.Сын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэгдсэн, С дүүрэг, 505-н тоот хаягт байрлах 165.04-н м.кв талбай бүхий оффисын зориулалттай барилгыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 580 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 91 067 676.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 071.06 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой зардалд 13 000 төгрөг болж байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан №317СС 190531009-1 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч Г ХХК болон иргэн Б.О, С.С нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 671 118 747.20 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/СС 190531009-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” болон №ЗБ/СС190531009-1-2-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан Б.Оийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203дугаарт бүртгэгдсэн, С дүүрэг, 9 тоот хаягт байрлах 93.03-н м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, С.Сын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэгдсэн, С дүүрэг, 505-н тоот хаягт байрлах 165.04 м.кв талбай бүхий оффисын зориулалттай барилгыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О, хариуцагч С.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Г XXК нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Х ХХК-ийн зээлийн хорооны хурлын СС20190531009 тоот шийдвэрийг үндэслэн 580 000 000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, шаардлагатай үл хөдлөх хөрөнгүүдийн барьцаалан ЗГ/СС190531009 тоот зээлийн гэрээ байгуулан авсан байдаг. Энэхүү зээл нь Карвуон ХХК болох блокчейн технологийн компанийн үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр зарцуулагдсан байдаг. Карвуон ХХК нь 2019 онд КВН /КАРВУОН/ койныг олон улсын зах зээлд борлуулах эрхээ авсан ба анхны арилжаагаа Бүгд Найрамдах Солонгос Улсын зах зээлд амжилттай гаргаснаар тухайн зээлийг маркетингийн зардал болон урсгал зардлын зарцуулалтад хэрэглэсэн байдаг. Зээлийн зарцуулалт болон үүсээд буй нөхцөл байдлын талаар Хны зээлтэй холбоотой хүмүүст тухай бүрт нь мэдэгдэж уулзаж байсан. 2020 оны 2,3 р сард цар тахалын улмаас улс орнууд хорио цээрийн арга хэмжээ авч эхэлснээр Карвуон ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдалд хүндрэл гарсан ба одоогоор КВН койн гаргах үйл ажиллагаа цар тахлаас үүдсэн олон улсын хүндрэл хэвийн болтол түр хугацаанд хойшлогдсон байдалтай байна. Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.О, С.С бид зээлийг төлж барагдуулах ба тухайн үед үүссэн давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг тохиролцож эргэн төлөлтийн график гаргах саналтай байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/9108 тоот Б.Бд олгосон итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 тоот Ц.Гт олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК-ийн зээлийн хүүгийн тооцоолол, Г ХХК-ийн зээлийн өргөдөл, Б.Оийн зээлийн анкет, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ/СС190531-1 тоот Зээлийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБ/СС190531-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБ-СС190531-1-4 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбарууд, Карвуон ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Тайлбар бичиг хүргүүлэх тухай албан бичиг, нотариатын нэхэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 тоот Ц.Гт олгосон итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5/208 тоот итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5/2634 тоот А.О, Э.Ч нарт олгосон итгэмжлэл /хэргийн 4-29, 31-32, 58-59, 74-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г ХХК-ийн компанийн дүрэм, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3424 тоот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б.Оээс Э.Гд олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Г ХХК-ийг төлөөлж Б.Оээс Э.Гд олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 36-40, 45-46, 64, 73, 80-р хуудас хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Г ХХК, Б.О, С.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 661 960 909 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, 9 157 838 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-хариуцагч Г ХХК, С.С, Б.О нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж,
-зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 580 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 91 067 676.14 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 38 071.06 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 13 000 төгрөг, нийт 671 118 747.20 төгрөгийг гаргуулах,
-үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч Г ХХК нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 580 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, гэрээний үүрэг зөрчигдсөн, үндсэн зээлийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцоод хуваарь гаргаад төлөх саналтай гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Г ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ/CC190531-1 тоот зээлийн гэрээ байгуулж, 580 000 000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБ/CC190531-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Б.Оийн өмчлөлийн С дүүрэг, 9 тоот 93,3 м.кв 4 өрөө, Ү-2203дугаарт бүртгэлтэй орон сууц, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБ/СС190531-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Б.Сын өмчлөлийн С дүүргийн 505 тоот 165,04 м.кв талбайтай Ү-2203037484 дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №ЗБ-СС190531009-1-4 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр Г ХХК-ийн ирээдүйн борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, Хинд гаргасан зээлийн өргөдөл, хүсэлт анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээг цуцлах, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар байна, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй байна.
6.Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Г ХХК нь хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Г ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Г ХХК-ийн хооронд зээлийн, нэхэмжлэгч болон хариуцагч Г ХХК, Б.О, С.С нарын хооронд барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 120 сар буюу 2029 оны 6 дугаар сарын 30-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 2.1.9-д заасан ноцтой зөрчилд 2.1.9а “зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтрүүлсэн”, 2.1.9в “зээлдэгч зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарийг 3 болон түүнээс дээш удаа зөрчсөн”-ийг ойлгоно гэжээ.
Иймд хариуцагч Г ХХК нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 580 000 000 төгрөгийг хариуцагч Г ХХК-нд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч хариуцагч Г ХХК-иас үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 580 000 000 төгрөг, хүү 91 067 676,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 071,06 төгрөг, нийт 671 105 747 төгрөг байна.
Хариуцагч Г ХХК нь зээлийн тооцооллын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 671 105 747 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх боловч хариуцагч нь хариу тайлбартаа зээлийн гэрээний үүргийг төлөхөд дэлхий даяар тархсан цар тахалтай холбоотойгоор манайд хөл хорио, хязгаарлалт тогтоосноос бизнесийн үйл ажиллагаа зогссон гэсэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүү 91 067 676 төгрөгний 10 хувийг хасч /91 067 676 х10:100=9 106 767, 91 067 676-9 106 767=81 960 909/ үлдэх 81 960 909 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй” гэсэн болно.
Мөн нэхэмжлэгч Х нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал гэж 13 000 төгрөгийг нэхэмжилж нотариат Ю.Баярмагнайгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэл гаргах нь гэсэн баримтыг ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно” гэж заасан боловч уг зардлыг нэхэмжлэгч нь нэхэмжлэхийн дагуу нотариатын заасан хадгаламжийн дансанд нь төлсөн эсэх талаарх баримтыг ирүүлээгүй тул хариуцагч нараас шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Г ХХК-иас үндсэн зээл 580 000 000 төгрөг, хүү 81 960 909 төгрөг, нийт 661 960 909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.О, С.С нар нь нэхэмжлэгч Х ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБ/CC190531-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулж, С дүүрэг, 9 тоот 93,3 м.кв 4 өрөө, Ү-2203дугаарт бүртгэлтэй орон сууц, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБ/СС190531-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулж, С дүүргийн 505 тоот 165,04 м.кв талбайтай Ү-2203037484 дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Хариуцагч Б.О, С.С нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О, С.С нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний 6.2.1, 7.1.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч Г ХХК-ийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Б.О, С.Сын барьцааны гэрээний үйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 313 743 төгрөгийг /3 243 543+70 200=3 313743/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 199 800 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 467 754 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Х ХХК, Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн №ЗГ/CC190531009-1 тоот зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Г ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 661 960 909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Б.О, С.С нарын барьцааны гэрээний зүйл болох Б.Оийн өмчлөлийн С дүүрэг, 9 тоот 93,3 м.кв 4 өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй орон сууц, Б.С-ын өмчлөлийн С дүүргийн 505 тоот 165,04 м.кв талбайтай Ү-2203 дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 313 743 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 199 800 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Г ХХК, Б.О, С.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 467 754 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН