Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01473

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 78 тоотод оршин суух, Б овогт Э У /РД:00000000 /-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 25 тоотод оршин суух, Б овогт Б Э /РД:00000000 /-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, олох байсан хүүгийн орлого 1 700 000 төгрөг, нийт 21 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагч Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ш, А.О,

Гэрч: Г.М, Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон олох байсан хүүгийн орлого 21 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Б.Э нь 2020 оны 10 дугаар сард компани байгуулж цахим тоглоомын үйл ажиллагаа явуулна мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө зээлүүлэхийг хүссэн тул миний бие 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 421002019 дугаартай данснаас 15 000 000 төгрөгийг түүний 451***** дугаартай дансанд, 2020 оны 10 сарын 29-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 74022387 дугаартай данснаас 2 500 000 төгрөг, 2020 оны 11 сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч нийт 20 000 000 төгрөг зээлдүүлсэн.

2.Б.Э нь зээлсэн мөнгөө удахгүй өгнө гэсэн боловч одоо болтол төлөхгүй намайг хохироож байна. Миний бие тухайн мөнгийг 1 жилийн хугацаанд 8.5 хувийн Хаан банк ХХК-ийн хугацаатай хадгаламжийн хүүтэй хадгаламжид хийсэн бол 1 700 000 төгрөгийн хүүний орлого олох байсан.

Иймд надаас зээлсэн 20 000 000 төгрөг, олох ёстой байсан хүүний орлого 1 700 000 төгрөг нийт 21 700 000 төгрөгийг Б.Эгаас гаргуулан өгч хохиролгүй олгож өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Б.Э хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гарган өгч мэтгэлцэх зарчмаар өөрийн татгалзлаа нотлох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч  Э.У 2020 оны 7 дугаар сараас эхлэн хамтран ажиллах хүсэлт удаа дараа гаргаж байсан. Миний бие е-спорт контор страйк Д-13 гэдэг нэртэй багийн эзэн юм. Нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзсаны дараа хамтран ажиллахаар болсон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ний 45102***** тоот дансанд 15 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт /invistment 1/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгийг цалин  /tsalin/, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 500 000 төгрөгийг /дараа тайлан тооцоо/ гэж 3 удаа шилжүүлсэн. Манай Д-13 гэдэг баг нь 5 тоглогч, менежер гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Дээрх тоглогч 5 залуу Улаанбаатар хот, Х дүүрэг, 25 тоотын 120 м.кв байранд амьдарч, бэлтгэлдээ хийдэг. Нэхэмжлэгч Э.Уын өгсөн мөнгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Ингээд хамтран ажиллах хугацаанд нийт 229 786,500 төгрөгийн зарлага гаргасан. Энэхүү зардлыг хамтын ажиллагааны хугацаанд хамтран хариуцах ёстой байсан боловч нэхэмжлэгч тал нь нэг ч төгрөгийг нэмж өгөөгүй бөгөөд энэ зардлууд бүгд надаас гарсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Э.Уаас С.Эд олгосон итгэмжлэл, Э.Уын Худалдаа, хөгжлийн банкны 42100**** тоот дансны хуулга /хэргийн 2-11-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын электрон спортын холбоо ТББ-ын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22/039 тоот D13 E-sport багийн гишүүнчлэлийг батлах тухай албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Б.Т ийн гадаад пасспортын хуулбар, Н.Т ийн гадаад пасспортын хуулбар, гүйлгээний утгийг орчуулсан баримт, Б.Э гийн Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга, Монголиан Е-спортын тэмцээний 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн өргөмжлөлүүд гэсэн баримтуудыг /хэргийн 20, 26-27, 33, 35, 36-37, 38-40, 41, 42-60,62-64-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас 2020 онд Хаан банк ХХК-ийн хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ хэдэн төгрөг байсан талаарх лавлагааг /хэргийн 68-69-р хуудас/ шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Уын хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хүүгийн орлого 1 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эг цахим тоглоомын үйл ажиллагаа явуулна мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 3 удаагийн гүйлгээгээр нийт 20 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч зээлдүүлсэн боловч буцаан өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг, уг мөнгийг хугацаатай хадгаламжид хийсэн бол олох ёстой байсан орлого 1 700 000 төгрөг, нийт 21 700 000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.  

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Утай хамтран ажиллахаар болж 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгийг цалин, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 500 000 төгрөгийг дараа тайлан тооцоо гэж шилжүүлсэн болохоос зээлийн гэрээ байгуулаагүй тул 20 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй, хамтран ажиллах хугацаанд гарсан зардлыг хамтран хариуцах учраас олох байсан хүүгийн орлогыг 1 700 000 төгрөгийг төлөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Э.У нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 500 000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Эд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Худалдаа, хөгжлийн банкны 421002019 тоот Э.Уын данс, Б.Эгийн Худалдаа, хөгжлийн банкны 451026319 тоот дансны хуулгаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Уаас нийт 20 000 000 төгрөгийг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан.

Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, мөнгийг хүлээн авсан боловч хамтран цахим тоглоомын баг санхүүжүүлж, ашиг олох зорилгоор шилжүүлсэн тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар алдагдлыг ч хамтран хариуцах тул мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэггүй гэж мэтгэлцсэн.

            Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар нь мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг зээл гэж биш, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт /invistment 1/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгийг цалин  /tsalin/, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 500 000 төгрөгийг дараа тайлан тооцоо гэсэн утгаар шилжүүлсэн нь хамтран ажиллах явцад оруулсан хөрөнгө оруулалт буюу санхүүжилт гэсэн.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 477 дугаар зүйлийн 477.1-д “хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Э нь D13 Esports багийг хариуцан ажиллуулдаг гэж тайлбарласан бөгөөд хэрэгт ирүүлсэн Монголын Электрон спортын холбоо ТББ-ын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22/039 тоот албан бичгээр “D13 Esports баг нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2019 оноос Монголын электрон спортын холбооны гишүүнээр бүртгэгдсэн Монголын цахим спортын мэргэжлийн томоохон багуудын нэг” гэсэн байх бөгөөд D13 Esports баг нь уралдаан тэмцээнд оролцож, 2018, 2019 онуудад амжилт гаргаж байсан болох нь хэрэгт ирүүлсэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан гэсэн дурсгалын гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь цахим спортын баг санхүүжүүлнэ гэж харилцан тохиролцоогүй, зөвхөн буцаан авах нөхцөлтэйгээр мөнгөө л зээлсэн гэж тайлбарласан, хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байгаа боловч зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж үзэхэд гэрээ байгуулагч талууд гэрээ байгуулах талаараа санал нэгдсэн байх ёстой бөгөөд гэрээний санал болон түүнийг хүлээн авсан талаарх талуудын хүсэл зориг байх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь хоёр талын зөвшилцөлд тулгуурласан гэрээ бөгөөд гэрээ байгуулагч хоёр талын харилцан дүйцсэн саналыг үндсэн дээр нэг тал нь мөнгө зээлэх эсвэл зээлдүүлэх тухай гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Мөн хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болох боловч хүсэл зориг нь ашиг олох зорилгоор нэгдэх нь гэрээний гол нөхцөл болдог. Хамтран ажиллах гэрээнд оролцогчдийн буюу хамтрагчдын оролцоо нь хүн тус бүр хамтын зорилгыг санхүүгийн хувьд дэмжих үүрэгтэй, өөрөөр хэлбэл хамтын үйл ажиллагааг гишүүдийн хураамжаар санхүүжүүлнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар нь хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээгээр Х дүүрэг тоотын 120 м.кв талбайтай орон сууцыг дээрх баг нь хөлсөлж, бэлтгэл хийдэг, тоглогч нар нь гадагшаа тэмцээнд явдаг, энэ нь гадаад пасспортын хуулбараар, тогтмол зардал гардаг болох нь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдоно, уг зардлаас нэхэмжлэгч нь санхүүжүүлсэн гэсэн.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж зааснаар хамтран ажиллах гэрээний явцад цахим тоглоомын баг санхүүжүүлэхэд нийт 229 786 500-гаад төгрөгийн зарлага гаргасан гэсэн боловч мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Н “...би менежер нь хийдэг, Б.Эгийн компанид нь D13 гэсэн багийг хариуцаж байсан, залуучууд байрлан бэлтгэл хийдэг байсан, зардлыг нь Б.Э шилжүүлж байсан” гэж, гэрч Г.М “...би D13 спорт багт тоглодог, бид байрлаж тоглодог байсан, зардлыг нь Б.Э өгч байсан, бид тэмцээн уралдаанд оролцож, ашиг олж байсан, 2022 оны 3 сарын 21-нд болсон тэмцээнд оролцоод 10 000 ам.доллар авсан” гэж мэдүүлсэн бөгөөд хамтын үйл ажиллагааг санхүүжүүлсэн бол гэрээний гол нөхцөл болох ашгийг хуваасан эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв.

            Зохигч талуудын хооронд нэг тал мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, нөгөө тал мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт нь нэхэмжлэгч талын гаргасан “зээлийн гэрээний эрх зүйн харилцаа” үүсгэсэн эсхүл хариуцагчийн гаргасан “хамтран ажиллахаар амаар тохирсон” зорилгоор шилжүүлсэн аль нь болох талаар баримтаар нотлоогүй.

Мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт нь зохигчдын хооронд харилцан зээлийн гэрээний үүрэг үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй, учир нь талуудын хооронд мөнгөн хөрөнгийн зээлдүүлэх талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар тохиролцоо хийгдсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хамтын үйл ажиллагаа байсан гэдэг хууль зүйн үндэслэлээ мөн л баримтаар нотлоогүй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хамтын үйл ажиллагааг санхүүжүүлсэн талаараа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь олох байсан хүүгийн орлого гэж 1 700 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд ХААН банк ХХК-ийн иргэдийн энгийн хугацаатай хадгаламжийн хүүг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь дээрх 20 000 000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаас шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, төгрөгийн хадгаламжийн хүү нь бүтээгдэхүүний нэртэй холбоотойгоор өөр өөр байх тул 1 700 000 төгрөгийн орлого олох байсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”  гэж зааснаар хариуцагч Б.Эгаас түүнд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн орлого 1 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ут олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эгаас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ут олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН