Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/01470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 01 тоотод байрлах, Н ХХК /РД:000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 202 тоотод оршин суух Б овогт Б Ц /РД:00000000 /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 15 225 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Ц д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15 225 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н ХХК болон Б.Цнар нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр оффисийн зориулалттай өрөөг түрээслэхээр 2017/14 тоот Түрээсийн гэрээг анхлан байгуулсан. Тус гэрээний дагуу Б.Цнь С дүүргийн 901, 902 тоот 252 м.кв бүхий оффисийн зохиулалтын байрыг сарын 2 520 000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр болсон. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тус түрээсийн хугацааг  2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус тус сунгаж байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээг дуусгавар болгох талаар аль нэг талаас санал гаргаагүй тул 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр түрээсийн гэрээ сунгагдсан. Б.Цнь тухайн оффисийн байрыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгасан бөгөөд энэ хугацаанд гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөх, эсхүл талбайг чөлөөлөх талаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөх, эсхүл тухайн оффисийн  талбайг чөлөөлөх талаар тодорхой үйлдэл хийхгүй байсан тул 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр уг оффисийн талбайг чөлөөлөн авсан. Гэвч Б.Цнь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хуримтлагдсан түрээсийн төлбөр болох 10 150 000 төгрөгийг огт төлж барагдуулаагүй байх тул түрээслүүлэгч Н ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрт 10 150 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2017/14 тоот Түрээсийн гэрээний 6.5 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн алданги 5 075 000 төгрөгийг түрээслэгч Б.Ц ээс гаргуулах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийн асуудлаар Б.Ц эвлэрэн хэлэлцэх санал гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч Б.Ц зүгээс эвлэрэн хэлэлцхээс удаа дараа татгалзсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Б.Ц ээс2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 207/14 тоот Түрээсийн гэрээ, түүний 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тус гэрээний сунгалтанд заасны дагуу оффисийн байрын түрээсийн төлбөрт 10 150 000 төгрөг, алданги 5 075 000 төгрөг, нийт 15 225 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Б.Ц хариу тайлбартаа: Н ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сараас хойш 2 сар хүртэл 43 хоног хөл хорионд орсон. Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан түрээслэгч тал хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Миний зүгээс 34 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, энэ талаар Н ХХК-ийн нярав, захирал нь мэдэж байгаа. Түрээсийн гэрээ 10 дугаар сард дуусч байгааг мэдэж байсан. Гэхдээ би гадагшаа явах гэж байсан учраас гэрээгээ цуцалж чадаагүй. Гэрээгээ сунгахгүй, нууцаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа учраас хөнгөлөлт үзүүлээч гэхэд хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн хариу хэлсэн. 2020 оны 1 дүгээр сарын сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Тэгээд би гэрээг сунгах хүсэлт гаргаагүй, хөнгөлөлт үзүүлээч гэхэд хөнгөлөөгүй. Ажилгүй гэртээ байна, хөнгөлөлт үзүүлээч гэж нягтланд нь хэлэхэд захирлаасаа асууя гэж хариу хэлсэн. Хөл хорио сулруулсан боловч 7 хоног л ажиллах боломжтой байсан. Энэ мэтчилэн ашиг орлого олоогүй, түрээслэсэн, хөрөнгө оруулалт хийсэн, сарын барьцаа байгаа тэрнээс аваарай, хөнгөлөлт үзүүлээч гэхэд хөнгөлөөгүй. Ашиглалтын зардлаа өөрсдөө төлдөг, тэр нь өндөр гардаг. 2020 оны 5 дугаар сард манай үйл ажиллагаа зогссон, тэгээд түлхүүрээ 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэр үед ямар нэгэн маргаан үүсээгүй. Хөрөнгө оруулалт хийсэн болохыг мэдэж байгаа болохоор тохиролцох байх гэсэн боловч тохиролцоогүй шүүхэд хандсан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, би түрээсийн байрнаасаа юу ч аваагүй бүгдийг нь үлдээгээд гарсныг нэхэмжлэгч мэдэж байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Н ХХК-иас Б.Болоржаргал, Б.С нарт олгосон итгэмжлэл, итгэмжлэлийн орчуулгын хуулбарын хамт, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК-ийн 2012 онд баталсан компанийн дүрэм, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №2017/14 тоот Түрээсийн гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Гэрээний хугацаа сунгах тухай хавсралт, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Гэрээний хугацаа сунгах тухай хавсралт, Н ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэх, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №177 тоот Баянзүрх дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрлүүлэн зуучлалын “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай” тэмдэглэл, Н ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021807 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 2-19-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, Б.О ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Б.О ийн төрсөн тухай батламж, Б.Цгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 34, 39, 47-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлээс 3 815 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 11 410 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Цгээс түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй ашиглаж, эзэмшиж байсан тул 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртлэх хугацааны түрээсийн төлбөр 10 500 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 5 075 000 төгрөг, нийт 15 225 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Б.Ц нь түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн талбайг ашиглаж байсан талаар маргаагүй боловч орон даяар үүссэн цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж, ашиглах боломжгүй болсон, бизнесийн үйл ажиллагаа зогссон байхад түрээсийн төлбөр, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, түрээсийн байрыг өөрийн зардлаар засан тохижуулсан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Цтэй 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №2017/14 тоот түрээсийн гэрээ байгуулж, Н ХХК-ийн С дүүргийн 901, 902 тоот байрлах 252 м.кв талбайтай оффисийн талбайг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаатайгаар нэг сарын төлбөрийг 2 520 000 төгрөгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт болон түрээсийн төлбөрийн нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч талууд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд тус тус сунгаж, гэрээний хугацаа сунгах гэрээ, түүний хавсралтад гарын үсгээ зурсан талаар маргаагүй болно.

5.Талуудын маргааны зүйл нь үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр болон алдангийг төлөхгүй гэсэн байна, гэрээ байгуулсан, түрээсийн гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан, буцаан хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.

6.Зохигч талууд түрээсийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйл болох 901, 902 тоотод байрлах 252 м.кв талбайтай оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буюу талбайг шилжүүлсэн,  хариуцагч нь уг 901, 902 тоотод байрлах оффисын зориулалттай талбайг хүлээн авч, үйл ажиллагаа явуулан ашиглаж байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргээ зөрчиж, 2020 оны 1 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 70 000 төгрөг, 2020 оны 2 сараас 5 сарыг хүртлэх түрээсийн төлбөр 10 080 000 төгрөг, нийт 10 150 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 5 075 000 төгрөгийн хамт нийт 15 225 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, түрээсийн зүйл болох 901, 902 тоот талбайг 2020 оны 1 сараас хойш ашиглаагүй, цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосноос үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэсэн боловч түрээсийн гэрээний зүйлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн талаар зохигч хэн аль нь маргаагүй болно.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах” эрхтэй бөгөөд цар тахалтай холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн боловч хязгаарлалтын дэглэм бууруулахад ажиллах боломжтой болсон боловч хүн ирээгүйгээс дахин хаасан гэж тайлбарласан нь Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах Монгол улсын Засгийн газрын “Шинэ короновирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолуудаар тогтоогдож байна.

Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасан түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д заасан түрээслүүлэгч хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үлдэгдэл тооцооны талаар маргаагүй боловч түрээсийн талбайд засан сайжруулалт хийсэн, уг талбайг ашиглах боломжгүй буюу цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй, барьцааны мөнгийг буцаан өгөөгүй байгаа гэж тайлбарласан боловч түрээсийн талбайд өөрийн зардлаар хийсэн засварын ажлын талаар болон засан сайжруулалт хийсэн талаарх баримтыг ирүүлээгүй, уг зардлыг төлүүлэхээр шаардаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 2 520 000 төгрөгийг барьцаа болгон төлсөн талаар маргаагүй, хариуцагч нь уг мөнгийг буцаан аваагүй байгаа гэж тайлбарласан, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 6.6-д заасан барьцаа төлбөрийг буцаан олгохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа төлбөр 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 2 520 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв. /10 150 000-2 520 000=7 630 000/

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 150 000  төгрөгнөөс барьцаа 2 520 000 төгрөгийг хасч үлдэх 7 630 000 төгрөгнөөс цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй байсан, түрээсийн гэрээний төлбөрийг бууруулах, гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 4.2.5-д “гэрээний хугацаа дуусгавар болсон эсхүл гэрээг цуцласнаас хойш ажлын 5 хоногт байрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд албадан нүүлгэж гаргах эрхтэй” боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул түрээсийн төлбөрийн 50 хувь болох 3 815 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв. /7 630 000:2=3 815 000/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги 5 075 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.5-д “түрээслэгч түрээсийн төлбөрөө хийх хугацаанаас хуанлийн 5 хоногийн хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тооцон түрээсийн төлбөр дээр нэмж төлнө” гэж харилцан тохиролцжээ.

Хариуцагч нь түрээсийн гэрээний хугацаанд нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул гэрээний хариуцлага шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан ба талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7.1-д “гэрээнд оролцогчдын хүсэл зоригоос гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй, дайн байлдаан, иргэдийн бослого хөдөлгөөн нийтийг хамарсан өвчлөлт, бүслэлт, хориг, газар хөдлөлт, усны үер, гал түймэр, бусад байгалийн аюулт үзэгдэл зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний оролцогчид харилцан хариуцлага хүлээхгүй” гэж заасан тул алданги төлөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Ц-гээс түрээсийн гэрээний үүрэгт нийт 3 815 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нь 11 410 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв .

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжид 75 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Б.Ц-гээс түрээсийн гэрээний үүрэгт 3 815 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 410 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид 75 990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН