Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/01448

 

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 107 тоот оршин суух, М овогт Б А /РД:00000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 1 тоот оршин суух, Б овогт Ч Т /РД:00000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины төлбөрт төлсөн 6 200 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 1 500 000 төгрөг, нийт 7 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 1 тоот оршин суух, Б овогт Ч Т /РД:00000/-гийн

Нэхэмжлэгч: С дүүрэг, 107 тоот оршин суух, М овогт Б А /РД:0000/-т холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол нийт 7 250 114 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэгшжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч С.М,

Гэрч: Б.Э,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ч.Тд холбогдуулан автомашины төлбөрт төлсөн 6 200 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 1 500 000 төгрөг, нийт 7 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Би 2019 оны 7 дугаар сард олон жил хамт нөхөрлөж, ажиллаж ах, дүү мэт болсон Ч.Ттэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр буюу өөрийн гэрийн орцны үүдэнд уулзаж, ажил хэрэг, ахуй амьдралын талаар ярилцаж байсан юм. Тэр үед Ч.Т надад нэг санал тавьсан нь "Би өөрийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь лизингийн Приус-30 маркийн машиныг урьдчилгаа 3 сая төгрөг өгөөд сар болгон 418 000 төгрөг төлөөд үргэлжлүүлээд явах найдвартай хүн хайж байна. Та найдвартай хүн юм чинь миний тавьсан саналыг дэмжээд төлөөд явчих, дүү нь 2022 оны 7 дугаар сард дуусахаар нь таны нэр дээр шилжүүлээд өгье. Би нэг Nissan X trall гэдэг орж ирсэн тэрэг авах гээд урьдчилгаа хэрэгтэй байна’’ гэсэн. Ингээд бид хоёр ярилцаж тохиролцон хэд хоногийн дараа би Ч.Тгийн саналыг хүлээн авсан. Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ч.Тгийн Хаан банкны данс болох 000000 данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн ба мөн дээрх машины лизингийн сүүлийн 15 хоногийн 220 000 төгрөгийг маргааш өдөр нь үдээс хойш Ч.Тгийн дуудсан газар нь очиж хүлээлгэн өгсөн. Тэгээд би Ч.Тгийн лизингээр авсан машиныг нь аваад, түүнтэй гар бариад салсан. Үүнээс хойш буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны  өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нийт 8 сар 15 хоногийн хугацаанд сар болгон 420 000 төгрөг төлсөн ба нийт төлсөн төлбөр маань 6 200 000 төгрөг болсон. Гэтэл Ковид-19 нэртэй дэлхийн хэмжээний цар тахал гарч, 2020 оны 2 сараас Монгол улсад уг тахлын тохиолдол гарч, үүнээс болж иргэн миний хувиараа эрхэлж байсан ажил хөдөлмөр зогсож, энэ шалтгаанаар би банкны төлөлтөө сар бүр төлж чадахгүйд хүрсэн. Би анхнаасаа Ч.Т гэдэг этгээдийг өөрийн төрсөн дүү мэт итгэж, түүний зүгээс надад тавьж байсан бүхий л санал болзлуудыг нь хүлээн авч байсан. Тиймээс ч дээрх 6 200 000 төгрөгийг бүгдийг нь Ч.Тгийн данснууд руу нь хийж байсан. Би 2020 оны 7 дугаар сард Улсын байгууллагад ажилд орж тогтмол цалин хөлс авах болсон учраас энэ тухайгаа Ч.Тд хэлж, машины лизингийн төлбөрийг 2020 оны 3 сарын 24-ний өдрөөс хойш төлж чадаагүй, одоо ажилд орж тогтмол цалин хөлс авах болсон учраас төлж чадаагүй 3 сарын төлбөрөө нийлүүлж, нэгтгээд, нэг мөсөн төлчихье, банкны хүмүүстээ хэлээрэй гэхэд Т маш увайгүй, хүний үнэргүй зан гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр надтай фейсбүүкээр холбогдохдоо “Өнөөдөр, яг одоо үлдэгдэл төлөлт болох 4 сар, 5 сар, 6 сар, 7 сарын мөнгөө бүгдийг нь хий. Арай дэндэж байна, та ичдэггүй юм уу” гэж бичсэн.

Тэгэхээр нь би түүнд хариу болгон “Нөгөөдөр буюу 7 сарын 25-ны өдөр цалин бууна, тэгэхээр нь би төлөөгүй байгаа 4 сарын лизингээ бүтнээр нь хийчихье” гэж бичсэн. Гэтэл Ч.Т над руу машинаа Худалдаа хөгжлийн банк ХХК-д аваачиж өг, тэгээд шүүх цагдаагаараа яв гэхэд нь би Тд банкны эдийн засагч, эсвэл өөр ямар хүн байна уу? Тэр хүмүүсийн утасны дугаарыг нь надад олоод өгчих. Би тэр хүмүүст чинь үнэн байдал, учраа хэлье, бид хоорондоо хэл амаа олох байлгүй дээ гэсэн. Гэтэл Ч.Тгийн ээж нь надтай ярьж “би Ч.Тгийн ээж нь байна. Чи хүүхдийн тархи толгойг нь эргүүлж, машин тэргийг нь авсан байна. Наад хүүхдийг чинь банкныхан найдваргүй зээлдэгч болгох гээд байна. Би чамаас болж, байгууллагынхаа хурал дээр загнуулаад байна. Чи хаана байна, байгаа газар чинь би очиж, яг одоо хүүгийнхээ машиныг авъя” гэж намайг баахан загнасан. Би тэр эмэгтэйд бас л Ч.Тд хэлсэн шигээ учир байдлаа бүгдийг нь хэлж, ажилд орсон нийт 4 сарын төлбөрөө нийлүүлж, нэгтгээд, нэг мөсөн төлчихье гэж гуйсан боловч манай ажлын хаягийг мэдэж аваад цаг орчмын дараа Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Гэгээнтэн салбарт ажилтай гэх Ч.Т-гийн ээж нь, тусгай активын ажилтан Х.Э гэх хүнтэй цуг ирж иргэн миний зүгээс бүтэн 8 сар 15 хоногийн хугацаанд, сар болгон 420 000 төгрөг төлж байсан /нийт төлсөн төлбөр маань 6 200 000 төгрөг болсон байсан/ машиныг маань хураагаад аваад явчихсан.

Хариуцагч Ч.Т нь бүтэн 8 сар 15 хоногийн турш өөрийн нэр дээр байсан, Приус-30 маркийн машины банкны лизингийн төлбөр болох нийт 6 200 000 төгрөгийг иргэн надаар төлүүлж, машины лизинг дууссаны дараа таны нэр дээр энэ машиныг шилжүүлж өгнө гэж худал хэлээд, цар тахлын улмаас 4 сарын турш дээрх машины банкны лизингийн мөнгийг төлж чадаагүй байдлыг минь овжиноор ашиглаж, дээрх машиныг маань надаас дээрэмдэн авч байгаа мэт хүч хэрэглэн авч явсан билээ. Иймд хариуцагч Ч.Тгээс машины үнэд төлсөн 6 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Миний бие 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх машины эвдрэл гэмтэл болон сэлбэг хэрэгсэл худалдан авахад зарцуулсан 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэсэн.

 

2.Хариуцагч Ч.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Аээс гаргасан 6 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Нэхэмжлэгч Б.А нь Ч.Тгээс автомашин худалдан авсан боловч зээлийн төлбөрөө хугацаандаа хийгээгүйн улмаас Ч.Тг хохироосонд гомдолтой байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, машиныг буцаан авахад эвдрэл гэмтэлтэй байсан гэсэн .

 

3.Хариуцагч Ч.Тгээс нэхэмжлэгч Б.Ат холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 250 114 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

Ч.Т миний бие найз ах Б.Атэй 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр уулзаад өөрийн унаж байгаа машинаа зээлээр худалдахаар зар тавьсан, найдвартай хүн хайж байгаа талаар ярьсан. Гэтэл ах Б.А нь надад “зарчих би авья” гэсэн. Би “сар бүрийн төлөлт 420 000 гаруй мянган төгрөг, та амжихгүй байхаа, хэрэггүй” гээд бид салаад явсан. Түүнээс хойш ах Б.А утсаар яриад “би машинаар чинь халтуур буюу такси үйлчилгээ хийгээд Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн лизинг чинь төлж чадна, ажилтай болноо, 2022 онд дуусах юм байна болно, чадна” гээд гуйгаад байсан. Миний бие Б.Атэй 2019 оны 7 дугаар  сарын 24-ний өдөр уулзаад Худалдаа хөгжпийн банкны зээлийн гэрээг үзүүлсэн. Б.А Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн гэрээг үзээд бид дараах нөхцлөөр “****УНЯ дугаартай, приус-30 тоёто маркийн машиныг нийт 19 000 000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцсон. Б.А нь урьдчилгаа 3 000 000 төгрөг төлөх, цаашид Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зээлийн гэрээний дагуу сар бүр тэнцүү 435 659.58 төгрөгийг (зээл, зээлийн хүү 408 992.9 төгрөг үүнд дээр тээврийн хэрэгслэлийн даатгалд сар бүр 26 666.68) төлөх үүрэгтэй, миний бие Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зээлийн гэрээ дуусахад **** УНЯ дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ өмчлөлд нь шилжүүлэх үүрэг хүлээхээр харилцан тохиролцож, амаар гэрээ байгуулсан. Ах Б.А нь надад урьдчилгаа 3 000 000 төгрөг өгөхөөр нь машинаа хүлээлгэн өгсөн. Найзууд учраас түүнд итгэсэн, бичгээр гэрээ хийгээгүй, амаар ярилцаж, тохиролцсон болно.  Б.А нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар  сарын 25-ны өдөр хүртэл нийт 12 сар буюу 365 хоног тус автомашиныг эзэмшиж, ашигласан. Тус 12 сарын хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу нийт 5 227 914.96 төгрөг /435,659.58төгх12сар/ төлөх ёстой байтал хугацаа хэтрүүлэн зээлийн ангилалыг чанаргүй ангилалд шилжих хүртэл хэсэгчилсэн байдлаар цувуулж нийт 3 434 000 төгрөгийг /нийт 8 сарын хугацаанд ноогдох/ төлбөрийг төлж, зөрүү 1 793 914.96 төгрөгийн төлбөрийг /нийт 4 сарын хугацаанд ноогдох/ төлөөгүй болно.

Намайг Худалдаа хөгжлийн банкнаас 2020 оны 2 сараас эхлэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд 5 сард төлбөрийн зөрчлийг төлөх тухай мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд төлөхгүй бол дараа дараачийн арга хэмжээ авах тухай дурьдсан байсан. Энэ тухай Б.Ат мэдэгдэж, зээл төлөхийг шаардсан боловч төлөх ямар ч арга хэмжээ аваагүй болно. Миний хувьд түүний өмнөөс зээл төлөх боломжгүй байсан учир нь би ажилгүй, аав маань нас барж, амьдрал хүнд болсон бөгөөд банкинд муу, найдваргүй зээлдэгч болсон. Ингээд 2020 оны 7 дугаар  сарын 25-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн ажилтан зээлээ төлөхгүй, найдваргүй зээлдэгч тул машиныг хураана гээд утсаар ярихад нь ах Б.Ат машиныг шилжүүлэн өгсөн талаар хэлж, түүнээс 34-03УНЯ дугаартай, приус-30 тоёото маркийн машиныг банкны ажилтан очиж хураан авсан болно.

Б.А нь тээврийн хэрэгслийг 1 жил буюу 365 хоног эзэмшиж, ашиглаж, хэрэглэж байсан. Тээврийн хэрэгслийг Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн ажилтан, миний бие 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэцэцэг овогтой Ууганбаттай хэлцэл хийн, шилжүүлж, банкны зээлийн гэрээний төлөөгүй төлөлтийг тушаалган, банкны үйл ажиллагааг хэвийн болгосон. Худалдан авсан Э.Ууганбат нь тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулсан бөгөөд 1 жил машиныг ашигласан эд ангид доголдол хорогдол гарсан байсан. Энэ талаар буюу сэлбэг хэрэгсэл, эд анги, тос, масло сольсон талаар Б.Ат хэлж, миний бие 1 400 000 төгрөгийг нэхэж байсан. Тухайн үед өгнө гэсэн ба шүүхэд дээр эвлэрэх санал тавихад энэхүү мөнгийг хасаж эвлэрнэ гэсэн. Үүний улмаас надад гэрээний болон эд хөрөнгөө эзэмшүүлж, ашиглуулсаны дараах хохирол учирсан тул нэхэмжилж байна. Үүнд 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан төлбөр 20 000 төгрөг, МИГдаатгалын төлбөрт 2019 оны 8, 9-р сарын төлбөр 53 400 төгрөг, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даатгалын төлбөрт 320 000 төгрөг, дугуй сольсон  220 000 төгрөг, сэлбэг, тос, масло сольж шинэчилсэн төлбөр 1 023 800 төгрөг, 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль  95 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар машины татвар 74 000 төгрөг, 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зээл, зээлийн хүү, даатгалын төлбөрт нийт 5 227 914.96 төгрөг төлөхөөс Б.А 3 434 000 төгрөг төлсөн байгаа бөгөөд зөрүү 1 793 914.96 төгрөг төлөөгүй байна. Иймд Ч.Т миний бие тээврийн хэрэгслээ зээлээр худалдсан гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох 7 250 114.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

 

4.Нэхэмжлэгч Б.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд 2019 оны 7 дугаар сард машиныг нь урдчилгаа 3 000 000 төгрөг өгөөд авсан нь үнэн. Ч.Т нь 2018 онд Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн лизингээр буюу Худалдаа, хөгжлийн банк ХХК-д ажиллах ээжийнхээ нэр дээр авсан байсан, унаад бүтэн жил болох явцдаа 1000 км хөдөө орон нутгаар тэнэлээ гээд яриад хагархай гүпертэй машинаа надад өгсөн нь үнэн. 2019 оны 7 дугаар сард гэрээгээ надад хальт үзүүлэхэд 2022 оны 7 сард лизинг дуусахад Приус-30 машин нь 16 000 000 сая орчим төлөгдөөд 2022 онд хувьд гарахаар байсан, 2022 онд лизингийг нь дуусаад таньд нэр дээр чинь шилүүлчихнэ гээд гэрээгээ өгөөгүй салсан нэмээд 19 000 000 болгож ор үндэслэлгүй гүтгэсэн байна. 2019 оны 12 дугаар сараас дэлхий дахиныг цочирдуулсан цар дахал Монголд орж ирсэн, ингээд  2020 оны 2 дугаар сараас манай улс хөл хорио хязгааргүйгээр тогтоосон нь хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тэр тусмаа хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүст маш хүнд туссан, миний лизингийн хугацаа алдагдаж хувиарийн дагуу төлөлт хийгдээгүй гурван сар орчим болсон. Би МҮОНРТ-д хандаж ажилд орсон, төлөгдөөгүй үлдсэн гурван сараа нэн даруй бүтэн хийхээр болсон тухайгаа баяртайгаар хэлтэл Ч.Т харин та өнөөдөр мөнгө хий чадахгүй гэвэл өнөөдөр машинаа хураана гэж хэлээд дээрх асуудал үүссэн. Би надтай адилхан лизинг төлдөг найз нөхдөөсөө тухайн үед асуухад банкны эдийн засагчтайгаа уулзаад лизингээ хойшлуулсан гэж хэлсэн. Харин  Худалдаа, хөгжлийн банк ХХК-нд ковидын хууль үйлчилдэггүй юм билээ. Зөрчил арилгах талаарх мэдэгдлийг аваагүй. Иймд Ч.Тгийн гаргасан хохирол болох 7 250 114,96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашиглаж байх хугацааны торгуулийг төлөөгүй нь үнэн, бусад төлбөрийг нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Аийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/0000 дүгээр “Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Б.Аийн ХААН банкны 5009**** тоот дансны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 210 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Аийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, T****** гэх фейсбүүкийн чат руу бичсэн зурвас, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А.Э-ийн 5109***** тоот дансны хуулга, МҮОНРТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/836 тоот Ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, Б.А-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдол, Х дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хэргийн 5-28, 46-48, 57, 65-66, 67-68, 110-111, 131-134, 135-139, 140-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ч.Т-гээс Н.Т-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хууль зүйн, туслалцаа үзүүлэх гэрээ, ****УНЯ тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн төлбөрийн тухай мэдэгдэл, зээлийн зөвлөлийн хурлын шийдвэр, Э.У-ын 5028**** тоот ХААН банкны дансны хуулга, Ц.Тгийн Худалдаа хөгжлийн банкны 4531**** тоот дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/BBC180920066-2 тоот Автомашины зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ****УНЯ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ч.Тгийн Худалдаа хөгжлийн банкны 406110228 тоот дансны хуулга, ****УНЯ тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Худалдаа, хөгжлийн банк гэсэн №0151694 гэрчилгээ, Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ, Э.У-ын  ХААН банкны 5028**** тоот дансны хуулга /хэргийн 34, 42, 58, 69-73, 74-79, 80-85, 90-92,93, 94-95, 97-98-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/10396 тоот данс эзэмшдэг тодорхойлолт, ХААН банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 50/12361 тоот данс эзэмшигчийн тодорхойлолт, Х дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26к1/2300 тоот албан бичгийг шүүх бүрдүүлж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Э.Ууганбатыг гэрчээр асууж тэмдэглэлийг хэрэгт хавсарган болно. /хэргийн 103-104, 105-106, 123-124-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлээс 6 200 000 төгрөгийг нэхэмжлэлийг хангаж, 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Ч.Тгийг сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч нь автомашиныг шилжүүлэн өгч, зээлийн гэрээний үүргийг нь төлсний дараа өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч гэрээнээс татгалзаж автомашиныг буцаан авсан тул 2019 оны 7 дугаар сарын 25-ны  өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх автомашины  төлбөрт төлсөн  6 200 000 төгрөгийг гаргуулах,

-мөн 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд автомашиныг ашиглаж байх хугацаандаа эвдрэл гэмтэл засварлаж, сэлбэг хэрэгсэл худалдан авч тавихад зарцуулсан зардал 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Ч.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

-нэхэмжлэгчтэй автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **** УНЯ улсын дугаартай автомашиныг 2019 оны 7 дугаар саын 25-ны өдөр шилжүүлэн өгсөн байхад нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчиж, автомашины үнэ буюу зээлийн үүргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн төлөөгүй автомашиныг эзэмшиж, ашиглаад байсан тул гэрээнээс татгалзаж, 2020 оны 7 дугаар сарын  25-ны өдөр автомашиныг буцаан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн тул автомашиныг буцаан авч, тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан 20 000 төгрөг, МИГдаатгалын 2019 оны 8, 9 сарын төлбөр 53 400 төгрөг, даатгалын төлбөр 2019 оны 10 сараас 2020 оны 7 сарын 25-ныг хүртлэх хугацааны 320 000 төгрөг, дугуй сольсон 220 000 төгрөг, сэлбэг, тос, масло сольж шинэчилсэн 1 023 800 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 2019 оны 7 сараас 2020 оны 7 сарын 25-ны хүртлэх хугацааны 95 000 төгрөг, 2019 оны 7 сараас 2020 оны 8 сар хүртлэх машины татвар 74 000 төгрөг, 2019 оны 7 сарын 25-наас 2020 оны 7 сарын 25-ны хүртлэх банкны зээлийн хүү, даатгалын төлбөрт нийт 5 227 914 төгрөг төлөхөөс 3 434 000 төгрөг төлсөн тул зөрүү 1 793 914 төгрөг, автомашиныг эзэмшиж, ашиглаж байсны төлбөрт 1 өдрийн 10 000 төгрөгөөр тооцож 3 650 000 төгрөг, нийт 7 250 114 төгрөгийг нэхэмжлэгч Б.Аээс гаргуулна гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнээс хариуцагч өөрөө татгалзаад автомашиныг буцаагаад авсан, ашиглаж, эзэмшиж байх хугацаандаа зохих засварыг нь хийж, сэлбэг хэрэгслийг өөрөө авч тавьсан, даатгал болон автомашиныг эзэмшиж ашигласны төлбөр хөлсийг төлөх талаар тохиролцоогүй, зээлийн төлбөрийг цар тахлын улмаас төлөх боломжгүй байсан гэсэн үндэслэлээр няцаасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ч.Т нар нь **** УНЯ улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, хариуцагч Ч.Т нь өөрийн эзэмшилд байсан автомашиныг нэхэмжлэгч Б.Аийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, нэхэмжлэгч нь автомашины үнэ буюу түүний зээлийн гэрээний үүргийг зээлийн гэрээний хугацааг дуустал төлж барагдуулах, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дууссаны дараа хариуцагч нь нэхэмжлэгчид автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээнээс татгалзсантай холбоотой автомашины үнэд төлсөн мөнгийг буцаан өгөх, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол төлөх талаар байна, талууд гэрээ байгуулсан, хариуцагч нь автомашиныг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй байна.

 

6.Зохигч талуудын маргааны зүйл болох **** УНЯ улсын дугаартай приус маркийн автомашины өмчлөгчөөр Худалдаа, хөгжлийн банк ХХК нь бүртгэлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан №02111654 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ****  УНЯ Приус маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банк ХХК гэжээ.

Мөн хариуцагч Ч.Т нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ/ВСС180920066-2 тоот “Автомашины зээлийн гэрээ”  байгуулж, 13 600 000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авомашин худалдан авахаар зээлж, зээлийг буцаан төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч Ч.Т нь банкны зээлийн барьцаанд байгаа буюу өөрөө эзэмших, ашиглах эрхтэй автомашиныг нэхэмжлэгч Б.Ат шилжүүлж, зээлийн гэрээний үүргийг төлүүлэхээр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч автомашиныг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” боловч хариуцагч нь зээлийн барьцаанд байгаа автомашиныг буюу эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь үүнийг мэдсэн боловч зээлийн гэрээний үүргийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 236.2-д заасан нөхцлийг тусгасан байх ба уг журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 263.4-д зааснаар энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх”-ээр заасан тул гэрээг байгуулагдсан байна гэж үзэв.

Мөн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй, талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс хариуцагч нь татгалзаж, нэхэмжлэгчээс автомашинаа буцаан авсан байх тул нэхэмжлэгч нь автомашины үнэд төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь автомашины  үнэд хариуцагчид 3 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн төлбөрт 3 200 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, хэрэгт нэхэмжлэгч Б.А-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.Э-ийн 2019 оны 7 дугаар сарын 31-нд машины лизинг төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашины үнэд нийт 6 200 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас автомашины үнэд төлсөн 6 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Нэхэмжлэгч нь **** УНЯ улсын дугаартай приус маркийн автомашиныг 2019 оны 7 сарын 2020 оны 7 сар хүртэлх хугацаанд эзэмшиж байхдаа машины эвдрэл гэмтэл болон сэлбэг хэрэгслийг худалдан авахад 1 500 000 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаад энэ нь гэрч Б.Эын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

Хариуцагч нь автомашиныг буцаан хүлээн авахад эвдрэл, гэмтэлтэй байсан өөрөө засвар үйлчилгээг нь хийсэн тул сэлбэг хэрэгсэл худалдан авсан буюу гэмтлийг засварласан гэх 1 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанд гэрч Б.Э мэдүүлэхдээ “...2019 оны 7 сард Приус машинд засвар хийж байсан, уг машин нь 1 жилд 3-4 удаа ирж байсан, завсарт 300 000 төгрөг, ажлын хөлсөнд 200 000 төгрөгийг өгч байсан” гэж гэсэн боловч гэрчийн мэдүүлэг нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч нь машиныг засварт оруулах, эвдэрсэн сэлбэг хэрэгсэл худалдан авахад 1 500 000 төгрөгийн зардал гарсан гэсэн боловч ямар засвар үйлчилгээ хийсэн, ямар сэлбэг хэрэгсэл худалдан авсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол буюу зардал 1 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

8.Хариуцагч Ч.Т нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан 20 000 төгрөг, МИГдаатгалын 2019 оны 8, 9 сарын төлбөр 53 400 төгрөг, даатгалын төлбөр 2019 оны 10 сараас 2020 оны 7 сарын 25-ныг хүртлэх хугацааны 320 000 төгрөг, дугуй сольсон 220 000 төгрөг, сэлбэг, тос, масло сольж шинэчилсэн 1 023 800 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 2019 оны 7 сараас 2020 оны 7 сарын 25-ны хүртлэх хугацааны 95 000 төгрөг, 2019 оны 7 сараас 2020 оны 8 сар хүртлэх машины татвар 74 000 төгрөг, 2019 оны 7 сарын 25-наас 2020 оны 7 сарын 25-ны хүртлэх банкны зээлийн хүү, даатгалын төлбөрт нийт 5 227 914 төгрөг төлөхөөс 3 434 000 төгрөг төлсөн тул зөрүү 1 793 914 төгрөг, автомашиныг эзэмшиж, ашиглаж байсны төлбөрт 1 өдрийн 10 000 төгрөгөөр тооцож 3 650 000 төгрөг, нийт 7 250 114 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоно гэж Миг даатгалын тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрчилгээ, Ч.Тгийн Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээг, 2011 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 7-406/1426 дугаартай Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зээлийн талаарх Тодорхойлолт, зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн талаарх Худалдаа, хөгжлийн банкны төлбөрийн тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд хариуцагч Ч.Т нь Миг даатгал ХХК-тай болон Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай даатгалын болон зээлийн гэрээг байгуулж, уг төлбөрүүдийг өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан 20 000 төгрөг,  2019 оны 7 сараас 2020 оны 8 сар хүртлэх машины татварт төлсөн 74 000 төгрөг, тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллээр 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны хүртлэх хугацааны торгууль 95 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч уг татвар, торгуулийг гэрч Э.У төлсөн талаараа мэдүүлсэн тул хариуцагч нь Э.У-ыг төлөөлөн нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна.

Гэрч Э.У “...2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс  УНЯ дугаартай автомашиныг Худалдаа, хөгжлийн банкинд сар бүр 450 000 төгрөг өгөхөөр авсан, урьдчилгаа 2 360 000 төгрөгийг Ч.Тд өгсөн, машиныг Ч.Тгээс хүлээн авсан, машиныг хүлээн аваад эд зүйлсийг нь сольсон, татварыг төлсөн, даатгал хийлгэсэн, торгуульд 200 000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн.

Гэтэл хариуцагч нь дээрх зардлыг нэхэмжлэгчээс шаардсан нь ойлгомжгүй, 2019 оны 10 сараас 2020 оны 7 сарын 25-ныг хүртлэх хугацааны дугуй сольсон 220 000 төгрөг, сэлбэг, тос, масло сольж шинэчилсэн 1 023 800 төгрөгийн зардал гарсан гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, гэрч Э.Ууганбат нь автомашинд засвар үйлчилгээг хийсэн гэж мэдүүлсэн бөгөөд автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь Э.Уын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар автомашины лизинг буюу зээлийн хүүг нь төлж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байсны төлбөрт 1 өдрийн 10 000 төгрөгөөр тооцож 3 650 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, олох байсан ашиг гэсэн боловч энэ талаарх баримтгүй, өдрийн түрээсийг 10 000 төгрөгөөр тооцдог талаараа баримтаар нотлоогүй, хариуцагчийн банктай байгуулсан зээлийн гэрээний 5.1-д “зээлээр худалдан авсан автомашины өмчлөх эрх нь фидицийн гэрээний дагуу зээл, үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, автомашинтай холбоотой гарсан татвар, торгууль, хураамжийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банканд хадгалагдах бөгөөд зээлдэгч нь автомашиныг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байна”, 5.2-д “зээлдэгчид гэрээг байгуулсантай холбоотой захиран зарцуулах ямарваа давуу эрх тусгайлан олгогдохгүй” гэснийг зөрчсөн, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж гэрээнээс татгалзаж автомашиныг буцаан авсан тул олох байсан ашиг буюу эзэмшиж, ашиглаж байсан гэж төлбөр шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Б.Аийн хариуцагч Ч.Тд холбогдуулан гаргасан 7 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэд төлсөн 6 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас засвар, сэлбэг хэрэгслийн үнэ 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Тгийн нэхэмжлэгч Б.Ат холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 7 250 114 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн шүүхэд сөрөг нэхэмжлэлээ нотлоно гэж ирүүлсэн баримтууд нь хуурамч, энэ талаар шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан гэсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтуудаас ямар баримтыг хуурамч болох талаар нэрлэн заагаагүй, Х дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны 26к/2300тоот албан бичгээр “Б.А нь Ч.Тд холбогдуулан бичгээр өргөдөл гаргасныг хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулж 2022 оны 4 сарын 05-ны өдөр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлж шийдвэрлэсэн байна” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд 38.5-д “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн гэдгийг нотлоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь автомашиныг нэхэмжлэгчээс авч явсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан гэж тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болно.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 870 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 650 /114 150+38 500/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 128 505 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 114 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч.Тгээс автомашины үнэд төлсөн 6 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 7 250 114 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 128 505 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 114 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ХУЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.3-д гэрээний дагуу холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд зээлдэгч автомашиныг бусдад барьцаалах, түүгээр баталгаа батлан даалт гаргах, гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр шилжүүлэх эрхгүй болно.

 

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэгэнт Ч.Т гэдэг хүн өөрөө ирж гуйгаад Б.Аээс та энэ машиныг авчихаач гэж гуйж байж машинаа өгсөн. Анх машин хүлээлцэхдээ Б.А Ч.Тд таньдаг хүнээ гэж итгээд машиныг нь нүдээр харахад урд тал гэмтэлтэй байсан ч авсан. Урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг төлөөд, машины лизингийг төлөөд явж байсан. Тэгээд Монгол улсад цар тахал гарч. Дараа нь Ч.Тгийн ээж нь ирээд Худалдаа хөгжлийн банкны ажилтан гэсэн үнэмлэхээ үзүүлээд машиныг нь авч явсан. Ч.Т машинаа Б.Ат зараагүй байсан бол энэ 6,200,000 төгрөгийг Ч.Т. Талууд аман хэлцэл хийсэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үүсээгүй улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Ч.Тгийн ээжийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Энэ талаар бид Авилгатай тэмцэх газарт хандсан, энэ асуудлаа үргэлжлүүлэн шийдвэрлүүлнэ гэдгээ хэлмээр байна гэв.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан автомшин зээлээр худалдах, худалдан авах зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч Ч.Т нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Ат шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомашины зээлийн гэрээг төлнө гэж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлнө гэж тохиролцсон. Б.А нь 3,000,000 төгрөгийг шилжүүлж, Ч.Т. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Б.А төлж эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлээд энэхүү зээл нь төлөгдөхөө байсан, зээлээ төлөхийг Ч.Т удаа дараа шаардаж байсан. Б.А нь машиныг эзэмшиж, ашиглаж байсан. Энэ хугацаанд Ч.Т 2020 оны 07 дугаар сарын  25-ны өдөр дуусгавар болсон учраас 264.1-т заасны дагуу худалдагч нь гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.