Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

 

 

 

 

Р.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч /Р.Б/-ны өмгөөлөгч Б.Ариунболд /онлайнаар/,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/304 дугаар шийтгэх тогтоолтой Р.Б нарт холбогдох 1934009380208 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Р.Б-,

Х.Э-,

Г.О-

Шүүгдэгч Ш Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг, Өсөхийн 01-03 тоотод оршин суух иргэн Ч.Цэдэнбалын гэрийн гадна иргэн Г.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж, улмаар шуунд зүссэн шарх үүсгэж, тархи доргилт, дух болон 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг, Өсөхийн 01-03 тоотод оршин суух иргэн Ч.Цэдэнбалын гэрийн гадна иргэн Х.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүн тус газар нь архины шилний хагархайгаар зүссэний улмаас эрүүний баруун талд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг, Өсөхийн 01-03 тоотод оршин суух иргэн Ч.Цэдэнбалын гэрийн гадна иргэн Р.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар болон тулж явсан таягаараа цохиж зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг Өсөхийн 01-03 тоотод оршин суух иргэн Ч.Цэдэнбалын гэрийн гадна иргэн Р.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Хэрэйд овгийн Рагчаабазарын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Боржигин овгийн Галсантогтохын О, Жалайр овгийн Халзангийн Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/304 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хэрэйд овгийн Рагчаабазарын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Жалайр овгийн Халзангийн Э, Боржигин овгийн Галсантогтохын О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934009380208 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигин овгийн Галсантогтохын Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож,

Шүүгдэгч Хэрэйд овгийн Рагчаабазарын Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Жалайр овгийн Халзангийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

Шүүгдэгч Хэрэйд овгийн Рагчаабазарын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Жалайр овгийн Халзангийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхээс Г.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэхдээ гэм буруу дүгнэхдээ эргэлзээтэй буюу мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ эрс өөр буюуу зөрүүтэй мэдүүлгийг авч дүгнэлт гаргасан нь хууль зүйн ач холбогдолгүй дүгнэлт болсонгүй гэж үзэж байна... Мөн шүүх мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Бы нүцгэн гуталгүй байсан гэдэг нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна... гэрч Саранцэцэг, О нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна... эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шүүх энэ мэдүүлгүүдийг ямар ач холбогдол өгөөгүй бөгөөд харин ч Огийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өглөө гэж үзэж байна... нэмэлт шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокуророос хүсэлтийг хүлээн авсан боловч мөрдөгч нь дүгнэлтийг дахин гаргуулаагүй нь Бы хуулиар хориглосон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд дээрх үндэслэл бүхий нотлох баримтуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, худал мэдүүлэг өгсөн гэрч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг... яллагдагчаас дахин авсан мэдүүлэг... Хохирогчоор Ог асуусан тэмдэглэл... шүүгдэгч Р.Бы өргөдөл, шүүх эмнэлгийн дүгнэлт гэх мэт нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор үнэлээгүй, мэтгэлцээний явцад ч мөн шүүгдэгч Г.О нь зөрүүтэй мэдүүлэг өгснийг анхааран үзэлгүй эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй зөвхөн Г.Огийн мэдүүлгийг тогтоолын үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэсэн заалтыг зөрчсөн.

...Шүүх хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна гэжээ. Гэтэл шүүгдэгч Р.Баас гаргасан хүсэлтийг нь эрүүл мэндэд цаашид нөлөөлөх эсэх, зулай дээрх 1.5 см хонхорхой нь Гавал ясны хугарал мөн эсэх, гавал ясны дотор хальсанд нөлөөлөх эсэх, цаашид эрүүл мэндэд нөлөөлөх эсэх тухай бүрэлдхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлт 2019 оны 12 сард гаргасныг Төв аймгийн прокурор Б.Эрхэмбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 25 өдрийн 485 тоот хариу мэдэгдэх хуудсаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тухай мэдэгдсэнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй, хэргийн материал танилцсан тухай тэмдэглэлд 2020 оны 4 дүгээр сарын 17 өдрийн гомдолд дахин шинжээч томилсон тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай гомдол, урьдчилсан хэлэлцүүлэгт мөн энэ тухай хүсэлт гаргасан боловч үндсэн хуралдаанаар шийдвэрлхээр заасаныг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэргээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл болсон ба шүүх хэргийн оролцогчийн эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан тогтоол гаргасан. Гэмт хэргийн хор уршигийг буюу бодит хохирлын зарим баримтыг үндэслэлгүй тогтоосон. Хохирогч Г.Огийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед гарган өгсөн хохирлын баримтын зарим хэсэг тодорхойгүй хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй баримтыг шүүх үндэслэл болгосон нь шүүх зөвхөн бодит хохирлыг хохиролд тооцох тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй буюу гэмт хэрэг гархад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн үйлдсэн тухай шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй энэхүү бүх гэмтэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Х.Эд бүхэлд нь хамаатуулж үлдээсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Гэрчүүдийн мэдүүлэг зөвхөн үнэнийг буюу харсан үзсэн үйл баримтыг гэрчлэх байтал илтэд худал мэдүүлэх, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын мэдүүлэгтэй илт зөрж байгаа мэдүүлгийн зөрүүг үл хамаарсан нь шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон.

...Дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлыг анхааран үзэж Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШШТ/304 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 04-ний өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Цэдэнбал даргын хашааны гадаа Быг бүлэглэн зодсон гэдэг талаар гарч нар мэдүүлдэггүй. Шинээч шүүх хуралдаанд өөрийн дүгнэлтээ тайлбарлаж оролцсон. Эдгээр нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан. Энэ нотлох баримтыг шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргасан тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд гаргасан саналдаа: Сэвлэгмаа өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн. Хохирлын хувьд бодит хохирлыг бус бүх хохирлыг гаргасан. Гэрч нарын мэдүүлэг зөрөөтэй, эргэлзээ бүхий байгааг шүүх анхаарч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.О гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Б нарт холбогдох эрүүгийн 1934009380208 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Хохирогч Р.Бы гаргасан гомдлын дагуу Төв аймгийн прокурорын газрын прокурор Б.Эрхэмбаяр дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн гэх боловч уг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан баримт хавтаст хэрэгт алга байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос “өмнө нь энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор дахин шинжээчээр дүгнэлт гаргуулахаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн боловч прокурорын хариу мэдэгдэх хуудсыг хэрэгт хавсаргаагүй, дахин дүгнэлт гаргуулахаар шинжээчид даалгах ажиллагаа хийгдээгүй” гэсэн тайлбар гаргаж байна. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргаагүй, мөн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг дагуу шаардлагатай нэмэлт баримт гаргуулаагүй, гомдол гаргагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч чадаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна. Иймд Р.Бд учирсан гэмтлийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийх шаардлагатай байна.

Анхан шатны шүүх Г.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Эыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр баг, Өсөхийн 01-03 тоотод оршин суух иргэн Ч.Цэдэнбалын гэрийн гадна иргэн Р.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар болон тулж явсан таягаараа цохиж зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэн эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул Р.Бы биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт Р.Бы биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирлыг хэн учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. гэмт хэрэг гарсан байдал, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Р.Б нарт холбогдох эрүүгийн 1934009380208 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч шүүгдэгч Р.Б, Х.Э, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ