2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1155

 

 

        2025                4               25                                                       2025/ШЦТ/1155

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч Г.О,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Е*** овогт Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508006650189 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,  Е*** овогт Ц.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, **** хотхоны *** байрны *** тоотод 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуудлагын дагуу очсон хууль сахиулагч болох хохирогч Б.Ө-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэг рүү нь мөргөж, хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн,

Тухайн өдөр хохирогч Б.Ө-н нүүр хэсэгт мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10а байрны 8 тоотод 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуудлагын дагуу очсон хууль сахиулагч болох хохирогч Ж.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн шуу хэсэгт хазан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн,

Үүний улмаас хохирогч Ж.М-н зүүн шуу хэсэгт хазсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, *** хотхоны *** байрны *** тоотод 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуудлагын дагуу очсон хууль сахиулагч болох хохирогч Ө.Э-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн шуу хэсэгт хазаж хүч хэрэглэн улмаар зүүн шуунд шарх, цус хуралт, зулгаралт ,зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулан эсэргүүцсэн гэмт хэрэг,

Мөн согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, **** 7 дугаар гудамж *** тоотод үл ялих зүйлээр шалтгаалан хохирогч Г.О-н нүүрэн тус газар нь аяга шидэх, зүсэх аргаар  халдан зодож түүнд баруун, зүүн чамархайн хуйх, зүүн шанаанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээМэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О мэдүүлэхдээ “...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны ** байрны ** тоотод дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч Б.Ө, Ж.М, Ө.Э нарын биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогч Б.Ө-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Ж.М-н эрүүл мэндэд зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

Хохирогч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас, 10-11 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0525/237  дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

Хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас, 17-18 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1640 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

Хохирогч Ө.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1841 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас),

Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

Дуу, дүрсний бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.Болордорж нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** 7 дугаар гудамжны *** тоотод хохирогч Г.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү аяга шидэх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун, зүүн чамархайн хуйх, зүүн шанаанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас  (1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас, 139 дүгээр хуудас),

Хохирогч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас, 146 дугаар хуудас),

Гэрч Х.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дүгээр хуудас),

Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас),

Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-161 дүгээр хуудас),

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14175 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудас), “Ачит хонгор” ХХК-ийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 227-234 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** байрны ** тоотод дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч Б.Ө, Ж.М, Ө.Э нарын биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогч Б.Ө-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Ж.М-н эрүүл мэндэд зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь нэр бүхий хохирогчдын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ525/237, 1640, 1841 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Мөн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** 7 дугаар гудамжны *** тоотод хохирогч Г.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү аяга шидэх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун, зүүн чамархайн хуйх, зүүн шанаанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14175 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Харин энэ гэмт хэргийгхоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хохирогч Б.Ө, Ж.М, Г.О нарын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг тус тус учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан шаардлагыг үл ойшоон эсэргүүцэж, тэдгээрийн эсрэг цохих, өшиглөх, түлхэх, боох, хувцсыг нь урах, мөрдсийг нь хуулах зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэх, мөн тэдгээрийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж, “Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.

Өөрөөр хэлбэл хохирогч нар нь хууль сахиулагч буюу хохирогч Ж.М нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн  цагдаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын А-0010876 дугаартай үнэмлэх, ажил байдлын тодорхойлолт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тушаал, хохирогч Б.Ө нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер болох нь Цагдаагийн ерөнхий газрын А-0002702 дугаартай үнэмлэх, ажил байдлын тодорхойлолт, хохирогч Ө.Э нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-н хувьд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Ө, Ж.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус  учруулсан үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-н хувьд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн алба хаагч Б.Ө, Ж.М, Ө.Э нарын түүнд тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа Б.Ө, Ж.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааны эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.О, Б.Ө, Ж.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, хохирогч Г.О-н “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ө-н “...Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.М-н “...Миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдгээр ялыг тусад нь эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналаас татгалзах зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-н хувьд урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх тул улсын яллагчийн шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Е*** овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ЗОЛБОО