| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03023/И |
| Дугаар | 183/ШШ2022/01294 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2022/01294
2022 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2022/01294 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 129 тоотод оршин суух, Ч овогт М И /РД:00000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 29 тоотод оршин суух, Х овогт А Өд /РД:00000000 /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, автомашины төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч А.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.И нь хариуцагч А.Өд холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, автомашины төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.М.И би А.Өтэй эхнэр нөхөр байсан ба 2014 онд А.Ө захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан байдаг. М.И миний нэр дээрх эзэмших эрхтэй Сүхбаатар дүүрэг, 146 дугаар бүхий 699 м.кв газрыг эзэмшиж байсан. А.Ө чи надад газраа шилжүүлээд өгчих би чамд үнийг хангалттай өгнө надад газар хэрэгтэй байна гэсэн. Мөн тухайн үед надад мөнгөний хэрэгцээ байсан учраас 20 000 000 төгрөгөөр зарахаар болж 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нотариат орж гэрээ байгуулж шилжүүлж өгсөн.
А.Ө нотариат дээр орж гэрээ байгуулахдаа үнийн дүнгийн бага бичих шаардлагатай байна, би чамд мөнгөө асуудалгүй өгчих учраас 3 000 000 төгрөгөөр худалдаж авч байгаа мэт харагдуулж гэрээ байгуулсан. А.Ө надад 7 800 000 орчим төгрөг төлсөн ба үлдэгдэл 12 800 000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд А.Ө гэр бүлийн хэрэгцээний 699м.кв газрыг 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч 3 000 000 төгрөгөөр худалдаж авч байгаа мэт харагдуулж дүр үзүүлж хийсэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хөнгөмсгөөр найдаж хийсэн хэлцэл хийсэн тул хуульд нийцээгүй гэсэн.
2.Мөн миний бие А.Өтэй 1989 оноос хойш 2014 оныг хүртлэх хугацаанд хууль ёсны гэр бүлийн харилцаатай байсан боловч нэг талын хүсэл зоригийн улмаас эхнэр А.Өгийн шаардлагаар гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. Гэрлэлтээ 2014 оны 10 дугаар сарын 17-нд цуцлуулснаас хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 26-нд амины болон хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор 2007 онд үйлдвэрлэгдэж Монголд 2012 онд орж ирсэн **** УНӨ улсын дугаартай ногоон өнгийн Н2 Хаммер жип автомашиныг өөрийнхөө нэр дээр иргэн Ч.Н-с шилжүүлж авсан. Гэтэл А.Ө дарамт шахалт үзүүлж уг машиныг 2017 оны 2 дугаар сарын 23-нд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан боловч надад нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс уг автомашин нь М.И миний хуваарьт хөрөнгө бөгөөд зах зээлийн ханшаар бодож 20 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тул үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн автомашины төлбөр болох 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч А.Ө хариу тайлбартаа: Бидний дунд тухайн газрыг 20 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай тохирсон зүйл огт байхгүй. Ор үндэсгүй гүтгэлэг болно. Тухайн маргаж буй газар М. Ин нэр дээр байх боловч энэ хүний өмч хөрөнгө биш бөгөөд би өөрийн үеэл дүү болох н.Б-с худалдан авч миний ээж сууцыг барьж өгсөн. Иймд 2014 онд гэрлэлтээ цуцлуулахдаа тухайн газрыг миний өмчлөлд шилжүүлэхийг шаардахад М.И нь бидний хүү И.Б-ийн нэр дээр шилжүүлж өгөх санал тавьсаны дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үнэ төлбөргүйгээр газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч биднийг хуурч мэхлэн тус газраа барьцаанд тавьсан байсан. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр М.И нь 7 500 000 төгрөг өгөөд газраа өөрийн нэр дээр шилжүүлж аваа гэж хэлэхэд нь итгэж тус газрыг 3 800 000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж, 1 000 000 төгрөгийг 5 дугаар сарын 27-ны өдөр дансаар шилжүүлэхээр, үлдсэн 3 000 000 төгрөгийг гэрээнд тусгах замаар тохирч хууль ёсны дагуу газрын албанд бүртгүүлсэн боловч М.И эргэж буцаж хэрүүл маргаан дэгдээж, дахин мөнгө өгөхийг шаардсаны дагуу 5 000 000 төгрөг өгөхөөр тохирч Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь Ин зээлийн үлдэгдэл болох 2 722 000 төгрөгийг шилжүүлж үлдсэн 2 300 000 төгрөгийг Ин данс руу болон орон сууцных нь засвар зэрэгт өгч дуусгасан болно. Гэтэл өнөөдөр 12 800 000 төгрөгийг үндэслэлгүйгээр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр удаа дараагийн үйлдлүүд нь М.И өөрийн эзэмшсэн мэргэжлийг ашиглан гэрээгээр халхавч хийж санаатайгаар намайг хохироож луйвардаж эрх, ашгийг минь ноцтойгоор зөрчиж байна. Бидний хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн, хууль зөрчөөгүй тул тус гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү, газрын үнийг төлсөн, өөрөөр хэлбэл энэ газар миний ээжээс надад өгсөн газар, миний дүүгийн нэр дээрээс М.И өөрийнхөө нэр дээр авсан. Гэрлэлт цуцлуулахдаа газраа хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж өгье гэж тохиролцсон. Гэтэл хүүхдийнхээ нэр дээр шилжүүлээгүй. Газрын гэрчилгээгээ өөрөө барьцаанд тавьсан, өрөнд орсон гээд газраа барьцаанаас нь суллаж, мөнгө өгсөн юм.
Нэхэмжлэлд дурдагдсан машин угаасаа миний машин, би хүнээс өрөндөө авсан. Газрын гэрээтэй энэ машин огт хамааралгүй. Би тухайн үед иргэний үнэмлэхгүй явж байсан учраас М.Ин нэр дээр шилжүүлсэн. Машинаа зараад Хятад хүний жимсний төлбөрийн өрөнд өгсөн. Гэрлэлт цуцлуулахад өр төлбөртэй байсан, энэ хүн өр төлбөрийг төлнө гэж ярьж байгаагүй, надаас л мөнгө, төгрөг л нэхээд шүүхэд олон удаа дуудаж байна. Би өөрөө өрөнд ороод энэ хүнд тусалж байсан. Энэ хүн анх оюутан байхдаа манай гэрт ирж амьдарсан. Би ч мундаг ажил, мэргэжилтэй хүн гээд хүндлээд өөрөө л амьдралаа залгуулах гээд ээжийнхээ бизнесийг хийж, амьдралаа авч явдаг байсан. Захиргааны хэргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулахад эд хөрөнгийн талаар яриагүй, гэтэл одоо гэрлэлтээ цуцлуулснаас хойш л байнга намайг шүүхэд дуудаж байна, би мөнгө өгөхгүй байж чадахгүй, хүүхдүүдийн минь эцэг юм чинь гээд өр ширийг нь дараад л мөнгө өгөөд л явж байна. Тиймээс үндэслэлгүй нэхэмжлэлүүдийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн М.И, А.Ө нарын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, №000097 тоот М.И газар эзэмших эрхийн гэрчилгээ, №0000030 дугаартай гэрлэлт цуцласны бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, ****УНӨ улсын дугаартай Хаммер Н2 тээврийн хэрэгслийн М.Игийн өмчлөлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны 14/1958 албан тоот, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2021/5859 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 2-6, 36-40, 111-114-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн М.И, И.Бнарын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, А.Өгийн ХААН банкны депозит дансны хуулга, Голомт банкны дансны хуулга, төлбөрийн баримт, зарлагын баримт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тохиролцоо /хэргийн 14-15 хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр С дүүргийн 10 тоот хаягт байрлах нэгж талбарын 146 дугаар бүхий 699 м.кв газрын түүхчилсэн лавлагаа, уг газартай холбоотой баримтуудыг /хэргийн 41-99-р хуудас/ нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч М.И нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-хариуцагч А.Өтэй захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан боловч бидний 20 жил амьдрах хугацаанд өчнөөн хөрөнгө бий болсон байсан бөгөөд өөрт ногдох хэсгээ авна гэж байгаа, тиймээс өөрийн өмчлөлийн газраа шилжүүлээд 20 000 000 төгрөгийг авахаар тохирч 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, гэрээнд үнийг 3 000 000 төгрөгөөр гэж тохирсон гэсэн нь үнэн санаанаас бус хөнгөмсгөөр найдаад 20 000 000 төгрөгийг өгнө гэж бодоод хийсэн. Гэтэл 7 800 000 төгрөгийг өгөөд үлдэх мөнгийг нь өгөхгүй байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
-өөрийн өмчлөлийн миний хуваарь хөрөнгө болох автомашиныг хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулаад хамаагүй хүмүүс болчихсон байж нэхээд байхаар нь түүнд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн, гэтэл автомашины үнэд нэг ч төгрөг өгөөгүй тул автомашины төлбөрт 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч А.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
-нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, гэрээний зүйл болох газар нь манай ээжийн газар, хариуцагч М.И нь бичиг баримтыг хөөцөлдөж байхдаа өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулсны дараа өөрийн хүү И.Б-д өгөхөөр гэрээ байгуулсан боловч өгөөгүй зээлийн барьцаанд тавьсан байсан байхад нь өөрийнх нь хүсэлтээр 7 500 000 төгрөг хэрэгтэй байна гээд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, газрыг барьцаанаас нь суллаж, үнийг нь төлсөн.
-автомашин хариуцагч М.И-гийн хуваарьт хөрөнгө биш, миний өрөндөө авсан автомашин байсан бөгөөд миний иргэний үнэмлэх байгаагүй тул хариуцагч өөрийн нэр дээр гэрчилгээгээ авчихсан, эзэмшиж ашиглаж байсан боловч намайг машинаа авна гэхэд буцаагаад өгсөн, би бас М.Иг машингүй үлдээгээд яахав гээд Приус маркийн автомашин өгсөн гэв.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.И, хариуцагч А.Ө нар нь захиргааны байгууллагын шийдвэрээр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан №0000030010 тоот гэрлэлт цуцласны 230 дугаартай бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Иргэний газар эзэмших эрхийн №000097 дугаартай гэрчилгээнд М- д Дүүргийн Засаг даргын захирамж, 2018 оны 9 сарын 04-ний өдрийн А/271 тоот шийдвэрийг үндэслэн Улаанбаатар С дүүрэг 146 6 дугаар бүхий 699 м.кв газрыг гэр орон сууц хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2203 дугаарт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч М.И, хариуцагч А.Ө нар нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №0639 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж эрх шилжүүлэгч М.И нь эрх хүлээн авагч А.Өд нэгж талбарын Э-2203, 146 дугаартай, С дүүргийн 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 3 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “гэрээний зүйлийн үнэ: Газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд 3 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов. 3.1.1-д Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021.05.25-ны өдрийн дотор М.Ин ХААН банкны 5015***** тоот дансанд шилжүүлнэ” гэжээ.
4.Талуудын маргааны зүйл нь гэрээ хүчин төгөлдөр эсэх, автомашины үнийг шаардах эрхтэй талаар байна, газрыг шилжүүлсэн, автомашиныг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.
5.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд газрын үнийг 3 000 000 төгрөгөөр тохиролцоогүй, 20 000 000 төгрөгийг өгнө гэж хөнгөмсгөөр найдаад хийсэн, үнэн санаанаасаа гэрээг байгуулаагүй, мөн гэрлэлтээ цуцлуулснаас хойш өөрийн хөрөнгө болох газраас ногдох хэсгийг авахаар уг гэрээг байгуулсан гэсэн.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох ба энэ нь дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд хэлцэл хийгчид уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаасаа байгаагүй, уур уцаар, тоглоом хошигнол, өс хонзон зэрэг эрх зүйн үндэслэл буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь хожим зайлшгүй илэрнэ гэсэн үндэслэл муутайгаар тооцоолсон субьектив санаанаас үүсдэг.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.
Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа гэрээний үнийг 20 000 000 төгрөгөөр хариуцагчтай тохирсон гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 5 сарын 25-ны өдрийн Тохиролцоо гэсэн баримтаар “...А.Өд С дүүргийн 700 м.кв газраа сайн дураараа шилжүүлэн өгч / 7 500 000 төгрөг/ долоон сая таван зуун мянган төгрөг авсан” гэжээ.
Нэхэмжлэгч нь уг Тохиролцоо гэсэн баримтыг өөрөө бичсэн талаараа маргаагүй боловч хүсэл зоригийн дагуу бичээгүй, согтуу байсан гэж тайлбарласан.
Гэвч хариуцагч А.Өгийн ХААН банкны депозит дансны хуулгаар 2021 оны 5 дугаар сарын 25-нд 3 800 000 төгрөгийг /Ин төлбөр/ гэсэн утгатайгаар шилжүүлсэн, гэрээний зүйлийн үнэд 3 000 000 төгрөгийг шилжүүлэхээр гэрээнд дурьдаж, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газрын үнэд 7 800 000 төгрөгийг хариуцагч нь төлсөн талаар маргаагүй болно.
Мөн хариуцагчийн ХААН банкны депозит дансны хуулгаар 2021 оны 5 дугаар сарын 31-нд 500 000 төгрөгийг /Ид/, 2021 оны 6 дугаар сарын 16-нд 500 000 төгрөг /Ид/, 2021 оны 7 дугаар сарын 16-нд 100 000 төгрөг /Идэрээд/, 2021 оны 8 дугаар сарын 09-нд 101 820 төгрөг /М.И/, 2021 оны 8 дугаар сарын 10-нд 100 000 төгрөг /Ид/, 2021 оны 8 дугаар сарын 13-нд 500 000 төгрөг /Идэрээд/, Голомт банкны дансны хуулгаар 2021 оны 8 дугаар сарын 24-нд 2 721 953 төгрөгийг /Ин зээл хаав, Үндэсний хөрөнгө оруулалтын банк/ гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 4 523 773 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн орон сууцны засвар хийхэд нь зориулж 474 900 төгрөгний материал авч өгсөн гэж зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг бараа материалыг нэхэмжлэгч авсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг М.И, И.Бнар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа УБ, С дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 455 тоот шийдвэрийг үндэслэн С дүүрэг, 10 тоот хаягт байршилтай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай газрыг төрсөн хүү И.Б-ийн нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэжээ.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг хүү И.Болор-Эрдэнэд шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд дахин хариуцагчтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, үнийг гэрээгээр тохирч, тохиролцоо гэсэн баримтыг үйлдэж “...7 500 000 төгрөг авч сайн дураараа шилжүүлж өгч байна” гэсэн, 7 800 000 төгрөгийг болон 4 523 773 төгрөг, нийт 12 323 773 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгч нь өөрийн хуваарьт хөрөнгө болох **** УНӨ улсын дугаартай Хаммер маркийн автомашиныг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчид үнэ төлбөргүй шилжүүлсэн тул автомашины төлбөрт 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд **** УНӨ улсын дугаартай Хаммер Н2 тээврийн хэрэгсэл нь М.Игийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь уг автомашиныг өрөндөө Ч.Нямдаваагаас авсан бөгөөд иргэний үнэмлэхгүй байсны улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, өөрийнхөө автомашиныг буцаан авсан тул үнийг төлөх үүрэггүй гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаанд “...**** УНӨ улсын дугаартай Хаммер Н2 тээврийн хэрэгсэл нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 26-ны хүртэл Ч.Н-ийн өмчлөлд, 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 2017 оны 2 дугаар сарын 23-ны хүртэл М.Ин өмчлөлд, 2017 оны 2 дугаар сарын 23-наас 2018 оны 5 дугаар сарын 12-ны хүртэл А.Өгийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хуваарьт хөрөнгө болох автомашиныг хариуцагчид үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлсэн эсэх, хариуцагч нь дарамт шахалт үзүүлж автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан гэсэн нь хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг хариуцагчид үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгсөн гэсэн боловч хариуцагч нь автомашиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-д “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь автомашины үнийг 20 000 000 төгрөгөөр тооцсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.3-д “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь уг эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглах үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол” нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд хариуцагч нь автомашиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн буюу 2017 оны 2 дугаар сарын 23-нд, мөн бусдын өмчлөлд шилжүүлсэн буюу 2018 оны 5 дугаар сарын 12-нд автомашиныг буцаан шаардах, эсхүл түүний үнийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс нь тоолох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн автомашиныг үнэ төлбөргүй шилжүүлсэн тул 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасан боловч нэхэмжлэгчид энэ үндэслэл тогтоогдоогүй, өмнө нь байнга шүүхэд хандаж байсан гэж тайлбарласнаа нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг хариуцагчид үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн гэсэн боловч ашиглуулахаар шилжүүлсэн эсэх, өмчлөлд нь шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, автомашиныг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлсэн бол үүргээ зөрчсөн байхад гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй, автомашины үнийг зах зээлийн ханшаар 20 000 000 төгрөгөөр тооцсон талаарх баримтыг ирүүлээгүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчаас үнэ төлбөргүй шилжүүлсэн автомашины үнэ 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч М.И-гийн хариуцагч А.Ө-д холбогдуулан гаргасан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн автомашины төлбөр 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 900 төгрөгийг /62 950+257 950/ төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.4, 339 дүгээр зүйлийн 339.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч М.И-гийн хариуцагч А.Ө-д холбогдуулан гаргасан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн автомашины төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.И-н төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 900 төгрөгийг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН