Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00273

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 416 тоот хаягт оршин суух Т овогт Э Г /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 58 тоот хаягт оршин суух Б овогт Б О /РД:00000000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ганбаатар,

Хариуцагч Б.О,

Нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Гнь хариуцагч Б.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Э овогтой Г миний бие нь 2012 онд Б овогтой Отэй танилцан 2017 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000 онд охин Г.Бтөрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин эхийн асрамжид амьдарч өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Эцэг миний хувьд хүүхдийг эхийн асрамжид үлдээж хуульд заасан тэтгэмжийг төлөхөд маргах зүйл байхгүй. Эд хөрөнгийн хувьд маргаангүй бөгөөд шүүхийн шийдвэрт эхнэр охиндоо дараах эд хөрөнгийг үлдээж байгаагаа тусгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.О хариу тайлбартаа: Б.О би, нэхэмжлэгч Э.Г 2010 онд Улаанбаатар хотод анх танилцаж байсан ба улмаар нэг нэгэнтэйгээ дотно харилцаатай болж 2014 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Ийнхүү хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлдээ үнэнч хандаж, хамтдаа гэр бүлийн бизнес эрхлэе, үр хүүхэддээ үлдэх бизнестэй болъё гэх зорилгоор нөхрийнхөө бусдад өгөх ёстой байсан өрийг би өөрийн хөрөнгөнөөс нийт 44 сая төгрөгийг гаргаж, тус өр авлагыг 100 хувь барагдуулж байсан. Гэтэл нэхэмжлэгч Э.Гнь байнгын буюу удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаанд орж, олон эмэгтэй рүү уулзая, зугаалъя, шоу цэнгээнд явъя гэх мэт зурвасыг бичдэг байсан төдийгүй өр төлбөрөө төлүүлснээс хойш одоо чи надад ашиггүй гэх хандлагаар хандаж, харьцах болсон юм. Нэгэнт босгосон амьдралаа нураахгүйн тулд би Э.Г ёс зүйгүй зан авир, үйлдлийг тухай бүрт нь тэвчиж амьдарч байсан ба миний бие 2016 онд жирэмсэн болсон. Жирэмсэн байх үеийн эхэн хугацаанд жирэмсний хордлого их өгдөг байсан учир өрхийн хяналтын эмчийн зөвлөмжийн дагуу хэвтрийн дэглэм сахиж, гэртээ байх ёстой болсон юм. Гэтэл Э.Гнь "...надад ч гэсэн жирэмсний хордлого өгч байна.." гэж хэлээд өөрийн зугаа цэнгэлээ бодоод орхиод явчихдаг байсан. Энэ үйлдлээс нь болж миний бие маш сул, сэтгэл санаа тогтворгүй болж 5 сартай дутуу төрж, ийнхүү хүүхдээ алдсан. Тэр үед нөхрөөсөө салахаар шийдэж, харилцаагаа түр хугацаанд тасалсан боловч Э.Гнад дээр ирээд "...намайг уучлаарай, одоо дахин алдаа гаргахгүй..." гээд уучлал гуйсан учир нэг удаа боломж олгож бид хоёр тухайн үед эвлэрсэн. Тэгээд 2017 онд дахин жирэмсэн болж, 2018 онд Г.Бгэх охиноо төрүүлсэн. Мөн л жирэмсэн байх хугацаанд өмнөх явдал давтагдаж 2 сартай байхад орхин явж, 8 сартай байх үед "...би амиа хорлолоо.." гэж намайг айлган сүрдүүлсэн. Мөн Э.Г гэр бүл, төрөл төрөгсөд ч надтай зүй бус харьцаж, хүүгийнхээ буруу үйлдлийг өмөөрч, дэмжсээр ирсэн. Бидний охин Б нь бөөрний дээд булчирхайн хавдар, элэгний талд хүрсэн 2 эрхтэн дамнасан хавдартай төрсөн. Охин маань 1 сартай байхдаа хавдартай эрхтэн хэсгийг тайруулах хагалгаанд орсон бөгөөд эцэг Э.Г 7 хоног ч өнгөрөөгүй байхад "...би ингэж дарамттай амьдарч чадахгүй..." гэж хэлээд охин бид хоёрыг орхиод явсан. Тухайн үед өвчтэй үрээсээ болж унтаж ч чадахгүй, сэтгэлийн зовлонтой өдрүүд өнгөрч байсан юм. Тэгээд удалгүй Э.Гнь буцаж ирсэн бөгөөд тухайн үед нь охиноо эцэгтэй өсгөнө өө гэж бодоод хүлээж авсан бөгөөд надад "...Би танайд байхаар их хэцүү байдаг. Хоёулаа өөрсдөө байртай болъё..." гэж хэлсэн. Би ч нөхөртөө дахин итгэж өөрт байсан бүх хөрөнгө, мөнгөө өгөөд байр худалдаж авсан юм. Ингээд шинэ байранд ороод удалгүй түргэн уур гаргаж, надтай үг дуугарахаа больж охин бид хоёрыг гэрээсээ хөөж байсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ч охин бид хоёрыг машинаасаа хөөн орхиод явж байсан. Тухайн үед яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар асуухад "..би чамаас салах гэж чиний данснаас мөнгийг чинь гаргуулах гэж байр авсан юм.." гэж тайлбарласан. Бидний охин Б эрүүл хүүхдийн дэргэд дархлаа маш сул, хурдан өвддөг бөгөөд жилд доод тал нь 2 ба түүнээс дээш удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, асаргаа хийлгэх шаардлагатай болдог юм. Гэтэл эцэг болох Э.Гнь хүүхдийн эм тариа, эмнэлэг асаргааны мөнгийг хэрүүл, тэмцэл хийн барин төлдөг бөгөөд охинтойгоо ойр дотно харьцаж байгаагүй билээ. Охинтойгоо хамт хонох, нэг өдрийг хамт өнгөрүүлэх зэрэг хүүхэд хүмүүжил, эрүүл аюулгүй орчинд амьдрах талаар нэг удаа ч өөрийн санаачилгаар эцэг байх үүргээ биелүүлж байгаагүй ба ерөөсөө л эд хөрөнгө, мөнгийг л өөртөө авах гэж хичээдэг юм. Охин Б төрснөөс хойш 2 гаруй жилийн хугацаанд Э.Гнь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд "...одоо хоёулаа салъя. Чи надаас салаад өгчих, би чамд хүссэн зүйлийг чинь өгье, хүссэн бүхнээ ав..." гэх үгсийг өдөр болгон шахуу хэлж, гуйдаг байсан. Өвчтэй үрээ элэг бүтэн амьдруулна гэж их хичээсэн ч аргагүйн эрхэнд салахаар шийдэж, ийнхүү Э.Гнь шүүхэд гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн юм. Мөн цаашид охин Б цэцэрлэг, сургууль, эмнэлэг, эм тариа, асаргаа, боловсролд зарцуулагдах зардлын хагас буюу 50 хувийг эцэг Э.Г гаргуулж өгнө үү. Хэдий бид гэрлэлтээ цуцлаж байгаа ч үр хүүхдийнхээ ирээдүйн өмнө хоёул хамт хариуцлага хүлээх нь зүйн хэрэг билээ гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 1107***** дугаартай охин Г.Б төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1110**** дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 70 тоот Нийслэлийн Б дүүргийн 94 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл гэсэн баримтуудыг /хэргийн 3-7-р хуудас/,

Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариу тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Э.Г байгуулсан хэлцэл, Ч дүүргийн  416-б тоот хаягт байршилтай 152 мкв талбайтай, дэлгүүр, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 0005*** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, 1107**** дугаартай охин Г.Б төрсний гэрчилгээний хуулбар, Г.Б эрүүл бойжиж буйг тодорхойлсон 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Мэндсаруул өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Гурван гал нэгдсэн эмнэлэг”-ийн шинжилгээний хариу, эмчилгээний баримтууд шүүхэд гаргаж өгсөн /хэргийн 14-18, 21-36-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Гнь хариуцагч буюу өөрийн эхнэр Б.Отэй цаашид хамтран амьдрах боломжгүй, зан харилцааны хувьд таарамжгүй, тус тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулна гэсэн.

            Хариуцагч Б.О нь хамтран амьдрах боломжгүй, халамжгүй, байнга хэрүүл дарамтанд байдаг, хүүхдээ асран халамжлах талаар хариуцлага муутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

     Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Э.Г, Б.О нар нь 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 20** оны ** дүгээр сарын 10-ны өдөр охин Г.Бтөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1110***** дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, 1107**** дугаарт бүртгэдсэн Г.Б төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/

 

Нэхэмжлэгч Э.Гнь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №145 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 7-р хуудас/

Тус дүүргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №183/ШЗ2021/11872 дугаар шүүгчийн захирамжаар 3 настай охин Г.Б болон гэрлэгсдийн эрх ашгийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч эвлэрээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хдүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс сэтгэл зүйчийн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №00027 дугаартай эвлэрлүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлийг шүүхэд ирүүлжээ.

Иймд гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн аль нь тайлбарлаж  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д “гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно“ гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин Г.Бнь эхийн асрамжид байсан, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Бг эх Б.Оийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэж заажээ.

Зохигч талуудын харилцан тохиролцож 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Хэлцэл” байгуулсан байх бөгөөд талуудын нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн “Хэлцэл”-д “...1.Э.Гнь өөрийн охин /УВ00000000/ регистрийн дугаартай Г.Б 18 нас хүртэл нь сар бүр 400,000 төгрөгийн тэтгэмжийг олгох.

2.Б.О нь Э.Ганбаатартай хамтран өмчилдөг Ү-2202**** улсын бүртгэлийн дугаартай, 00052**** гэрчилгээний дугаартай, 152 мкв талбайтай, Дэлгүүр, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг Э.Гт бэлэглэхээр тус тус тохиролцов.

3.Энэхүү хэлцэлийг үндэслэн гэр бүл салалтын асуудлыг захиргааны журмаар шийдвэрлүүлнэ” гэжээ.

Уг “Хэлцэл”-ийг байгуулсан талаар зохигч маргаагүй, хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон байх тул 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Бг 18 нас хүртэл сар бүр 400,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулан эцэг Э.Гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д “гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь “Хэлцэл”-ээр харилцан тохиролцсоноор Ч дүүргийн 416б тоот хаягт байршилтай 152 м.кв талбайтай, дэлгүүр, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хариуцагчийн нэрийг хасуулна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нь охин Г.Бг 7 хоногт 1-2 өдөр эцэг Э.Гтай нь уулзуулж байхыг даалгаж өгнө үү гэснийг хариуцагч нь охинтойгоо уулзаж байхад татгалзахгүй, цаашид туслаж дэмжинэ гэж тайлбарласан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.Г, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Од тус тус даалгаж, 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг Э.Гг охин Г.Бтай 7 хоногийн 1-2 өдөр уулзаж байхыг даалгахаар шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт зааснаар Т овогт Э. Г, Б овогт Б. О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Б г эх Б.О ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дах хэсгүүдэд зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Б г 18 нас хүртэл сар бүр 400,000 төгрөгийн гаргуулан эцэг Э.Ганбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Од даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б.О нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.Г т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Од тус тус даалгасугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Г г охин Г.Б тай 7 хоногийн 1-2 өдөр уулзаж байхыг даалгасугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар зохигч талуудын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хэлцэл”-д харилцан тохиролцсоноор гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 19 гудамж 416б тоот хаягт байршилтай 152 м.кв талбайтай, Ү-2202011069 дугаарт бүртгэлтэй дэлгүүр, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хариуцагч Б.Оийн нэрийг хассугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ХУЛАН