2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1341

 

 

        2025               5                16                                                     2025/ШЦТ/1341

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Ш.Г,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л*** овогт Г.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001739 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л*** овогт Г.Л (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хотхоны ** дугаар байрны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, баруун дал хэсэгт нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд хатгагдсан шарх, зүүн цээжний хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ “...С.Э-тэй хамт явж байсан эмэгтэй намайг ямар ажил хийдэг талаар асуусан. Тэгээд би зэвсэгт хүчинд ажилладаг талаараа хэлэхэд чам шиг юм цэрэг армид байхааргүй шинжтэй байна гэж хэлсэн. Тэгээд би тэгж болохгүй гэж хэлэхэд алгадаад байсан. Тэгэхээр нь би С.Э-г найздаа хэлж болиулаач гэхэд эмэгтэй хүнд дээрэлхүүлж байгаа бол хохино гэсэн. Чи ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд намайг цохиж унагаасан. ...Хамт байсан эмэгтэй нь бас цохисон. Тэгээд найз нь гарч ирж салгасан...” гэв.

Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хотхоны ** дугаар байрны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглаж улмаар түүний биед зэвсэг буюу хутга ашиглан халдаж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд хатгагдсан шарх, зүүн цээжний хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),

Гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Гэрч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас, 35-36 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас),

Гэрч Ө.С-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас, 43 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12203 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3307 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4608 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4610 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4609 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 149-154 дүгээр хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 156-162 дугаар хуудас),

Гэрч Х.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас),

Гэрч Г.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудас),

Шүүгдэгч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн  жагсаалтын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 135  дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас), асап сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 166-173 дугаар хуудас), дипломын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 03-05 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас), “Монголын алт” ХХК-ийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 33 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас), цэргийн хүндэт медаль олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), энхийн төлөө медаль олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 40 дугаар хуудас), эх орны төлөө-III медаль олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 40 дугаар хуудас), цэргийн алдар цол олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), Афгинастанд энхийн төлөө-I хүндэт тэмдгийн үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас), 1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медаль олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас), агаарын цэргийн тэнхимийн 25 жилийн ойн дурсгалын тэмдэг олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас), Хятадын ард түмэн японыг эсэргүүцсэн дайн буюу Дэлхийн фашистыг эсэргүүцсэн дайн ялсны 70 жилийн ойн парадад оролцсон дурсгалын медаль олгосон үнэмлэх (3 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хотхоны ** дугаар байрны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглаж улмаар түүний биед зэвсэг буюу хутга ашиглан халдаж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд хатгагдсан шарх, зүүн цээжний хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 12203, 4608, 3307, 4610, 4609, 102, 215 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин энэ гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Л нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Г.Л-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Г.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч Г.Л-г гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч С.Э нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-н сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, ... шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хохирогч С.Э-н сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийг шүүгдэгч Г.Л-с гаргуулж хохирогч С.Э-д олгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,292,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан хохирогч С.Э-н зардлыг шүүгдэгч Г.Л-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэсэн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарах субъект байх тул түүнд зохих ёсоор эрх, үүрэг танилцуулж, холбогдон гаргах санал, хүсэлтийг хүлээн авснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж зааснаас үзэхэд дээрх зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдүүд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ байх бөгөөд тус хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн энэ дагуу мөрдөгч, прокурор Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж ерөнхийлөн заасан боловч тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй бөгөөд нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй  тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь дээрх асуудалтай холбоотой тохиолдол бүрд хамаарна.     

Иймд бие даасан хэргийн оролцогчоор тогтоогдоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Л-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял” оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар “Тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Ч.Пүрэвсүрэн нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн /императив/ шинжтэй хэм хэмжээ биш, харин эрх олгосон /диспозитив/ шинжтэй хэм хэмжээ бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тохиолдолд энэ зүйлд тодорхойлсон нөхцөлийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох зохицуулалт юм.  

Ингэхдээ дараах нөхцөлийг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Л-н хувьд шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй буюу үйл баримтын талаар маргаж оролцсон, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход хэрхэн яаж бодитой дэмжлэг үзүүлж оролцсон эсэх нь тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Л-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Л-д 5 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л*** овогт Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Л-д 5 (тав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-с 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Э-д олгосугай.

5.Хохирогч С.Э нь өөрт учирсан болон цаашид учрах гэмт хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ЗОЛБОО

 

                                                          ШҮҮГЧ                                            О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                                           ШҮҮГЧ                                            Ц.ЭРДЭНЭЧИМЭГ