2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1355

 

 

        2025              5              20                                                         2025/ШЦТ/1355

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч О.А, түүний өмгөөлөгч М.Сугар,

иргэний нэхэмжлэгч Б.Б,

иргэний нэхэмжлэгч “********”ААТҮГ-н хууль ёсны төлөөлөгч Д.Г,

иргэний нэхэмжлэгч/хариуцагч “********” ОНӨААТҮГ-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

шүүгдэгч О.Г түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт О.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403009710104 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б*** овогт О.Г (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Мишээл экспо төвийн хойд шинэ замд Hiamen маркийн **** УБЧ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 1.4.1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 10.9.Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Hyundai маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.А мэдүүлэхдээ “...Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлэхдээ “...14 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэндийн байдалтай холбогдон гарсан зардлыг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “********”ААТҮГ-н хууль ёсны төлөөлөгч Д.Г мэдүүлэхдээ “...Байгууллагын эд хөрөнгө болох тээврийн хэрэгсэлд учирсан 42,212,400 төгрөгийг “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-с нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч “********” ОНӨААТҮГ-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б мэдүүлэхдээ “...Шүүгдэгч О.Г-с байгууллагын эд хөрөнгө болох тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 14,252,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн хойд талын шинэ замд “Hiamen” маркийн **** УБЧ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 1.4.“1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, 10.9.“Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Hyundai” маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар хохирогч О.А-н эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн согтуурлын зэрэг шалгасан “...спиртийн агууламж 0,000%...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас, 10-12 дугаар хуудас),

Хохирогч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч “********” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

Иргэний хариуцагч “********” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч “*******” ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас),

“Тэнцвэр Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №25828/ДД№32076890 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Xiamen XML6105J15C загварын тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 14,252,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 105-110 дугаар хуудас),

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2-430 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Hyundai HD 78 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 38,476,400 төгрөг...” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 118-121 дүгээр хуудас),

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1000430 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 134-142 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),

Шүүгдэгч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 305 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас), албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас), “Автобус нэг” ОНӨҮГ-н захирлын 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б-212 дугаартай тушаалын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас), ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас), эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-н тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас), “Алтан од” медаль олгосон үнэмлэхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), “Хөдөлмөрийн хүндэт медаль” олгосон үнэмлэхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас), “Онц тээвэрчин” медаль олгосон үнэмлэхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), “Осолгүй манлай жолооч” тэмдэг олгосон үнэмлэхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч О.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн хойд талын шинэ замд “Hiamen” маркийн **** УБЧ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 1.4.“1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, 10.9.“Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Hyundai” маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар хохирогч О.А-н эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч, нэр бүхий иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 226, 227, 321 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1000430 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлэх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Харин “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч улмаар хохирогч О.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Г-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.А-н эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч О.А-н зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан 2,635,945 төгрөгийн (шууд хохирол) холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,635,945 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч О.Г-г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 496,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “********” ОНӨААТҮГ-с 496,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгуулж,

Мөн иргэний нэхэмжлэгч “********” ААТҮГ-т энэ гэмт хэргийн улмаас 42,212,400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “********” ОНӨААТҮГ-с 42,212,400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “********” ААТҮГ-т тус тус олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч “********” ОНӨААТҮГ-д энэ гэмт хэргийн улмаас 14,252,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-с 14,252,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “********” ОНӨААТҮГ-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогч О.А, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын бусад нэхэмжлэлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж ...” гэж зааснаар холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.А-н сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тухайлбал дээрх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-т “энэ хуулийн 40.1-т заасан сэтгэцэд учирсан хор уршиг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д… заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268 , А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Мөн журмын 2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна. 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч ... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааснаас үзэхэд мөрдөгч зөвхөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг тусгай маягтаар танилцуулахаар байна.

Өөрөөр хэлбэл дээрх хууль болон журмаар тусгай мэдлэг бүхий шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан байна.

Иймд хохирогч О.А нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч О.Г нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч О.А, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын эмчилгээний зардалд зарцуулсан нийт 490,281 төгрөгийг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) төлж барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Г-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 01 сарын хугацаагаар хасаж, 1 жил 02 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Сугар “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.Г-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч О.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт О.г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Г нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “********” ОНӨААТҮГ-с 496,000 (дөрвөн зуун ерэн зургаан мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т,

Иргэний хариуцагч “********” ОНӨААТҮГ-с 42,212,400 (дөчин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “********” ААТҮГ-т,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-с 14,252,000 (арван дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “********” ОНӨААТҮГ-д тус тус олгосугай.

7.Хохирогч О.А нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн, мөн иргэний нэхэмжлэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО