Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00177

 

 

 

 

                

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүргийн  2-1 тоотод байрлах, “Л ББСБ” ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хдүүрэг, 01 тоотод оршин суух Б дарханхүүд овогт Х А /РД:00000000/, 

Хариуцагч: Б дүүргийн 1508 тоотод байрлах Х ш ХХК-нд /РД:00000000/ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 118 784 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө, батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, А.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь хариуцагч Х.А болон Х ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 118 784 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө, батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Х.Ань Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн дагуу Хдүүргийн 15-р хороо, Орчлон 96-р байрны 01 тоотод оршин суудаг тул “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж мөн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/92 дугаартай Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 зааснаар “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талуудын гарын үсэг бүхий ББСБ-ын мөнгө хүлээлцсэн баримтыг үндэслэн энэхүү гэрээний зүйл заалтаар шийдвэрлэн зөвшилцөнө. Зөвшилцөж эс чадваас маргааныг Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэн Х.Ань “Л ББСБ” ХХК-с 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №19/92 тоот Зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 80 000 000 төгрөгийн зээлсэн. Х.А хүсэлт гаргасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19/92-01 тоот Зээлийн сунгалтын гэрээг байгуулж 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Мөн дахин зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт тавьсан дагуу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19/92-02 тоот Зээлийн сунгалтын гэрээг байгуулж гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болгон 6 сараар сунгаж Зээлийн төлбөрийн графикийг өөрчилсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч Х.Ань 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зээлийн хүүнд нийт 44 800 000 төгрөг төлсөн ба үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү огт төлөөгүй, зээлийн хүү огт төлөөгүй, зээлийн хүү дутуу төлсөн болно. 2021 оны 05 дугаар сарын 13-ны байдлаар үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 16 960 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 672 000 төгрөг нийт 101 632 000 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Нэхэмжлэгчээс зээлийн хүүг хугацаандаа төлөх тухай удаа дараа сануулж, утсаар ярьж, зурвас бичиж, и-мэйлээр мэдэгдэх хуудас хүргүүлж байсан. Гэвч хариуцагч нар мэдэгдэх хуудас гардаж авдаггүй, утсаа авдаггүй, ирж уулзахаар цаг товлосон ч ирж уулздаггүй байсан. Хариуцагч Х.А нь Х.Ш ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалтай гэх ба 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 19/145 дугаартай албан бичгээр Х.Ш ХХК нь Х.Азээлийн эргэн төлөлтийг хариуцах талаар албан бичгээр батлан даалт гаргаж өгсөн байдаг. Л ББСБ-н зөвшөөрөлгүйгээр Х.Ш ХХК-н захирал М барьцаанд байгаа автомашиныг унаж, ашиглаж, эзэмшиж байгаа зэрэг шалтгаан нөхцөл байгаа учир давхар хариуцагчаар татаж байна. Түүнчлэн Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №19/095 тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г байгуулан Д.Г өмчлөлийн **** УАЕ улсын дугаартай, MERCEDES-BENZ, S350 4MATIC маркын, хар өнгийн, 2016 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 09 дүгээр сарын 11-нд орж ирсэн WDD2221331A**** арлын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд бариулсан ба Зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу “Гэрээ дуусгавар болох хугацаагаар барьцаа хөрөнгийг унаж явах нөхцөлтэйгөөр талууд тохиролцов” гэсний дагуу автомашиныг Х.Ан эзэмшилд шилжүүлсэн ба одоог хүртэл манай байгууллагад авчирч өгөхгүй байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг, хөрөнгө барьцаалах гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.Х.А2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №19/92 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 19/92- 01 Зээлийн сунгалтын гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн дугаар 19/92-02 Зээлийн сунгалтын гэрээний дагуу үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 16 960 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 672 000 төгрөг нийт 101 632 000 төгрөгийг гаргуулах,

2.Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө, батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож нэхэмжилсэн ба нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй, бидэнтэй ирж уулзаагүй, эвлэрье гэсэн боловч тодорхой хариу өгдөггүй маш их цаг хугацааг алдаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөх үүрэгтэй. Иймээс бид 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тооцвол: Үндсэн хүү 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хүү 14 293 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү 2 858 666 төгрөгийг нийт 17 152 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Х.Ань 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анхлан Л ББСБ ХХК-тай 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19/92-01 тоот “Зээл сунгалтын гэрээ” /3сараар сунгасан/ 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19/92-02 тоот “Зээл сунгалтын гэрээ” /6сараар сунгасан/ тус тус сунгаж байгуулжээ. Хариуцагч Х.А зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зээлийн хүүд нийт 44 800 000 төгрөг төлсөн тухай нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд Монгол улсад шинэ төрлийн коронавирус халдвар тархахаас урьдчилсан сэргийлж Монгол улсын Засгийн газар, улсын онцгой комиссын зүгээс иргэд аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт 2020 оны 02 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн болон бүрэн шилжүүлсэн хэвээр байна. Тухайлбал 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18 хүртэл 52 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэл 104 хоног, 2021 оны 04 дүгээр сарын 03-наас 2021 оны 05 дугаар сарын 22-ны хүртэл 50 хоног гэх мэт байдлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улаан түвшинд шилжүүлсэн. Дээрхи хугацаанд хариуцагч Х.Ань өөрөөс шалтгаалахгүй Монгол улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эрхэлдэг ажил үйлчилгээ зогсонги байдалд орж орлогогүй болсон байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө зээлийн хүүг төлж барагдуулдаг байсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байгааг дахин дурдъя. Мөн Монгол улсын Засгийн газраас шинэкорона вирусын халдвартай холбоотойгоор иргэн, аж ахуй нэгжийн банк болон банк бус санхүүгийн байгууллага дахь зээлийн болон бусад гэрээний хүү, анз /торгууль, алданги/, нэмэгдүүлсэн хүүг тодорхой хугацаанд царцаах, иргэн, аж ахуй нэгжийн зээлийн хүү, анзаас түр хугацаанд чөлөөлөх талаар тодорхой шийдвэр гаргасан байх бөгөөд Л ББСБ нь дээрхи Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу хариуцагч Х.А буй үндсэн зээлээс гаднах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг засгийн газрын шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд зогсоогоогүй нь хариуцагчид хохиролтой үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд хариуцагч Х.А итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дээрхи Л ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд иргэн, аж ахуй нэгжийн зээл болон бусад банк, ББСБ нотлох баримтаар гаргуулсны дараагаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар дахин тайлбар гарах болно.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай хариуцагч Х.Аитгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г миний бие доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Х.Ань дээрхи нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн анхлан гаргасан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах” үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 16 960 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 672 000 төгрөг нийт 101 632 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дээрхи нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоохдоо Монгол улсын засгийн газраас гаргасан “шинэкорона вирусын халдвартай холбоотойгоор иргэн, аж ахуй нэгжийн банк болон банк бус санхүүгийн байгууллага дахь зээлийн болон бусад гэрээний хүү, анз /торгууль, алданги,/ нэмэгдүүлсэн хүүүг тодорхой хугацаанд царцаах, иргэн, аж ахуй нэгжийн зээлийг хүү, анзаас түр хугацаанд чөлөөлөх” тухай тогтоолд заасныг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Дээрхи тогтоолын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоосны дараагаар хариуцагчийн зүгээс төлөх зээлийн үндсэн төлөлт болон хүү алдангийн талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн үүргийн гүйцэтгэл хангах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Л ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн №000075 дугаартай гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №1/374 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Л ББСБ-д зээл хүсэх тухай өргөдөл, ХААН банкны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Л ББСБ меморалын ордер, 0333 УАЕ улсын дугаартай Мерседес бенз маркийн суудлын автомашины №02581 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Х.А үнэмлэхний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл, Д.Г иргэний үнэмлэхний хуулбар,**** УАЕ улсын дугаартай Мерседес бенз маркийн суудлын автомашины тээврийн  хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Д.Г Х.А олгосон итгэмжлэл, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Л” ББСБ-д гаргасан өргөдөл, хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/92 тоот Зээлийн сунгалтын №19/92-01 тоот гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/92 тоот №19/92-02 тоот Зээлийн сунгалтын гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Л ББСБ-ын зээлдэгч Х.Ад гэх мэдэгдэл, Х.Ш ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/145 тоот Батлан даалт гаргах тухай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №19/92 тоот Зээлийн гэрээ, №19/095 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтүүд гэсэн баримтуудыг /хэргийн 7-25, 52-р хуудас/,

хариуцагчаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Х.А А.Г олгосон итгэмжлэл, Х.шХХК-ийн №00019*** дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Х ХХК-ийн Л.Г олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 37, 40-41-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л ББСБ ХХК-ийн хариуцагч Х.А, Х ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 118 784 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө, батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.А гэрээний үүрэгт 118 784 000 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч Х ХХК-нд холбогдох батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.А, Х ХХК нарт холбогдуулан хариуцагч Х.А зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 19/92 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 80 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 31 253 333,33 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 7 530 667,67 төгрөг, нийт 118 7844 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, батлан даагчаар хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үндсэн зээлээс гаднах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг корона вирусын тархалттай холбоотойгоор Засгийн газрын шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд зогсоогоогүй нь хариуцагчид хохиролтой үйлдэл болсон, Засгийн газрын тогтоолд заасныг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоох ёстой байсан гэж үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь хариуцагч Х.А 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №19/92 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №19/095 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, **** УАЕ улсын дугаартай 2016 онд үйлдвэрлэгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орж ирсэн, суудлын хар өнгөтэй Мерседес Бенз маркийн автомашиныг барьцаалсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 23-24-р хуудас/

Мөн талууд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №19/92 тоот Зээлийн гэрээний хугацааг  2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/92 тоот Зээлийн сунгалтын №19/92-01 тоот гэрээгээр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/92 тоот Зээлийн сунгалтын №19/92-02 тоот гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тус тус сунгажээ. /хэргийн 19-20-р хуудас/

Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний сунгалтыг хийсэн талаараа зохигч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь 80 000 000 төгрөгийг хариуцагч Х.А шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №19/92 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 80 000 000 төгрөг, хүү 31 253 333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 530 667,67 төгрөг, нийт 118 784 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №19/92 тоот зээлийн гэрээний дагуу 44 800 000 төгрөгийг төлсөн боловч корона вирусын тархалттай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах бэлэн байдал зарлаж, эрхэлдэг ажил үйлчилгээ зогсонги байдалд орсноос гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон, Засгийн газрын тогтоолын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү зогсоох байхад нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

            Зохигч талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3 сараар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 6 сараар сунгаж, гэрээний хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь корона вирусын тархалттай холбоотойгоор эрхэлдэг ажил үйлчилгээ зогсонги байдалд орсон гэж хариу тайлбартаа дурдсан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд  дурдсан үйл ажиллагааны чиглэлд заагдсан ажил үйлчилгээнүүдийг зогсонги байдалд орсон талаар баримтаар нотлоогүй болно.

Мөн Засгийн газраас хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар тогтоол гарсан, уг тогтоолыг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж маргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь уг баримт нь нийтэд илэрхий үйл баримт буюу хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байгаа, уг тогтоолоор зөвхөн ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг хойшлуулах, зогсоох талаар заасан, бид хариуцагчийн зээлийн ангилал бууруулаагүй, шүүхийн шийдвэр гарах хүртлэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй гэж тайлбарласан.

Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 7-д төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах талаар заасан боловч уг тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд зээлийн гэрээ болон сунгалтад хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбогдуулан өөрчлөлт оруулах талаар хариуцагч нь хүсэлт, санал гаргаж байсан талаараа баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч Х.А гэрээний үүрэгт үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 76 053 333,33 төгрөгнөөс хүүнд төлсөн 44 800 000 төгрөгийг хасч, үлдэх хүү 31 253 333,33 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 7 530 666,67 төгрөг, нийт 118 784 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №19/095 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, **** УАЕ улсын дугаартай 2016 онд үйлдвэрлэгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орж ирсэн, суудлын хар өнгөтэй Мерседес Бенз маркийн автомашиныг барьцаалжээ. /хэргийн 24-р хуудас/

Зохигч талууд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулсан талаараа маргаагүй бөгөөд барьцааны хөрөнгө болох **** УАЕ улсын дугаартай, Мерседес бенз маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Гарамдагвын өмчлөлд бүртгэлтэй байсан боловч Д.Г нь Х.А уг тээврийн хэрэгслийг барьцаанд тавих, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар итгэмжлэлийг олгосон, талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө барьцаалах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөрөнгө барьцаалах гэрээгээр барьцаалсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө барьцаалах гэрээний 3.2.1, 4.1.2-т энэ талаар харилцан тохиролцсон байна.

Иймд хариуцагч Х.Ань үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох эд хөрөнгийг худалдах буюу бусад хэлбэрээр борлуулах замаар түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч батлан даагч Х ХХК-иар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж шаардлагын үндэслэлээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/145 тоот Х ХХК-ийн “Батлан даалт гаргах тухай” албан бичгээр нотлогдоно, уг албан бичигт “...тус компанийн гүйцэтгэх захирал Х.Ань танай байгууллагаас 80 000 000 төгрөгийн шуурхай зээл авах гэж байгаатай холбогдуулан уг зээлийн эргэн төлөлтийг манай компани бүрэн хариуцаж батлан дааж байна” гэсэн тул батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №19/92 тоот зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд хариуцагч Х ХХК нь дээрх зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцоогүй, мөн зээлийн гэрээний 4.1.6-д “энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг Х.А шаардах эрхтэй” гэж заасан байхад нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 459 дүгээр зүйлийн 459.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-тай батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй, хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/145 тоот “Батлан даалт гаргах тухай” албан бичгийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм.

Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн хариуцагч Х ХХК-нд холбогдуулан гаргасан батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /666,110+70,200+243,710/ 980,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А980,020  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй, мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцаагүй.

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.А зээлийн гэрээний үүрэгт 118 784 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч Х ХХК-д холбогдох батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Х.А нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /666,110+70,200+243,710/ 980,020 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.А улсын тэмдэгтийн хураамжид 980,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН