| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03043/И |
| Дугаар | 183/ШШ2022/01212 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/01212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, гудамж, байр, тоотод оршин суух, С овогт С Э /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, дугаар хороо, , байр, тоотод оршин суух, Х овогт Ж Э /РД:*****/,
Хариуцагч: С дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух С овогт Б Ц /РД:*****/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
Хариуцагч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Хариуцагч Ж.Э нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ж.Э, Б.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С.Э миний бие нь Улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай х дүүргийн 14 тоот хаягт байрлах 99 м.кв орон сууцыг өмчилдөг байсан. Өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдахаар болж худалдах худалдан авах ажиллагаанд төлөөлүүлэхээр 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Ц-т 0011 дугаартай итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Э-той “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж орон сууцыг худалдсан. “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.1-д “Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов” гэж заасан. Гэвч худалдан авагч Ж.Э нь өнөөдрийг хүртэл гэрээгээр тохирсон үнийг төлөөгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн Ж.Э-оос 100 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Ж.Э хариу тайлбартаа: Ж.Э би Х дүүрэг, 14 тоот байрыг Ц.С-д 180 000 000 төгрөгөөр зарна гэж зээлийн гэрээ байгуулж, уг байрыг Ц.С нь С.Э гэдэг хүнд барьцаанд тавьж миний байрны мөнгийг гаргаж өгнө гэж шилжүүлж авсан. Ц.С мөнгөө өгөөгүй удсан болохоор буцааж байраа шилжүүлж авсан. Дараа нь Ц.С дахиад байрыг чинь авна гэж холбогдоод би өөрийн жолооч болох Б.Ц-т шилжүүлж өгч Б.Ц уг байрыг С.Э-д шилжүүлж өгөөд хоёр долоо хоног мөнгөө авна гэж хүлээсэн. Ц.С нь С.Э-д миний байрыг барьцаанд тавьж байрны мөнгө болох 180 000 000 төгрөгийг гаргаж өгнө гэж худлаа ярьж хоёулаа алга болсон. Миний жолооч болох Б.Ц нь С.Э-ийн ажил дээр очиж цагдаа дуудаж байраа буцааж шилжүүлж авсан. С.Э гэх залууг би харж байгаагүй танихгүй, хэрвээ энэ хүний байр гэж байгаа бол надад төлбөр төлж авсан гэсэн мөнгө төлсөн баримт байх ёстой. Иймд шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хариуцагч Б.Ц хариу тайлбартаа: Б.Ц миний бие 2021 оны 1 дүгээр сард иргэн Ж.Э-ыг хөдөө ажлаар явж байх хугацаанд Ц.С-д зарахаар тохирсон байрыг Н ББСБ-д тавьж мөнгө авах гээд бүтээгүй учир буцааж шилжүүлж аваач гэсний дагуу иргэн С.Э-тэй бага зэрэг маргаан үүсч С.Э-өөс нотариатаар итгэмжлэл хийлгэж Ж.Э-од шилжүүлж өгсөн болно. Ц.С хэлэхдээ уг байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад Ж.Э-од өгөх байсан боловч Н ББСБ нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байсан ба байрыг хувь хүний нэр дээр шилжүүлээд маргааш, маргааш гэсээр сар гаран болсон тул буцааж өгч байна гэж хэлсэн. Уг нэхэмжлэлд Б.Ц намайг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. С.Э-тэй холбоотой ямар нэгэн худалдааны гэрээ болон мөнгөний баримт байхгүй болно. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед буюу 2021 оны 1 дүгээр сард би Ж.Э-ын жолооч байсан. Энэ байрыг Ж.Э-оос Ц.С гэж залуу худалдаж аваад банк бусад тавиад мөнгийг нь гаргаж өгье гээд шилжүүлсэн байдаг. Тэгээд банк бусын зээл бүтэхгүй болсон. Тэгээд зээл нь бүтээгүй болохоор байраа буцааж авахаар болоод би Э-өөс очиж авсан. Э энэ талаар бүгдийг мэдэж байгаа, гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад намайг хариуцагчаар татаад байгааг огт ойлгохгүй байна. Энэ байрыг худалдаж, худалдан аваагүй, зүгээр л зээл нь гарахгүй байна, буцаагаад аваад ирээрэй гэхээр нь очоод л авсан, би энэ байрны 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлд хариуцагчаар оролцох ёсгүй гэж бодож байна гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн С.Э-өөс Б.Ц-т олгосон итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Ц, Ж.Э нарын байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, С.Э-ийн Ү-220 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн С.Э-өөс Г.Биндэръяад олгосон итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Ц.С, С.Э нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ж.Эын өмчлөлийн Ү-22060 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдхийн Ж.Э-оос Ц.С-д олгосон итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн С.Э-өөс Д.Ган-Эрдэнэд олгосон итгэмжлэл /хэргийн 2-5, 23-27, 45-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Ц.С-гийн хариу тайлбар, Ж.Э-ын хариу тайлбар, Б.Ц-ын хариу тайлбар, Ц.С гар бичвэр, Ж.Э-ын гар бичвэр, Ц.С-гийн гар бичвэр, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ж.Э, Ц.С нарын байгуулсан Зээлийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ж.Э-оос Ц.С-д олгосон итгэмжлэл 2 хувь, Б.Ц-ын хариу тайлбар гэсэн /хэргийн 12-20, 42-р хуудас/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Ц.С-г дуудаж мэдүүлэг авч тэмдэглэлийг хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц-т үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгож, өөрийн өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хариуцагч Ж.Э-од худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан боловч гэрээгээр тохирсон үнийг төлөөгүй тул орон сууцны үнэ 100 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Ж.Э нь миний өмчлөлийн орон сууцыг Ц.С нь зээлийн барьцаанд тавихаар аваад С.Э-ийн өмчлөлд шилжүүлсэн боловч зээл нь гараагүй тул буцаан орон сууцыг С.Э-өөс өөрийн жолооч байсан Б.Ц-ыг явуулж буцаан шилжүүлж авсан гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Б.Ц нь тухайн үед буюу 2021 оны 1 сард Ж.Э-ын жолоочоор ажиллаж байхад Ж.Э өөрийн өмчлөлийн байрыг Ц.С-д ББСБ-д барьцаанд тавиад мөнгө авахаар шилжүүлэн өгсөн боловч зээл нь бүтэхгүй байна гээд буцаагаад байрыг авахаар болж, миний бие итгэмжлэлийн дагуу байрыг нэхэмжлэгч С.Э-өөс буцаан авч Ж.Э-од өгсөн гэсэн.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн №0011 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр төлөөлүүлэгч С.Э нь төлөөлөгч Б.Ц-т Ү-220, 00084 дугаартай Х дүүрэг, дүгээр хороо, байр, тоот 99 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг энэхүү итгэмжлэлийн дагуу дээрхи хөрөнгийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ.
Мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр С.Э-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ж.Э нар нь харилцан тохиролцож, худалдагч тал С.Э нь өөрийн өмчлөлийн ХУД-ийн 19 дүгээр хороо, үйлдвэр гудамж хд-79 байр, 14 тоот хаягт байрлах 99 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Ж.Э-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ж.Э нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
6.Талуудын үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй боловч гэрээний зүйл болох орон сууцыг худалдаагүй, буцаан шилжүүлэн авсан тул үнийг төлөх үүрэггүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэжээ.
Нэхэмжлэгч С.Э нь гэрээний зүйл болох Х дүүргийн 14 тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тайлбарлаад шүүхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №008457 дугаартай гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00845*** дугаартай гэрчилгээнд “Монгол улсын иргэн С овгийн С Э нэг иргэний өмч Нийслэлийн Х дүүргийн 14 тоот хаягт байршилтай, 99 м.кв талбайтай дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ.
Хариуцагч Ж.Э, Б.Ц нар нь шүүхэд гаргасан тайлбартаа “...дээрх орон сууц нь хариуцагч Ж.Э-ын өмчлөлийнх бөгөөд Ж.Э-оос Ц.С нь зээлийн барьцаанд тавихаар авч, нэхэмжлэгч С.Э-өөс зээл авахын тулд үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлд шилжүүлсэн, зээлийг өгөөгүй тул орон сууцыг нэхэмжлэгч С.Э-өөс өмчлөгч Ж.Э буцаан шилжүүлэн авсан” гэж тайлбарласан.
Гэрч Ц.С мэдүүлэхдээ “...иргэн С.Э нь хадгаламж зээлийн хоршоотой гэж өөрийгөө танилцуулсан. С.Э, н.Б гэдэг 2 хүн байсан ба зээл гаргаж өгнө гэж надаас тухайн нэхэмжлэлд дурдсан байрыг барьцаалан шилжүүлж авсан. 2020 оны 12 дугаар сарын 09-нд нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийсэн, тэгээд 2 хоногийн дараа мөнгө орно гэж хэлсэн, 150 000 000 төгрөгийн зээл гаргана гээд би байраа С.Э-ийн нэр рүү шилжүүлж өгсөн. Сар гаруйн хугацаанд зээл бүтэхгүй байна гэж аргацаасаар байгаад зээл гарахгүй байна гээд Ж.Э-ын жолооч Б.Ц ахтай очиж шилжүүлж авсан, байрыг анхны эзэн рүү нь шилжүүлж өгсөн” гэсэн.
Хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0008 дугаартай гэрчилгээнд “Ж.Э нь Х дүүргийн 14 тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр 2020 оны 9 сарын 03-ны өдөр бүртгүүлсэн” болох нь тогтоогдож байна.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №1961 дугаартай итгэмжлэлээр Ж.Э-оос Ц.Сд Х дүүргийн 14 тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар итгэмжлэл олгожээ.
Хариуцагч Ж.Э нь Ц.С-тай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 2020 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл 12 хоног хугацаатай, зээлийг хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ж.Э-ыг төлөөлж Ц.С, С.Э нар харилцан тохиролцож, худалдагч тал өөрийн өмчлөлийн дүүргийн 14 тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж худалдан авагч тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр, төлбөрийг бэлнээр 2020 оны 12 дугаар сарын 09-нд хүлээлгэн өгсөн, төлбөрийн тооцоо дууссан гэж байгуулсан байх тул хариуцагч нар болон гэрчийн мэдүүлэгт дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц нь хариуцагч Ж.Э-ын өмчлөлд бүртгэлтэй байсан, Ц.С-д зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг олгосон, Ц.С нь байрыг зээл авах зорилгоор нэхэмжлэгч С.Э-ийн өмчлөлд шилжүүлсэн, Б.Ц-аас итгэмжлэлийн дагуу гэрээ хийж, орон сууцыг нэхэмжлэгчээс Ж.Э-од буцаан шилжүүлсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1-д “үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов”, 2.2-д “Төлбөр төлөх нөхцөл: Төлбөрийг худалдагч талд бэлнээр төлөгдсөн”, 2.3-д “Төлбөр төлөх хугацаа 2021/01/19-ны өдөр төлбөр тооцоо бүрэн дууссан болно” гэсэн байх бөгөөд гэрээний 3.5-д “Нэмэлт нөхцөл: Өмчлөгч С.Э нь орон сууцыг бусдад худалдах эрхийг Б.Ц-т олгосон итгэмжлэлтэй болно” гэжээ.
Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэдэг нь гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг үнийг төлөгдсөн гэж гэрээндээ харилцан тохиролцсон байхад үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 100 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан үндэслэлгүй байна гэж үзэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” .зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Ж.Э, Б.Ц нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН