Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

 

 

 

“ДБҮЭГ” ТӨААТҮГ-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч Б.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00255 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ДБҮЭГ” ТӨААТҮГ-ын хариуцагч “К” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг 7 035 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-н илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчтай байгуулсан ДЦ 43-14 тоот түрээсийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Лааганы гудамж, Дипломат-95 цогцолборын 13 тоот, 129.77 м.кв талбай бүхий 4 өрөө ажлын байрыг нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, түрээсийн гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд “К” ХХК нь түрээсийн төлбөрийг тасалдуулсан. Талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 4 690 600 төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан. Түрээсийн гэрээний 3.4-т “түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна” гэж заасан тул төлөгдөөгүй үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 4 690 600 төгрөгийн 50 хувиар тооцож 2 345 300 төгрөгийг алданги, үндсэн төлбөрт 4 690 600 төгрөг, нийт 7 035 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ДЦ 43-14 тоот түрээсийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолол, 95 айлын орон сууцны 13 тоот 129.77 кв.м талбай бүхий 4 өрөө ажлын байрыг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл жилийн хугацаатай, сарын төлбөр 2 831 000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5 830 440 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 900 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 554 670 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 834 800 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 926 380 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3 110 880 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 303 840 төгрөг, нийт 34 972 130 төгрөг төлсөн нь хариуцагч байгууллагын санхүүгийн баримтаас харагдана. Гэрээний дагуу жилийн түрээсийн төлбөр 33 972 000 төгрөг болох бөгөөд илүү 1 000 130 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоно. 2015 оны 4 дүгээр сард гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 7 035 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 127 525 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 127 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч “К” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ДЦ43-14 тоот түрээсийн гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн 4-р хороо Лааганы гудамж “Дипломат- 95” цогцолборын 13 тоот 129.77 м.кв талбай бүхий 4 өрөө ажлын байрыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон гэжээ. Тус ДЦ 43-14 тоот гэрээний 1 дүгээр хавсралтаар 149 м.кв бүхий ажлын байрыг 1 м.кв-ыг нь 19 000 төгрөгөөр тооцож сард 2 831 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэл болон гэрээний 1.1-д заасан ажлын байрны зориулалтын талбайгаас 19 м.кв-аас илүү талбайн төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлж байсан нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5 622 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5 830 440 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 900 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 554 670 төгрөг,  2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 834 800 төгрөг, 2014 оны оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 926 380 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3 110 880 төгрөг, 2015 оны 3 сарын 20-ны өдөр 3 303 840 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 889 120 төгрөг нийт 34 972 130 төгрөг төлсөн бөгөөд дээрх 149 м.кв талбайн түрээсийн төлбөр нь нэг жилд 33 972 000 төгрөг бөгөөд хариуцагч байгууллагаас илүү 1 000 130 төгрөг төлсөн нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагадаа нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан, талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг 4 690 600 төгрөг болохыг баталгаажуулсан гэж тодорхойлсон боловч энэ талаараа тодруулаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр 2015 оны 11, 12 сарын түрээсийн төлбөр гэж зөрүүтэй тайлбарласан боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээний 11.3-т гэрээний оролцогч талуудын аль нэг нь энэхүү гэрээг дуусгавар болох тухай санал хүсэлтээ гаргаагүй бол уг гэрээ нь мөнхүү нөхцөлөөр нэг жилийн хугацаанд сунгагдсанд тооцно, гэрээний харилцааг 2015 оныг дуустал хэвээр үргэлжлүүлсэн нь гэрээг тохиролцсон хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. Хэрэгт түрээсийн гэрээг сунгасан эсэх талаар баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 690 600 төгрөг гэсэн боловч цаашид хэрхэн сунгагдсаныг нотлоогүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй үйл баримтад тулгуурлан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний гүйцэтгэлийг хангуулахын тулд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хугацааг дууссан гэж үзэхээр байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “ДБҮЭГ” ТӨААТҮГ хариуцагч “К” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үндсэн төлбөр 4 690 600 төгрөг, алдангид 2 345 300 төгрөг, нийт 7 035 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх1-2/ хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ гэрээгээр тохиролцсон төлбөрт 34 972 130 төгрөг төлж, 1 000 130 төгрөгийг илүү төлсөн гэж маргажээ. /хх28/

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ДЦ-4314 дугаар түрээсийн гэрээний 1.1-д түрээсийн орон сууцны талбайн хэмжээг нийт 129.77 м.кв гэж тодорхойлсон боловч түрээсийн төлбөрийн хэмжээг м.кв тутмыг 19 000 төгрөгөөр тогтоохдоо гэрээний хавсралт нэгээр нийт талбайн хэмжээг 149 м.кв гэж тодорхойлон сард төлөх түрээсийн төлбөрийг 2 831 000 төгрөгөөр тогтоож, талуудын гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх16/

Нэхэмжлэгч нь 149 м.кв 4 өрөө орон сууцыг хариуцагчийн ашиглалтад шилжүүлэн, хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөрийг төлж байсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талууд гэрээний хугацааг 1 жил гэж тодорхойлсон боловч 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш түрээслэгч түрээсийн байраа түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй, гэрээний дагуу ашиглаж, түрээсийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарыг хүртэл төлж байсан, гэрээг цуцлах талаар хэн аль нь санал гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түрээсийн гэрээний 11.3-т талуудын аль нэг нь гэрээг дуусгавар болгох тухай санал хүсэлтээ гаргаагүй бол уг гэрээг нэг, нэг жилээр сунгагдсанд тооцно гэж, мөн Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзэх тул 2015 оны 4 дүгээр сард гэрээний хугацаа дуусгавар гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн түрээслүүлэгчийг төлөөлж С.А, түрээслэгчийг төлөөлж Д.Г нар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн нь хэрэгт баримтаар авагдсан бөгөөд “К” ХХК нь 4 690 600 төгрөгийн өрийг бэлэн бус тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон, хариуцагчийн 2014 оны 4 дүгээр сараас 2015 оныг дуусталх төлбөр төлөлт нь уг тооцоололд багтсан, түрээсийн төлбөр, цахилгааны зардлын үлдэгдлийг 4 690 600 төгрөгөөр баталгаажуулж зөвшөөрсөн байна /хх17/. Иймд 1 000 130 төгрөгийг илүү төлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Мөн талууд түрээсийн гэрээний 3.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тул шүүх алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 690 600 төгрөг, алданги 2 345 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.И 

 

                                    ШҮҮГЧИД                                           Б.Н

 

                                                                                                А.О