| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1934000480386 |
| Дугаар | 2021/ДШМ/30 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/30
Ц.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Билгүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /онлайнаар/, А.Мөнхтулга,
Шүүгдэгч Ц.Б /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Бт холбогдох 1934000480386 дугаартай 4 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Б-,
Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвс тэжээлийн нөөц байгуулахаар хуваарилагдаж ирсэн 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр өвс худалдан авах нэрээр тус сумын Засаг даргын тамгын газрын жолооч С.Өлзийсайханы эзэмшлийн “Хатан туулд нэмэх Ундарга” ХХК-д шилжүүлэн, улмаар тус компаниас 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг “Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллагын данс руу өөрийн зээлийн үлдэгдлийг төлж шилжүүлсэн,
Мөн С.Өлзийсайхан түүний эхнэр Х.Отгончимэг нарын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд авсан 15 000 000 /арван таван сая/ төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж С.Өлзийсайханы ах С.Батмөнхөд сум хөгжүүлэх сангаас 20 000 000 /хорин сая/ төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлэн бусдад давуу байдал олгосон, мөн өөрийн албан тушаалын байдлыг ашиглан гэр цэцэрлэг төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалттай “Эдюкат монголиа” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас төрийн сангаар дамжуулахгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 19 200 000 /арван есөн сая хоёр зуун мянга/-н төгрөгийг өөрийн нэр дээр “Хаан банк”-нд нээлгэсэн дансаар авч зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолоор:
Боржигон овогт Цэдэн-ишийн Быг нийтийн албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн төрийн санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 350 000 төгрөгийг гаргуулан Төрийн сан дахь 100900000707 тоот дансанд тушаахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эхнэр Б.Сарнай хүнд өвчний улмаас 6, 8-р сард 1 дүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчийн байнгийн хяналтанд байдаг. Даралт ихсэх ба сахарын өвчтэй. Инсулын тариа байнга өдөр бүр тарьдаг. Одоогоор ажилгүй гэртээ байгаа. Ээж Д.Заяат нь Өндөрширээт суманд надтай хамт хоёулаа амьдардаг. Тал цус харваж, өрөөсөн тал нь саажилттай, эрүүл мэнд, бие нь сайнгүй, даралт ихтэй, байнгын асаргаанд байдаг. Одоогоор гэртээ ганцаараа, хажуу айлынханд захиж үлдээсэн. Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн төрийн санд 12 000 000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 350 000 төгрөгийг төрийн сан дахь тоот дансанд тушааж төлж барагдуулсан.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.Б нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгч, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, сум орон нутгийнхаа сайн сайхны төлөө хичээж ажиллахдаа хууль эрх зүйн мэдлэггүй байдлаас үүдэн өнөөгийн нөхцөл байдалд хүрлээ гэх байр суурийг илэрхийлж оролцсон.
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд "Эрүүгийн хариуцлагын зорилго"-ыг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж хууль тогтоогчид хуульчилсан. Өөрөөр хэлбэл Ц.Б нь анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөр төлсөн, мөн Ц.Бын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй юм. Харин мөн хуулийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал" тогтоогдохгүй байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.
Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолд "Ц.Бт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж" өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Бын холбогдсон хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг, хохирол төлбөр төлөгдсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөн шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Шүүхээ тогтоосон хохирлын 12.000.000 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 350.000 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг тэнсэх боломжтой. Холбогдсон хэрэг нь хорихоос гадна торгох ялтай байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр торгох боломжтой. Хэргээс харахад авлагатай ч гэж харагддаггүй, авлагагүй ч гэж харагддаггүй. Аудитаас ирсэн дүгнэлтээр 12.000.000 төгрөгийн авлагагүй байсан юм байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж тэнсэх юм уу торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан саналдаа: Гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Ялын бодлого чангадсан байна. Иргэний нэхэмжлэгч Оролмаа шүүх хуралдаанд оролцож 12.000.000 төгрөгийн өвсний үнэ шилжүүлэгдсэн. Төрийн санд авлага үүсээгүй гэж мэдүүлдэг. Яагаад авлага үүсээгүй талаар даргалагч асуухад өвсний төлбөр тухайн жилдээ орсон гэдэг. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Ц.Б гаргасан тайлбартаа: Гэм буруу дээр маргахгүй. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн 1934000480386 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвс тэжээлийн нөөц байгуулахаар хуваарилагдаж ирсэн 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр өвс худалдан авах нэрээр тус сумын засаг даргын тамгын газрын жолооч С.Өлзийсайханы эзэмшлийн “Хатан туулд нэмэх Ундарга” ХХК-д шилжүүлэн, улмаар тус компаниас 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг “Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллагын данс руу өөрийн зээлийн үлдэгдлийг төлж шилжүүлсэн,
Мөн С.Өлзийсайхан түүний эхнэр Х.Отгончимэг нарын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд авсан 15 000 000 /арван таван сая/ төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгаж С.Өлзийсайханы ах С.Батмөнхөд сум хөгжүүлэх сангаас 20 000 000 /хорин сая/ төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлэн бусдад давуу байдал олгосон, мөн өөрийн албан тушаалын байдлыг ашиглан гэр цэцэрлэг төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалттай “Эдюкат монголиа” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас төрийн сангаар дамжуулахгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 19 200 000 /арван есөн сая хоёр зуун мянга/-н төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд нээлгэсэн дансаар авч зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь:
Гэрч Э.Энхбаяр /1-р хавтас хх-63-67 тал/, Х.Оюунчулуун /1-р хавтас хх-71 тал/, Д.Лхамсүрэн /1-р хавтас хх-72-75 тал/, Г.Цэцэгмаа /1-р хавтас хх/-76-78 тал/, Б.Эрдэнэцэцэг /1-р хавтас хх-79-82 тал/, Л.Золжаргал /1-р хавтас хх-83-86 тал/, Б.Энхсайхан /1-р хавтас хх-88-89 тал/, Ц.Базарсад /1-р хавтас хх-90-93 тал/, Д.Ганчулуун /1-р хавтас хх-94-95 тал/, Я.Энхбаатар /1-р хавтас хх/-97 тал/, Р.Бүрэнцэнгэл /1-р хавтас хх-99-101 тал/, Р.Цолмон /1-р хавтас хх-133 тал/, Ч.Мөнхгэрэл /1-р хавтас хх-134 тал/, Б.Хэнмэдэх /1-р хавтас хх-135-136 тал/, Д.Лхамсүрэн /хх-137-138 тал/, Г.Цэцэгмаа /1-р хавтас хх-139 тал/, Г.Уранцэцэг /2-р хавтас хх-180-181 тал/, Б.Жамбалдорж /2-р хавтас хх-183-184 тал/, С.Өлзийсайхан /2-р хавтас хх-190-192 тал/, Х.Отгончимэг /2-р хавтас хх-194-195 тал/, С.Батмөнх /2-р хавтас хх-197-200 тал/,
Төв аймаг дахь төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/504 дугаартай “Зөрчил хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх-07-10 тал/, Төв аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/36 дугаартай “Баримт материал хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх-12-62 тал/, 17200543 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн баримт бичиг /хх-141-152 тал/, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Худалдан авах гэрээний хуулбар /хх-153-154 тал/, Төв аймаг Өндөр ширээт сум Засаг даргын тамгын газрын 2017 оны нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт /хх-155-161 тал/, 2012 оны тусгай сангууд /хх-162-169, 173-179 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд болох Төв аймгийн Өндөрширээт сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/219 дугаар албан бичиг, Төв аймгийн Өндөрширээт сумын засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж дуусгавар болгож өгнө үү” гэх утга бүхий албан бичиг/хх-180-183 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан /хх-184-250, 2-р хавтас хх-1-48 тал/, “Хатан туулд нэмэх Ундарга” ХХК, “Төв хөгжил ББСБ”-ийн эзэмшлийн дансны мэдээлэл, дансны хуулга /2-р хавтас х-50-84 тал/, Ц.Б, С.Өлзийсайхан, Х.Отгончимэг, Г.Цэцэгмаа, “Хатан туулд нэмэх Ундарга” ХХК-ийн харилцах дансны мэдээлэл, дансны хуулга /2-р хавтас хх-86-138 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /2-р хавтас хх-158-168 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан шинжилгээний дүгнэлт /2-р хавтас хх-209-248 тал/, үнэлгээний тайлан хийхтэй холбоотой ашигласан баримтууд /3-р хавтас хх-1-59 тал/, Ц.Б, С.Батмөнх нарын Хаан банкинд эзэмшдэг дансны лавлагаа, дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтас хх-65-73 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /3-р хавтас 76 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх “... нөхөн төлөгдсөн гэх өвс тэжээлийн нөөц байгуулахаар хуваарилагдаж ирсэн 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг төлсөн гэх баримтууд нь /2017 оны нөөц тэжээлийн зардал/ эргэлзээтэй бөгөөд хохирол төлөгдсөн эсэхийг нотолсон Төрийн сангийн болон аймгийн засаг даргын албан бичиг шүүхэд ирүүлээгүй ... тул шүүх Ц.Быг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ. Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарын ирүүлсэн тоот, бусад баримтуудаас үзэхэд шийтгэх тогтоол гарах үед эрүүгийн хэргийн хохирол гэх 12.000.000 төгрөг төлөгдсөн байжээ. Иймд шийтгэх тогтоолын гэм хорын хохирол гаргуулсан 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж, давж заалдах гомдол гарснаас хойш шүүгдэгч Ц.Б нь 12.000.000 төгрөгийг Төв аймгийн Төрийн сан дахь 100140000955 тоот дансанд тушаасан байх тул магадлалын нэмэлт заалтаар шүүгдэгч Ц.Бын илүү төлсөн 12.000.000 төгрөгийг буцаан олгуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “12000000/арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн төрийн санд,“ гэснийг хассугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Төв аймгийн Төрийн сан дахь 100140000955 тоот дансанд тушаасан 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч Ц.Бт буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
5. Шүүгдэгч Ц.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Р.МӨНХ-ЭРДЭНЭ